ТОДРУУЛГА: Олон улсын тээврийг хувь хүн ч гүйцэтгэж болно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Зам тээврийн хөгжлийн яамнаас Монгол жолоочид дэлхийн 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар мэдээллээ.

Зам тээврийн хөгжлийн яам нь 2016 оноос хойш Европын холбооны улсуудтай олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж иржээ. Үүний үр дүнд дараах 16 улстай олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцон, тээвэр хийх боломж бүрдсэн байна. Үүнд, ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литв, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг улсууд багтаж байна гэж Зам тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гантулга мэдээллийн эхэнд онцолсон юм.

Мөн тэрбээр  “Энэхүү хэлэлцээрийн үр дүнд 2016 онд Европын улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй нийт ТИР тээвэрлэлтийн нэг хувийг Монголын тээвэрчид гүйцэтгэж байсан бол 2018 онд 13.3 хувийг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2016 онд байгуулсан бөгөөд уг хэлэлцээр 2019 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн.Энэхүү хэлэлцээр далайд гарцгүй манай орны хувьд маш чухал ач холбогдолтойгоос гадна, Ази-Европын хооронд хийгдэх дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам тул манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэх оруулна гэж тооцож байна” гэсэн юм. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын талын тээвэрчид ОХУ-аас БНХАУ-ын нутгаар дамжин Тяньжин боомт хүртэл авто тээвэрлэлт гүйцэтгэж эхлээд байгаа аж.Тухайлбал “Монтранс авто” ХХК-иас эхний туршилтыг амжилттай хийгээд ирсэн байна. Мөн “Туушин" ХХК-ийн дөрвөн тээврийн хэрэгсэл 2020 оны нэгдүгээр сарын эхээр ТИР карнейг ашиглан ОХУ-ын Эрхүү хотоос БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэсэн байна.

"ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ОВОР ХЭМЖЭЭ ИХТЭЙ, АЮУЛТАЙ АЧААГ БНХАУ-Д БҮРТГЭЛТЭЙ ЧИРГҮҮЛЭЭР ТЭЭВЭРЛЭЖ БОЛНО"

Авто тээврийн үндэсний төвийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам "Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ээр Азийн авто замын сүлжээний АН-3 буюу ОХУ-ын Улаан-Үд хотоос Улаанбаатар хотоор дамжин БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл, АН-4 буюу ОХУ-ын Новосибирск хотоос Баян-Өлгий, Ховд аймгаар дамжин БНХАУ-ын Хонгираф хилийн боомт хүртэл тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Азийн авто замын сүлжээнд холбогдсон Монгол Улсын хоёр замаар улс хоорондын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг монгол тээвэрчид гүйцэтгэх боломж хангагдлаа. Баруун талын коридорын дагуух тээвэрлэлтийг 2020 оны сүүлээр эхлүүлэхээр ажиллаж байна. Тээвэрлэлт гүйцэтгэх ААН-д тавих шаардлагын хувьд, БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдаж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нар уг хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх бүрэн боломжтой.

Тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг "Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хандан авна.

Үүнээс гадна Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс олон улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай БНХАУ-ын Тээврийн яамтай байгуулсан Протоколыг 2019 онд шинэчлэн байгуулсан. Уг шинэчилсэн протоколоор Монгол эсхүл Хятадын тээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Монгол Улс, БНХАУ-д болон гуравдагч улсад бүртгэлтэй хагас чиргүүлээр Монгол-Хятадын хооронд тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн. Тус шинэчилсэн протокол 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн ачих боломжгүй овор хэмжээ ихтэй, аюултай ачааг БНХАУ-д бүртгэлтэй чиргүүлээр тээвэрлэж болно гэсэн үг юм” гэв.

Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тээвэрлэлт хийх машины хязгаар гэж бий юу?

-Тээвэрлэгч ачаа олгогч болон хүлээн авагч талтайгаа гэрээгээ байгуулсан тохиолдолд хэдэн ч аж ахуй нэгж байгууллага, тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийх боломжтой. Гэхдээ цаашдаа гурван улсын гэрээгээр ОХУ болон БНХАУ тус тусдаа 200 хүртэлх тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх бичиг солилцох боломжтой. Тэгэхээр гурван улсын тээвэрлэгч нар маань өөрсдийн нутгаар харилцан тээвэрлэлт хийх боломжтой болж байгаа юм.

-Тээвэрлэлтийн маршрутын хувьд тогтсон нэг маршруттай байх уу, эсвэл өөрчлөгдөх үү?

-Энэ маршрут нь Азийн авто замын сүлжээнд орсон АН-3 гэсэн маршрутаараа эхний ээлжинд явна. Тэрнээс өөр хот руу явах боломж байхгүй. Харин маршрут өөрчлөхөө илүүтэйгээр Хэрвээ аж ахуй нэгж нэмэгдээд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх төлөвтэй болбол яам хоорондоо ажлын хэсгээрээ уулзан зөвшөөрлийн бичгийг нэмэгдүүлэх талаас авч үзнэ.

-Тээвэр хийх жолооч албан байгууллагад харьяалалтай байх шаардлагатай юу?

-Стандартын шаардлага хангасан байх тохиолдолд хувь хүн ч тээвэр гүйцэтгэж болно, аж ахуйн нэр дээр ч тээвэр гүйцэтгэх эрх нь нээлттэй байгаа.

-Тээвэрлэлтийн хугацаа ямар байх вэ?

-Хугацааны хувьд эхний тээвэрлэлтээр долоо хоногийн хугацааг нэг талдаа зарцуулсан. Дунджаар жолооч 4000 гаруй километр замыг туулж байгаа. Жолоочид ажил, амралтын хуваарьтай явах ёстой. Хугацааны хувьд тэд гээд хэлэх боломжгүй тухайн үеийн нөхцөл байдлаас болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top