Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, зөвлөмж гаргажээ. Тэрхүү зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүргүүлсэн юм. Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хэлэлцэнэ.
Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ он солигдох мөчид "Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг ахмадууд та бүхэндээ дуулгаж байна" хэмээн хэлсэн юм.
Тэгвэл төрийн тэргүүний хэлсэн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх саналд гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа "АТГ-аас зарласан албан ёсны мэдээллээр бол авилгачид улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна. Гэтэл ахмадуудын нийт зээл 776 тэрбум буюу 13 дахин бага мөнгө. Өнөөдрийн Монголыг бүтээсэн ахмад буурлууддаа төр, түмэн аль нь ач санах л учиртай. 2020 оны хоёрдугаар сараас эхэлж тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмад тэтгэврээ авч эхэлнэ" хэмээн бичжээ. Ингээд зарим гишүүний байр суурийг хүргэж байна.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭНЭ
-ҮАБЗ зөвлөмж Засгийн газарт ирсэн. Үүнийг ирэх даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болж байна. Засгийн газраас хууль боловсруулах ажлыг сайд С.Чинзоригоор ахлуулахаар болсон. Зээлийн дарамтад төр засаг анхаараас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байгаа. Эдийн засгийн эргэлтэд зарим ордыг оруулах байдлаар энэ асуудлыг цэгцлэх чиглэлээр ажиллана. Хууль зүй, дотоод хэргийн яам болон Сангийн яамны саналыг авч нэгтгээд холбогдох мэргэжлийн байнгын хороодоор хэлэлцсэний үндсэн дээр ямар байдлаар шийдвэл эдийн засагт эрсдэлгүй байх вэ гэдэг нь тодорхой болно. Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ гарсан. Улсад хоёр их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлуулах боломжтой, таван жилийн хугацаатай ТЭЗҮ гарсан байгаа. Үүний үр өгөөжийг иргэдэд шууд хүртээх жишиг тогтоох ерөнхий философи үйлчилж байна гэж би хувьдаа ойлгосон. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар бүх яамд ярилцана, УИХ-ын мэргэжлийн байнгын хороодоор хэлэлцүүлнэ.
С.ЧИНЗОРИГ: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА
-Одоогоор 231 мянган ахмад 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс л ажиллаж, улс эх оронд залуу насаа зориулсан хүмүүс учраас төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв. Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан, хуулийн төсөл боловсруулж Их хуралд танилцуулах шаардлагатай боллоо. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоход тэтгэврийн зээл 12 хувийн хүүтэй байсан бол одоо 10 хувьтай болсон. Хоёр ба түүнээс дээш жилээр тэтгэврийн зээл авбал 18 хувийн хүү төлдөг байсан. Харин өнгөрсөн оны аравдугаар сараас 16 хувь болгож бууруулсан. Бидний тооцож байгаагаар энэ оноос 10 хувь болох ёстой. Энэ нь бусад зээлийн хүүтэй харьцуулахад маш бага. Тиймээс ахмадуудын тэтгэврийн зээл ач зээгийнхээ сургалтын төлбөр, хүүхдүүдийнхээ байр, машины мөнгийг төлөхөд зарцуулагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэтгэвэр гэдэг бол ахмадуудын сарын хэрэгцээг хангах ёстой зүйл. Гэтэл энэ төрлийн зээлийг барьцаалан өгдөг нь буруу юм. Би Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Монголбанкны Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэлээ гэхэд цаашдаа иргэдийнхээ сарын амьжиргааны хэрэгсэл болсон тэтгэврийг барьцаалах үйлчилгээг зогсоох, өөрчлөх хэрэгтэйг хэлсэн. Хоёрт, зээлд хүү төлөгдөж байгаа. Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэглэнэ гэх юм бол энэ хүртэлх хүүг л хамт төлөх учиртай. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд хүү багатай байршуулж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү багасгаж байгаа. Тиймээс өнөөдрөөс арилжааны банктай байгуулсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэрээг цуцлах, байршуулсан мөнгийг буцааж татах хэрэгтэй гэсэн.
С.ЭРДЭНЭ: АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭРИЙГ ТАЛАРХАН ХҮЛЭЭЖ АВСАН
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай" улс төрийн шийдвэрээ шинэ оны босгон дээр танилцуулсан. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын хувиар уг шийдвэрийг 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгад Ардчилсан намаас иргэдийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар өгсөн захиа, даалгаврын биелэлт гэж үзэн талархан хүлээж авсан юм. Учир нь, уг шийдвэр дан ганц Ерөнхийлөгчийн бус хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд нарын хамтын шийдвэр гэж ойлгогдох бүрэн үндэслэлтэй байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн тэргүүн улс төрийн шийдвэр гаргаж, түүнийг нь ажил хэрэг болгох үүрэг хариуцлагыг ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу УИХ болон Засгийн газар хүлээн авчээ гэсэн үг. Иймд Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаархи УИХ-ын тогтоолын төслийг яаралтай боловсруулан батлуулж, уг тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах үүргээ Засгийн газар цаг алдалгүй хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Цаашдаа ахмад настнуудад төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгож, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, Хамтын тэтгэврийн хуулийг эргэн сэргээх зэрэг асуудлаар миний бие УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын хувиар тууштай ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Нөгөө талаараа нарийн тооцоо судалгаа мэдэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Ерөнхийлөгч төсөв дээр оролцох эрх байхгүй. Энэ ажлыг цэвэр хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд. Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн боловч хариуцлагыг нь хүлээх хүмүүс УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр.
