Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай ярилцлаа.
-Түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй байх Засгийн газрын шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Нийслэлийн өнгөрөгч оны хамгийн том ажлуудын нэг бол “Сайжруулсан шахмал түлш”-ийг иргэдийн хэрэгцээнд нийлүүлснээр нийслэлийн утаа тодорхой хэмжээнд буурлаа. Ерөнхийдөө та төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг хэдэн хувьтай байна гэж үзэж байна вэ?
-Өнгөрөгч 2019 онд нийслэлийн хувьд онцгой шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлсэн жил байлаа. Хамгийн чухал зүйл нь урт хугацаанд хотыг хөгжүүлэх судалгаа, тооцоо, бодлого, шийдвэрийг ултай суурьтай тооцож гаргасан онцлог жил байсан. Тухайлбал, агаарын бохирдлыг дорвитой бууруулж чадлаа. Үр дүн маш сайн гарсан. Утаа 50-иас багагүй хувиар буурсан. Мэдээж эрсдэлүүд байна. Энэ нь хувь хүний, албан тушаалтны хариуцлага, харилцан бие биеийнхээ ажлыг дэмжиж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Нөгөөтэйгүүр 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барьж байна. 2030 он хүртэл хотыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө гаргаж байна. Хотын дэд бүтэц, зам харилцаа, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, иргэдийн ажлын байраар хангах гээд бүхий л талын томоохон судалгаа тооцоог хийж ажиллаж байна.
Бидний гол зорилго бол хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, хүний эрхийг хангах, хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэгт хамрагдах эрхээс эхлээд хүмүүсийн ажилтай, орлоготой амьдрах эрхийг хангах зорилготой. 2020 онд хотын стандартыг хэрэгжүүлж эхэлнэ. Хотын хөгжил бол стандарт. Эрсдэлгүй байхын тулд стандарт өөрөө чанартай, стандарт бараа бүтээгдэхүүн, иргэдийн амьдралын чанарын хэмжүүр шүү дээ. Хотын стандартыг хэрэгжүүлэх жил байх болно гэдгийг дахин хэлмээр байна. Стандартыг хэрэгжүүлж чадахгүй бол хөгжил гэж яриад ч хэрэггүй. Алхаж байгаа газраас эхлээд амьдарч буй орон сууц, ажлын байр, гудамж талбай, хот тосгон нь стандартын шаардлагад нийцсэн эрсдэлгүй, аюулгүй байлгахын тулд томоохон ажлуудыг хийнэ. Мөн орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Олон арван га газрыг чөлөөлж, олон мянган иргэдийг орон сууцтай болох боломжийг нээж өгнө.
-Утаа бол бодит байдал дээр буурсан дүр зураг харагдаж байгаа. Цаашид агаарын бохирдлыг бууруулахад ямар бодлого барих вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх утаа 50 хувиар буурч байна. Цаашлаад хүчээ нэгтгээд дахиад 20 хувь бууруулах тухай ярьж байна?
-Утааг дахин 20 хувиар бууруулах бүрэн боломжтой. Утаанаас гадна замын хөдөлгөөнд оролцож буй авто машины хорт хий, цахилгаан станцын яндангийн утаа, аж ахуйн нэгж, иргэдийн нам даралтын зуухны утааны асуудал бий. Өнгөрсөн онд 1000 гаруй зуухыг буулгахыг нь буулгаж, төвийн эрчим хүчинд холбохыг нь холбож, цахилгаан болгохыг нь болгож, сайжруулсан түлшнээс гадна 100 гаруй мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг дээрх байдлаар шийдсэн. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хороололд 800 гаруй айл өрх амьдардаг. Жилдээ 10 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол төвийн эрчим хүчинд холбосноор 10 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээ багассан. Энэ хэрээрээ утаа буурсан.
2020 онд авто машинуудын агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөөлөл хорт хийг багасгана. Улаанбаатарт дахиад 150-200 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг 5000 гаруй нам даралтын зуух байна. 2020 оны аравдугаар 1-ний өдрөөс өмнө 100-ээс кватын дээш хүчин чадалтай 1000-аас доошгүй нам даралтын зуухыг газ, төвийн цахилгаан, дулаанд холбож өөрчлөх юм. Ингэснээр бид багадаа 100 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бодитоор багасгаж чадна. Үүний зэрэгцээ сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр барих болохоор айл бүрд түлшээ хангалттай авах боломж бүрдэнэ. Өдөрт зургаан шуудай нүүрс өгч байна. Түлш хүрэлцэхгүй байна гэдэг яриа ор тас мартагдана. Түүнчлэн айл өрхийг байгальд ээлтэй эрчим хүчинд холбогдох боломжийг нээж өгнө. Шинэ хотуудын дэд бүтэц, судалгаа тооцоо хийж байна. Энэ онд зарчим дэд бүтэц, бусад ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай.
