Японы олон нийтийн NHK телевиз пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө 00.22 цагт Хойд Солонгосоос харвасан пуужин Японы Хоккайдо арлын Эримо хошуу орчим унасан хэмээн мэдээлсэн нь ташаа мэдээлэл байжээ. Хорь орчим минутын дараа телевиз энэхүү мэдээллийг залруулсан байна. Залруулгадаа энэ мэдээллийг сургалтын зорилгоор хийсэн гэж онцлоод хуурамч түгшүүр зарласанд хүлцэл өчжээ.
Япон болон бусад улс орон Хойд Солонгос холын зайн тусгалтай пуужин харваж болзошгүй хэмээн өндөр сэрэмжтэй байгаа энэ үед цацсан алдаатай мэдээлэл олныг ихэд түгшээжээ. Сүүлийн үед албан ёсны Пёньян АНУ-тай хийж буй яриа хэлэлцээний үеэр хангалттай буулт хийсэн хэмээн мэдэгдэж ирсэн бөгөөд Вашингтон хариу алхам хийхгүй бол зохих “Зул сарын бэлэг” барина хэмээн энэ сарын эхээр мэдэгдэж байсан юм.
Энэ сард Пёньян Сохэ сансрын буудалд маш чухал хоёр туршилт хийсэн тухай мэдээлж байсан. Шинжээчид үүнийг тив алгасах баллистик пуужингийн шинэ хөдөлгүүрийг туршсан хэмээн таамаглаж байгаа билээ. Үүний сацуу энэ сарын 21-нд Хойд Солонгос Хөдөлмөрийн намын цэргийн төв хорооны өргөтгөсөн хуралдаан хийсэн. Энэ хуралдаан дээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дотоодын болон гадаадын хүнд нөхцөл байдалд армийн батлан хамгаалах чадварыг сайжруулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )