Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй бол 100 мянган төгрөгөөр торгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Цэргийн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабаас өнөөдөр /2020.01.20/ мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр “Цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл зохион байгуулна. Энэ жил нийслэл “Нэг хот, нэг стандарт” гэсэн зорилтыг дэвшүүлж байгаатай холбоотой цэргийн бүртгэл 173 хороонд нэг стандартын дагуу явагдана.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг. Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. 

 

  • 65 хүртэлх насны бэлтгэл дээд офицерууд,
  • 60 хүртэлх насны бэлтгэл ахлах офицерууд,
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицерууд болон ахлагч нар,
  • 18-50 насны иргэн эрэгтэйчүүд бүгд хамрагдана.

 

Монгол Улсын үндсэн хуульд “...Монгол Улсын иргэн эх орноо хамгаалж, хуулийн дагуу цэргийн алба хаана...” гэж заасан байдаг. Хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэрт,

 

  • Хугацаат цэргийн алба,
  • Цэргийн гэрээт алба,
  • Цэргийн дүйцүүлэх алба,
  • Оюутан цэрэг

Эдгээр цэргийн алба хаах хэлбэрээс сонгож болно” гэлээ.

Цэргийн бүртгэлийн талаар хийгдэж буй ажлын талаар НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, цэргийн бүртгэлийн зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, дэд хурандаа С.Баярмагнай Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.3-т заасны дагуу хувь хүнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгоно” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top