“Гурилын үйлдвэрлэлийн амьд түүх” Д.Дашдаваа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Ж.Дашдаваа: Залуудаа нартай уралдан хөлсөө урсгаж явсан бол эдүгээ настайгаа уралдаж оюун ухаанаа дайчилж сууна даа

Энэ эрхмийг “Монголын гурилын үйлдвэрлэлийн амьд түүх” хэмээн хамтран зүтгэгсэд нь товчхоноор тодорхойлдог юм билээ. Харин хийж бүтээснийг жагсаавал, Монгол орны хүнсний аж үйлдвэрийн болон нам, төр, олон нийтийн байгууллагын ахмад зүтгэлтэн, шинийг санаачлагч-зохион бүтээгч инженер, зохиолч-судлаач гэх маш урт жагсаалт хөвөрнө. Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан төрөөс түүний эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнасан. Ингээд оны өмнөхөн буюу 80 насныхаа ойн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар энгэрээ мялаалгасан, шинэхэн гавьяат Жинчин овогт Жамцын Дашдаваа гуайтай хөөрөлдсөнөө хүргэе.


ХҮН ӨТӨЛЖ, НОЙР БОГИНОСОХООР ХИЙЖ БҮТЭЭХ ЦАГ ИЛҮҮ ИХ ГАРДАГ ЮМ БАЙНА

 

-Таныг “Гэртээ ном үйлдвэрлэдэг” гэж хошигнох нэгэнтэй таарч байлаа. Нэрээ л ширээн дээрээ цайны аяга тавих зайгүй суудаг бололтой. Орчин үеийн зөөврийн компьютерыг гарамгай эзэмшиж ээ? 

-Идэр залуудаа нартай уралдаж, эх орондоо нийгэм журмыг байгуулж явлаа. Эдүгээ настайгаа уралдаж түүхэн баримтын ном туурвин бичиж, урьдын адил  зав чөлөөгүй зүтгэсээр  л явна даа. Хүн өтөлж, нойр богиносохоор хийж бүтээх цаг илүү их гардаг юм байна. Хуучин компьютер маань насаа элээж, надад гологдоод, хүүхдүүд гавьяат цолыг минь шинээр мялаасан юм. Цолны найран дээр гардуулна гэхээр нь би эртхэн өөрийн болгосон санаатай.  

-Жижүүрийн асуултаа тавиад, яриагаа эхэлье. Та аль нутгийн хүн билээ. Бага насаа хаана өнгөрүүлэв?

-Хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэвангийн хошууны Далан баг, өнөөгийн Сэлэнгэ аймгийн Дархан (одоо “Жавхлант) сумын гуравдугаар багийн нутаг, Хүйтэний голын “Их намаг” гэдэг газар XVI жарны шороон туулай жил (1939 он)-ийн хаврын дунд сарын дунд үеэр өгөөмөр ачлалт эцэг Жинчин Готовын Жамц, сайхан сэтгэлт Мэргэн овогт саальчин ижий Мөрийн Дуламсүрэн нарынхаа насан идэр үед хөвгүүн  нь болон хувь дэлгэн мэндэлсэн. Аав ээжийнхээ дэргэд хурга, ишиг, тугалтай хөөцөлдөж, хонь хариулан түүчээ шар хөтөлж, малын захад өсөж бойжсон доо. Багаасаа л элдэвт сонирхолтой хүүхэд байсан гэлцдэг. Ээжийнхээ оёдлын машин, аавынхаа өвсний морин хадуур, тармуурын зарим эд ангийг задлаад угсарчихдаг, модон тоглоом, хонины өтөг бууц, хагалсан түлээгээ зөөх дөрвөн дугуйтай модон тэрэг, голоос мөс авчрах бас гулгаж тоглох чаргаа хийчихдэг, цовоо цолгиун, хурц яриа хөөрөөтэй, сүрхий хөдөлгөөнтэй бор банди байсан гэдэг. Долоо­тойдоо ээжээрээ зөвшөөрүүлж, багийнхаа шинэ үсгийн дугуйланд суун, цагаан толгойн үсэг цээжилж холбочихдог, дөрвөн аргын тоог томчуудаасаа түрүүлээд сурчихсан, “Номтой болох хүүхэд” гэж магтагдаж явлаа.

-Аав, ээжийнхээ тухайд танилцуулна уу?

-Манайх арван дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл, өөрийн  ахан дүүстээ үрчлүүлсэн нь бий ч бид хамт өсөцгөөсөн. Бидний бага нас, дэлхийн хоёр их дайны дараах хүндхэн жилүүдэд, ахуй амьжиргааны гачигдал тохиосон, дутуу гуцуухан үед өнгөрсөн дөө. Гэсэн ч манайх нийтдээ адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн нэг зуу гаруй толгой малтай, тасалдсан зүйлгүй, боломжийн дориун амьжиргаатай айл байлаа. Аав маань малаа маллахын хажуугаар хориод шар тэрэг   хөдөлгөж, Улаанбаатар хот, аймгийн төв Алтанбулаг, хойд хилийн боомтын  худалдааны хамгийн том бараа бааз болох Цагаан эрэг (одоогийн Сүхбаатар хот) болон бусад сумд, багуудын  хооронд  аян жин тээдэг, мод мужааны ажилд сайн, үхэр тэрэг, чарга зэргийг өөрөө хийнэ. Ээжийг маань олон түмэн “Жуушуу” хэмээн авгайлдаг байлаа. Сааль сүүгээ базааж, богийн ноос, ноолуураа хүүхдүүдтэйгээ элбэж бэлтгээд улсад тушаана, багацуул биднийгээ хооллож, хувцаслаж, тойлж өсгөсөн ачлал буянтай элбэрэлт буурал байсан. Аав, ээж хоёр маань үр хүүхдүүд бидэндээ захихдаа, “Алсаа харсан зөв бодолтой, ард олноо гэсэн зөөлөн сэтгэлтэй, эрдэм номд шамдаж, хань ижил, найз нөхдөө нягтлан сонгож, амьжиргаагаа зөв хөтөлж яваарай”  хэмээн хичээнгүйлэн сургасныг нь бид бүгд нэр төртэй залгамжилж яваадаа сэтгэл дүүрэн байдаг даа. Миний бие “Он цагийн дуртгал” цуврал бүтээлийнхээ  зургаадугаар  дэвтрийг аав, ээжийнхээ ачлал, энэрэл хойдын буянд зориулж, “Ачлалт аав, элбэрэлт ээж минь” гэдэг номыг бүтээж,  ураг удмынхаа хэлхээ холбоос, үүх түүх намтрын цадиг болох “Манайхан” гэсэн номыг туурвин бичиж 2008 онд хэвлүүлсэн дээ. 

