Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн 69 жилийн ойн өдөр өнөөдөр /2020.01.16/ тохиож байна.
Түүхэн өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭ
Өнөөдөр Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн төв байгууллага, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үүсэж хөгжсөний 69 жилийн түүхт ойн өдөр тохиож байна. Монголын ард түмэндээ мэдээ, мэдээллийг түгээх үйлсэд хүчин зүтгэж, сэтгүүл зүйн салбарын хөгжлийн төлөө халуун залуу насаа зориулсан ахмад сэтгүүлчид, идэвхтэн бичигчид, энэ салбарт ажиллаж байгаа үзэг нэгт сэтгүүлч нөхөд, багш, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлзүйн ангийн оюутнууд болон үзэгч, сонсогч, уншигч түмэндээ МСНЭ-ийн 69 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. 107 жилийн түүхтэй үндэсний сэтгүүлзүйн салбарт МСНЭ үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн төв байгууллагынхаа үүргийг нэр төртэйгээр биелүүлж, хүний эрх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, сэтгүүлчдээ сургах, мэргэшүүлэх, чадавхижуулах, сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг сайжруулах, редакциудын хараат бус байдлыг бэхжүүлэх, гадаад харилцаагаа хөгжүүлэх чиглэлд анхаарч, тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд сэтгүүлчдэд зориулсан сургалт, уулзалт зөвлөгөөнийг шат дараатайгаар зохион байгуулж, “Сэтгүүлч” ордон бүтээн байгуулах ажлыг эхлүүлж, “Медиа Тур-2019” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, гадаадын 30 гаруй улсын сэтгүүлчдийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг шинээр байгуулж, салбарын хууль эрхзүйн шинэчлэлд бодитой ахиц гарган ажиллаж байна. Бидэнд ололт амжилт, хийж бүтээсэн зүйл их бий. Гэхдээ хийж бүтээх, засаж залруулах ажил үүнээс ч их байна. Сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хуурамч мэдээллээс иргэдээ хамгаалах, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх хариуцлагатай цаг үе тулгараад байна. Тиймээс МСНЭ-ээс 2020 оныг Ёс зүй, хариуцлагын жил болгон зарласан билээ. Сэтгүүлч бүр бичиж байгаа мэдээ, мэдээллээ дахин нягталж, өөрийн ажил мэргэжилдээ хариуцлагатай хандахын зэрэгцээ сэтгүүл зүйн салбарынхаа хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлийн төлөө сэтгэл гарган тэмцдэг, үгээ, үйл хэргээ зориулдаг байгаасай хэмээн хүсэж байна. МСНЭ-ийн түүхэн замнал, үнэт зүйл, итгэл үнэмшил, эрхэм зорилгыг буй болгосон 69 жилийн түүхэн өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр, хүчин зүтгэлээ зориулж буй нийт сэтгүүлч, редакц, уран бүтээлч, хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсдадаа дахин баярын мэнд хүргэж, амжилт хүсье. Хараат бус хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө хамтдаа тэмцэцгээе!
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР
Сэтгэгдэл ( 0 )