САЙН МЭДЭЭ: Сансар судлалын салбарт Энэтхэг, Монгол Улс хамтарна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Энэтхэгийн Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Монгол Улстай сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрийг дэмжиж баталсан байна.

Энэхүү гэрээ ёсоор хоёр улс сансар судлал, түүний технологи, сансрын холбоо, алсын зайнаас мэдрэх төхөөрөмж, байршил тогтоох судалгаа, гараг судлал, сансрын хөөрөх болон газардах систем зэрэг бүхий л талаар хамтран ажиллах боломжтой болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сард Энэтхэг улсад албан ёсоор айлчлах үеэрээ Энэтхэгийн засгийн газартай сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах тухай хэлэлцээр байгуулсан билээ. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгийн сансар судлалын байгууллагад зочилсон юм.

Тус байгууллагаас явуулдаг сургалтад 2019 оны байдлаар 242 монгол хүн хамрагдсаны 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд байсан ажээ.

Энэтхэгийн сансар судлалын салбар 1960-аад оноос эхтэй бөгөөд 1990 он гэхэд энэ салбараараа бүс нутагтаа төдийгүй, дэлхийд тэргүүлдэг болсон юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
65(192.82.77.80) 2020 оны 01 сарын 09

76655

0  |  0
Top