-Таныг олон ч сургуульд суралцсан,  чамгүй мэргэжил эзэмшсэн хүн гэдэг юм билээ. Энэ тухайгаа хуваалцахгүй юу?

-Сурсан, сурсан. ЗХУ-ын Омск хотын Гурилын үйлдвэр, үр тарианы агуулахын техникумд 1955-1959 онд суралцаж, эх орныхоо гурилын аж үйлдвэрийн ууган техник-механикчийн мэргэжилтэн болсон. Техникумаа  онц дүнтэй дүүргэж, Зөвлөлтөд хүнсний чиглэлийн аль дуртай дээд сургуульд шууд элсэн сурах эрхтэйгээр буцаж ирсэн. Ажлын гараагаа Улаанбаатарын Гурилын комбинатын тээрмийн цехийн механикчаар эхэлсэн дээ. Дээд сургуульд явж сурах өргөдлөө хоёр жил тутамд комбинатын захиргаа, намын хороо, яаманд өгч байлаа. Гэтэл санаачилгатай зүтгэлтэй ажиллаж байна гээд хоёр жил тутам албан тушаал ахиулж, комбинатын засварын цехийн дарга, ерөнхий механикч, ерөнхий инженерээр ажиллуулсан. Энэ хугацаанд гэр бүл зохиож, үр хүүхдүүдтэй болсон ч боловсрол, мэргэжлээ дээшлүүлсээр ирсэн. Оройн цагаар явж хоёр ч дээд сургуульд шантралгүй суралцаж, мэргэжил эзэмшсэн дээ. Нэг нь Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх оройн дээд сургууль. 1961-1963 онд гурван жил оройгоор сурсан. Дараа нь Монгол Улсын их сургуулийн харьяа Политехникийн дээд сургуулийн эрчим хүчний факультетийн оройн ангид 1967 онд элсэж, зургаан жил оройн цагаар сураад 1973 онд цахилгааны инженерийн мэргэжил эзэмшсэн. Ингэж есөн жил суралцсан.

-Таныг гадаадад намын сургуульд сурсан гэдэг?

-Намын томилолтоор ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд 1974-1976 онд суралцаж, улс төр судлаачийн мэргэжлээр дүүргэж, улс төрийн дээд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсгөхдөө дэд эрдэмтний цол зэрэг горилох урьдчилсан шалгалтыг давхар өгчихөөд ирсэн шүү.

-Тэгээд эрдмийн цол хэдийд хамгаалсан билээ?

-Тэр үед биднийг социалист нийгмийн материал техникийн баазыг байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэсэн газраа томилж ажиллуулсаар юун цол зэрэг хамгаалуулахаар явуулах. Удирдах дээд газрын шийдвэрээр “Оч” гэсэн газарт томилогдон ажилласаар 1990 оны ардчилсан хувьсгалтай тулж, бүх албан тушаалаа өгсөн. Энэ хооронд  эчнээгээр цолны зэрэг горилох өргөдөл өгөөд ч тус болоогүй дээ.  Хожимдоогүй ч 2000 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Удирдахуйн ухааны магистр”-ын зэрэг хамгаалсан шүү.

 

ШИНИЙГ СЭТГЭЖ, БАЯЛАГ БҮТЭЭХ САЙХАН

 

-Таныг анхны гурилын мэргэжилтнээс гадна анхны атарчдын нэг гэдэг юм билээ?

-Намайг зөвлөлтөд техникум дүүргээд ирэх жил буюу 1959 онд эх оронд маань атар газар эзэмших анхны аяны анхны ургац хураах их кампанит ажил өрнөсөн үе тохиосонд өөрийгөө их азтай хүн гэж боддог юм. Аж үйлдвэрийн яамнаас шинэхэн мэргэжилтэнг зөвлөлтийн тусламжаар барьж байгуулж хараахан ашиглалтад ороогүй Улаанбаатар хотын Гурилын комбинатад томилсныг дээр хэлсэн. Энд сар гаруй мэргэжилтнүүдтэй машин тоног төхөөрөмж суурилуулах ажилд шамдаж байтал тус комбинатын харьяанд байгуулсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь Тариа хүлээн авах салбарын механикчаар томилж явуулсан. Ингэж  анхны атарчдын нэг болсон юм аа.

-Тухайн үед тариа ачих туузан дамжуулагч нэвтрүүлсэн гэдэг байх аа?

-Тариа вагон ачих гар ажиллагаатай энэ нүсэр ажилд хүн хүч хүрэлцэхгүй болж  тус аймгийн төвийн албан газруудын албан хаагчдыг дараа нь бүр сургуулийн ахлах ангийн сурагчдыг субботникийн журмаар дайчилсан боловч ажиллах хүч дутсаар л байв. Тиймээс вагонд тариаг задгайгаар ачих зориулалтын туузан дамжуулагч хийхээр  санаачилга гаргаж, хэрэгжүүлэхээр аймгийн төвийн төвлөрсөн хог хаягдлын цэг дээгүүр засварчныхаа хамт элдэв төмрийн эрэлд гарсан юм. Азаар вагон депогийн аж ахуйн хашаанд уурын галт тэргэнд нүүрс ачиж байгаад эдэлгээний хугацаа нь дуусаж, эд анги нь тоногдож зэвэрсэн 10 метр урттай туузан дамжуулагчийн их биеийн төмөр рам олж харж, түүнийг түр авч ашиглахаар Гурилын комбинат, Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэрийн яам, Налайхын нүүрсний их уурхай  хүртэл явж хөөцөлдөж бөөн адал явдал болж байж зөвшөөрүүлж авав. Ингээд засварчинтайгаа 3-4 хоног нойр хоолгүй ноцолдож, вагонд тариаг задгайгаар ачих ажиллагааг бүрэн механикжуулсан. Тухайн үедээ зарим эд ангийг нь банз зэргээр орлуулж, эргэлт хувиргагчийн нь хурдыг өөрчлөн ажилд оруулсан санагдаж байна. Анхны шинэ санаачилга маань алтан тарианаас эхтэй учраас  түүндээ маш ихээр билэгшээж явдаг даа. Аж үйлдвэрийн яамнаас “Улаанбаатарын Гурилын комбинатын механикч Ж.Дашдаваад 1959 оны тариа хүлээн авах ажилд идэвх зүтгэлтэй ажилласан учир энэхүү “Сайшаалын үнэмлэх”, үнэ бүхий зүйлээр (50 төгрөгөөр) сайшаан шагнав. Орлогч сайд Барний” гэсэн үнэмлэхээр шагнасан нь одоо ч миний архивт хадгалагдаж байдаг юм.  Тухайн үедээ эх орон, ард түмнийхээ зардлаар гадаадад олж авсан  мэргэжлийнхээ дагуу үүргээ л биелүүлж, өрөө нөхөн төлж байна даа л гэж санаж байснаас биш ямар нэгэн шагнал, харамж горьдож хүлээж байсангүй.

