Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрч, түүний барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан. Гэвч аварга Э.Оюунболд удахгүй болох Сар шинийн барилдаанаар зодоглоно гэдгээ илэрхийлээд буй юм. Энэ асуудлаар болон бөхийн спортын үйл явдлын эргэн тойронд МҮБХ-ны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжаваас тодрууллаа.
-Аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үзэж Баяр наадам зохион байгуулах хорооноос түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан. Гэвч маргаан шүүхийн шатанд байгаа учраас Э.Оюунболд барилдах боломжтой юу. Сар шинийн баярын барилдаан зодоглоно гэж Э.Оюунболд мэдэгдээд байна?
-Ө.Энхтүвшин сайдын ахалсан Баяр наадам зохион байгуулах комиссоос аварга Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах тогтоолоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ирүүлсэн. Тогтоол шийдвэр гарсан учраас барилдах боломжгүй. Цагаан сарын барилдаанаар Э.Оюунболдыг барилдуулахгүй.
-Э.Оюунболд аварга “Сэргээшийн шинжилгээ солигдсон байна. Би хэрэглээгүй” гэдэг зүйл ярьдаг. Шинжилгээ солигдох боломжтой юу?
-Бөхчүүдийн нүдэн дээр нь сэргээшийн сорьцыг аваад битүүмжилдэг. Сорьц солигдох боломжгүй. Гэтэл сорьц авсан нөхдүүд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар АТГ-д шалгагдаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр тэр нөхдүүд юу хийчихсэнийг мэдэхгүй юм. Сорьц сольсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Одоо энэ асуудлыг яаж цэгцлэх вэ гэхээр тухайн бөхийнх нь шээсний шинжилгээг одоо асуудалд орсон бөхчүүдийн шээсний шинжилгээтэй тулгаж, лабораторийн шинжилгээгээр эцсийн байдлаар гаргах байх. Энэ бол нэг их төвөгтэй асуудал биш гэсэн.
-Сэргээшийн дээж шинжилгээг нягтлах ажил хийгдэж байгаа гэсэн үг үү?
-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллагууд л нягтлах ажил явуулна гэж ойлгож байгаа. Хууль хяналтын хүрээнд хэрхэн шалгаж байгааг АТГ хариулах байх. Биеийн тамир, спортын газрын хоёр эмчийг энэ хэрэгт шалгаж байгаа. Баяр наадмын комисст орж ажилласан эмч нар зохисгүй байдал гаргасан бол тэдэнд хариуцлага тооцоод явах байх. Хуулийн байгууллага энэ асуудалд хариулт өгөх ёстой болов уу.
-Д.Цэрэнтогтох начнаас допинг илэрсэн. Тэрбээр өөрийнхөө шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн үү. Эсвэл гомдол гаргасан уу?
-Д.Цэрэнтогтох начин гомдол гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард албан тоот ирүүлсэн. Энэ хоёр /Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох/ бөхөөс сэргээш илэрсэн. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах эрхийг хоёр жилээр хассан учраас барилдаанд оролцуулж болохгүй гэдэг шийдвэр ирсэн. Энэ шийдвэрийг баримталж ажиллана.
-Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нарын таван бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхийг хоёр жилээр хассан. Эдгээр бөхчүүдийн барилдах эрх нь сэргэсэн үү?
-Гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нарын барилдах эрхийг сэргээсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд барилдах эрхийг нь сэргээсэн. Харин Улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг сэргээгээгүй байгаа.
-Наадам болгоны дараа сэргээшийн асуудал яригдах боллоо. Энэ асуудлыг МҮБХ хэрхэн цэгцлэх вэ?
