Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Дархан аварга, чөлөөт бөхийн Ази тивийн аварга Дашдоржийн Цэрэнтогтох агсны хөшөөг түүний төрсөн нутаг Нарийнтээл сумын төвд босгожээ. Хөшөөний нээлтийн арга хэмжээ энэ сарын 24-нд болж, аймаг, сумын удирдлага, бөх сонирхогчид, нутгийн иргэд оролцсон байна.
Мөн хөшөөний нээлтийн хамт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон 240 хүүхдийн шинэ сургуулийг ашиглалтад оруулсан байна. Тус Нарийнтээл сумын сургуулийг Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны нэрэмжит болгожээ. Түүнчлэн аваргын хөшөө, шинэ сургуулийн нээлтэд зориулсан улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгуулсан байна. Бөхийн барилдаанд Улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, аймгийн харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэжээ.
Хоёр жилийн өмнө Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны хүрэл хөшөөг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо босгосон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Яасан эвгүй хийсэн хөшөө вэ гар нь хугарцан юм шиг таалагдсангүй