“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилтийн Төслийн зохицуулагч С.Занданбалаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тус бүрэлдэхүүнийг өчигдөр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Энэхүү төсөл нь Арвайхээр, Хархорин, Тарагт, Төгрөг сумдад 2018 оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд бага орлоготой иргэд болон малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд 2019 онд бэлчээрийн газрын ашиглалтыг сайжруулах зорилгоор Хархорин, Тарагт, Төгрөг сумдад “Бэлчээр ашиглалтын малчдын 23 бүлэг”-ийг байгуулжээ. Мөн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор гурван суманд гүн өрмийн худаг дөрвийг, мал эрүүлжүүлэх ажлын чиглэлээр бог мал угаах ванн долоог тус тус барьсан байна. Малчдыг өвөл хаврыг хохирол багатай даван туулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулж эрсдэлийн сангийн санхүүжилт болон үлийн цагаан оготнотой тэмцэх багаж хэрэгслийг олгожээ. Мөн малчдад зориулсан сургалт мэдээллийн гурван төвийг тохижуулж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг оролцооны аргаар боловсруулсан байна.
Орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй болон барьцаа хөрөнгөгүй, санхүүгийн эх үүсвэргүй, бүлэг болж хамтран ажиллах сонирхолтой 37 эмэгтэйг хамруулсан бүлийг Төгрөг, Хархорин сумдад байгуулж, ажлын байрыг бий болгожээ. Мөн Арвайхээр сумын Төв захад худалдаа, борлуулалтын цэг шинээр байгуулж, нийт 29 гишүүнтэй эмэгтэйчүүдийн бүлэг тогтмол ажлын байраар хангагджээ.
Бодит үр дүн бүхий тодорхой ажлуудыг хийж, хамтран ажиллаж байгаадаа урамтай байна хэмжээн Төслийн зохицуулагч С.Занданбал онцлов. Тус төслийн хүрээнд 2020 онд “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг байгуулах юм. Мөн инженерийн хийцтэй 22 худаг барих, өвс тэжээлийн долоон агуулах, саравчийг засварлах, худгийн нарны сэргээгдэх эрчим хүчний найман төхөөрөмж байгуулах, бог мал угаах 16 ванн барих, мал үржүүлэг технологийн багаж төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )