Арчилсан шинэ Үндсэн хуулийн 28 жилийн ой ирэх даваа /2020.01.13/ гарагт тохионо. Энэ өдрийг угтаж Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны Гүйцэтгэх захирал, Ардын их хурлын депутат асан Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хэдхэн хоногийн дараа ардчилсан шинэ Үндсэн хуулийн 28 жилийн ой болох гэж байна. Тэртээ 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан 430 депутатын нэг нь та. Гар, бие оролцож батлалцсан депутатын хувьд өнөөдөр хэдийн шинэ Үндсэн хуулийн хэрэгжилтийн алдаа, оноог дэнсэлчихсэн суугаа нь лавтай. Би буруу бодоогүй байх аа?
-Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж байлаа. Дараа нь 1940, 1960, 1992 онд баталж байсан. Энэ бүгд өөр, өөрийн л цаг үетэй нь холбоотой байдаг. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуулиар Монгол Улсыг тунхагласан бол 1940 оны Үндсэн хууль Монгол Улсыг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэхийг зорилгоо болгосон. Дараа нь 1960 оны Үндсэн хуулийн зорилго нь социализмын материалын ерөнхий баазыг байгуулах байсан байх жишээтэй.
Харин 1992 оны Үндсэн хууль бол түүхэн үйл явдал юм. Учир нь, нэг нийгмээс шилжиж, нөгөө нийгмийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, ардчилсан гэх тодотголтой шинэ улс төрийн тогтолцоог бий болгосон Үндсэн хууль. Тухайн үед шинэ Үндсэн хуулийг 430 депутат хэлэлцэж баталсан байдаг. Тэдний нэг нь би яах аргагүй мөн юм.
Бид ард түмнээсээ мандат авч, Үндсэн хуулийн аргаар нэг нийгмийг нөгөө нийгмээр сольсон. Үндсэндээ Үндсэн хуулийн статустай хүмүүс ардчилсан Үндсэн хуулийг баталсан гэхэд болно. Бид өөрсдийгөө ийм гавьяатай гэж ойлгодог. Ардчилсан Үндсэн хууль бол зургаан бүлэг, 70 зүйлтэй. Нийт 244 хэсгээс бүрдсэн. Үндсэн хуулийг мэдэгтүн, сахигтун гэж төгсгөсөн байдаг. Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж заасан. Дотроо засаглалын хувьд парламент байхаар тусгасан. Өнөөдөр Үндсэн хуулийг батлаад 28 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ 28 жилийн хугацаа бол Үндсэн хуулийг шалгасан он жил байлаа.
-Өөрөөр хэлбэл, та бүхний баталсан шинэ Үндсэн хууль цаг хугацааны шалгуурт орсон гэж үү?
-Тийм. Үндсэн хуулийг баталсан депутатууд өөрсдөө автар нь болохоор юунд алдав, хуулийг хэрэгжүүлэх тал дээр ямар алдаа, дутагдал гарав гэдэг шүүлтүүрийг хийж чадаж байна.
-БИД АРДЧИЛСАН НИЙГЭМД АМЬДАРЧ ҮЗЭЭГҮЙ, ЗАРИМ ЗҮЙЛ НЬ ТӨСӨӨЛЛИЙН ШИНЖТЭЙ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ-
-Тэгвэл алдсан нь их байх юм уу, оносон нь их байна уу?
-Хоёр зүйлийг хэлж чадна. Бид сонгомол, ямар ч алдаагүй Үндсэн хуулийг баталсан гэж хэлэхгүй. Үндэслэл ч байхгүй. Учир нь, үүнийг цаг хугацаа, түүх ч харууллаа. Тухайн үед бид ардчилсан нийгэмд амьдарч үзээгүй, зарим зүйл нь төсөөллийн шинж чанартай ч байсан. Энэ ч утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой байсан уу гэвэл тийм. Зайлшгүй бодит нөхцөл нь бүрдсэн гэж үзэж байна. Гэхдээ өөрчлөхийн тулд 2002 онд оруулсан дордохын долоон өөрчлөлт шиг хуймгаа хандаж болохгүй л дээ. Гэнэт шийдэж, огцом Үндсэн хуульдаа гар хүрч болохгүй гэдгийг бас л цаг хугацаа харууллаа даа.
-Анх Үндсэн хуулийг батлахдаа хэдэн өдөр хуралдаж байсан юм бэ?
-Үндсэн хуулийг төр, ард түмэнтэйгээ хийж байгаа хэлцлийн гэрээ гэж хэлдэг. Харин 1992 оны Үндсэн хуулийг бараг бүтэн жилийн хугацаанд хэлэлцсэн. Анх оруулж ирсэн төслөөр бол Үндсэн хуулийг 17 хоногт багтааж, хэлэлцэж батална гэсэн байдаг. Бид зөвхөн дотоод журмаа батлахын тулд 7-8 хоногийг нь зарцуулсан.
