З.Баянсэлэнгэ: Эмэгтэй хүн 50 гаруй хоног хоригдоно гэдэг хүнд шүү дээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй ярилцлаа. Тэрбээр 2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-д шалгагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.


-Та хуулийн байгууллагаар шалгагдаад удаан хугацаа өнгөрлөө. Тухайн үед яг ямар асуудал болоод таныг албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутгах болов?

-Төрөөс иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах ажлыг аль 2002 оноос ярьж байсан юм билээ. Энэ асуудал удаа дараагийн УИХ, Засгийн газар дээр яригдаж явсаар байгаад 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед нэлээд эрчимтэй хэлэлцэж, миний өмнөх Барилга, хот байгуулалтын сайд энэ асуудлыг хөөцөлдөөд явж байсан байдаг. Би 2015 оны аравдугаар сард Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон даруйдаа нэлээн хэдэн ажил эхлүүлсэн. Түүний нэг нь Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал байсан. Засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг гарч ажилласан. Үе үеийн Засгийн газрын тулгамдсан асуудал нь агаарын бохирдлыг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал байдаг. Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх ажил нь АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан.

Хот, хөдөөгийн нийлсэн 1500 айлыг түрээсийн орон сууцад оруулах ажлыг идэвхтэй зохион байгуулсан. Хөдөө орон нутагт орон сууцны түрээс нэг метр квадрат нь 4000, хотод 5500 байхаар тусгаж, 30-40 метр квадрат орон сууцад айл өрхүүдийг хамруулж оруулсан. Хотод гэхэд төрийн захиалгаар бариулсан “Буянт ухаа 1”, “Буянт ухаа 2” хорооллуудад иргэдийг түрээсээр оруулсан. Хамгийн сүүлд Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоолыг хэлэлцсэн. Тэр тогтоолын төслийг боловсруулах Ажлын хэсэг гараад би ахалж ажилласан. Сүхбаатар дүүргийн Хангай хотхонд “Бэрэн” группийн барьсан барилгаас 223 айлын орон сууцыг Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд төвлөрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор намайг шалгаж байна.

-“Бэрэн” группээс заавал яагаад орон сууц худалдан авах болсон юм бэ. Сонгон шал­гаруулалт зарлаагүй гэсэн үү?

-Сонгон шалгаруулалт зарлаагүй. Гэхдээ компаниудад үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэж байсан. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр болсон бизнес эрхлэгч, барилгын салбарынхны уулзалт дээр болон хэвлэл мэдээллээр дамжуулан орон сууцны үнийн саналаа ирүүлэх талаар мэдэгдэж байв. Гэвч манай хэлтэс, албад дээр “Бэрэн” группээс өөр компани орон сууцны үнийн саналаа ирүү­лээгүй. Нөгөөтэйгүүр “Бэрэн” групп нь Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй тусламжаар 720 айлын 14 блок орон сууцыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж байсан. Энэ ажил нь Засгийн газар, Барилга хот байгуулалтын яамны хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөр учраас “Бэрэн” группийн барилгыг түрээ­сийн орон сууцад хамруулсан. Энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн намайг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж, батлуулсан сайдын хувьд албан тушаалаа урвуу­лан ашигласан зүйл ангиар эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Надад хэрэг үүсгээд дөрөв дэх жил рүүгээ орж байна. Анх гэрчээр байцаагдсан ч дараа нь Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор намайг дангаар нь яллагдагчаар татсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэл оногдуулсан ч Дээд шүүхээс хохирол тогтоогдохгүй байна, хохирлыг тогтоох боломжгүй, нэмэлт ажиллагаа явуулах ёстой гэж мөрдөн байцаалтад буцаасан. Одоо эргээд шүүх дээр хэрэг шилжсэн. Тэгэхээр онцолж хэлэхэд, 2012 оноос хойших миний данс, тооцоог бүрэн шалгасан. Нэг ч төгрөгийн авлига авсан асуудал байхгүй.

-“Бэрэн” группийн барьсан Хангай хотхоноос 223 айлын орон сууцыг худалдан авахдаа яагаад тендер зарлаагүй юм бэ. Шууд худалдан авсан нь хууль зөрчсөн юм биш үү?

-Засгийн газар зарим худалдан авах ажлаа шууд худалдан авалтаар хийдэг. Өөрөөр хэлбэл тендер зарлагдахаар төлөвлөгдөөгүй байсан. Үе, үеийн Засгийн газар шууд худалдан авах тохиолдол байдаг. Энэ нь ганцхан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед хийгдсэн ажил биш. Өмнө нь ч ингэж шууд худалдан авалт байсан, одоо ч бий. Хамгийн сүүлд гэхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хүртэл шууд худалдан авалт хийсэн тохиолдол бий. Хурд компанийн барьсан сургуулийг Засгийн газар шууд худалдан авч байсан шүү дээ. Түүнтэй адилхан зүйл болсон.

Дээрх 223 айлын орон сууцыг худалдан авах шийдвэр нь Засгийн газрын хамтын шийдвэр байсан. Засгийн газрын тогтоол дээр “Бэрэн” группээс 223 айлын орон сууцыг 14 тэрбум 990 гаруй сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуул гэж Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болгосон тогтоол гарсан. Хэрвээ Засгийн газрын тогтоол хууль зөрчлөө гэж үзэх юм бол УИХ хүчингүй болгох бүрэн эрхтэй. Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэвэл хариуцах субъект нь Засгийн газар. Тэгэхээр тогтоолыг баталсан Засгийн газрын бүх гишүүдийг хариуцагчаар татах ёстой болж байгаа юм. Яагаад гэхээр Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Гэтэл төслийг оруулж танилцуулсан салбар хариуцсан сайд гэдгээр нь буруутгаж болохгүй. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл байхгүй гэж боддог.

-Таныг улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан гэж хуулийн байгууллага буруутгасан. Энэ хаанаас гарч ирсэн тоо юм бэ?

-“Бэрэн” группээс 223 айлын орон сууцыг 14 тэрбум 990 гаруй сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулахыг Барилга хот байгуулалтын сайдад, дээрх 14 тэрбум 990 гаруй сая төгрөгийг Хаан банкны векселиэр баталгаажуулах үүргийг Сангийн сайдад Засгийн газрын хуралдаанаар үүрэг болгосон. Тэгэхээр зэрэг Барилга, хот байгуулалтын яам нь үнийн саналд оролцоогүй. Манай яам худалдан авах ажиллагаа болон түрээсийн орон сууцад хүмүүсээ хамруулах үүрэгтэй ажилласан. Сангийн яам вексель гаргах, хөрөнгө мөнгөний асуудлыг хариуцан зохион байгуулсан. 2016 оны УИХ, Засгийн газар векселийг улсын төсөвт тусгаж, шийдвэрлэсэн. Мөнгө төлөлт нь 2016 оны шинэ УИХ байгуулагдсаны дараа хийгдсэн. Энэ 972 сая төгрөгийн хохирол хаанаас гараад ирэв гэхээр намайг худалдан авсан орон сууцны метр квадратын үнэнээс мөнгө унагасан, нэг метр квадратаас 500 мянган төгрөг завшсан гэж хардах хүмүүс байгаа. АТГ-аас 223 айлын орон сууцыг үнэлгээний компаниар үнэлүүлээд гарсан зөрүүг нь улсад учруулсан хохирол гэж үзсэн. Гэтэл энэ үнэлгээ нь олон улсын стандартыг мөрдөөгүй. 2016 оны орон сууцыг хоёр жилийн дараа үнэлэхдээ тухайн үеийн ханш, инфляцын түвшин, долларын өсөлтийг зөв бодож байж, бодитой үнэлгээ гарах ёстой. Гэтэл энэ үнийг бодитой гаргаж чадаагүй. Мэргэжлийн бус үнэлгээчид үнэлсэн. Зохион байгуулалттайгаар үнийн зөрүү гаргаж ирж, хэн нэгнийг буруутгах боломжийг АТГ-т олгож байна. Уг нь Засгийн газар тухайн үеийн зах зээлийн дундаж ханш, өртөг, ашигтай талбайг судалж үзээд Хангай хотхоны орон сууцнаас зах зээлийн үнээр худалдаж авч, иргэдээ оруулсан.

