ОЛОН ӨНГӨ: Монгол

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Өвөр монголчуудыг зарим хүн хятадуудаас өөрцгүй, тус улсын л хүн ам гэж үздэг нь нууц биш. Гэхдээ тэд биднээс илүүгээр Монголын түүх, соёлыг хадгалж авч үлдэхээр тэмцэж яваа ард түмэн гэдгийг олон зүйл харуулна. Саяхан Өвөр Монголын Хөх хотод очоод тэд ар монгол, өвөр монгол гэж огт ялгаж ярьдаггүй, харин бид л ар монгол, өвөр монгол, хужаа, хятадын эрлийз гэх зэргээр болгоомжгүй үг хэллэг хэрэглэдэг болохыг анзаарсан билээ. Хөх хот нь гурван сая хүн амтай, тэдний дунд хятадууд олон. Гэхдээ тэнд бүх албан газрын хаягийг хятад хэлнээс гадна хуучин монгол бичгээр бичсэн байна. Монгол үндэсний хэв маягийг хадгалсан үйлчилгээний газар, дэлгүүр, хоолны газрууд олон. Дэлгүүр хоршоогоор явж байхад ганц нэгээрээ тааралдсан өвөр монголчууд дотночлон мэндлээд “Манай монголчууд явж байна. Та бүхэн сайн явж ирсэн үү” гэх. Музейн бүх үзмэр нь Монголын түүхийг шингээсэн. Өвөр монголчууд Хятад улсыг Дундад улс гэж ярина. Гэхдээ тэд Монгол Улсыг манай монгол, бидний монгол хэмээж, Чингис хааныг биднээс илүүгээр хүндлэн дээдэлнэ. Их сургуулиудад нь Дундад улсын түүх, соёлоос илүүтэйгээр Монгол Улс, Чингис хааны байлдан дагууллын түүхийг судална. Өвөр Монголын нийслэл Хөх хотод буриад, халимаг, Шинжааны монгол, тува гээд монгол үндэстнүүд олноороо ирж сурдаг нь харагдсан.

Биднийг тосож авч, Хөх хот, Улаан хад хотоор сургалт семинар, сурвалжилгаар хоёр долоо хоног явахад хамт явсан Өвөр Монголын Багшийн их сургуулийн залуухан багш л гэхэд магистраа Улаанбаатарт хамгаалсан. Тэр одоо докторын зэргээ ч Монгол Улсад хамгаалж байгаа. Залуухан ч гэлээ монголоор саадгүй ярьж, хуучин монгол бичгээ дээдэлдэг тэрбээр докторынхоо ажлаар Улаанбаатар хотод ирээд цахим хуудсандаа “Монголдоо ирлээ. Сайхан байна аа. Зөвхөн Монголдоо” гэж постолжээ. Идэр есийн хүйтэн жавартай өдөр түүнтэй уулзахад Хөх хотод дулаахан байгаа учир маш нимгэн хувцастай ирсэн байв. Гэхдээ тэр хүйтэн жаврыг үл хайхран “Монголдоо ирээд сайхан байна. Би даараагүй ээ” хэмээн нүүрэндээ чин сэтгэлийн инээмсэглэл тодруулан Улаанбаатарын гудамжаар алхлан байлаа. Залуухан багш их сайхан дуулна. Гэхдээ дандаа монгол дуу...

Айраг байна уугаарай

Аятай байна өнжөөрэй

Агсал байна эмээллээрэй

Ах дүү нараар минь ороорой...гээд л цээл сайхан хоолойгоор аялж эхэлнэ дээ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top