ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Монгол орныг өөр өнгөөр...

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 02

Ягаан тэнгэр. Цэнхэр элс. Ногоон морьд. Энэ бол Владимир Тисма гэх залуухан зурагчны өнгөөр  харсан Монгол нутгийн үзэсгэлэн.

Өдгөө 23-хан настай швейцар зурагчин харааны бэрхшээлээ гэрэл зургийн нэгэн содон төрөл болгон хөгжүүлж буй нэгэн. Ердөө гуравхан настайд нь түүнийг эмч нар өнгөний сохор гэж оношилжээ. Өөрөөр хэлбэл тэрээр ертөнцийг ягаан, цэнхэр, ногоон өнгөөр л хардаг гэсэн үг.

Өсвөр насандаа гэрэл зурагт сонирхолтой болж улмаар өөрийнхөө өнгөөр гэрэл зураг дарж, гэрэл зургийн орчин цагийн төрөл болгохоор зорьж буй нь энэ аж. Ээж, аав нь түүнийг дэмжин бололцоотой бүхнээр түүнд тусалж иржээ. Одоогоос гурван жилийн өмнө өөрийнхөө бие даасан цомог гаргахаар дэлхий даяар аялах санаа гаргасан байна. Ингэхдээ тэрээр олон нийтийн харж дадсан, дасал болсон өнгөөр бус өөрийнхөө нүдээр ертөнцийг харахад чухам ямар байх вэ гэж санан их аяллаа эхлүүлжээ.

Тэр их аяллынхаа гарааг Фароагийн арлууд улсаас эхэлсэн юм. Гэвч эхний аялал нь бүтэл муутай болов. Очих гэж буй газар орныхоо цаг уурын амьсгалыг бүрэн судалж, танин мэдээгүйгээс борооны улирлын үеэр очжээ. Тэнгэр хэсэг зуур онгоймогц зарим нэг зураг дардаг ч түүний санаанд хүрэхгүй л байлаа.

“Харааны бэрхшээл маань надад бурхнаас өгсөн бэлэг гэдгийг Монгол Улсад очоод мэдэрсэн"

Гэрэл зурагчин Владимир Тисма

Гэвч тэрээр бууж өгөхийг хүссэнгүй. Улмаар хоёр дахь удаагаа оролдож үзэхээр шийдсэн юм. Түүний хоёр дахь оролдлого нь Монгол Улс байлаа. Тэрбээр 2018 оны тавдугаар сард Монгол Улсыг зорьсон байна. Жилийн 360 гаруй хоног нартай байдаг гэж сонсмогцоо Монгол Улс миний хоёр дахь боломж гэж бодсон тухайгаар “Equestrio” цахим хуудаст ярьжээ.

Тэр Монголд анх удаагаа морь унаж, цагаан идээ амсан, тэнгэрээс өөр дээвэргүй Монгол малчны амьдралаар бараг сар гаруйн хугацаанд амьдарсан байна. Морьтойгоо харьцдаг монгол малчны араншин, үлгэр домог бүгд түүнд урьд өмнө төсөөлж байгаагүй тийм нандин мэдрэмж төрүүлжээ. Магадгүй түүний энэ төсөөлөл өөрийнх нь зорьж, зүтгэж буй гэрэл зургийн нэн шинэ төрөлтэй нь сүлэлдсэн байж болох юм.

“Харааны бэрхшээл маань надад бурхнаас өгсөн бэлэг гэдгийг Монгол Улсад очоод мэдэрсэн. Би өмнө нь тийм ч их сэтгэлээр унаж, өнгөний сохор гэдэгтээ эмзэглэж байсангүй. Гэхдээ Монгол Улсад очоод энэ бол надад бурхнаас өгсөн бэлэг гэдгийг хамгийн ихээр ойлгосон юм. Монголд заавал дахиж очно. Дахиж очихдоо өмнө нь хэний ч дүрсэлж байгаагүй тийм агшныг зурагтаа буулгах болно” гэж гэрэл зурагчин Владимир Тисма ярьжээ.

Одоо тэрээр БНХАУ-ын далайн эрэг дагуух хотуудаар аялж буй аж. Мөн л олны харж дадсан өнгөөр бус өөрийнхөө ертөнцөөр Хятадыг дахин нээхээр явж буй нь энэ. 2021 он гэхэд тэрээр өөрийн бие даасан үзэсгэлэн гаргаж, зургийн цомог ч хэвлүүлэхээр төлөвлөжээ.


Гэрэл зурагчин Владимир Тисмагийн дарсан зургууд:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.50) 2020 оны 01 сарын 04

Гое юмаа\n\n

0  |  0
Top