Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан үндэсний хичээнгүй бичгийн тигээр эх бичих уралдаанд амжилттай оролцож шалгарсан сурагчдад аймгийн Засаг дарга, хэлний бодлогын зөвлөлийн дарга А.Ишдорж баяр хүргэж, өргөмжлөл гардууллаа.
Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан үндэсний бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дээрх уралдааныг аймгийн салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулсан юм.
Өвөрхангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн 265 сурагч Ж.Лхагвын шилдэг өгүүллэгийн хэсгээс тигээр бичиж, цахимаар түгээн дэлгэрүүлсэн бөгөөд долоон сурагч шалгарчээ.
Шагналыг гардуулах үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ “Аливаа улс орны тусгаар тогтнолын үндэс нь эх хэл, соёл, түүх байдаг. Үндэсний бичгээ сэргээн хөгжүүлэх, бүх нийтийн хэрэглээ болгоход хувь нэмрээ оруулж, амжилттай суралцаж байгаа сурагч хүүхдүүддээ баяр хүргэе” гэв.
Сэтгэгдэл ( 0 )