-Энэ онд нийслэлийн хэмжээнд энэ онд хэчнээн төгрөгийн ямар, ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ. Ерөнхий сайдын зүгээс 2020 он бол бүтээн байгуулалтын жил гэж зарласан?
-2020 он бол нийслэлийн аюулгүй байдлын, стандартын жил болгож байгаа. Энэ хүрээнд нийтийн тээврийн шинэчлэлийг эхлүүлж, замын түгжрэлийг ирэх таван жилд эрс багасгах төлөвлөгөөтэй. Нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Агаар зорчигч тээвэр, цахилгаан соронзон галт тэрэг, сургуулийн автобус, бизнес аяллын, аялал жуулчлалын, такси үйлчилгээг сайжруулж, чиглэл, чиглэлийн үйлчилгээгээ авах чанар стандарт, аюулгүй байдлыг хангасан томоохон төслийг ашиглалтад оруулна. Энэ ондоо багтаад нийтийн тээврээ шинэчилж, 2022 он гэхэд бид эхний ээлжийн томоохон төслүүдээ хэрэгжүүлнэ. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хот бүрэн эрсдэлгүй байх, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг багасгах хэмжээнд Улаанбаатар хотын өнцөг булан бүрийг камержуулна. Камерын бүрэн тогтолцоонд орно гэсэн үг. Улаанбаатарын хэмжээнд 3800 гаруй камер байна. Цагдаагийн автомашины парк шинэчлэлтийг хийж, сүүлийн 20 жил байгаагүйгээр бааз суурийг бэхжүүлж байна. Жалга гуу давахад, саад тотгоргүй зорьсон газартаа түргэн шуурхай хүрэхэд туулах чадвартай автомашинаар хангаж байна. Мөн нийслэлийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулснаар эрүүл мэндийн үйлчилгээ нэмэгдэнэ. Гэтэл одоо байх ёстой автомашин 30 хувьдаа ч хүрэхгүй 26 хувь байна гээд бод доо. Бидний зүгээс ядаж 60 хувьтай болтол нь нэмэгдүүлье гэж байгаа юм. 2030, 2040 он хүртэл нийгмийн салбар дахь томоохон өөрчлөлтийн эхлэлийг бид 2020 онд тавьж байна гэдгийг ойлгох ёстой.
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нийслэлийн хувьд хэр байгаа бол. Гурван ээлжээр хичээллэснээр хүүхдүүд шөнө орой харьж, хар үүрээр хичээлдээ явдаг байсан. Хүүхдүүд айх айдасгүй хичээлдээ явах нөхцөл бүрдэх тал дээр, боловсрол, эрүүл мэнд хийгээд нийгмийн салбарт бүтээн байгуулалт хэр өрнөх вэ?
-Гурван ээлжээр хичээллэдэг байсан. Тухайлбал, түрээслэхийг нь түрээслээд, зориулалтын бус байрыг өөрчлөхийг нь өөрчлөөд явж байгаа. Гэхдээ бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш л дээ. Энэ онд 22250 хүүхэд бага дунд сургуульд шинээр элсэнэ. Цэцэрлэгийн хамрагдалт 74.6 хувьтай байна. Цаана нь олон мянган хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн үг. Энэ онд нийтдээ 134 сургууль, цэцэрлэгийн ажлыг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж эхэлж байгаа. Түүний хажуугаар 50, 100 ортой цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг хямд, чанартай барих шинэ төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтраад эхлүүлж байгаа. Өсөн нэмэгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрэлттэй холбоотойгоор хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ч дахин хурдтайгаар байрны асуудлыг нь шийдэж өгөхгүй бол байдал дахиад хүндэрнэ. Бүтээн байгуулалтаас гадна багш нарын чадавхийг дээшлүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах, эрсдэлгүй байх гээд олон талтай асуудал яригдаж байна.
2019 онд 76 цэцэрлэг, 45 сургууль ашиглалтад оруулж өгсөн. Энэ тоогоо нэмэхийн тулд тал бүрээс нь анхаарч байна. Ажил аваад хийдэггүй аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцох, хийсэн нь чанаргүй байгаа учраас дахин шинэчлэх, богино хугацаанд чанартай гүйцэтгэж зардал хэмнэх шаардлагатай. Тухайлбал, нэг цэцэрлэг барьдаг мөнгөөр гурван газар бетон цутгадаг бус хурдан хугацаанд ашиглалтад оруулдаг, аюулгүй байдлыг хангасан сургууль, цэцэрлэгийг барих ёстой. Энэ онд шинэ технологийн сургууль, цэцэрлэгүүдийг барина. Хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүргийн Өгөөмөр зах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо зэрэг сургууль, цэцэрлэг байдаггүй дүүргүүдэд газрыг чөлөөлөх ажил явагдаж байна. Удахгүй сургууль, цэцэрлэгийн ажил эхэлнэ.
Э.Болд
Сэтгэгдэл ( 1 )
Хөшгийн хөндий рүү давхар хурдны галт тэрэг