Сэтгүүлчдийг “дарангуйлсан” гүтгэх заалт БАЯРТАЙ

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Сэтгүүлч В.САРАНТУЯА

-Гүтгэх, доромжлох заалтыг Зөрчил, Эрүүгийн хуулиас бүрэн хаслаа-

Монголд хэвлэлийн эрх чөлөө бий юү гэж зарим хүн асуудаг. Харин энэ асуултад мэргэжлийн сэтгүүлчид Монгол  хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэж хариулдаг. Мэдээж олон зүйл дээр хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдлэхийн тулд мэргэжлийн байгууллагуудад бэрхшээл тулгардаг. Энэ бол зарим хуулийн заалт юм. Тухайлбал, миний бие өдөр тутмын сонинд 22 жилийн тасралтгүй ажилласан энгийн нэг сэтгүүлч. Энэ хугацаанд сэтгүүлчийнхээ хувьд бичсэн материалынхаа төлөө хуулийн байгууллагад хэрхэн дуудагдаж байсныг цухас дурдмаар байна. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Эрүүл мэндийн дэд сайдын талаархи мэдээллийг “ Үндэсний шуудан” сонинд нийтэлсэн юм.

Ингэхдээ тухайн дэд сайд өмнө хашиж байсан албан тушаалаа урвуулан ашигласан асуудал гаргасан байв. Үүний тухай сэтгүүлч би бичихдээ  материалдаа  бусдыг “ золигт гаргах” гэсэн үгийг хэрэглэсэн. Уг нь тус материал нь албан тушаалаа урвуулан ашигласан, ажилчдын цалингаасаа өөртөө илүүг авдаг талаар байсан боловч дэд сайдын хуулийн зөвлөх намайг зөвхөн “золигт гаргах” гэсэн үгэн дээр дөрөөлж цагдаагийн байгууллагад хандсан юм. Ингээд манай сонины редакц болон сэтгүүлч надаас гурван зуун сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байсан удаатай. Яагаад ийм их хэмжээний мөнгө нэхэмжилсэн талаараа хуулийн зөвлөх нь тайлбарлахдаа, дэд сайдыг хүн амины хэрэгт гүтгэсэн, золигт гаргах гэдэг үг бусдын амь насанд санаатайгаар халдсан хэмээн үзэж бусдыг гүтгэх, доромжлох гэсэн заалтаар өгснөө хэлсэн. Өөрөөр хэлбэл, бичсэн материал нь баримттай, баримт нь үнэн  учраас энэ талаар маргалдах боломж тэдэнд байсангүй. Тиймдээ ч “золигт гаргах” гэдэг хэлц үгээр дөрөөлөн сэтгүүлч тухайн хүнийг хүн амины хэрэгт гүтгэсэн үг оруулсан гэж үзсэн. Тэр үед Зөрчлийн хууль гараагүй байсан бөгөөд  Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох гэсэн зүйл заалтаар яллаж болдог  байсан гэсэн үг. Улмаар 2017 онд Зөрчлийн хууль батлагдахад тус заалт тийшээ шилжиж, Эрүүгийн хуулиас хасагдсан. Сүүлийн хоёр жил Зөрчлийн хуулиар гүтгэлэг, доромжлол мөн эсэхийг шийдвэрлэх явц ч тийм зөв зүйтэй хуулийн хэрэглээ байж чадаагүй. Баримт нь үнэн атал сэтгүүлчдийг шилжсэн утгатай үг, хэлц, тооны зөрүү зэрэг дээр шүүхийн шийдвэргүйгээр шийтгэл оногдуулж  ирсэн.

Сэтгүүлчдийн байгууллага, холбоод ч энэ байдлыг шүүмжлэн  сэтгүүлч, редакцийг эдийн засгийн дарамтад оруулж буй  гүтгэх хэмээх заалтыг Зөрчлийн хуулиас хасах, тэгэхдээ олон улсын гэрээ конвенциар хүлээсэн үүрэг, амлалтдаа нийцүүлэн Эрүүгийн хуульд ч оруулахгүй байх шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад субьектүүдэд илэрхийлсэн ирсэн.