-Түүнээс хойш салбартаа олон олон инновац нэвтрүүлсэн биз?

-Зөвлөлтөд сурч мэргэжил эзэмшиж ирсэн цагаас авахуулаад  Улаанбаатарын Гурилын комбинатын ерөнхий инженерийн албыг шат дараалан хашсан. Энэ хугацаанд залуу мэргэжилтний  мэдлэг, эрч хүч, хүсэл эрмэлзлээр олон арван шинэ санаачилга сэдэн гаргаж, 70 орчмыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Тэр үед эдгээр шинэ санаачилгуудынхаа үр ашгийн тооцоог тэр бүр гаргуулж амжаагүй, эрхийн гэрчилгээг нь ч хөөцөлдөж авах цаг зав гаргаж амжилгүй өнгөрсөн дөө. Харин хэзээ хойно 1993 онд Монгол Улсын “Патентын хууль” батлагдсаны дараах үеэс багцалсан томоохон шинэ санаачилгуудынхаа бичиг баримтыг нөхөн бүрдүүлж байж Патентын газраас эрхийн гэрчилгээ авсан. Нөхдийнхөө захиснаар гарынхаа шинэ санаачилгуудын тухайд “Он цагийн дуртгал” цувралынхаа 16 дугаар дэвтрийг бүхэлд нь зориулж  “Шинийг бүтээх нь миний жаргал” гэсэн түүхэн баримтын ном туурвин бичиж өндөрлөж байгаа.

 -Одоо эдгээр таны  нэвтрүүлсэн инновацыг гурилын үйлдвэрт ашигласаар байгаа юу?

-Бидний санаачилж нэвтрүүлсэн олон арван машин техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүд улсад үлэмж хэмжээний хуримтлал оруулсан. Тэдгээрээс Улаанбаатарын Гурилын комбинатын  хоёр ч удаагийн шинэчлэн тоноглолт, өргөтгөлөөр орчин үеийн шинэ машин техник технологи нэвтрүүлснээр нэлээд нь ашиглалтаас гарсан байна билээ. Тэдгээрээс миний санаачилж бүтээсэн бэлэн бүтээгдэхүүний агуулахын хоёрдугаар давхраас авто машинд гурил ачих налуу гулгуурууд одоо хүртэл 56 жил ашиглагдсаар л байна. Та одоо очоод харсан ч машинд гурил ачиж л байгаа. Одоо Монгол Улсад оюуны өмчийг үнэлж түүнийг хамгаалах, дэмжих асуудлаар хурцаар тавигдаж эхэлсэн. Шинийг санаачлагчдыг сэтгэл санаа, эд материал, мөнгөн санхүү, банкны хөнгөлөлттэй зээлд хамруулан  тусалж  хөхиүлэн  урамшуулах эрх зүйн орчин тун их дутагдалтай байгааг төр, засаг эрх биш анхаарах цаг болжээ. Тэртээх 1995 онд хуучин үйлчилж байсан “Патентын хууль”-ийн дагуу одоогийн “Алтан тариа” компанид ашиглагдсаар ирсэн шинэ санаачилгуудынхаа ашгаас 10 сая төгрөгийн хувь хүртээхийг хүссэн өргөдөл гаргаж өргөн барьсанд 49 мянган төгрөгийн урамшуулал хайрласан. “Чамлахаар чанга атга”  гэдэг дээ. 

 

ЯАМНЫ ДАРГЫН АЛБЫГ ДЭЭД МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМТОЙ БҮХЭН ХАШДАГГҮЙ ЮМ

 

-Таныг үйлдвэрийн байрнаас шууд яаманд дэвшиж ажилласан гэдэг юм билээ?

-Миний шууд дэвшиж ажиллана гэж юу байх вэ дээ. Харин сайд дарга нар дэвшүүлж ажиллуулсан хэрэг. 1968 онд шинээр байгуулагдсан Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны Гурилын үйлдвэрийн хэлтэст мэргэжилтнээр  ажиллаж байтал, 1970 оны гуравдугаар сард яамны нэгдүгээр орлогч сайд Ж.Дулмаа, сайд П.Дамдин нар гэнэт дуудаж уулзаад, хэлтсийн даргаар дэвшүүлж ажиллуулах саналтай байгаагаа дуулгахад, шууд татгалзаж билээ. Манай гурилын үйлдвэрийн салбарт Зөвлөлтөд дээд сургууль төгссөн хориод инженер ажиллаж байсан тул тэднээс сонгож судалж дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналыг сайд нарт зөрүүлж тавьсан. Мөн тусгай дунд техник механикчийн боловсролтой, одоо Политехникийн дээд сургуулийн Эрчим хүчний факультетийн цахилгааны инженерийн ангийн дөнгөж гуравдугаар дамжаанд ажлаа хийхийн зэрэгцээ оройн цагаар сурч байгаагаа тайлбарлав. Тэгтэл П.Дамдин сайд “Яамны хэлтсийн даргын албыг дээд мэргэжлийн дипломтой бүхэн хашдаггүй юм. Харин үйлдвэр дээр олон жил ажилласан туршлагатай ажлаа мэддэг нь, бас идэвх санаачилгатай нь хийдэг ажил. Бид нэгэнтээ судлаад өөрийг чинь хэлтсийн даргаар дэвшүүлж ажиллуулахаар тохиролцсон. Удахгүй Намын Төв Хороогоор батлуулна. Биеэ бэлдэж бай” гэж үүрэгдсэн.

 -Тэгээд юу болов.  Нам, төрийн санал болгосон албан тушаалаасаа татгалзаж чадсан уу? 

