Д.БАЯРБААТАР: “Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгээр мунхаг хүний эрх мэдэл эх дэлхийг ч сүйрүүлэх аюултайг өгүүлсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Монголын соёл урлагийг хадны зургийн илэрхийллээр дэлхийд таниулан сурталчлах “Соёлын дурсгалт өв-хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн дагуу ЮНЕСКО-гийн Парис дахь төв байранд Соёл урлагийн их сургуулийн “Хөмөргөн гурвалжин” этно модерн бүжгэн жүжгийг энэ сарын 11-ний өдөр толилуулсан билээ. Доктор С.Дулам хадны зургаас сэдэвлэн "Хөмөргөн гурвалжин", "Тамганы бүжигчин" бүжгэн жүжгийн цомнолыг туурвиж, хөгжмийн зохиолчоор “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл нар  тус тус ажиллаж олны хүртээл болсон юм. Олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн тус бүжгэн жүжиг Монголын бүжгийн урлагийг дэлхийд таниулж, олон ч газраас ирж тоглох урилга аваад буй аж. Явсан хүнээс үг дуул гэдэг. Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатартай ярилцсан юм.
 

-Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн баг хамт олны бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжгийг ЮНЕСКО-гийн тайзнаа тоглоод ирлээ. Үзэгчдийн сэтгэгдэл их өндөр байсан?

-Маш сайхан хүлээж авсан. Хүн төрөлхтөн техник технологи хэт хөгжсөн эрин зуунаасаа аль болох холдож, байгаль руугаа, ой дурсамж руугаа, эрт балар руу тэмүүлж,  онгодлог мэдрэмжийг үгүйлдэг юм болов уу гэж санагдсан. Хүмүүний үүсэл, гарвалыг хөндсөн зэрлэг, онгон дагшин мэдрэмжийг сэрээсэн бүтээл болсон. Франц Улсад цаг уур, нийгмийн байдал тийм ч сайнгүй үе таарч унаа хөсөг олдохгүй хэцүү байсан ч 800 гаруй хүн цугларч чадсан. ЮНЕСКО-гийн танхимд дүүрэн үзэгч нэгэн зэрэг босож бидэнд баяр хүргэж алга ташихад тэднээс маш их сэтгэлийн хөөрөл, талархал мэдрэгдсэн шүү.

-Энэхүү бүжгэн жүжгийг “Хөмөргөн гурвалжин” гэж нэрлэх болсон утга учир нь юундаа байна вэ?

-Доктор С.Дулам багшийн судалгаанд хорлогчин бөөгийн сахиус нь гурвалжин хэлбэртэй бөгөөд хэц хэнгэрэг дээр нь тэмдэглэсэн байдаг. Дундговь аймгийн Дэл уулны дөрвөлжин булшнаас олдсон харын хартай бөө буюу хорлогчин бөөгийн оршуулах зан үйлийг судалсан судалгаанд суурилж бүжгийн жүжгийг анх удаа хийж байна. Мөн Хэнтий аймгийн Батширээт суманд “Тамганы бүжигчин” гэдэг хадны бичээст хөмөргөн гурвалжны бичээс байсан гэдэг. Эдгээр хадны бичээс хоорондоо уялдаатай юм болов уу гэдэг үүднээс “Хөмөргөн гурвалжин” хэмээн нэрлэсэн.
 


-“Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг эх орондоо хэдэн удаа тоглосон бэ?

-2016 оны дөрөвдүгээр сард Үндэсний урлагийн их театрт анх тоглосон түүхтэй. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хаданд мөнхөрсөн урлаг” гэдэг нэртэй эрдэм шинжилгээний том чуулганы үеэр хадны зураг судлаач гадаадын 15 эрдэмтнийг урьж толилуулсан. Гадаадын эрдэмтэд бидний бүтээлийг маш их сонирхож, санал, шүүмжээ харамгүй хайрласан нь маш их урам зориг өгч эх орондоо 10-аад удаа тогложээ.

-Бүжгэн жүжгийг амилуулж буй агуулгаас гадна тайзны хувцас хэрэглэл маш содон, сонин санагдсан?

-Бүжгэн жүжигт 54 оюутан оролцсон. Хөгжмийн урлагийн сургууль, цохиур хөгжим, хөөмий, богино дууны анги, Радио телевизийн медиа урлагийн сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль гээд олон хүний хүч хөдөлмөр шаардсан бүтээл болж байна. “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг Бүжгийн сургуулийн багш, бүжиг дэглээч, Д.Энхгэрэл дэглэж, хөгжмийг Д.Ариунболд зохиосон. Эртний монгол хөгжмийн зэмсгүүдийг ан амьтан, байгаль, хүний дуу хоолойг оруулсан нь маш хөгжимлөг болгосон.  Хүн төрөлхтний язгуурын хөдөлгөөн, дохио зангаа, дүр дүрслэлийг Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш  Б.Нямхүү тайзны хөдөлгөөнт зургийг амилуулж, Баярцэцэг дизайнер хурц тод шийдэлтэй хувцас хэрэглэлийг бүтээж нэгэн цогц бүтээл болсон. С.Дулам доктор “Хөмөргөн гурвалжин” жүжгийн талаар гадаадын үзэгчдэд дэлгэцээр үзүүлж, хадны зурагт юу, юу байгаа, тэр бүхэн ямар ямар учиртайг эх хэлээр нь нэг бүрчлэн ярьж өгсөн бол Д.Ариунболд эртний монгол хөгжмийн зэмсгээ танилцуулж, тайлбарласан. Мөн “Сэмүүн” продакшны Б.Баяр Монгол орны хадны зургуудаар “Монголын сая өдрүүд” гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Цараа, хүрээний хувьд өргөн үйл ажиллагаа болсон.