-Хангай хотхоны орон сууцыг нэг метр квадратыг нь Засгийн газар ямар үнээр худалдаж авсан юм бэ?

-Нэг метр квадратыг нь 1.880.000 төгрөгөөр тооцож, худалдан авсан. “Бэрэн” группийг ирүүлсэн үнийн санал, Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд оролцож үнийн саналыг гаргасан. Сангийн яамны үнийн саналыг үндэслэж, тогтоол боловсруулж Засгийн газарт танилцуулсан.

-Танд холбогдох хэргийг Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нарын хэрэгтэй хамтад нь шалгасан. Гэтэл Д.Баярсайхан нарын хэргийг оны өмнөхөн шүүхээр шийдвэрлэлээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид зээлээр олгож, энэ мөнгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан гэх хэрэгтэй миний хэргийг нэгтгэн шалгасан. Ингээд нийт 11 хүн болсон. Гэтэл би Төрийн банкны захирлуудын хэрэгтэй ямар ч холбоогүй. Харин надтай хамт шалгагдаж байгаа манай яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч байсан эмэгтэй нь хувийн компанидаа зээл авсан хэрэгт холбогдсон учраас нэгтгэсэн.

-Та өмгөөлөгчөөсөө татгалзсан. Үүнтэй холбоо­тойгоор цагдан хоригдчихлоо гэж ойлгогдсон. Яагаад өмгөөлөгчөөсөө татгалзах болсон юм бэ?

-Төрийн банкны захирлуудын хэрэг нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан гэх хэрэг байсан учраас миний хэрэг нууцын зэрэглэлд хамаарчихаж байгаа юм. Тэгэхээр төрийн нууцтай холбоотой хэрэгтэй хамт миний түрээсийн орон сууцтай холбоотой хэрэг нэгтгэгдсэн учраас миний эрх зүйн байдал доройтсон. Хоёрдугаарт миний хэрэг тэр Төрийн банкны хэрэгтэй хавчуулагдаад үнэн зөв шийдэгдэх бололцоогүй болж байгаа байхгүй юу. Тэгээд шүүх хурал болоход миний эрхийг зөрчсөн, хуралд гэрчийг оруулалгүй шийдвэрлэх гэж оролдсон. Тийм учраас миний өмгөөлөгч шүүхийн процессын алдааг гаргаж тавьсан. Өмгөөлөгч маань асуудлаа тавьж маргалдсан. Гэвч асуудал сайнаар шийдэгдээгүй учраас миний өмгөөлөгч “Би үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрхийг хамгаалж чадахгүй юм байна” гээд намайг өөрөө асуудлаа шийд гэсэн. Нэгэнт асуудал хүндрээд өмгөөлөгч миний эрх ашгийг хангаж чадахгүй байдалд орсон. Ингээд өмгөөлөгчөөсөө татгалзахаас өөр аргагүй болсон. Уг нь би гурван жил ганц л өмгөөлөгчтэй явж ирсэн. Тэр өмгөөлөгчөөсөө татгалзах шаардлага надад ерөөсөө байхгүй байсан ч өөр арга байгаагүй. Тэгэхэд намайг өмгөөлөгчөөсөө татгалзлаа гэж цагдан хорьсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зааснаар өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг минь маш ноцтой зөрчсөн. Өмгөөлөгчөөсөө татгалзаад өөр өмгөөлөгч авъя гэж хүсэлт гаргасны төлөө “Шүүх хуралдаанд саад учрууллаа” гэж үзээд цагдан хорьсон. Нийт 50 гаруй хоног саатуулагдаад гарч ирлээ. Гэхдээ Төрийн банкны захирлуудын хэргийг тусгаарлаад оны өмнө Д.Баярсайхан нарт шүүхээс ял шийтгэл оноосон. Одоо зөвхөн надтай хамт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан эмэгтэй, манай яамны Үл хөдлөх хөрөнгө, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан хоёр хүнийг надтай хамт шалгаж байгаа.

