Иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг сонгуулийн маргааш нээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс сонгууль болсны дараах өдрийн 00:00 цаг хүртэл Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох билээ. 

Өөрөөр хэлбэл, аймаг нийслэл, сум хороодын хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд бүртгэхгүй. Харин сонгуулийн саналт хураалтын маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн явагдах юм байна.

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч н.Хэрлэнгээс тодрууллаа.  

Тэрбээр “Монгол Улсын их хурлаас 2020 оны ээлжит Сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан. Улсын бүртгэлийн байгууллага 2012 оны Улсын их хурлын ээлжит сонгуулиас эхлэн биеийн давхцахгүй өгөгдөл буюу тухайн иргэн хурууны хээгээ бүртгүүлж сонгуульд саналаа өгөх системийг нэвтрүүлж эхэлсэн. Мөн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульд заасан” гэв.

Иймд шилжилт, хөдөлгөөн хийлгэх гэж байгаа иргэд хоёрдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлэх ёстойг анхаарна уу.

Сануулахад, 2018 онд шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн тухай хуулиар иргэн шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн газраасаа хасалт хийлгэхгүй, шилжин очсон газраа бүртгүүлдэг болжээ.

Өмнө нь бол заавал хоёр талдаа бүртгүүлдэг байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top