 


-Энэхүү төсөл эхлэх болсон түүхээсээ хуваалцаач?

Монгол Улсын их сургуулийн Доктор С.Дулам багш  “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” төслийг хэрэгжүүлэхээр боловсруулсан бөгөөд Монголын бүжгийн урлагт шинэ санаа, бүтээл туурвих зорилгоор зөвлөл байгуулж бүрэлдэхүүндээ докторыг урьсан. Эртний бүжигтэй холбоотой байж мэдэх нэгэн сонирхолтой эх сурвалж бол Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дээгүүр сийлсэн, “32 хүнт” хэмээх хадны зураг буюу 19 хүний бүжиглэж байгаа мэт хөдөлгөөн чухам юу илэрхийлж байна вэ гэдгийг судалсан юм. Ингээд олон жил судалсан бэлгэдэл зүй, бөө мөргөл, монгол баатарлаг туулийн жишээ болоод ялангуяа дүрсийн болон дохио зангааны бэлгэдэл зүйн үүднээс авч үзэхэд энэ нь эртний оршуулгын зан үйл, түүнийг дагалддаг бүжгийн хөдөлгөөн байх боломжтой гэж тайлсан. Энэхүү “32 хүнт” хадны зургаас сэдэвлэж, домог зүйтэй хослуулж “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг бүтсэн түүхтэй. Мөн “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Рашаан хадны зургаас сэдэвлэж "Тамганы бүжигчин"бүжгэн жүжгийг бүтээсэн бол ирэх онд Соёл урлагийн их сургуулийнхаа 30 жилийн ойд зориулж “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийг миний бие дэглэнэ. Аймаг бүрд өөр, өөрийн гэсэн онцлогтой хадны зургууд байгаа нь бидэнд уран бүтээлийн маш их баялаг сан байна гэсэн үг.

-Энэхүү бүжгэн жүжгээрээ хүмүүст ямар санаа, сэдэл өгөхөөр зорьсон бэ?

-Бүжгэн жүжгийн гол дүр хорлогчин бөө байх болно. Өөрийн хувь заяандаа гомдоллож, хорссон догшин бөөгийн тухай өгүүлнэ. Мөн тухайн үеийн эртний хүмүүсийн амьдрал ахуй, харилцааг харуулахыг хичээсэн. Мөн эхний үзэгдэлд гарах таван согоо бол хувилгаад юм. Тэдний гишгэж буй зүйл эрдэнэс баялгийг илэрхийлж байгаа. Байгаль дэлхийн гэдсийг хүүлж, эрдэнэст нь шунаж болохгүй гэсэн санааг давхар агуулсан. Хүн хүчтэй чадалтай байхын хэрээр догшин байж болохгүй. Бусдыгаа хайрлах энэрэх сэтгэлтэй байх ёстой. Хамгийн хүчтэй зүйл бол хайр гэдгийг илэрхийлэхийг хүссэн. С.Дулам доктор “Энэ бүжгэн жүжгээр хэн нэгэнд хэтийдсэн их эрх мэдэл олговол ямар аюул гамшиг тарьж болдгийг харуулахыг зорьсон Өдгөөгийн Монгол оронд  ийм асуудал маш их тулгарч байна. Хүмүүн гэдэг гайхамшигт бодгальд бүтээн туурвих болоод устган сүйрүүлэх хоёр их хүч байна. Устган сүйрүүлэх хүчийг хэрхэн хазаарлаад, бүтээн туурвих хүчийг яаж бадрааж болох вэ гэдэг глобал асуудал эцсийн бүлэгт тулгараад байна гэж хэлснийг энэ дашрамд онцолмоор байна.

 

-Гадаадын урлагийн сургуулиудтай хамтран ажиллах тухай санал солилцсон гэсэн. Ямар, ямар ажил цаашид хамтарч хийх вэ?

-Бүжгийн Урлагийн Сургуулийн төлөөлөгчид Парис хотноо ЮНЕСКО-гийн олон улсын бүжгийн зөвлөлөөр орж, Герман улсын Фолкванг Урлагийн Их Сургуулийн Контемпорари бүжгийн институтэд  зочилсон. Бүрэлдэхүнд Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг төлөөлж миний бие болон тэнхимийн эрхлэгч, орчин үеийн бүжгийн багш С.Гэрэлтуяа, багш, бүжиг дэглээч, Я.Энхгэрэл мөн Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ нар оролцлоо. Бид  тус институтийн захирал профессор Степан Бринханы өөрийн удирдан заадаг контемпорари бүжгийн заах аргын хичээлийг үзэж танилцаж, хоёр сургуулийн гадаад харилцааг өргөжүүлж хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санал солилцсон. CID-ын гүйцэтгэх хорооны гишүүн Kонтонганис Константин бидэнд ЮНЕСКО-ын олон улсын бүжгийн зөвлөлийн ажлыг танилцуулсан.