О.БААСАНХҮҮ: АХМАДУУДЫГ АЛАГЧИЛЖ БОЛОХГҮЙ
-Ахмадуудыг алагчилж болохгүй. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх бол зээл аваагүй ахмад настныг орхиж ялгаварлаж болохгүй. Тэдэнд зээл авах боломж олгодог уу, эсвэл мөнгийг нь олгодог уу боломж олгох ёстой. УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах эрхтэй. Би эрх баригчдаас хоёр асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний ордыг төрд өмчлөх шийдвэр шүүхээр эцэслэн шийдэгдсэн үү. Хоёрдугаарт, төрд 230 мянган ахмадын тэтгэврийг тэглэх 776 тэрбум төгрөг байна уу. Газар доор байгаа алтыг гаргаж ирэх гурван арга бий. Нэгдүгээрт өөрийнхөө мөнгөөр ухах, эсвэл хэн нэгнээр ухуулаад ашгаа авах. Бонд гаргах замаар шийднэ гэвэл зээл. Тавантолгойн орд дээр өнөөдрийг хүртэл бонд гаргаж чадаагүй байна. Маргаантай зүйл дээр хэн ч зээл авахгүй. Гэтэл 776 тэрбум буюу 200 орчим сая ам.доллар хэрэгтэй. Хэрэв мөнгө нь байгаа бол сар шинээс өмнө ахмадуудад зээлийг нь тэглээд, зээл аваагүйд нь мөнгийг нь өгөх хэрэгтэй. Иймээс би 776 тэрбум төгрөг байна уу, хэзээ өгөх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай гэдэг асуудлыг эрх баригчдад хандан тавиад байгаа юм. Ахмадуудын тэтгэврийг тэглэнэ гэхээр арилжааны банкууд бөөн баяр болж байна. Эрсдэлийг нь төр дааж байгаа бол хариуцлагыг төр үүрнэ. Заавал нэг банк тэжээх зорилготой юм шиг зүйл ярьцгааж байгаа. Зээлийн барьцааны 80 хувь мал. Малаа барьцаалаад зээл авдаг. Монгол Улс 70.1 сая малтай гэдэг боловч Хаан банкны тоогоор л явж байгаа. Хаан банк маш их баярлаж байгаа. Малыг мөнгөөр сольж авах боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 9 )
Тэтгэврийн зээлийг тэглэх хэрэгтэй. Өөрсдөө хэрэглэхгүй үр хүүхдүүд нь л авдаг шүүдээ. Боломжтой нь зээл авдаг. Тэтгэвэрээр амьдардаг нь зээл авахгүй өнөө маргаашаа болгож авсан хэдийгээ байр сууц эм тангаа авахад зарцуулаад л таарч байгаа. Хэрэв зээл тэглэвэл аваагүй хүмүүсийг алаг үзэхгүйгээр Баасанхүүгийн ярьснаар зохицуулах хэрэгтэй
Ashigt maltmal baritsaalj Bond bosgono gej bna daa.evgui sanagdav.
Ахмадууд гэсэн нэр дор газар нутгийг минь сэмлэх, зарах гээд байгаа юм биш биз? Өнөөгийн хүмүүс ”аж ахуйн эргэлтэд оруулах” гэдгийг зарах гэж ойлгодог болсон юм байна лээ. Хувийн газар дээрээ нэг удаа дэлгүүр ажиллуулсан чинь Баянзүрх дүүргийн газрын албаны нэг байцаагч залуу: Та хувийн газараа эргэлтэд оруулах ёсиой, дэлгүүр ажиллуулж болохгүй, тийм учраас газар ашигласны төлбөр төл гэж дарамтлаад эцэст би дэлгүүрээ хааж байсан. Ингээд бодохоор Цагаан суваргын орд байгаа газар нутгийг эд нар зарах гэж байна гэж бодоод байна. Хэрэв газар нутгаа гадныханд өгвөл тэдний тархинд сум зоох хэрэгтэй
Tetgevriinhnii sanaliig hudaldaj avch ba l daa. Heden jiliin umnuh Bayariin songuuliin taktik. Daraa ni buh zeeliig chuluulnu geh bh da. Bultaaraa neg sain nairlaj dee.
Ene bol zvgeer l shoy
Baasanhvv gishvvn zuv hellee zeelgvi hugshchvvl gomdoltoi bna battulga aa zandanshatar aa
энэ буруу чадахгүй байж худал хэлж аод түний толгой доторхи тархи гэдэг махан биеэр битгий тогол ерөнхийлчөө тэр босогсон шорооныхоо мөнгийг буцааж өгөөд ахмадын зээоийг тэгэлж өгнө гэвэл тэр харин ойрхон сонсогдож магадгүй
Нэг удаа тэглээд дахин зээл авах эрхийг бүмөсөн хасахгэж байхад ахмад настангууд баярлаад байх юм. Маргашааа хар л даа. Хэрэг болсон үедээ тэтгэвэрийн зээлээ хүү багатай хэдэн сараар уьдчилж аваад хэрэгцээтэй зүйлдээ зардаг үе чинь байхгүй болох гээд байна.
Ганц удаа гал унтраалаа гээд хөгшчүүлийн амьдрал сайжрахгүй. Тэнэглэлээ зогсоо!!! Энэ бол сонгуулийн шоу, өөр юу ч биш. Та нарын эрх мэдэл, албан тушаал ямар их үнэ цэнээр олддог юм бэ?