Гэвч өнгөрсөн намар УИХ-д Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл Засгийн газраас өргөн баригдсан дотор гүтгэх зөрчлийг Эрүүгийн хуульд оруулахаар тусгасан байлаа. Уг хууль хоёр долоо хоногийн өмнө батлагдсан юм.

Уг төслийг хэлэлцэх явцад Хууль зүйн байнгын хорооны өргөтгөсөн ажлын хэсэгт багтаж ажилласан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр тайлбарлахдаа, “Гүтгэх, доромжлох заалтыг Зөрчил, Эрүүгийн хуулиас хассан. Зөрчлийн хуулийн 6.21 буюу “Гүтгэх, доромжлох заалтаар 2-20 сая төгрөгөөр хавтгайруулан торгож, сэтгүүлзүйг эдийн засгийн аргаар дарамталж, иргэдийн мэдэх эрхэнд халдаж байсан гажуудлыг зогсоолоо. Мөн Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг буцаан оруулах хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бид хатуу эсэргүүцэж, хасуулж чадлаа. Зөрчлийн хуулиар сэтгүүлч гүтгээгүй гэдгээ нотлохын тулд эх сурвалжаа зааж өгөх шаардлагатай болдог байсан.  Харин одоо Эрүүгийн хуулийн 13.14-өөр гомдол гаргагч нь тухайн мэдээллийг илт худал гэдгийг нотлох үүрэгтэй. Цагдаа шүүхийн өмнө нотолж чадахгүй бол гомдол нь хэрэгсэхгүй болно. Харин сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхээ хадгалж үлдэнэ. Бид энэхүү хамгийн амин чухал эрхээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухайн хуулинд заавал тусгаж, баталгаажуулах болно” гэв.


Энэ удаа МСНЭ олон удаагийн хэлэлцүүлэг, ярилцлагын үр дүнд  Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Гүтгэх заалтыг тус хуулиас хасуулж чадсан гэсэн үг. 

Гэхдээ энэ хуулийн заалт өөрчлөлт зарим зүйл сэтгүүлчдийн дунд маргаан дагуулаад буй. Тухайлбал, зарим сэтгүүлчид үзэхдээ сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллахыг МСНЭ зөвшөөрсөн хэмээн үзэж байгаа аж.

Тэгвэл үүнийг хуулийн хэсэгт орж ажилласан МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа тайлбарлахдаа, “Хууль тогтоогчид өөрсдийнхөө эрхийнхээ хүрээнд гүтгэх зөрчлийг Зөрчлийн хуулиас хасах, Эрүүгийн хуульд оруулахаар 2019 оны есдүгээр сард УИХ-ын өргөн барьсан юм. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах багц хуулийн төсөл нэрээр Parliament.mn сайтад байршуулснаас хойш МСНЭ хуулийн төсөлд орсон гүтгэх заалтыг тойрсон хэлэлцүүлгийг салбарынхны дунд олон удаа зохион байгуулж, УИХ-ын ажлын хэсэгт орж ажиллах, саналаа илэрхийлэх хүсэлт гаргасан. Хуулийн ажлын хэсэг саналыг хүлээн авч бүх шатны хэлэлцүүлгээр бидний саналыг харгалзаж сонссон. Гүтгэх гэдэг нь зөвхөн хэвлэл мэдээллийнхний сэтгүүлчдийн хэрэг биш юм. Зөвхөн хэвлэл мэдээлэлд хамаатуулан хуульд тусгах нь буруу, Эрүүгийн хуулиас хасах ёстой гэдэг саналыг хүргүүлсэн. Ажлын хэсгийнхэнтэй зөвшилцсөний үр дүнд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг онилж цохсон томьёоллыг өөрчилсөн юм. Бусдын нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд түгээсэн бол хариуцлага оногдуулах тухай заалт орсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл л бусдыг гүтгэдэг гэдэг ойлголтыг хуулиас хасч, өөрчилж чадсан. Бусдын нэр хүндийг гутаах зорилгоор худал мэдээллийг хэн ч, хаана ч тараасан хариуцлага хүлээхээр хуульчилсан. Ингэснээр гүтгэлэг зохион байгуулагчид сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний ард нуугдах боломжгүй болсон гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.