-Фолкванг Урлагийн Их Сургуулийн Контемпорари бүжгийн институт нь олон нэртэй бүжиг дэглээчдийг төрүүлсэн гэдгээрээ алдартай шүү дээ?

-Тийм шүү. Тус институт нь 1927 онд үүсгэн байгуулагдсанаас хойш үндэсний болон олон улсын бүжгийн хөгжилд нөлөөлөх, чиглүүлэх чухал үүрэгтэй ирсэн энэхүү бүжгийн институт нь нээлттэй, сониуч, иновацын, уран бүтээлч орчныг бий болгож Пина Бауш, Сюзанна Линк, Рейнхилд Хоффманн зэрэг олон нэртэй бүжиг дэглээч нарыг төрүүлсэн гэдэг утгаараа дэлхийн олон мянган бүжигчдийн тэмүүлж байдаг урлагийн дагшин өргөө. Энэхүү дээр дурдсан бүжиг дэглээчид нь 1970-аад оны үед Герман дахь орчин үеийн бүжгийн сэргэлтийн нэг хэсэг байж харин Фолкванг  энэ хөгжлийн чухал катализатор болжээ. Түүнээс хойш бүжгийн танхим нь нь бүжиг дэглээчдийг бий болгож, Жозын зарчмын дагуу орчин үеийн бүжиг дэглэмд илэрхийлсэн бие даасан хөдөлгөөн-үг хэллэг /нот/, өөрийн гэсэн сургалтын хэв маягийг боловсруулж ирсэн. Үүгээрээ олон улсад алдартай юм.

-Сүүлийн үед контемпорари бүжгийн урсгалыг монгол бүжгийн хэв маягтай хослуулж, үндэсний урлагаа дэлхийд таниулах нь чухал гэдгийг уран бүтээлчид маш их ярьдаг болжээ?

-Монголын бүжгийн урлагийг хөгжүүлэхдээ олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, CID буюу ЮНЕСКО-гийн бүжгийн зөвлөлтэй хамтарч багш, оюутан солилцоогоор өргөжүүлэхээ илэрхийлсэн. Дэлхийн бүжгийн өдрийг Монголд өргөнөөр тэмдэглэх хүрээнд ЮНЕСКО-гийн бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгчийг урихад найрсгаар хүлээж авсан. Энэ ажлын хүрээнд цахим хуудсаар дамжуулан Монголын бүжгийн тухай мэдээлэл гаргах, Зөвлөлийн ээлжит их хуралд оролцон илтгэл тавих, дэлхий даяар бүжгийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө нягт холбоотой ажиллах боломжуудын талаар санал солилцсон. Дэлхий дахин монгол бүжгийг маш их сонирхож буй нь мэдрэгдсэн шүү. Энэ утгаараа урлаг, уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны олон талт ажил өрнүүлж, манай сургууль 2024 он гэхэд Азийн шилдэг 100 сургуулийн нэг болно гэсэн зорилго тавьсан. Би Бүжгийн сургуулийн захирлын албан тушаалд ирээд гуравхан сар болж байна. Энэ богинохон хугацаанд маш их зүйл суралцлаа. Дотоод, гадаад сурталчилгаагаа маш сайн хийх хэрэгтэй юм байна.

 

 

-CID гэдэг нь хэдэн онд үүсгэн байгуулагдаж, хэдэн орны бүрэлдэхүүнтэй зөвлөл юм бол?

-НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн албан ёсны түнш юм. Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд 1973 онд байгуулагдсан энэхүү байгууллага нь дэлхийн бүх улс орны, бүжгийн бүх хэлбэрийн албан ёсны төрийн бус толгой байгууллага. Олон улсын, үндэсний болон орон нутгийн хамгийн чухал байгууллагуудыг нэгтгэхээс гадна бүжгийн идэвхтэй оролцдог хүмүүсийг хамруулдаг. CID нь үндэсний болон орон нутгийн засаг захиргаа, олон улсын байгууллага, байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүнд 170 гаруй орны хамгийн нэр хүндтэй холбоо, холбоо, сургууль, компани, хувь хүмүүс байдаг.

-Энэ олон хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийг гадаадын улс орон руу авч явна гэдэг санхүү болоод зохион байгуулалтын хувьд маш их өндөр хариуцлага шаардсан ажил даа?

-Маш хариуцлагатай ажил. Нийтдээ 70 шахам уран бүтээлчид явсан. Бидний төслийг дэмжиж, Парист тоглуулах санаачилга гаргасан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга, Герман дахь Монгол Улсын соёлын элч Ц.Гэрлээ, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч С.Гэрэлтуяа, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн их сургууль, Швейцарын хөгжлийн агентлаг, МИАТ, Монголын үндэсний олон нийтийн телевиз болон бусад хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top