ОХИДОО ХАЙРЛАЯ: Тэдний хамгийн сайн найз бол ЭЭЖ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Охидын хамгийн сайн найз, зөвлөгч бол ээжүүд байдаг. Харин ээжүүд тэр бүр охиддоо цаг гаргаж, илэн далангүй ярилцаж чаддаггүйгээс болж өөрт тулгамдаж буй асуудлаа хэн нэгэнд ярих, үүнээсээ болж сэтгэл санаа, бие махбодын эрсдэлд өртөх магадлал их байдаг байна. Тийм учраас төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Ээж охидын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өсвөр насны охидод бие физиологийн маш олон өөрчлөлтүүд явагдаж байдаг. Эрүүл мэнд, Хүн байгаль зэрэг хичээлийн программ дээр биеийн онцлог, бодисын солилцооны талаар дэлгэрэнгүй үздэг ч түүнээс яг амьдрал ахуйд хэрэгтэй хангалттай мэдээлэл авч чаддаггүй. Охидын дунд явуулсан судалгаагаар охид эмэгтэйчүүд, түүнтэй холбоотой асуудлуудаар нээлттэй ярьдаггүй гэсэн үр дүн гарчээ. Тиймээс өдөрлөгийн хүрээнд өсвөр насны охидын бэлгийн боловсрол, үерхэл нөхөрлөл арьс арчилгаа, гоо сайхны талаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид зөвлөгөө өгсөн юм. Мөн  ээжүүдэд зориулан  эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан, эрүүл зөв амьдралын хэв маяг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

 

“Ла сантэ” эмнэлгийн эмнэлгийн захирал З.Болормаа “Энэхүү өдөрлөгөөр дамжуулж, ээж охидыг найзын хэмжээнд өөрсдийнхөө асуудлыг ярьдаг, охид ээждээ бие болон сэтгэлзүйн өөрчлөлтөө хуваалцдаг байгаасай гэсэн үүднээс зохион байгуулж байна. Өсвөр насны охид нөхөн үржихүйн боловсрол муугаас болж, жирэмслэх, үр хөндүүлэх, хүсээгүй харилцаанд өртөх зэрэг асуудлыг найзаасаа, сошиал орчноос зөвлөгөө авах нь элбэг байдаг. Ээж гэдэг хамгийн сайн найзыгаа түлхээд байдаг. Энэ мэт асуудлуудын талаар мэргэжлийн байгууллагууд хамтран зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Хамгийн гол нь охид ээждээ бие болон сэтгэлзүйд орж буй өөрчлөлтөө айхгүй хэлэх, ээжүүд харин охиныхоо хэлсэн асуудлыг мэдлэг мэдээлэлтэйгээр ярилцан даван туулах, шийдвэрлэх, мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжийг нээж өгч байна.

Манай “Ла сантэ” эмнэлэг 2016 онд байгуулагдсанаасаа хойш нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ээжүүдээр дамжуулан өсвөр насны охид, гэр бүлийн гишүүн бүрд зориулсан нөхөн үржихүйн боловсролын талаар сургалт, мэдээ, мэдээллүүдийг өгсөөр ирсэн. 2019 онд үйл ажиллагаа өргөжүүлэн охидын кабинеттай болсон” гэсэн юм.

“ААВ, ХӨВГҮҮДИЙН ӨДӨРЛӨГ”, “ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ” БОЛНО

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Халиун “Ээж охидын өдөр” нийгэмд маш их хэрэгцээтэй байсан нь харагдаж байна. Лекцийн дараа ээжүүд, охид ганцаарчилж уулзаж байгаа нь тэдэнд тулгамдсан олон асуудал байгааг харуулж байна. Өсвөр үеийн хүүхдүүд нүүр тулж ярилцах, сэтгэл зүрхээ хуваалцах тал дээр дутмаг байдаг. Гэр бүлийнхэн болон нийгмийн ажилтан, багшдаа өөрийн үзэл бодлоо хэлж чадахгүй, дотогшоо буюу нууцлаг болсон гэдгийг судалгаагаар тогтоосон. Энэ уулзалтаар олон  төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна. Жишээлбэл, “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдэл”-ээс ээж охидод зориулан үдийн цай бэлдсэн.  “Ла Сантэ” эмнэлгийн зүгээс охидод нөхөн үржихүйн боловсролын талаар мэдээлэл өгч байна. Охид ээжтэйгээ яаж илэн далангүй ярилцах вэ, ээжүүд охиддоо биеийн чинь аль хэсэгт хэн хүрч болохыг заах гэх мэтчилэн зөвлөгөө өгч байна. Цаашдаа “Аав, хөвгүүдийн өдөрлөг”, “Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

 

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРЭГЖИЖ БАЙНА

 

Хамтран зохион байгуулагчаар Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний сэтгэл зүйчид  оролцож байгаа ба тэдний зүгээс охидод зориулсан ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байсан юм. Энэ талаар “Хөөрхөн зүрх” ТББ-ын хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Даваасүрэн “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Гэр бүл хүүхэд залуучуудын санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 23 мянга гаруй хүүхдүүдэд, 3000 мянга гаруй эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгсөн. Бид хүн бүрд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай мэдээ, мэдээллийг өгөх зорилготой. Энэхүү зорилгынхоо хүрээнд “Ээж, охидын өдөрлөгөөр дамжуулан ээжүүдэд, охидод зөвлөгөө мэдээ, мэдээлэл өглөө. Жишээ нь, охидод цахим орчны аюулгүй хэрэглээний тухай зөвлөгөө өгч байгаа бол ээжүүдэд охидтойгоо хэрхэн ярилцах талаар зөвлөж байна” гэв.

 

Наймдугаар ангийн сурагч Г. Мөнхцацрал “Өнөөдрийн өдөрлөгөөр мэдэхгүй зүйлээ мэдэж авлаа. Жишээ нь, би фейсбүүк дээрээ найзын хүсэлт ирвэл шууд авчихдаг байсан. Харин өнөөдрийн өдөрлөгөөр дамжуулан энэ нь маш эрсдэлтэй юм байна гэдгийг ойлгосон. Мөн ээжтэйгээ дотно байж, өөрийн нууцаа хэн нэгэнд биш ээждээ л хэлэх нь зөв юм байна гэдгийг ойлголоо.

 

Ээж Г.Ганзаяа “Өдөрлөг маш их таалагдлаа. Би таван охинтой. Тэднийг жоохон хүүхэд гэж хардгаас биш, бие болон сэтгэл санаанд нь маш олон өөрчлөлт ордгийг мэдээгүй явсан байна. Өөрийгөө охидтойгоо дотно биш байдаг гэсэн дүгнэлтэд хүрлээ. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан маш их мэдээ, мэдээлэлтэй болж, олон зүйлийг ойлгож авлаа” гэлээ.

Энэхүү өдөрлөгийг эмэгтэйчүүдийн  дотоод гоо сайхны “Ла Сантэ” эмнэлэг , “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдэл”, “Алдарт эх” групп хамтран зохион байгуулсан бөгөөд дэмжигч байгууллагаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн   газар,  “Хүүхдийн урлан бүтээх төв” , “Майлд косметикc” сүлжээ дэлгүүр ажиллажээ. Энэ удаагийн өдөрлөгт 100 гаруй ээж, 150 гаруй хүүхэд оролцон хамтдаа цагийг өнгөрүүлж, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авч, хамтдаа халуун цай кофе ууж, зургаа хамт авхуулж, охиндоо нэгэн сайхан дурсамжийг бүтээлцсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top