Энхийн замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг дэмжлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

БНХАУ, БНСУ, Японы улс энхийн замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө буйгаа нотолж, олон талт чөлөөт худалдааг дэмжих нь чухал болохыг онцолжээ.

Талууд Солонгосын хойгийн аюулгүй байдлын тодорхой асуудлаар санал солилцлоо гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр ярилаа. БНХАУ-ыд болсон найм дахь удаагийн гурван талт дээд хэмжээний уулзалтад Ли Көцян, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар оролцов.

Талууд Солонгосын хойгт энх тайвныг тогтоох чиглэлээр  хамтарч ажиллахаар тогтлоо гэж Мүн Жэ Ин нэмж хэлжээ. Түүний хэлснээр, Солонгосын хойгт энх тайвныг тогтоох нь гурван улсын эрх ашигт нийцэж байгаа бөгөөд Хойд Солонгос, АНУ-ын яриа хэлэлцээг дэмжих замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайвныг бэхжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргахаар тохирчээ.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Пёньян баллистик пуужин харваснаар бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна хэмээн буруутгав. Талууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Хойд Солонгосын талаарх тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх, Вашингтон, Пёньяны яриа хэлэлцээг дэмжих тал дээр санал нэгдсэн нь чухал явдал боллоо гэж Абэ онцлон тэмдэглэжээ. Тэрбээр Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн талаарх Японы байр суурийг илэрхийлжээ.

Түүнчлэн, талууд Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хүрээнд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр гурван талт хэлэлцээг урагшлуулах тохиролцоонд хүрчээ. Чөлөөт худалдааг хамгаалах нь олон талт оролцоог хангах, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэхэд чухал ач холбогдолтой гэж Ли Көцян онцолжээ.

Гурван улс байгаль орчин, эрүүл мэнд, насжиж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон тухай Мү Жэ Ин мэдээлэв. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, худалдааны протекционист бодлого зэрэг нийтлэг сорилтыг хамтран шийдвэрлэх, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар өсөлтийн шинэ хөдөлгүүрийг бий болгох тохиролцоонд хүрлээ гэж Абэ онцолжээ.

Дээд хэмжээний уулзалтын дүнгээр талууд гурван талт хамтын ажиллагааны ирээдүйг тодорхойлсон хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.

Ээлжит гурван талт дээд хэмжээний уулзалтыг Өмнөд Солонгост 2020 он болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top