-Ерөнхий сайд асан Ч.Сайхан­билэгээс мэдүүлэг авсан уу?

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон зарим Засгийн газрын сайдуудаас АТГ тайлбар, гэрчийн мэдүүлэг авсан.

Ч.Сайханбилэг сайдыг гэрчээр татаж, үүрэгт ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгасан ч энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хөнгөн хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ бол хоёр жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Ер нь Ч.Сайханбилэгийг хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж буруутгах бус Засгийн газрын хамтын шийдвэр гэдгийг ойлгох ёстой.

Засгийн газрын энэ тогтоол батлагдсанаар хэн нэг нь буруудах, улс ч хохироогүй шүү дээ. Гэхдээ Монгол Улсын иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим алдагдсан. Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэгийг хариуцсан ажилдаа хайнга хандсан гээд сулласан байтал, салбар хариуцсан сайд байсан намайг албан тушаалаа урвуулан ашигласан гэж яллаж, анхнаасаа ялгавартай байдлаар асуудлыг шалгаж эхэлсэн. Үүнд хэргийн гол учир байна.

-Та багагүй хугацаанд хоригдсон. Хорих ангийн нөхцөл байдал хэр байна?

-Би байнгын хорооны дарга байхдаа тус хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж байсан. Гаднаас нь танилцах нэг өөр, өөрөө дотор нь ороод хоригдох мэдээж өөр. Эмэгтэй хүний хувьд жижигхэн квадрат метр өрөөнд 50 гаруй хоног хоригдоно гэдэг нь хүнд шүү дээ. Улсын мөнгө завшаад, ард иргэдийнхээ мөнгөнөөс хулгай хийгээд хэрэг үйлдээд орсон бол өөр байх. Ажлаа хийж яваад орсон хүний хувьд бухимддаг юм билээ. Өвчин тусчихгүй, эрүүл мэндээрээ хохирохгүй байж байгаад гарах юм сан гэсэн зорилготой байсан. Хэдийгээр 461 дүгээр хорих төв шинэ байранд орсон ч гэсэн зарим газраа дээвэр нь муудсан, цэвдэг үүссэн, цуурсан байна.

-Сонгуулийн тухай хуулийг сая баталлаа. Та парламентад сууж хууль баталж байсан хүний нүдээр харахад Сонгуулийн тухай хууль сайжирч чадсан уу?

-Одоогийн эрх баригчид ард түмэнд таалагдах гэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэж хууль үйлдвэрлэж байна гэж ажиглагдаж байна. Жишээлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал ард түмэн юу хүлээж байв. “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг засах нь гэж ард түмэн харж байсан. Гэтэл ард түмэнд таалагдах гэж хийж байгаа зүйл нь эсрэгээрээ өөрсдийн эрх ашгийг хамгаалсан зүйл болж хувирсан байна. Давхар дээлгүй Засгийн газар байгуулна гэж эсэргүүцэж байсан нам Засгийн газрын гишүүдийн дөрөв нь давхар дээлтэй байхаар баталлаа. Сандал суудал, албан тушаал бодсон хууль баталж байна. Сонгуулийн хууль ч энэ жишгээр боллоо. Сонгуулийн үйл ажиллагаанд улс төрийн намуудын төлөөллийн хяналтыг бий болгох асуудлыг улс төрийн намууд тавьж ирсэн. Энэ асуудал хангагдсангүй. Тойргийн асуудал яригдаж байна. Сонгуулийн хуульдаа газар нутгийн хэмжээнээс хамаарч мандатын тоог оруулахаар баталсан. Гэтэл газар нутаг хэчнээн том байлаа ч тухайн газар нутагт хүн ам цөөн байвал яах уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Газар нутаг нь том ч хүн ам цөөтэй, нэг мандаттай явж ирсэн аймагт хотын мандатыг цөөлөөд аймгууд руу шилжүүлж байна. Ингэж болохгүй. 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БОЛЬЖ(66.181.161.100) 2020 оны 01 сарын 14

ҮХТЭЛ НЬ ХОРЬ.ѲѲР ЮМГҮЙ.

