-Нийслэлд агаарын тээврийн хэрэгсэл, цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлж,
автобус, таксины үйлчилгээг төрөлжүүлж, унадаг дугуйг иргэдэд хүртээмжтэй болгох цогц төсөл хэрэгжүүлнэ-
Өндөр хөгжилтэй орнуудад хөгжсөн агаарын тээвэр, цахилгаан галт тэрэг, тусгай замын автобусыг Улаанбаатар хотод явуулснаар 2025 оноос замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх тухай цогц төслийг боловсруулжээ. Нийслэлд 900 орчим нийтийн тээврийн хэрэгслээр 640 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг. Том оврын автобусны парк шинэчлэлээс эхлээд хүүхдийн автобусны үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх гэж “зүтгэж” яваа манай улсын хувьд агаарын тээвэр, цахилгаан автобус, вип таксины үйлчилгээг ярихад хол санагдаж байж болох юм. Тэгвэл эдгээр үйлчилгээг хэрхэн хаагуур нэвтрүүлж, яаж ашиглах талаар ТЭЗҮ батлагдаж, туршилтын зарим тээврийн хэрэгслийг Сүхбаатарын талбайд иргэдэд танилцуулж эхэллээ. Улаан хүрээтэй хар шилэн кабин бүхий агаарын такси тээвэр нь 8-10 хүний багтаамжтай дотроо үргэлжилсэн хоёр суудалтай. 4.9 км замыг 16 минутад туулах боломжтой. Цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Нэг тээврийн хэрэгслээс буугаад нөгөө тээврийн хэрэгслийг хүлээх хугацаа нь гурваас таван минут байхаар төлөвлөж байгаа аж. “Энэ оны дөрөвдүгээр сараас агаарын тээврийн хэрэгслийг оруулж ирэх эхний ажлууд цэгцэрчихвэл 2021 оны зургаадугаар сараас долоодугаар сарын хооронд эхний маршрутыг ашиглалтад оруулна” хэмээн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлж байна. Ирэх жилийн хавраас ашиглалтад орох эхний чиглэлээр “Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хорооллын эцсийн хооронд иргэд зорчих боломжтой. Үүний дараа “7-н буудал, Дарь-Эх, Сансар” гэсэн чиглэлд агаарын такси тээврийг явуулахаар ТЭЗҮ-д тусгажээ. Агаарын тээврийн ашиг тус нь “Одоогийн ашиглаж байгаа нийтийн тээврийн хэрэгслээс дөрөв дахин бага хугацаанд замыг туулна.
Хасах 50 хэмээс нэмэх 50 хэмийн алинд ч гэсэн найдвартай ажиллагаатай байх болно. Хамгийн чухал нь эко хэрэглээ. Нийт 160 орчим агаарын тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явах байх. Зорчих үнийн хувьд ч гэсэн одоо нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлдөг төлбөрөөс ихгүй байлгахыг зорьж байгаа. Ингэснээр 40 мянган хүн агаарын тээврийн хэрэгслээр өдөрт зорчих боломжтой” хэмээлээ. Агаарын замаар дүүжлэгдэн зорчих зориулалттай тээврийн хэрэгслийг сониучирхах хүмүүс Сүхбаатарын талбайд холхино. Тэдний хувьд “Аюулгүй байдалд нь санаа зовж байгаа болохоос сонирхолтой, сайн хэрэгжүүлж чадвал болохгүй юм үгүй” гэж санал нэгдэцгээж байна. Монгол инженерүүд болон гадны мэргэжилтнүүдээс нь зөвлөгөө авч, аюулгүй байдалд нь хяналт тавина гэдгээ төслийн багийнхан хэлсэн юм. Агаарын тээврийн хэрэгслийг оруулж ирэх санхүүжилтийг Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, эцсийн байдлаар зөвшөөрөгдсөн тохиолдолд ирэх дөрөвдүгээр сараас ажлыг эхлүүлэх боломжтой ажээ.
Э.Алтан-Од: Цахилгаан автобусны цэнэг түгжрэлд зогсоход унадаггүй
Сүхбаатарын талбай дээр танилцуулж байгаа өөр нэг тээврийн хэрэгсэл бол цахилгаан автобус юм. 10 ширхэг цахилгаан автобусыг БНХАУ-ын “Yinlong Energy” компаниас Монгол Улсад оруулж ирээд туршилтын байдлаар нийслэлд явуулж эхэлсэн нь энэ. Суугаад зорчиход тохитой, дулаахан автобус нь 36 хүний суудалтай. 90 хүний багтаамжтай. Урт нь 12 метр, өндөр нь 3.2 метр бөгөөд хоёр давхар вакум шилтэй учир өвлийн улиралд цонх нь цантахгүй цонхтой. Найман халаагууртай, таван хяналтын камертай. Хоёр галын хортой, тэжээлийн хэсэгтээ гал гарсан тохиолдолд жолооч товчлуур дараад л галыг унтраах боломжтой. Гэрэлт самбар, хогийн сав зэрэг жижиг сажиг эд ангийг ч цахилгаан автобусандаа суурилуулжээ.