Хэвлэл мэдээллийн салбарынхын хувьд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зарим алдааг санамсаргүй тохиолдлоор гаргадаг нь үнэн хэдий ч тухайн хүний нэр хүндийг илтэд гүтгэж доромжилдоггүй.  Учир нь сэтгүүлчийн үзэгний үзүүрт хүний амьдрал багтаж явдаг. Тиймээс энэ мөн чанарыг мэргэжлийн сэтгүүлчид эрхэмлэн ажилладаг бөгөөд энэ  нь сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээнд хамаардаг зүйл. Гэтэл сүүлийн үед сэтгүүлчдийн нэр хүндийг сошиал ертөнцөд илтэд унагаж, доромжилдог нь энгийн зүйл мэт болоод байгаа юм. Тухайн сэтгүүлч зүгээр нэг дээшээ харж байгаад хүн гүтгээд суудаг юм биш. Сэтгүүлчид редакцийн харьяалалд багтаж үүндээ таарсан хариуцлага, ёс зүйтэй ажиллах гэрээтэй ажилладаг. Тухайн сэтгүүлч нэг материал нийтлүүлэхээсээ өмнө олон шат дамжлага явагдана. Жишээ нь,  нэг  мэдээлэл материал оллоо гэхэд заавал хоёр талын байр суурийг тавина. Зөвхөн нэг талын байр суурийг тухайн сонин хэвлэхгүй. Энэ нь тэнцвэртэй мэдээллийг хангах гол зарчим юм.

Сүүлийн үед энэ байдал алдагдаж, сэтгүүлчдийн нэр барьсан “тролл-”ын арми ажилласнаар сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйд бүдүүлгээр халдсаар байна.

Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хэлэхдээ, “Худал мэдээлэл (Fake News)-ийн эсрэг аян өрнүүлж, хуультай болцгооё хэмээн Төрийн гурван өндөрлөгт ил захидал бичиж, олон нийтэд хандан уриалга гаргаж байсан. 2019 оны аравдугаар сарын 7-ноос хойш нэлээд хугацаа өнгөрч, худал мэдээлэл түгээвэл Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болжээ. Би дэмжиж байна. Уг нь тусдаа жижиг хууль байгаад, түүндээ худал мэдээг санаатайгаар түгээсэн этгээд, түүнийг шэйрлэсэн, мөн коммент нэрээр нэмж худал мэдээ байршуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгамаар байсан юм. Дээд шүүх энэ бүхнийг тайлбартаа тусгах байлгүй дээ. Бас нэг хэлэх зүйл бол, хууль хэрэгжиж ч эхлээгүй байхад хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа, сэтгүүлчдийг боомиллоо гэж бачимдаад байгаа нөхдийг ойлгохгүй байна. Олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийн төлөө хамгийн хариуцлагатайгаар ажиллах ёстой мэргэжил биз дээ. Худал мэдээл түгээх эрхийг бидэнд хуулиар олго гэж шаардаж байгаа мэт сонсогдож байна. Энэ сэтгүүл зүй мөн үү?” гэжээ.

Сэтгүүл зүйн салбарын гал тогоонд хэн дуртай нь өндөлзөж яваа мэргэжлийн бус хүмүүсийг өөгшүүлж, тэдний хэлсэн үг,  хийсэн үйлдлийг хуулиараа ийнхүү зохицуулж байгаа нь зүйн хэрэг юм. 

Хэрвээ хуулийн заалтаар зохицуулалтаар үүнийг нэг талд нь шийдэхгүй бол сэтгүүл зүйн салбар шинэчлэлийг ярих нь бүү хэл харин ч уруудан доройтоход нэгээхэн алхам авчрах байсан биз ээ.

Тиймээс сэтгүүлчдийг “дарангуйлсан” гүтгэх заалтад баяртай гэж хэлье.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top