0  |  0
evii evii(14.146.95.175) 2020 оны 01 сарын 14

hal uzej haluun chuluu dolooj baigaa yum biz de evii muu egch min kkk, hogshirchihood ”tornii tsaadah busguin zaya”, esvel ”emegteichuul shorond ami zuuh garyin avlaga” geh metiin nertei nom bichij surtalchilj tenegtev de ania min, busad ni ch yahav.

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 01 сарын 14

хулгай хийсэн бол шорондоо суух чин зөв тэр бумаар нь хулгайлсан чин үнэн биздээ

0  |  0
Зочин(202.126.89.124) 2020 оны 01 сарын 13

Нээрэн эмэгтэй болж ирээд хүн билүү? Энхбаяр гэхээр л түүний бѳѳрѳнд нь наалдсан сүүдэр шиг л санасаар бүр тогтчихож. Гүй тэгээд эмэгтэй гэлтгүй богино хугацаанд хангалттай бужигнуулж амжжээ.

0  |  0
Зочин(122.20.151.249) 2020 оны 01 сарын 13

Эрэгтэй хүн шоронд суух нь хэцүү биш бхйдгиймоо

0  |  0
Zochin(66.181.187.125) 2020 оны 01 сарын 13

Luivar hiisen bol horigdoh ni zvi yosnii hereg

0  |  0
Зочин(103.26.195.248) 2020 оны 01 сарын 13

Энэ ёстой муухай заваан авгай шүү. Бас л нэг хужаагийн эрлийз, хурлийзуудын нэг.

0  |  0
Зочин (178.72.69.34) 2020 оны 01 сарын 13

Энхбаярыг үнэнч дагаснаар сайд болж үзлээ хөөрхий.иймэрхүү нөхдүүд тэр том салбарын сайд хийж байхаар яаж өөдлөх вэ

0  |  0
Shuub(202.126.88.132) 2020 оны 01 сарын 14

Tsagdaad ajillaj baihdaa naiziinhaa duugiin uildsen hun aminii hetgiin hawtast heregt bga hurasgdsan notloh barimt bolon hawtast hergiudiig naiziinhaa duugiin toloo ustgaad tegeed barigdaad hoogdson shuu dee.tegeed daraa ni enhbayraas mongo awch jagsaal tsuglaan zohion baiguulj yawdag ajiltai bolson hun dee

1  |  0
зочин(103.9.90.98) 2020 оны 01 сарын 13

ямар хамаа байна ааа, битгий атаархаад бай та нар\n

0  |  0
зочин(202.131.251.250) 2020 оны 01 сарын 13

Энэ авгай цагдаад байхдаа хахуул авсан хэргээр хөөгдөж байсан үл бүтэх этгээд

1  |  0
зочин(202.9.46.255) 2020 оны 01 сарын 13

ӨМХИЙ ХУЖАА АВГАЙ

1  |  0
zochin(202.9.46.255) 2020 оны 01 сарын 14

хулгайч авгай минь 50 хоног битгий хэл 5 жил дор хаяад сууна чи.угаасаа шоронгийнх

2  |  0
Нарангэрэл(202.131.231.86) 2020 оны 01 сарын 13

эрхээ зөрчиж хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа бол үүргээ биелүүлж үнэнээ хэлэх хэрэгтэй

0  |  0
Золоо.(202.126.89.9) 2020 оны 01 сарын 14

Та ганцаараа эмэгтэй юм уу. Хэрэг хийж улсын мөнгө идсэн бол бусдын адил ялаа үүрэх нь зүйн хэрэг.

2  |  0
зочин (202.131.243.186) 2020 оны 03 сарын 02

уих д гараал авгай гуай та баяжсан нь үнэн шдээ гэр хороололд бсан хүн гэнэт л тэрбумын байр саванд орсон чин ард түмний нүдэн дээр л байгаашдээ луйвар муйвар хийсэн бол хориогдох нь зөвөө гэм буруутай бол шоронд ч явах ёстой

3  |  0
Top