-Дараагийн долоо хоногт П.Дамдин сайд Намын Төв Хороогоор батлуулна гээд намайг дагуулаад Засгийн газрын ордонд очсон. Би тэр хуралд нь уг албан тушаалаас татгалзаж байгаа учир шалтгаанаа хэлээд болох л байх гэж бодож байлаа.  Тэгтэл нээг их урт том ширээний ард Ю.Цэдэнбал дарга хурал удирдаад сууж байх нь тэр ээ... Бал даргыг тийм ойрхноос огт харж байгаагүй учир хамаг сэтгэл санаа балмагдаж, бүр гар хөл чичирч эхлэв ээ хөөрхий. Нэг дарга миний тухай товч танилцуулж саналаа хэлэв. Ю.Цэдэнбал дарга, “За хэнд ямар асуулт, санал байна” гэхэд хэн ч дуугарсангүй, харин Бал дарга надаас төрж өссөн нутаг, үндсэн захиргаа, аав, ээжийн тухай, суралцсан сургууль, мэргэжил, эрхэлж байсан ажлын тухай зэрэг хэдэн асуулт тавьсныг нь би ихэд сандарч, асуулт бүрт товч хариулт өгөхийг хичээж, биеэ их л барьж байсансан. Чухам хэрхэн онож хариулж чадсан эсэхээ одоо хүртэл сайн ухаарч чаддаггүй юм. Хуралд оролцогсдоос өөр хүн асуулт тавьсангүй. Тэгтэл Бал дарга, “За, Дамдин сайд аа, Энэ залууг та нар сайн судлаа биз ээ, ажлыг нь сайн дэмжээрэй. За, нөхөр Дашдавааг Хөнгөн, Хүнсний үйлдвэрийн яамны Гурилын үйлдвэрийн хэлтсийн даргаар батлах уу” гэж сөөнгөдүүхэн дуугаар асуутал тэр хуралд оролцогсод бүгд гараа өргөсөн. Бал дарга, “За нөхөр Дашдаваа! Өөрийг чинь яамны хэлтсийн даргаар баталлаа. Мэдлэг чадвараа дайчилж, идэвх санаачилгатай сайн ажиллаарай. Орос хэлнийхээ мэдлэгийг байнга дээшлүүлж байгаарай. За, явж болно” гэлээ. Ингээд л яамны Гурилын үйлдвэрийн хэлтсийн даргаар батлагдчихдаг юм байна. Би бараг хаалгаа олохгүй шахам балмагдсан амьтан гарч Засгийн газрын ордны гуравдугаар давхрын урт хонгилын улаан халзтай хивсэн дээгүүр сэм сэмхэн алхаж явтал араас П.Дамдин сайд гүйцэж ирээд “За, нөхөр Дашдаваа! Одоо энэ мөчөөс эхлэн өөрөө Монгол Улсын ерөнхий гурилчин боллоо шүү. Улсын хэмжээнд сэтгэж, санаачилгатай сайн ажиллах хэрэгтэй” гэж захиа даалгавар өгч байсан нь миний санаанаас огт гаралгүй өнөөдрийг хүрчээ.  

-Үйлдвэрийн инженерээс яамны даргын албанд шилжээд, ажлаа юунаас эхэлж байсан бэ?

-Юуны өмнө хэлтсийнхээ ажилтан нарыг сайн судалж бүрдүүлсэн. Бид гурилын үйлдвэрүүд, тариа хүлээн авч хадгалдаг газруудынхаа олон жилийн техник технологи, эдийн засгийн үр ашгийн судалгааг гаргаж, нэгтгэж дүгнээд тус салбарыг хөгжүүлэх ойрын тав, арван жилийн зорилт боловсруулж, бүх үйлдвэрийг шинэчлэн тоноглох арга хэмжээг төлөвлөсөн. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдийн техник ашиглалт, технологийн зааврууд, таваарын улаан буудай болон гурилын зэрэг дугаарын стандартуудыг эх орны тарианы чанарт уялдуулан шинэчлэн боловсруулж батлуулсан гэх зэргээр тун эрчимтэй ажиллаж эхэлсэн дээ.

 

БАГАНУУРТ ИХ ХҮЧ ЧАДЛЫН ДЦС  БАРЬЧИХСАН БОЛ

УЛС ОРНЫ МААНЬ ХӨГЖИЛД АСАР ИХ ҮСРЭЛТ  ГАРАХ БАЙСАН ЮМ 

 

-Нийслэлийнхэн таныг Ажилчны районы намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах үеэс тань сайн мэдэх юм билээ. Тэр үе бол их бүтээн байгуулалтын үе байх аа?

-Тус районы намын даргаар 1976-1983 онд ажилласан. Тэр үед эх орондоо нийгэм журмыг  байгуулах их бүтээн байгуулалтын өрнүүн жилүүд байсан тул намын бүх шатны байгууллагын үзэл суртал, зохион байгуулалтын ажлыг боловсронгуй болгож, үр нөлөөг нь байнга дээшлүүлэхэд чиглэгдэж байсан. МАХН-ын Төв Хорооноос “Эдийн засаг бол намын ажлын үндсэн фронт мөн” гэсэн тулгуур шийдвэр гаргаж, улсын аж ахуйн газруудын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг тоо чанар, үр ашиг, эдийн засгийн бүх  үзүүлэлтээр хугацаанаас нь өмнө биелүүлэхэд социалист уралдааныг олон хэлбэрээр өрнүүлэх, тэргүүний сайчуудын ажлын туршлагаас суралцах ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг намын байгууллагууд удирдаж байлаа. Ажилчны районы намын хорооны даргаар ажилласан долоон жилийн хугацаандаа олон ч ажил үйлс өрнүүлсэн. Тэр бүхнийг дурдахад их цаг хугацаа орно.  Цөөн хэдийг нэрлэн дурдвал,   Монгол Улсын үйлдвэрийн анхны голомт болсон Аж үйлдвэрийн комбинатыг зөвлөлтийн тусламжаар барьж байгуулан 1934 оны гуравдугаар сарын 26-нд ашиглалтад оруулсан. Яармагийн гэр хорооллын айл өрхийг гудамжаар нь хэсэгчлэн багцалж, дулааны болон цэвэр, бохир усны нэгдсэн системд холбож, нам даралтын төвлөрсөн нэг зуухнаас хангах санаачилгыг 1978 онд гаргасан. Мөн хашаа бүхий айлуудад нарны халаалттай шүршүүр бүхий халуун устай болгох санаачилга гаргаж амжилттай туршсан гээд олон зүйл санаачилж ажилласан даа.

-Дараа нь Найрамдалын районы намын даргаар ажиллахдаа, пионерийн “Нарлаг” зусланг санаачилж байгуулсан гэж дуулсан?  

-“Нарлаг” зуслангийн тухайд бол ийм юм аа. МАХН-ын Төв Хорооны 1982 оны 355 дугаар тогтоолоор 1983 оныг “Сурагчийн жил” болгож, улс орон даяар хүүхдийн төлөө уриан дор их бүтээн байгуулалт явагдсаныг ахмад үеийнхэн санаж байгаа байх. Бүх нийтийг хамарсан энэ хөдөлгөөн 1984-1985  онд үргэлжлэн явагдсан. Гэтэл намайг Найрамдалын районы даргын ажлыг хүлээн авах үед энэ талаар зохиосон ажилгүй байлаа.   Ингээд ээлжиндээ 100 хүүхэд амраах пионерийн зуслан барих тухай санаачилга  гаргасан. Тусгай данс нээж, районы Ардын боловсролын хэлтсийн санхүүд хариуцуулсан. Барилгын зургийн төв институтээс 240 ортой зуслангийн нэг загварын барилгын зураг олж түүнийг сонгож аваад  Р.Тогоо дарга бид гэр бүлээрээ 1983 оны есдүгээр сарын 21-нд Тэрэлжийн чиглэлд явж, тэндэхийн Горхи гэдэг газрын Мэлхий хадны баруун хойно Мөнгөн цохио хэмээх уулын энгэрт уул пионерийн зусланг барих нь тохиромжтой гэж үзээд зуслан барьж байршуулах тэнхлэгийн голлох тэг цэгийг нүдэн баримжаагаар тогтоож, нэгэн том бул чулуугаар шавь тавьж билээ.    Богинохон хугацаанд  240 ор бүхий пионерийн зуслангийн цогцолбор барилгын улаан шугамыг батлагдсан зургийн дагуу тавьж, цэргийн хээрийн тогооноос зоог барьж товчхон ёслол үлдэж байлаа. 

 -Таны удирдсан гурав дахь дүүрэг Багануур гэж танилцсан. Тэнд ажиллах хугацаандаа юу амжуулсан бэ?

-МАХН-ын Төв Хорооноос 1980-аад онд тунхагласан “Эдийн засаг бол намын ажлын гол фронт мөн ” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр дээд, дунд шатны намын байгууллагууд шууд аж ахуйн ажлыг удирдан чиглүүлэх болсноор намын байгууллагуудын бүтэц зохион байгуулалт нь салбарын яамд, газруудтай адилхан үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл боловсрол, худалдаа үйлчилгээний гэх зэрэг хэлтэс тасгууд шинээр бий болж орон тоо нь их өссөн.  Үүнийг би шүүмжилж, хот, аймаг, районы намын байгууллагууд зөвхөн намын зохион байгуулалт, үзэл суртлын хэлтсүүдтэй, ажил төрлийн тасагтай байх нь зүйтэй.  Шат шатны байгууллагууд зөвхөн удирдах боловсон хүчнийг судалж, сургаж бэлтгэх, томилох, ажлыг нь зааварлаж зөвлөх,  дүгнэж байх нь зүйтэй гэж үзэж байв. Энэ санаагаа Улаанбаатар хотын намын хорооны товчоо, нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнд үе үе гаргаж тавьж байсныг удирдлагууд хүлээж аваагүй. Намайг “Хэт их номчирхлоо, биеэ тоож, намын шийдвэрийг эсэргүүцэж байна” гэх зэргээр зэмлэдэг болсон юм. Тиймээс Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Мөнхжаргал  эртнээс ажиглаж,  “Аж ахуйн арга барилтай, шинэ зүйл сэдэн гаргах сэтгэлгээтэй тул аль нэг районы гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаач. Тэнд санаачилсан зүйлээ хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгө хөрөнгө, санхүүгийн асуудал гар дээр чинь ирнэ” гэж нэг гуйж, бас сануулж, сүүлдээ бүр хоргоох болсон. Тэгээд 1986 оны хавар хотын намын ээлжит бага хурлын үеэр “Багануурын даргаар очиж ажиллаач” гэж давтан санал тавихад нь зөвшөөрсөн юм. Албаа авангуутаа Багануурын хөгжлийн ойрын болон хэтийн төлвийг тодорхойлохоос ажлаа эхэлж байлаа. Улс орны хөгжлийг түргэтгэх гол хүчин зүйл бол аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, түүний дотроос түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарыг түрүүлүүлж хөгжүүлэх талаар олон чухал шийдвэр гаргаж хэрэгжүүлж байсны нэг нь Багануурын цогцолбор байв. БНМАУ-ын Төлөвлөгөө, эдийн засгийн Улсын хороо, Шинжлэх ухааны Академийн Эдийн засгийн хүрээлэн, Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яам, Улаанбаатар хот,  мөн Багануурын районы нам, захиргааны  байгууллагууд хамтран, “Багануурын түлш, эрчим хүчний цогцолборыг үүсгэн байгуулах үндэслэл” гэдэг чухал баримтыг 1987 онд боловсруулан баталж, Багануурын 2000 он хүртэлх хөгжлийн төлвийг тодорхойлсон юм.

-Багануурын нүүрсний уурхайг түшиглэн эрчим хүчний томоохон эх үүсвэртэй болох талаар дуулж байсан юм байна?  

-Тэр үед Багануурын нүүрсний уурхайн хүч чадлыг жилдээ 6-10 сая гаруй тонн нүүрс олборлохоор төлөвлөж, түүнийгээ түшиглэн манай улсын эрчим хүчний аж үйлдвэрийн бахархал болох 1200 МВт-ын их хүч чадлын дулааны цахилгаан станцыг ЗХУ-ын хүч хөрөнгөөр 1990 оноос эхлэн барьж, эхний ээлжийг нь 1993 онд ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлыг 1996 эзэмшихээр тусгасан юм. Шинээр бий болох эрчим хүчний тэр их нөөц боломжид тулгуурлан хүнд болон хөнгөн, хөдөө аж ахуйн машин техникийн үйлдвэрүүдийг барьж байгуулахаар төлөвлөсөн байсан. Эхнээс нь Монгол-Зөвлөлтийн техник, эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагууд гэрээ хэлцэлд тусгагдаж, зураг төслийн даалгавар  болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах суурь судалгааны ажлууд эхлэн хийгдэж байлаа. Гэтэл   социалист орнуудад өөрчлөн байгуулалт, ардчиллын шуурга дэгдэж, нийгэм тэр аяаараа өөрчлөгдөж, хөрөнгө оруулалт хаагдаж,  “Баганур-Энергострой” барилгын бааз татан буугдсан. Хэрвээ  Багануурын их хүч чадлын тэр дулааны цахилгаан станцыг  барьчихсан бол эдүгээ улс орны маань хөгжил дэвшилд асар их үсрэлт дэвшил гарах байсан юм аа.  Багануурын даргаар хэдэн жил ажиллахдаа, нийгмийн цаг төрийн байдлаас шалтгаалан энэ том бүтээн байгуулалтыг эхлүүлж амжаагүйдээ сэтгэл  ихэд дундуур явдаг даа. Манай төр засгийн үе үеийн эрхэм дээдэс удирдлагууд, ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар гуч шахам жил үлгэр домог болтлоо ярьж мөрөөдсөөр л  суух шив дээ. Эх орны маань цаашдын дэвшил нь  дулаан, цахилгааны эрчим хүчний томоохон шинэ эх үүсвэр бий болгосноор л  үсрэнгүй хөгжих болно гэж үздэг.

-Таныг гэр хороололгүй шинэ хот байгуулах санаачилга гаргаж, Багануурын гэр хорооллыг богинохон хугацаанд нүүлгэж хотынхоо төвөөс хол байршуулсан гэдэг. Тэр арга барилаасаа хуваалцахгүй юу?

-Тэр бол районы Гүйцэтгэх захиргааны даргын албан ажлын хуваарийн дагуу хийх ёстой ажил байсан юм. Төвдөө гэр хороололгүй хот байгуулах зорилтыг Улаанбаатар хотын намын хороо, Гүйцэтгэх захиргаанаас эхлээд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс дэвшүүлж түүнийг нь хэрэгжүүлэхээр зүтгэж байсныг минь зарим нь элдвээр гоочлон ярьдаг байлаа. Багануурын гэр хорооллыг анхнаасаа алсаа бодож харалгүйгээр цаашдаа ашиглах нүүрсний  уурхайн нөөц газар дээр суурьшуулснаас жил ирэх тутам хөрс хуулалт, нүүрсний төлөвлөгөө нэмэгдэхийн хэрээр олборлолтын талбай нь гэр хороолол руугаа ойртсон. Ингээд районы штабын шууд удирдлагаар, Багануурын гэр хорооллыг нүүлгэн байршуулах их ажил  1989 оны долоодугаар сарын 1-нээс 15-ны хооронд маш эрч далайцтай явагдаж, хоёр мянга шахам хүн ам бүхий 520-иод айл өрхийг, зун, өвлийн хувийн 300 шахам байшингийн хамт иргэд, хамт олныхоо тусламж дэмээр хоёр километр газарт  нүүлгэж байршуулсан даа.  Багануурын  гэр хорооллыг наадмын өмнө болон баярын дундуурх амралтын өдрүүдийг ашиглан ердөө арван тав хоногт багтаан нүүлгэн байршуулсан тухайгаа Улаанбаатар хотын намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаанд илтгэхэд итгэх дарга олдохгүй, ямар сайндаа хотын дарга С.Мөнхжаргал тусгай бие төлөөлөгч томилж, газар дээр нь шалгуулж байж сая нэг юм үнэмшиж байсан шүү. Тэр үед ирээдүйгээ бодож, гэр хорооллыг хотын төвөөс алсхан байршуулсан намайг “мөрөөдөгч дарга”, “захиргаадагч дарга”, "дарангуйлагч Дашдаваа дарга” гэх зэргээр элдвээр хэлж, дайрч давшилж байсан хүмүүс  одоо юу гэж бодож явдаг юм бол доо. Бид гэр хорооллыг Багануур хотын төвөөс зайдуухан байрлуулж, “утаагүй, хоггүй” цэвэр цэмцгэр шинэ хот байгуулахын төлөө  зүтгэж явснаа эргэн бодоход  сэтгэл сайхан байдаг боловчиг одоо “бараан их утаатай хот” болсныг нь харахлаар сэтгэл үнэхээр гундах юм. Цаашдаа  Багануур хотыг утаанаас нь салгахын тулд асар их хөрөнгө, хүч зарцуулах байх. Ахмад инженер миний бодлоор бол  утаагүй Багануур хотыг байгуулах ганц гарц нь нүүрсний арвин нөөцөндөө тулгуурлан одоо яригдаад байгаа их хүч чадлын дулааны цахилгаан станц байгуулах гэж үздэг.   

 

“АРДЧИЛЛЫН НЭРЭЭР ГУЛ БАРИГЧ АЖИЛГҮЙ, АРХИЧИН ТАНХАЙЧУУДАД БУУЖ ӨГСӨН ХЭРЭГ”-ЭЭР  БУРУУТАН БОЛЖ

НАМЫНХАА НӨХДӨӨС ЗЭМЛЭЛ ХҮРТЭЖ ЯВЛАА

 

-Багануурт ардчилсан хөдөлгөөн эхлэхэд таныг буурь суурь зааж, зөв бодлоготой хандсан гэж хэлэлцэх юм билээ. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Багануур дахь ардчилсан хөдөлгөөн Монголын ардчилсан холбооны шууд удирдлага чиглэлээр л явагдаж, үйл ажиллагаа нь 1989 оны арванхоёрдугаар сараас эрчимжиж, 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Монголын Ардчилсан Холбоо (МоАХ)-ны харьяа Багануурын районы салбар зөвлөл байгуулагдсан. Намайг мөн оны арваннэгдүгээр сард Улс төрийн дээд сургуулийн удирдах ажилтны нэг сарын дамжаанд сурч байх хооронд тус районы МоАХ-ны зохицуулах зөвлөл, Ардчилсан намын зөвлөлдөх төвөөс  районы дүүргийн Ардын хурлын тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргаанд тулган шаардах бичиг өгч районы  дарга, орлогч дарга, Ардын хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бид гурвыг бүх албан тушаалаасаа огцрохыг шаардаж улс төрийн суулт хүртэл хийсэн. Би тэдний шаардлагыг хүлээн авч ээлжит бус чуулган хуралдуулж, ажлын тайлангаа тавьж хэлэлцүүлэн бүх депутат нараасаа гуйж байж сайн дураараа албан тушаалаасаа огцорч “Ардчиллын нэрээр гул баригч ажилгүй, архичин танхайчуудад бууж өгсөн хэрэг”-ээр  буруутан болж намынхаа нөхдөөс зэмлэл хүртэж явлаа. Би энэ тухай “Он цагийн дуртгал” цувралын дөтгөөр дэвтэр “Багануурын бүтээн байгуулалтад. Итгэл, зүтгэл, бүтээл” (2005 он) гэсэн номондоо тодорхой бичсэн.  Саяхан номонд минь дурдсан баримтыг үндэслэн, баахан хүнд 30 жилийн ойн медаль гардуулсан байна лээ. Багануурын бүтээн байгуулалтад. Итгэл, зүтгэл, бүтээл”  номын оршилд тухайн үед Багануурын уурхайн даргаар ажиллаж байсан, одоо Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуулийн багш доктор Д.Дондовын тодорхойлж бичсэнийг дурдахад л хангалттай гэж үзэж байна.  Тэрбээр бичихдээ  “Тухайн үед нийгэм, улс төрийн харилцаанд гарч ирсэн шинэ уур амьсгал, шинэ хөдөлгөөн, ардчилал шинэчлэлийн төлөөх тэмцэл зэргүүдэд Ж.Дашдаваа дарга ёстой л юм үзэж нүд тайлсан, халуун чулуу долоож хашир суусан, улс төрийн өндөр боловсролтой, ухаалаг удирдагчийн байр суурьнаас нягт нямбай, хянуур хүлээцтэй хандсан нь Багануурт ардчилал хөгжихөд маш их нааштай эерэг нөлөө үзүүлсэн” гэж онцолсон байдаг юм.

 -Ардчиллын шуурганы үеэр ямар ажил хийсэн бэ?

-Тэр үед чинь биднийг байтугай нам, төр, засгийн удирдлагууд,  яамдын сайд, дарга нараас эхлээд бүгдийг нь албан тушаалаас нь буулгаж,  “ажилгүйчүүдийн” эгнээнд түлхэн оруулж, шууд гудамжинд гаргаж, өмнөх нийгэмд бэлтгэсэн боловсон хүчнүүдээ хариуцаж хамгаалах эзэнгүй “хог дээр хаясан” шүү дээ. Зах зээлийн харилцаанд шилжсэн эхний жилүүдээс мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хувийн хэвшлийн хэд хэдэн жижиг үйлдвэр  байгуулагдсанаас “Дэлгэрхангай” компанийн бүтээгдэхүүн  чанарын өндөр түвшинд үнэлэгдэж байлаа. Тус компанийн захирал, багын анд найз Л.Юндэнгийн олон удаагийн хүсэлтээр ерөнхий менежерээр нь 1993-2006 онд ажилласан.

-Сүүлийн жилүүдэд түүхэн баримтын хорь шахам ном туурвин бичиж хэвлүүлэн олон түмэндээ хүргэсэн. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Ер нь бол хүн бүр өөрийн туулсан амьдралын зам мөрөө, хийж бүтээсэн ажил үйлсийнхээ тухайд эргэн харж, үнэн баримтад тулгуурлан бичиж ном болгон хэвлүүлж үлдээх нь цаашдаа эх орны түүх судлал, бичлэгт үнэ цэнэтэй баримт болдог учиртай  билээ. Ардчиллын анхны  жилүүдэд хийрхсэн ойворгон залуучууд, “Ирээдүй өнөөдрөөс эхэлж байна” гэх зэргээр хоолой нийлүүлэн хашхиралдаж, бүр дуу хүртэл зохиож, радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлсэн шүү дээ. Энэ чинь юу болж байна вэ. Эх орныхоо хөгжлийн “өчигдөр уржигдар”-ын буюу өнгөрсөн үеийнхээ түүхийг  хөсөр хаяж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд л  тэтгэвэрт гарч цаг завтай болмогцоо өөрийн туулсан ажил, амьдралынхаа замналд тулгуурлан “Он цагийн дуртгал” гэсэн нэртэй цуврал түүхэн баримтын ном бичихээр сэтгэл санаа шулуудаж, “Ажлын гараа, анхны санаачилга” гэсэн гарчигтай нэг ном тэрлэж, “Хүүхдийн зохиолч” хэмээн алдаршсан эртний гурилчин найз нэрт зохиолч Самбуугийн Надмиддаа хандаж, хянан тохиолдуулж өгөхийг хүссэн юм. Анд маань уг номын эх бичвэрийг нягтлан уншиж үзэж, засч залруулаад, сайхан оршил бичиж, “Тэргүүн дэвтэр” гэж бичээд хэвлүүлчихсэн.      Би түүнд хандаж, “Надад зохиолчийн билиг авъяас байхгүй.  Тэгээд ч  бичгийн чадвар тааруу, дандаа л нам, засгийн тогтоол шийдвэрийг биелүүлэх ажлын төлөвлөгөө, тайлан илтгэл, тогтоолын төсөл бичсээр байгаад “модон” хэлтэй болчихсон учир дахин ном бичих ухаан хүрэхгүй байна” гэхэд С.Надмид  “Өөрийн чинь архивт түүхэн баримтын тэмдэглэл, бичиг баримт, эд өлгийн зүйлс их байна. Энэ “үүцээ” задалж,  сайтар судалж боловсруулаад баримтдаа тулгуурлаж бичих чадвар өөрт чинь байгааг би мэдэж байна. Гагцхүү сэтгэл зориг, зүтгэл чармайлт тань мэднэ” хэмээн сургаал айлдаж, итгэл хүлээлгэсэн учир цааш нь үргэлжлүүлэн таван жилийн дотор “Он цагийн дуртгал” цувралын эхний таван номоо бичиж хэвлүүлсэнд анд маань туйлын их баярлаж билээ. Одоо “Он цагийн дуртгал” цувралын 18 ном туурвиж, 15-ыг нь хэвлүүлээд цааш  үргэлжлүүлэн бичиж байна. Эртний танилууд, нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, доктор Лодонгийн Түдэв, Ардын уран зохиолч, яруу найрагч Дөнгөтийн Цоодол нарт бараалхаж, эрдэм номын билэгдэл шар хадаг өргөн барьж, багш, шавийн барилдлага үүсгэж, дээрх цуврал номынхоо заримыг хянуулж хэвлүүлсэн.

-Та бүр мэргэжлийн түүх судлаачийн хэмжээнд  хүртэл түүхэн судалбарын номууд туурвиж байгааг эрдэмтэн мэргэд, судлаачид ихэд үнэлж байна шүү дээ?

 -Жирийн инженер миний хувьд том түүх судална гэж юухан байх вэ дээ. Өөрийн эзэмшсэн ууган мэргэжилдээ дулдуйдан сонирхлоороо “Он цагийн дуртгал” цувралынхаа есдүгээр дэвтрийг эх орныхоо газар тариалан эрхлэлт, гурил үйлдвэрлэлтийн түүхэн хөгжлийн байдалд чадлын хэрээр судалгаа хийж, эрт, дундад, өнөө үеийн олон ном уншиж, архивууд, номын сангуудаар явж баримтууд үзэж, “Монгол үр тариа, гурилын түүхийн мөрөөр бэдрэхүй” гэсэн эрдэм шинжилгээ, түүхэн судалбарын томоохон ном бичиж, 2009 онд гаргасан. Энэ номоо дагуулаад “Он цагийн дуртгал” цувралынхаа 10-11 дүгээр дэвтэр болох “Сайхан хүмүүсийн тухай” товчис-I ба II” гэсэн хоймсон номыг эх орондоо орчин үеийн  гурилын аж үйлдвэрийг хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцож, оюун ухаан, мэдлэг, мэргэжил, сэтгэл зүтгэлээ зориулсан зуу гаруй ахмад ажилтан, инженер техникчдийн намтар түүхийг бичиж 2010 онд  хэвлүүлсэн. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын өмнөх Богд хан уулын Их Тэнгэрийн амны зүүн тээх Туул гол руу түрж орсон хоёр дахь хадан хошууны умар зүгт харсан толин хаданд хүрлийн сүүл, төмрийн түрүү үед холбогдох эртний монголчуудын ахуй амьдралын сэдэвтэй хадны томоохон хэмжээний улаан өнгийн зосоор зурсан сүг зураг байдгийг манайхан мэдэх биз ээ.  Хадны энэ түүхэн зурагт хожим нь XIII, XVII зууны үед нэмж хар зосоор зурсан богтоготой малгайтай язгууртан монгол бүсгүй, цоохор толботой эргэн харж буй согоо мөн маанийн зургаан үсэг зэргийг зурсан байдаг юм. Дэлхийд алдартай түүхийн нэн ховор хадны энэ зургийг манай  эрдэмтэн судлаачдын зарим нь Богд хан уулын уламжлалт тайлга тахилгатай холбогдуулан авч үзэж тайлбарласан байдаг бол харин уг сүг зургийн  дөрвөлжлөн зурсан том, жижиг хоёр хашлага доторх зурсан дүрслэлүүд буюу археологийн хэллэгээр бол олон “толбо”-уудыг тухайн аймаг, омгийнхны мал сүргийг зурсан гэх ба  зарим нь хүн зоны төлөөлөл гэх зэргээр тайлбарладгийг мэргэжлийнхээ үүднээс судалж үзээд, “Энэ дөрвөлжин доторх “толбууд” бол бүргэд шувуун шүтээнтэй, мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан эрхэлдэг аймаг омгийнхны төлөөлөл  байх” гэсэн таамаглал дэвшүүлснийг Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, нэрт эрдэмтэн Д.Цэвээндорж доктор хүлээн зөвшөөрч баяр хүргэсэнд сэтгэл нэн өндөр байна. Тэгэхээр эртний монголчууд, Хан уулын ард, хатан Туулын хөндийд,  Алтан тэвшийн талд  мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан эрхэлдэг байжээ гэсэн дүгнэлт гарч байгаа юм.

 -Цаг ч нэлээд явлаа. Сонины зай талбай ч бага учраас ингэсгээд яриагаа өндөрлөе дөө. Мартсанаас Таныг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсанд баяр хүргээгүй салах нь?

-Төрийн Дашдаваа гэдэг хүн биш хийж бүтээснийг минь үнэлсэн гэж боддог. Өглөө эртлэн босож, борив бохисгүй хөдөлж, мал ахуйгаар амьжиргаагаа авч явдаг үйлс бол жирийн л малчдын үр сад бидний өдөр тутмын л хэвшсэн дэг дэглэм, ажил хэрэг боддог. Эцэг, эх маань бидэнд ийм л зан үйлийг уламжлуулж өгсөн. Өнөөгийн зарим хүмүүс шиг мөнгөнд шүтэж, хялбархан баяжиж, хувийн зугаа цэнгэл хөөж, санаж сэдэх, хийж бүтээх ажлынхаа хайран сайхан боломжийг алдаж, биеийн амрыг харж явдаг  тэр “Чөлөөт цаг” гэдэг чинь над мэтэд бол  огт холбогдолгүй ойлголт.  Би ойлгохдоо, чөлөөт цаг гэдэгт чинь аливаа хүмүүний байгалийн жам ёсоор биеийн алжаалаа тайлж шөнийн бор хоногт хэдэн цаг нойрсох тэр хугацааг л хэлдэг байх. Бусад цагт нь хүн ямагт сурч, ажиллаж, сэтгэж бүтээж хөдөлмөрлөх л ёстой гэж үздэг. Хэнбугай ч өөрийн сонирхолтой сургуульдаа сурч, дуртай мэргэжлээ эзэмшээд, тэр ажилдаа л хичээл зүтгэл гаргаж, амжиж бүтээж л явбал ямагт баяр цэнгэл жаргал эдэлж,  харин ядарна, зүдэрнэ гэж байхгүй гэдгийг би өөрийн туулсан ажил амьдралын туршлагаараа батална. Хүн бүхэн амьдрал, ажилдаа учрах аливаа үйл явдлыг урьдчилан харж, түүнд хэрхэн хандахаа зөв сэтгэн олж өөрийнхөө бодол  санаачилгаар ажиллах хэрэгтэй юм даа. Ер нь бол аливаа хүмүүн хэдий чинээн нэр төртэй, их бүтээлтэй, олон түмнийхээ дунд тэдэнтэйгээ цуг амьдарч байна, тэр хүний түүх төдий чинээн баялаг өргөн дэлгэр байх болно гэж боддог. Миний хувьд гэвэл, он цагийн дуртгал хөвөрсөн  насандаа жаргаж явнаа хө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top