Л.Энхболд: Газрын гүний ус дуусах гээд байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн“Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Усны агентлаг байгуулахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Агентлаг байгуулснаар орон нутагт ямар бүтэц ажиллах вэ. Аймгуудад усны ганц мэргэжилтэн байдаг. Гэтэл говьд усны асуудал эмзэг асуудал болсон. Ийм нөхцөлд хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай байна. Хариуцлагыг тодорхой болгоогүйгээс усны асуудал Монгол улсын тулгамдсан асуудал болоод байна. Жилд 500 сая м/куб гүний усыг Монгол Улс ашиглаж байхад усны хуримтлагдсан нөөц нь 564.8 мянган км/куб байна. Тэгэхээр нийт хэрэглээний 80 хувийг гүний ус эзэлж байна гэсэн үг. Газрын гадаргаас хэрэглэж байгаа уснаас 900 дахин их усыг газрын гүнээс ашиглаж байна. Тэгэхээр дэлхий нийтийн түвшинд хүрч ажиллахын тулд хуульд ямар заалт тусгасан бэ” хэмээн асуув.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ “Бид усыг хэрхэн ашиглах, борлуулах, хамгаалах зэрэг төрийн бодлогыг яаман дээр барьж байгаа. Бодлогыг хэрэгжүүлэх агентлаг байх шаардлагатай гэж үзэж байгаа. Орон нутагт бодлогыг хэрэгжүүлдэг алба зайлшгүй байх ёстой. Одоогоор сав газрууд гүйцэтгэнэ гэж байгаа. Булганд таван сав газар бий. Гэтэл говийн нутагт сав газар гэдэг нэгж байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг эргэн харах шаардлага бий” гэж хариулав.
Мөн ажлын хэсгээс “Монгол Улсын усны үндэсний зөвлөлийн даргаар Ерөнхий сайд ажиллахаар хуульд тусгасан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хүн амын 80 хувийг 2020 онд чанарын шаардлага хангасан усаар хангана. 2030 онд хүн амын 90 хувийг баталгаат усаар хангах зорилт тавьсан” хэмээн тайлбарлалаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ene odoo Batzandangiin ah uimuu.