Сонирхуулахад, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй аж. Энэ цахилгаан автобусны талаар Зорчигч тээврийн нэгтгэлийн Хоёрдугаар баазын жолооч Э.Алтан-Од “Цахилгаан автобус Монголд орж ирээд 10 гаруй хонож байна. Энэ хугацаанд хот дотор болон Налайх дүүрэг рүү туршилтаар явлаа. Тохитой, дулаахан, барихад эвтэйхэн автобус байна. Бүрэн камержсан. Зааландаа олон халаагууртай учраас их дулаахан. Сууж үзсэн зорчигчид сэтгэл ханамжтай байна. Нэг удаадаа 15-20 минут цэнэглээд 100 км явж байна. Түгжирч зогсож байхад цэнэгээ алддаггүй. Сая талбай дээр хоёр цаг зогсоход цэнэг хэвээрээ л байсан. Өглөө баазаас цэнэглээд гарахад одоо цэнэг нь 94 хувьтай байна” гэлээ. Эдгээр цахилгаан автобусыг 2008 оноос хойш цахилгаан автобус үйлдвэрлэж эхэлсэн БНХАУ-ын “Yinlong Energy” компаниас оруулж ирж туршилтаар явуулж байгаа аж.
Г.Төмөрбаатар: Нэг автобусны өртөг хараахан тодорхой болоогүй
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар “Тус компани нь одоогоор найман үйлдвэртэй. Автобусныхаа батарейнд 30 жилийн баталгаа, бусад эд ангид нь найман жилийн баталгаа олгоно гэж байгаа. Дулааны улиралд нэг цэнэглээд 180-200 км замыг туулах боломж бий. Эдгээр 10 автобусыг нийслэлд гурван сарын хугацаанд туршилтаар явуулахаар болсон. Энэ үйлдвэрийн 30 мянга гаруй автобус Хятад улсад үйлчилгээнд явдаг. Цахилгаан автобусыг Монголын нөхцөлд таарах эсэхийг нарийвчлан судлахаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Дүгнэлт гарах хараахан болоогүй учраас санхүүжилт, нэг автобусны өртөг зэргийг ярихад тодорхой бус байна. Туршилтаар явж үзээд Монголын нөхцөлд таарахгүй болбол буцаалт хийхээр тохиролцсон. Батарейг цэнэглэгч дагалдаж ирнэ байх. Нийт 15 эцсийн буудал дээр автобусыг цэнэглэнэ гэвэл нэг буудал дээр гэхэд 200-300 автобусыг цэнэглэх боломжтой” гэлээ. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар хэллээ. Одоо Хятад улсаас оруулж ирсэн 10 цахилгаан автобусанд “U money” төлбөрийн системийг суурилуулж дууссаны дараа “Таван шар- Офицеруудын ордон” чиглэлд иргэдийг тээвэрлэх юм байна. Цахилгаан автобус нь дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс хоёр дахин хэмнэлттэй ажээ. Харин Монголд хараахан орж ирээгүй байгаа цахилгаан соронзон галт тэргийг “Энхтайвны өргөн чөлөө, Амгалангаас 5 шар” хүртэлх чиглэлд үйлчилгээнд нэвтрүүлж, шинээр 14 зогсоол барьснаар Шинэ нисэх буудал, Налайх, Зуун мод, Майдар хотын чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Ингэснээр авто замын ачааллыг 68 хувь бууруулна гэсэн тооцоог төсөл боловсруулагчид гаргасан байна. Иргэд эдгээр үйлчилгээний талаар мэдээллийг Сүхбаатарын талбайд байрлуулсан мэдээллийн постоос гурван сарын турш авах боломж өчигдрөөс ийн бүрдэж эхэллээ. Дэлхийн жишигт нийцсэн шинэ тээврийн хэрэгслүүдийг хэрэглээнд нэвтрүүлэхээс гадна одоо байгаа гурван үйлчилгээг сайжруулснаар нийтийн тээврийн хэрэгслийг цогцоор нь хөгжүүлэх гэнэ. Жишээлбэл, 2020 онд 600 том оврын автобусыг бүрэн шинэчилж, цаашлаад экспресс автобус, бизнес ангиллын, аялал жуулчлалын хоёр давхар автобус зэргийг хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ. Мөн хүүхэд хүргэлтийн такси, вип үйлчилгээний, чиглэлийн такси зэргээр такси үйлчилгээг төрөлжүүлж, дугуйн замын нэгдсэн сүлжээг байгуулж, түрээсийн дугуйн үйлчилгээг сайжруулахаар төсөлд тусгагджээ.
С.Амарсайхан: Нийтийн тээврийн цогц шийдэл боломжгүй зүйл биш
Шинээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслүүд, шинэ төслийн талаар Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Эхлээд сургуулийн хүүхдийн автобусыг шинэчилнэ. Нийтийн тээврийн шинэчлэлээр БНХАУ-аас 10 цахилгаан автобусыг оруулж ирээд хоёр долоо хоног туршиж байна. Туршилт үр дүнтэй болбол санхүүжилтийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Төсөвт энэ хөрөнгө суугдаагүй ч гэсэн энэ мэт зовлон тоочоод байвал бүтэхгүй. Тиймээс хамгийн боломжтой хувилбаруудыг бодолцсон байгаа. Манайд үйлдвэрлэж байгаа нэг МОН-30 автобус 536 сая төгрөгийн өртөгтэй. 1.2 тэрбум гаруй төгрөгөөр хоёр автобус нийлүүлсэн гэсэн үг. Харин Хятад улсаас авчирсан цахилгаан автобус нь одоогоор илүү хямд үнэтэй, илүү хурдан хугацаанд цэнэглэгддэг юм байна. Агаарын дүүжин тээвэр ч гэсэн Улаанбаатарт бүрэн хэрэгжих боломжтой. Тооцоо, судалгааг нь хийсэн.
Зөвхөн такси, автобус гэж хязгаарлагдахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслийг төрөлжүүлж, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж байна. Тиймээс Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бид 2019 оны зургаадугаар сараас эхлэн судалгаа, тооцоог хийсэн. Улмаар ТЭЗҮ гаргаж, тодорхой хэмжээгээр санхүүжилт шийдсэн учраас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон салбарын сайдуудад төслийг танилцуулж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )