Монголын Зохиолчдын эвлэлийн үе, үеийн дарга нар

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Монголын Зохиолчдын Эвлэл үүсгэн байгуулагдсаны 91 жилийн ой өчигдөр тохиолоо. Жил бүр уламжлал болгон ойгоо угтаж шилдэг бүтээлийн "Алтан өд" наадам, шилдэг яруу найргийн  "Болор цом" наадам, шилдэг өгүүллэгийн "Утгын чимэг" наадмыг тус тус өрнүүн дэлгэр зохион байгуулж уран бүтээлчдийнхээ шандас хүчийг сорьж, урлан бүтээхийн хүсэл тэмүүллийг бадраалаа.

Монголын Зохиолчдын Эвлэлийг 1929 оноос өнөөг хүртэл удирдаж ирсэн зохиолчид

1. М.Ядамсүрэн-1930-1933

2. С.Буяннэмэх-1934-1935

3. Т.Сэнгэдорж -1936-1937

4. Т.Дэнчингунгаа 1938-1942

5. Ц.Дамдинсүрэн -1943, 1954

6. Ш.Лувсанвандан -1947-1948

7. Ш.Нацагдорж -1948-1952

8. Л.Тойв-1953

9. Б.Жаргалсайхан-1955

10. Д.Сэнгээ – 1956-1959

11. С.Удвал -1961-1974

12. Л.Түдэв -1974-1975

13. Д.Цэдэв -1977-1990

14. Д.Маам -1990-1992

15 Б.Лхагвасүрэн -1992-1993

16 Д.Нямаа-1993-1997

17. П.Баярсайхан -1997-2001 /Д.Төрбат/

18. Ц.Энхбат-2001-2008 /Х.Чилаажав/

19. Х.Чилаажав -2009-2013 /Г.Мөнхцэцэг/

20. Ц.Буянзаяа -2012-2015

21. А.Эрдэнэ-Очир -2017 /М.Саруулдадай/

22. Д.Цэнджав /2018/

 

Монголын Зохиолчдын эвлэлийг 1929-2001 он хүртэл удирдаж ирсэн зохиолчдын товч намтрыг онцлон хүргэж байна

 

М.ЯДАМСҮРЭН

 

Уран зохиолчдын товчооны даргаар 1930-1933 онд ажиллаж байсан М.Ядамсүрэн 1904 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн малчин ард Мөрдэндэвийнд төржээ. Ядамсүрэн 1924-1928 онд КУТВ-т суралцаж төгсөв. Улмаар МХЗЭ-ийн Төв хорооны суртлын хэлтсийн эрхлэгч, Намын төв сургуулийн хичээлийн эрхлэгч, Аж ахуйн яаманд хэлтсийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнд эрхлэгч, 1931 онд Шүүх явдлын яамны зохион зааварлах хэлтсийн эрхлэгч, 1932 онд Шүүх явдлын Яамны дэд сайд бөгөөд улсын прокурор зэрэг ажил хийж байгаад 1936 оны есдүгээр сард Улсын төв театрын даргаар томилогдсон байна. 1937 онД Манжуурт улс төрийн хэргээр баригдаж 1937 онд хилс хэргээр  цаазалжээ. Тэрбээр “Залуу хос” тууж, “Ухваргүй ярилцаан”, “Анхаарч биширсэн чавганц, атгаархан хуурсан лам хоёрын үнэн байдал”-ын тухай, “Байцаагчийн ширээний өмнө” зэрэг олон арван бүтээл туурвисан билээ.

 

С.БУЯННЭМЭХ

Уран зохиолчдын товчооны даргаар 1934-1935 ажиллаж байсан утга зохиолын нэрт зүтгэлтэн С.Буяннэмэх нь 1902 онд Говь түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. 1922 онд хуралдсан анхдугаар их хурлаас Эвлэлийн Төв Хорооны даргаар сонгогдож, мөн ондоо Москвад болсон Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд оролцож, В.И.Ленинтэй уулзсан байна. 1924-1926 онд Өвөр Монголд очиж, “Дотоод Монголын ардын сэтгүүл”-ийг эрхлэн гаргаж байжээ. Дараа нь Буриадад уригдан Багшийн сургуулийн Монгол хэл бичгийн багшаар ажиллаж, “Уран үгсийн чимэг” гэдэг эмхэтгэл болон бусад хэвлэлийн ажилд оролцож байсан. Тэрээр “Алсыг зорьсон алтан загас” үлгэр, тууж, олон арван нийтлэл, өгүүллэг, шүлэг бичжээ. Мөн тэрээр “Ардын үндэсний эрх”, “Үнэн” сонинд нарийн бичгийн даргаар ажиллаж, “Монгол ардын үндэсний соёлын зам”, “Шинэ толь”, “Улаан туяа” зэрэг сэтгүүлүүдийг эрхлэн гаргалцаж тогтмол хэвлэлд нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг бичлэгийн төрөл, зүйл үүсэж, утга зохиол, урлагийн шүүмж судлалын өгүүллийг төлөвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. 1937 онд улс төрийн хилс хэрэг тулган хэлмэгдүүлсэн бөгөөд 1962 онд Улсын Дээд шүүхийн хурлын тогтоолоор цагаатгасан байна. С.Буяннэмэх нь “Утга уянга”, “Хөөрхөн тотийн үг”, “Өвлийн дундах үзэсгэлэн”, “Тэсгим хүйтэн”, “Далайн давлагаа”, “Хэнтийн уул”, “Өвлийн доторх ядуу гэр”, “Алсын зорьсон алтан загас” тууж, зэрэг 30 гаруй өгүүллэг, “Баатар хөвгүүн Тэмүүжиний жүжиг”,  “Ардыг мэхлэгч шар хуялч”, “Шөнийн буг”, “Харанхуй засаг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Гурван хорын хүлээс”, “Үнэн”, “Хуучин цагийн хуваргууд”, “Ардын долоон баатар” зэрэг олон зохиол, бүтээл туурвижээ6

 

Ц.ДАМДИНСҮРЭН

 

Монголын зохиолчдын хорооны даргаар 1943, 1954 онуудад ажиллаж байсан Монголын шинжлэх ухаан, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, төрийн гурван удаагийн соёрхолт, академич Ц.Дамдинсүрэн нь 1908 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ. 1925 онд Ардын цэрэгт бичээч, эх зохиогч, 1929 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнд судлагч, 1938 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины сургуулийг төгссөн. 1942-1959 онд Үнэн сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга, 1959-1963 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, АИХ-ын депутатаар дөрвөн удаа, АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Тэрээр монголын шинэ бичгийг зохиох ажилд идэвхийлэн оролцож орос үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрмийг зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна. Мөн XIII зууны үед зохиогдсон Монголын нууц товчоо бүтээлийг орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэн хэвлүүлснээр орчин үеийн уншигчид уг алдарт бүтээлтэй танилцах таатай боломж нээгдсэн байна. “Буурал ээж минь”, “Зугаацахаар мордсон нь…”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм”, "Солийг сольсон нь", “Чемодантай юм”,  "Хачин хурим" зэрэг олон өгүүллэг, тууж туурвисан анхны Ардын уран зохиолч билээ.

 

Ш.ЛУВСАНВАНДАН

Монголын зохиолчдын эвлэлийг 1947-1948  онд удирдаж байсан Ш.Лувсанвандан 1910 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төржээ. Хэл шинжлэлийн гарамгай онолч, дуун хөрвүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналтан, Монгол улсын гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор Ш.Лувсанвандан 1936-1943 он хүртэл Монгол улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар, 1945 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд монгол хэлний багш, монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч (1949-1957), эрдэм шинжилгээний ахлах ажилтан зэрэг ажил албыг тасралтгүй хашжээ. Түүний бүтээл туурвил нь ямагт ерөнхий хэл шинжлэлийн онолын гүн гүнзгий үндэслэлтэй, хэлний бодит баримт нотолгоо сайтай байдгаараа бусдаас онцгойрон ялгардаг билээ. Академич Ш.Лувсанвандан багш "Орчин цагийн монгол хэлний шууд ба шууд бус тийн ялгал" , "Орчин цагийн монгол хэлний урт эгшгийн гарлын тухай асуудалд", "Монгол хэлний үгсийг аймаглах тухай асуудалд тэргүүтэн хэл шинжлэлийн онолын олон арван өгүүлэл бичжээ.

 

Ш.НАЦАГДОРЖ

Монголын зохиолчдын эвлэлийг 1948-1952 онд удирдаж байсан нэрт эрдэмтэн, түүхч,  Төрийн хошой шагналт, академич Ш.Нацагдорж нь 1918 онд Нийслэл хүрээнд мэндэлжээ. 1936 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн тасагт дагалдан суралцагч оюутнаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш шинжлэх ухаан, боловсролын байгууллагад Хүрээлэнгийн түүхийн эрдэм, шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, тасгийн эрхлэгч, захирал дэд ерөнхийлөгч зэрэг ажил албыг нас эцэслэтлээ 60 гаруй жил хашжээ. Монгол Улсад түүхийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн тэрээр Манж чин улсын тухай болоод Манжийн дараах үеийн Монголын түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлох нь зүйтэй. Чин улсын үеийн халхуудын талаар 1963 онд түүний туурвисан “Халхын түүх” зохиолыг өнөө хэр дэлхийн хэмжээнд давж гарах бүтээл гараагүй гэдгийг эрдэмтэн судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Ш.Нацагдорж нь нэртэй түүхчээс гадна сайн зохиолч байв. “Чингис хааны цадиг”, “Хубилай цэцэн хаан”, “Мандухай цэцэн хатан” зэрэг түүхэн хүмүүсийн тухай өгүүлсэн бүтээлүүд нь их алдаршсан бөгөөд амьдралынхаа туршид эрдэм шинжилгээний 200 гаруй зохиол бүтээл туурвисан юм. Мөн “Болор толь” роман, “Ононгийн цалгиа”, “Ичээнд нь” зэрэг кино зохиол нь бий. Ш.Нацагдорж нь 22 настайдаа Д.Сүхбаатарын намтар зохиолыг бичээд Төрийн шагнал хүртсэн бол хожим 1988 онд “Мандухай цэцэн хатан” киногоороо Төрийн хошой шагналт түүхч болсон юм.

 

Л.ТОЙВ

Монголын Зохиолчдын хороог 1953 онд удирдаж байсан Л.Тойв нь Монгол Улсын Гадаад Явдлын Яамыг толгойлж ч явсан түүхтэй. Ардын армиас, тэгээд бүр хурандаа цолтой бэлтгэл офицер бөгөөд 1930-аад онд Багшийн сургууль төгссөн.  Зөвлөлт улсад В.И.Лениний нэрэмжит цэргийн-улс төрийн академи төгсгөж ирээд Ардын Хувьсгалт цэргийн Улс төрийн газарт хэлтсийн дарга, “Улаан од” сонины эрхлэгч, МУИС-ийг эчнээгээр дүүргээд Сайд нарын Зөвлөлийн Хэвлэл, утга зохиолыг хянах ерөнхий газрын дарга, МАХН-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, Монголын зохиолчдын хорооны дарга, 1953 оноос дипломат албанд шилжиж, Москва, Бээжинд Элчин сайдын яаманд зөвлөх, ГЯЯ-ны хэлтсийн дарга,  СССР-ийн ГЯЯ-ны Дипломатын академийн сонсогч, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1968-1970 онд жинхэнэ сайдаар ажиллажээ.  Түүүний бүтээлээс дурдвал “Нэгэн жарны бодрол”, “Хувьсгалт цэргийн 25 жил”түүхэн бичлэгийн номоо бүтээж, 1957 онд “Солонго” гэдэг жүжиг бичиж хүүхдийн тeaтрт тавьсан. Богино хэмжээний өгүүлэл, тэмдэглэл цөөнгүй бичсэн олон талын авьяас, мэдлэгтэй хүн байв.

 

Б: ЖАРГАЛСАЙХАН

Тэрээр 1915 онд Дорнод аймгийн Халхгол суманд төржээ. 1925-1929 онд хошууны бага сургууль, 1929-1930 онд Хэнтий аймгийн дунд сургууль, 1930-1933 онд Намын төв сургууль, 1937-1940 онд Москва хотын Дорно дахины дээд сургуульд тус тус суралцаж төгссөн. 1933-1937 онд Улаанбаатар хотын залуучуудын эвлэлийн хорооны зохиолын эрхлэгч, дарга, "Хувьсгалт залуучуудын эвлэл", "Залуучуудын үнэн", "Хүмүүжил жигшил" сэтгүүлийн эрхлэгч, "Үндэсний эрх" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга, 1947-1950 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1955-1956 онд Монголын зохиолчдын хорооны даргаар тус тус ажиллажээ. Б.Жаргалсайхан Монгол Улсын гадаад харилцааны салбарт 1941 оноос эхлэн 40 гаруй жил ажиллахдаа Засгийн газрын протоколын эрхлэгч, Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн дарга, Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, сайд, МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-аас БНХАУ, Чехословак, Франц, Египет, Алжир, Энэтхэг улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгч зэрэг өндөр хариуцлагатай албыг хашиж байв. “Алаг жарны бодрол”, Хувь тавилангийн эрхшээл”, “Олон жилийн хууч”, “Дээдсийн газрын онгон”, “Ганга мөрөн” зэрэг ном бүтээл туурвижээ.

 

Д.СЭНГЭЭ

Тэрээр 1916 онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Яруу найраг, жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч. 1936 онд Улаанбаатар хотноо багш нарыг бэлтгэх сургууль, 1951 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1943-1946 онуудад Монголын зохиолчдын эвлэлийн түр хорооны нарийн бичгийн дарга, 1956-1959 онд зохиолчдын хорооны даргаар ажиллаж байсан. Д.Сэнгээ БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож Төв хорооны гишүүнээр сонгогдож байв. 1932 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Түүний туурвисан бүтээлүүдийн дотор дайныг эсэргүүцсэн иргэний, эх оронч уянгын яруу найргийн дээж болсон шүлэг, уянгын дуунууд, Улсын дуурь бүжгийн театрын тайзан дээр олон жил тоглогдсон “Үнэн” дуурь зэрэг бий. 1947 онд “Аюуш” туужаараа, 1954 онд Тагтаа, “Өвгөн партизаны яриа” шүлгээрээ Чойбалсангийн шагнал авч байжээ.

 

С. УДВАЛ

Хорьдугаар зууны соён гэгээрүүлэгч, их ахайтан С.Удвал нь 1921 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. Үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч. 1943 онд Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, 1960 онд ЗХУКН дээд сургууль төгссөн. 1961- 1974 онд Монголын зохиолчдын хороон дарга, 1962-1982 онд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажиллаж байв 1937 оноос уран бүтээлээ эхэлж роман, тууж жүжиг яруу найраг олныг бичсэн. Түүний "Их хувь заяа" роман, “Ховор хvн”, "Одгэрэл" тууж,  Үер”, “Хүргэн хүү” киноны зохиол гээд олон бүтээл туурвисан. 1976 онд "Чангас зогсоо хоёр" "Булган хангайн эрдэнэ" зохиолоороо Зохиолчдын эвлэлийн шагнал, 1978 онд "Их хувь заяа" романаараа төрийн шагнал авчээ.

 

Л.ТҮДЭВ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт, доктор Л.Түдэв нь 1935 онд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1953 – 1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу. Москвад сурч ирээд МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байгаад 1974-1975 онд  даргаар сонгогдон ажиллав. Л.Түдэв 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан түүхтэй.  “Хорвоотой танилцсан түүх”, “Осолтой жим”, “Мөнхийн ус” тууж, “Уулын үер”, “Нүүдэл суудал”, “Оройгүй сүм” роман, “Алтан гадас чигийг заана” баримтат тууж, “Эргүүлэг” зохиолын цомирлог, “Говь хянганд тулалдсан нь” зэрэг олон арван бүтээл туурвисан билээ.

 

Д.ЦЭДЭВ

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1940 онд төрсөн яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, судлаач Д.Цэдэв нь 1963 онд МУИС төгсөж, шинжлэх ухааны болон намын байгууллагад ажиллаж байв. 1977-1990 онд МЗЭ-ийн хорооны даргаар ажиллаж байсан. "Монголын яруу найргийн уламжлал шинэчлэл", "Зохиолчийн урлах эрдэм", "Монголын нууц товчооны бэлгэдэл зүй" зэрэг судалгаааны ном бичиж, хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1956 оноос уран зохиол бичиж, яруу найраг, үргэлжилсэн үгийн олон ном хэвлүүлжээ. 1998 онд Ц.Дамдинсүрэнгийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2007 онд С.Буяннэмэхийн шагнал авчээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв нь шүлэг найргийн дөрвөн ном, 200 гаруй тууж, өгүүллэг, кино, 100 гаруй дууны үг, дээр нь судалгааны бүтээл олон арван боть туурвисан. 

 

Д.МААМ

Соёлын гавьяат зүтгэлтэн Д. Маам нь 1935 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Бүдүүн овооны Завсрын бууц хэмээх газар төрсөн. Д.Маам 1957-1958 онд Сүхбаатар аймгийн арван жилийн сургуульд Орос хэл, Уран зохиолын багшаар ажилласан бөгөөд 1959-1962 онд Ардыг Гэгээрлийн яамны хүүхдийн утга зохиолын газрын редактораар ажиллажээ. 1962-1968 онд Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургуулийг “Олон улсын түүхч” мэргэжлээр төгссөн. Мөн тэрээр Гадаад явдлын яаманд референт, Каир дахь Монголын элчин сайдын яамны орчуулагч, атташе зэрэг алба хашиж байгаад шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дэд захирлын алба хашжээ. 1990 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн нарийн бичгийн дарга, 1990-1992 онд даргаар ажиллаж байлаа. “Сүүлчийн захидал” найраглал,  “Тэмээний дууль”,  “Газар шороо” роман, “Гишгэх газаргүй хөл” памфлет роман, “Цөвүүн цагийн Богд” кино, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино зохиол тус тус туурвижээ.

 

Б.ЛХАГВАСҮРЭН

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн.  1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан. 1992-1993 онд Монголын зохиолчдын эвлэлийг удирдаж байв. Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч, Монголын радиогын хөгжмийн редакцид редактор,1990-1992 онд МЗЭ-ийн хорооны дарга, 1992-1996 онд Монгол улсын Их хурлын гишүүн, 1996 оноос Монголын хүүхэлдэйн театрын дарга, МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар ажиллаж байв. Нэрт яруу найрагч, зохиолч Бавуугийн Лхагвасүрэн нь 1970-аад оны эхээс уран бүтээлээ эхэлж “Цагаан тэнхлэг”, “Хос уянга”, “Ангир уураг”, “Гашуун өвс”, “Зовсон сүү” гурван боть, “Хүнд манан” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж, “Цагаан тэнхлэг”, “Хос уянга” яруу найргийн номоороо Төрийн шагнал хүртсэн юм. “Араатан”, “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс” , “Нар хиртсэн жил” зэрэг олон арван кино, “Үгүйлэгдсэн хайр”, “Тамгагүй төр”, “Атга нөж”, “Сарны цагаан цус”, “Гэгээн тамлан” “Хүйтэн сэнтий” зэрэг 30 гаруй жүжиг, “Цүнх давс”, “Эртний домог”, “Үлгэрийн зүүд” зэрэг 20-иод хүүхэлдэйн жүжиг, “Бөртэ чоно”, “Нарны домог”, “Ламбугайн нулимс” тэргүүт бүжгэн жүжиг болон 100 хол давсан дууны шүлэг, “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам”, “Боржигоны бор тал" зэрэг олон яруу найргийн бүтээл туурвисан. Монголын уран зохиолын хөгжлийг шинэ шатанд гаргасан шинэчлэгч туурвигч юм. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцсан гавьяатай.

 

Д.НЯМАА

Д.Нямаа 1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн, Үүдэн бууцанд мэндэлжээ. Тэрээр Хүн эмнэлгийн техникум болон Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн хүний бага эмч, зохиолч, яруу найрагч хүн юм. Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцын ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан байв. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн хороог 1993-1997 онд удирдаж байжээ. “Галуун цуваа”, “Шинэ тэнгэр”, “Их газрын чулуу”,”Тэмээний нутаг”, “Гитар барьсан залуус”, ”Шөнийн талд адуу янцгаана”, “Долоон бурхан” шүлгийн түүврүүд, “Урьхан цэнхэр зэрэглээ” Тэнгэрийн хаяа” “Атлантын түрлэг” зэрэг дурсамж тэмдэглэлийн олон ном хэвлүүлж, уншигч олныхоо хүртээл болгосон билээ. Д.Нямааг олон арван шилдэг бүтээл туурвиж, утга зохиол сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1993 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээсэн юм.

 

П.БАЯРСАЙХАН

1959 онД Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн. 1982 онд МУИС төгссөн. "Хөх туурийн тал", "Аав өвөл ирнэ", "Анир гүм нутаг", "Гэрэл гэгээг хүснэ", "Хотын онгон", "Гүн ертөнц" өгүүллэг, тууж, романы зургаан бүтээлээ хэвлүүлсэн. 1997-2001 онд МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

П.Баярсайхан 1980 -аад оны монголын хүүрнэл зохиол дахь онцгой содон төлөөлөгч бөгөөд  түүний “Тавиул”, "Сармагчин бол сармагчин", “ Хоёр зуун дөчин хоёр” “Зуун жил”, ”Хөх туурийн тал”, Хөгшид”, “Миний ач хүү”, “Захиа” зэрэг өгүүллэгүүд, ”Нохойн хэвтэр” тууж утга зохиолын хорхойтнуудын дунд ихээхэн алдартай, эрхэм нандин өвд тооцогддог билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.30) 2024 оны 11 сарын 20

Ш.Лувсанвандангийн оронд С.Лувсанванвангийн зураг намтар оруулснаа засаач дээ

1  |  0
Top