Үндсэндээ нийгмийн зөвшилцлийн тулгуур том хууль учраас үг, цэг, таслал бүрээр нь хэлэлцэж, батлахгүй бол болохгүй гэж шийдсэн. Улмаар хугацааг нь сунгасан байдаг. Ингээд 76 хоног хуралдаж байж Үндсэн хуулийг баталсан. Бид одоогийнх шиг нам, бүлгээрээ талцдаг байгаагүй. Ерөөсөө л ард түмнээсээ мандат авсан, Үндсэн хуулиа заавал батлах нь эрхэм зорилго байлаа шүү дээ.
-Тухайн үед Үндсэн хуулийг хэдэн хувийн саналаар баталж байв?
-Тэр үед 100 хувиар батлаагүй юм шүү. Ер нь, тав зургаан хүн түдгэлзсэн. Татгалзсан хүн бол байгаагүй. Үндсэндээ 97, 98 хувийн саналаар баталж байсан түүхтэй.
-ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЦАГ ҮЕИЙН ТҮҮХЭН ШАЛГУУРААР ОРСОН-
-Өнөөгийн парламент олон жил ярьсан асуултад цэг тавьж, Үндсэн хуульд гар хүрч, өөрчлөлт орууллаа. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол гарцаагүй амьдралын болон цаг үеийн түүхэн шалгуураар орсон гэж ойлгож байна. Өнөөдөр Монгол Улсад шударга ёс алдагдчихлаа шүү дээ. Энэ бол хоёр талтай. Нэг нь Үндсэн хуулиа үг бүрчлэн сахиагүйгээс болсон. Үүнээс болж гарсан гажуудал байна. Нөгөө нь хууль, эрх зүйн талаасаа аргагүйн эрхэнд гарсан гажуудал юм.
-Жишээ нь?
-Өнөөдөр хүн бүхэн ярьж байна. Шударга ёс алдагдлаа гэж. Шүүхийн тогтолцоонд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байсан. Үүнийг шийдэж чадлаа гэж харж байна. Хоёрдугаарт, орон нутгийн удирдлагын асуудлыг шинээр томьёолж чадлаа. Нэг аймаг, сум, гэр бүлийн дотор намаараа талцдаг. Үүнээс болж улстөржсөн байдал бий болсон байна. Энэ бол Үндсэн хуулиас эхтэй гэж хэлж болно. Хот, тосгоны эрх зүйн байдлын асуудлыг Үндсэн хуульд бүрхэг тусгаснаас болж гарсан хүндрэл, бэрхшээл байсан байхыг үгүйсгэхгүй. Харин саяын өөрчлөлтөөр орон нутгийн удирдлага, хот тосгоны асуудлыг цэгцэллээ. Хот гэж байх ёстой юм байна. Энэ нь улсын болон орон нутгийн чанартай хот байна. Энэ мэт асуудлыг шийдлээ. Энэ бүхнийг зайлшгүй л тусгаж, шийдэх ёстой байсан.
Нөгөө талаараа дордуулсан долоотой ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тэр долоон өөрчлөлтөд гуравны нэгээс илүүгүй хувь нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт байсныг бүгд болгохоор өөрчилсөн нь алдаа байлаа. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн болж бүгд давхар дээлтэй болж, нэг талаараа УИХ ч юм шиг, нөгөө талаараа Засгийн газар ч юм шиг болсон. Үүнээс болж эрх зүйн хуваарилалт алдагдаж, гажуудал бий болсон.
Үүнийг саяын нэмэлтээр өөрчилж, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь давхар дээлтэй байж болно гэж тусгаж өглөө. Энэ бол буцаад л хөрсөндөө бууж байгаа зөв өөрчлөлт юм. Түүнчлэн Засгийн газар танхимаараа ажиллах ёстой. Хариуцлагаа хүлээдэг байх хэрэгтэй. Энэ утгаараа Засгийн газар нь танхимаа өөрөө бүрдүүлдэг зэрэг өөрчлөлтийг тусгаж өгсөн нь зөв алхам юм.
Бүхэлд нь авч үзэх юм бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь нийгэмд үүссэн гажуудал, цаг хугацааны шалгуурт тэнцэхгүй байгаа зүйлийг зарим талаараа шийдсэн гэж харж байна. Ингэж дүгнэж байна. Хамгийн гол нь хийсэн өөрчлөлт, дээр нь Үндсэн хуулиа ёсчлон, ширхэгчлэн сахиж биелүүлэх асуудал л чухал байгаа юм. Түүнээс Үндсэн хуулиас бүх зүйл болсон юм шиг дутагдлаа чихэж, өөрсдөө дураараа дургидаг нь хэвээрээ байх юм бол ямар ч өөрчлөлт хийсний ач холбогдол гарахгүй. Маш эрт нэн даруй засах ёстой зүйл бол Үндсэн хуулийг ёсчлон биелүүлэх л юм.
-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ АЖЛАА ХИЙГЭЭГҮЙ-
-Үндсэн хуулийн манаач нь Цэц. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэц үндсэн ажлаа хэр хийж, үүргээ хэрхэн биелүүлж ирэв ээ?
