Оны хэллэг - “Ус шиг бай”

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Лондонд төвтэй “Financial Times” сонин 2019 оны үгээр Брюс Лигийн гүн ухаанаар хөглөгдсөн Хонконгийн жагсагчдын уриа болох “Ус шиг бай” /Be water/ хэмээх хэллэгийг нэрлэжээ.

Хонконгийн жагсагчид “шүүдрийн ус шиг” цугларч Засгийн газрын ордны замыг хааж, цагдаа ирэхэд тэд нарийн гудамжинд “манан мэт замхарч”, баривчлагдах үедээ “мөс мэт хатуу” байжээ. Энэ бол Хонконгийн алдарт жүжигчин Брюс Лигийн “Ус шиг бай” гүн ухаан юм. Тэрээр Хонконгт өссөн ч, Холливудад алдаршиж, тулааны урлагаар хичээллэдэг байв. Брюс Ли зөвхөн жүжигчин төдийгүй, гүн ухаанч байсан. “Оюун ухаанаа ариусга. Ус шиг хэлбэргүй бай. Усыг аяганд хийхэд ус аяганы хэлбэртэй болдог. Лонхонд хийхэд лонх шиг л болдог. Данханд хийхэд данхны хэлбэрт ордог. Ус урсаж болно эсвэл хагарч болно. Найз минь, ус шиг бай” гэж Брюс Ли 1970-аад онд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.

Хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт сүүлийн зургаан сар үргэлжилж байна. Хэдийгээр тусгай захиргааны бүсийн эрх баригчид буулт хийж, төслийг эргүүлэн татсан ч эсэргүүцлийн хөдөлгөөн тооны хувьд багассан ч илүү хурц хэлбэрт шилжин өнөө хэр намжаагүй байна. Хагас жилийн хугацаанд тус хотод 900 гаруй жагсаал болж, нийт 5.8 мянга гаруй хүн баривчлагдаж, 932 жагсагчийн эсрэг хэрэг үүсгээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top