Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд зориулан арванхоёрдугаар сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр болох баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд 17.00 цагт дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн тусгайлан бэлдсэн уран бүтээлийг хүргэх юм.
Дараагаар нь 18.30 цагт Мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөж тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилуулах аж.
Үргэлжлүүлэн 20.00 цагт нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро шоу үзүүлбэрүүд эхэлж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж хөгжилдөн өнгөрүүлнэ.
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон Яг түүн шиг шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэнэ. Энэ үеэр урлагийн тоглолт бүжгийн хэсгүүдээс бүрдсэн үзүүлбэрүүд төв талбайд тасралтгүй тоглогдох учраас иргэд та бүхэн шинэ оноо хамтдаа төв талбайдаа нийслэлийн удирдлагуудтайгаа угтахыг НЗДТГ-аас уриалж байна.
Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн автобус төв талбайн хойд, урд, баруун зүгээс 12.30 цагаас 02 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Сэтгэгдэл ( 1 )
Янзын гое тайз засагдаж бналэээ ниислэлиин мөнгөн шөнө энэ жил гое болох байхааа