-Үүнийг зориуд хэлэх байна. Үндсэн хуулийн манаач нь Үндсэн хуулийн Цэц. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэц сайн ажиллаагүй, шаардлага хангаагүй. Иргэд болон нам, эвсэл шүүмжилж, өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн дөө. Уг нь, Үндсэн хуулийн Цэц байгууллага, иргэнээс ирсэн гомдлыг л хэлэлцдэг гэсэн явцуу ойлголтоор хандаж ирсэн. Гэтэл 1992 онд баталсан Үндсэн хуульд юу гэж тусгасан гэхээр Үндсэн хуулийн Цэц өөрийн санаачилгаар хэрэг үүсгэж, манаач болоод байж байх ёстой юм. Үндсэн хуулийн Цэц гомдол ирсэн тохиолдолд л хэлэлцдэг. Гомдол ирэхгүй бол зүгээр сууж байдаг. Гомдлыг хэлэлцэхдээ ч учир дутагдалтай байна. Ерөнхийлөгчөөс томилогдсон нь Ерөнхийлөгчөө хамгаалдаг. УИХ-аас томилогдсон нь УИХ-аа хамгаалдаг. Засгийн газраас томилогдсон нь Засгийн газрын төлөөлөгч ч юм шиг байдаг. Гэтэл ийм байх ёсгүй, биш шүү дээ.
Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн бүгд Монгол Улсын Үндсэн хуульд дээд хяналтыг тогтоож байх ёстой. Гэхдээ зөвхөн УИХ, Засгийн газар, гишүүд, иргэдээс гомдол ирсэнгүй гээд суух биш. Өөрсдөө ямарваа нэгэн хууль батлагдаж гарахад л аудит хийж, Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг санаачилгаараа зөрчлийг арилгадаг байх ёстой. Энэ үүргээ өнгөрсөн хугацаанд маш муу хийсэн.
-Бараг хийгээгүй дээ?
-Үнэн. Бид Үндсэн хуулийн Цэцийн даргаас асуусан. Өөрсдөө санаачилгаар хэрэг үүсгэж, Үндсэн хуулийн зөрчлийг арилгасан жишээ байгаа эсэхийг тодруулсан.
-Юу гэж хариулж байх юм бэ?
-Байхгүй. Энэ нь юуг хэлж байна гэхээр өлбөгөр, сулбагар байгаагийн л шинж. Үүнийг засах ёстой. Дээд хяналтаа тавьсан шиг тавьж, зассан шиг засах ёстой юм. Зарим талаараа дордохын долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцээд хүчингүй болгосон байдаг. Тогтоол нь ч бий. Гэхдээ тэр тогтоолыг хэрэгжүүлээгүй. Энэ мэтээр Үндсэн хуулийн дээд хяналтыг тогтоодог байгууллага байхын хэрэг байна уу даа. Энэ бол том асуудал шүү.
-Ингэхэд төр, засгаас та бүхнийг хэр анхаарч байх юм. Та бүхний үгийг сонсдог уу?
-Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын хүсэлтийг төр, засгаас байнга анхаардаг. Биднийг сонсдогт нь баярладаг. Жил бүр Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байна. Ялангуяа тэгш ойг илүү хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байгаа нь зөв юм. Гэхдээ тэмдэглэх төдий биш алдаа, оноогоо жилдээ нэг ярилцдаг, хардаг байх хэрэгтэй. Манай холбоо үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт, ардчилсан Үндсэн хуулийг тогтоогчдын хувьд хуулиа сурталчлах. Хэрэгжилтэд нь давхар хяналт тавьж, болохгүйг нь төр, засагт хэлж байх үүрэгтэй. Хоёрдугаарт, энэ 430 депутатынхаа алдрыг мөнхжүүлэх, хөдөлмөрийг нь үнэлүүлэх юм. Ялангуяа ядарч, зүдэрсэнд нь халамж болон дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг.
Гуравдугаарт, холбооныхоо дотоод үйл ажиллагааг сайжруулахад чиглэдэг. Энэ гурван чиглэлээр гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Өнөөдөр амьд сэрүүн байгаа нь 241 хүн байна. Үндсэндээ 50 илүү хувь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Амьд сэрүүн байгаа депутатын дунд 90-ээс дээш настай хоёр, 80-аас дээш настай 29 хүн байна. Харин 67 хувийг нь 70-аас дээш настай хүмүүс эзэлж байна. Нөгөө талаараа эдгээр хүн төр, засгийн анхааралд зайлшгүй байх ёстой.
Сэтгэгдэл ( 1 )
Үндсэн хуулийг МАН өмчилж авсан. Үндсэн хуулийг тэд л баталдаг , тэд л зөрчдөг. Өнөөдөр ч тэтгэвэрийн өр тэглэнэ гээд адил тэгш байх зарчимаа уландаа гишгээд явж байгаа шүү.