-МҮБХ допингтой хатуу тэмцэнэ. Бөхийн эрх ашгийг хамгаалах үүднээс допингтой тэмцэх байр суурин дээрээ байгаа. Допинг илэрсэн таван бөх өнгөрсөн жил барилдах асуудал яригдахад МҮБХ хатуу байр суурьтай байсан. Сүүлийн үед эмч нар хөрөнгөжсөн, бөхчүүдийн ивээн тэтгэдэг компаниудаас мөнгө шилжүүлж авсан гэдэг асуудал яригддаг. Хэрэв энэ үнэн бол уг асуудлыг гаргаж ирж үндсээр нь цэвэрлэх, хариуцлага тооцоод явахаас өөр арга байхгүй. Хууль хяналтын байгууллага хатуу, цэгц хандах ёстой. Сэргээшийн асуудал бол барилдаж байгаа олон залуучуудад халтай юм. Олон мянган залуус хөлс, хүчээ гаргаад, цаг заваа золиослоод явж байгаа. Гэтэл шинжилгээг нь сольдог, эсвэл бөхийг спонсорлодог компаниудаас эмч нар мөнгө аваад явж байгаа бол энэ асуудалтай хатуу тэмцэх ёстой. Монгол Улсыг тодотгох өв соёлын нэг нь Монгол бөх. Гэтэл сүүлийн үед сэргээштэй холбоотойгоор бөхийн нэр хүнд унаж, бөх сонирхогчдын тоо багаслаа гэдэг асуудал ярьж байна. Гэхдээ бөх сонирхогчид багасаагүй байх. Сэргээшийн асуудал нь нийт бөхчүүдийн дунд гэхээсээ илүү маш цөөхөн хувьд нь яригдаж байгаа асуудал юм. Магадгүй 97, 98 хувь нь гурилтай шөлөө идээд бусдын адил бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа. Бөхийн соёлыг цэвэр ариун байлгах нь бөхчүүдийн үүрэг. Харин сэргээшийн асуудлыг МҮБХ, хуулийн байгууллага хатуу хяналтдаа авч ажиллах ёстой.
-МҮБХ хоёр хуваагдаж, маргаан удаан хугацаанд үргэлжилсэн. Энэ маргаан дууссан биз дээ?
-Л.Чинбат захирал тамга, гэрчилгээгээ авчирч өгсөн байгаа. Гэхдээ энэ асуудал цэгцрээгүй байгаад байна. Улсын бүртгэл дээр МҮБХ данс битүүмжлэлтэй хэвээр байгаа.
-Маргаан хэзээ цэгцлэгдэх вэ?
-“Их эе” хуралдаж, маргаан цэгцлэгдээд явна.
-“Их эе” хэзээ хуралдах вэ?
-“Их эе”-ийг хуралдуулахаар ярьж байна. Удахгүй хуралдах байх.
-Бөхийн өргөөний барилга хуучирсан байна. Барилгын засварын ажил хийгдэх үү?
-МҮБХ-ны тэргүүнийг сонгох маргаан шийдэгдээд ирэхээр барилгын засварын ажил хийгдэх боломжтой. Энэ бол хэцүү асуудал биш. Гол санаа зовоож байгаа зүйл нь бөхчүүдийн допинг, бөхийн найрааны асуудал юм.
Сэтгэгдэл ( 3 )
sergeesh herelsn ni togtoogdchohod bhad judaggui nowsh ym a busad ni chimeegui bhad ene batsaan hel hiiged bh ym awgaiga zoddog archaagui sug
eronhiilogchiin zarlig garaagyi uchir Oyunbold avargiig barilduulah heregtei .ard tymench gesen hyleej bna.Magaljav yagaad hard Bayanaa shig dugaraad bna aa.arai dorwodyydtei niilchihee iu?
Энэ монголд бүтэж байгаа юм нэг ч алга арчаагүй адгийн үхэр нэрэндээ таарсан малнууд байна шүү энэ бөхийн засуул нэртэй малгайны өлгүүрүүд байна хажууд нь харсаар байж хэн нь унаж хэнэ нь давсаныг мэддэггүй байнга маргаан гарна урдуур хойгуур нь явж камер хааж зогсоно засаж чадахгүй юм бол эд нарыг малгайгаа бариад хол зогсож баймаар юм.