"Задлан шинжлэх чадваргүй хүүхэд бусдын МУУ НӨЛӨӨНД амархан автдаг"

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Боловсролын түвшинд боловсрол судлалын шинжлэх ухаан, боловсролын хүн судлал, боловсролын сэтгэл судлал чиглэлээр түлхүү хөгжих хандлагатай байгаа гэж судлаачид үзэж байна. Энэ үүднээс боловсролын сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж буй судалгаан дээр суурилсан монгол хүүхдийн сэтгэхүйн онцлог хийгээд түүнд тохирсон сургалтын арга зүйн талаар Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны  сиктерийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхбаяртай ярилцлаа.


-Боловсролын сэтгэл судлал гэдэг шинжлэх ухаан манай улсад хичээлийн хөтөлбөрт хэзээнээс эхэлж нэвтэрсэн бэ?

-Боловсролын сэтгэл судлал гэдэг нь орчин үед маш чухал байр сууринд тавигдаж байна. Өмнө нь боловсролын сэтгэл судлал нь сурган хүмүүжүүлэх ухааны хүрээнд яригдаж байсан бөгөөд сургалтын танхим дахь хүүхдийн сэтгэл зүйн хүрээнд авч үздэг байжээ. Ялангуяа дэлхий нийтээр 1960-аад оноос Монгол Улсад 1992 оноос хойш боловсрол судлалын шинжлэх ухаан бий болж, багш бэлтгэх их, дээд сургуулийн хүрээнд заавал  судлах судлагдахуун болж хичээлд оруулсан. Боловсрол судлалын нэг салбар нь боловсролын сэтгэл судлал юм.

-Боловсролын сэтгэл судлал нь харилцаан дээр тулгуурласан нийгмийн хандлагатай холбоотой. Өргөн хүрээнд авч үзвэл боловсролын сэтгэл судлал нь хүний насан туршийн боловсролд хамаатай зүйл юм шиг?

-Боловсролын сэтгэл судлал гэдэг нь боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн харилцаан дээр тулгуурлаж төлөвшлийн үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн сэтгэл зүйд суурилсан хөгжил, төлөвшлийн тухай асуудал бол сургуулийн хүрээнд ч биш насан туршийн боловсролд хамаатай. Энэ утгаараа хүнээ бэлддэг том систем болох боловсролын хүрээнд хүний сэтгэл зүйн онцлогт суурилж, сургалтын онцлогийг харгалзан үзэх, сэтгэл зүйд суурилсан менежмент, хүн төвтэй сургалтын гол үндэс боловсролын сэтгэл судлал юм л даа. Үүн дотроо хувь хүний сэтгэл зүйн онцлог, суралцагчийн сэтгэл зүйн онцлог, багшийн сэтгэл зүйн онцлог, байгууллагын сэтгэл зүйн онцлог гэсэн цогц судлал хамаарна. Таны асуусан насан туршийн боловсролд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал. 

-Хүний сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзэж боловсрол олгох нь эргээд хүний амьдралын чанарыг хангах үндэс болно гэж үзэж болох уу?

-Сургууль гэдэг бол хүнийх нь хувьд зөвхөн мэдлэг, чадвар бус зөв хандлагыг төлөвшүүлэх, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлж бие даах чадвартай болгоход оршино. Энэ нь бүхэлдээ хүний сэтгэл зүйг өөрчлөх буюу олж авсан чадвар гэдэг амьдралын чанарт шууд нөлөөлнө. Өмнө нь мэдлэг чадварт суурилдаг байсан нь сургалтын гол алдаа болж байна. Одоо бол хандлага, учир шалтгаан, оюун ухааны хөгжил гээд нийт дөрвөн талт цогц бодлого баримталж байна.

-Боловсролын хүрээлэнгээс монгол хүүхдийн хөгжлийн онцлог гэсэн судалгааг хийсэн байна. Үүний гол зорилго нь юу вэ?

-Манай хүрээлэн БСШУС  Яамны захиалгаар шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр монгол хүүхдийн хөгжлийн онцлог гэсэн цөм технологийн судалгааг хийсэн. Эхний шатны  судалгаа 2014-2017 онд хэрэгжиж 2018 онд тайлангаа хүлээлгэж өгсөн. Үүний гол зорилго нь юу вэ гэхээр бид гадаад орны боловсролын жишгээр сургалтаа явуулж ирсэн бол монгол хүүхдийн сэтгэлгээнд тохирсон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай юм. 2019-2020 онд хоёр дахь шатны судалгаа эхлээд явж байна. Аливаа улс оронд хөгжлийн шалгуур, стандарт тогтооход наад зах нь гурван шатлалтай судалгаа явуулдаг.

-Монгол хүүхдийн хөгжлийн онцлогт ямар, ямар судлагдахуун багтсан бэ?

-Нэгдүгээрт танин мэдэхүйн онцлог нь ямар юм бэ, юмыг ажиглаж, хүртэж хүлээж авахдаа ямар байдаг, ой тогтоолт нь хэр юм, сэтгэн бодох үйл ажиллагааны онцлог нь ямар вэ гэдэг судлагдахуун байна. Хоёрдугаарт сэтгэл хөдлөл, харилцаа, оюун ухааны чадвар, нийгэмшил болон бие бялдрын хөгжлийн онцлогийг судалсан.

-Судалгааны үр дүнгээс ямар ажиглалт, дүгнэлт хийсэн бэ?

-Таван аймаг болон нийслэл хотын хүүхдүүд болон оюутнуудыг хамруулсан судалгаанаас үзэхэд монгол хүний ерөнхий онцлог бол аливаа мэдээллийг бүхэллэг байдлаар, тоймлож хүлээж авдаг бөгөөд деталчилж, нарийн задаргаа хийдэггүй тал байдаг юм байна. Энэ нь малчин аж ахуйтай амьдралын хэв маягтай холбоотой. Мэдээллийг маш хурдан хүлээж авдаг боловч нарийн учир шалтгааныг нь задлан шинжлэх тал дээр учир дутагдалтай, бүтээлчээр хандах чадвар, анхаарлын төвлөрөл сул, тэсвэр чанар бага байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт энэ онцлогийг харгалзаж үзэх, аливаад анализ хийх арга зүйг хөгжүүлэх, дээрх дутагдалтай талыг сайжруулах тал дээр багш, эцэг эхчүүдэд арга зүйн зөвлөмж гаргасан.  Сурагч, оюутан аль аль нь  танин мэдэхүйн хөгжил сул хүүхэд аливааг гадаад байдлаар нь тоочиж ярих хандлагатай, дүгнэх чадвар хангалтгүй байдаг. Хэл ярианы хувьд энгийн богино өгүүлбэрээр ярьдаг юм байна. Санаа бодлоо оновчтой илэрхийлэх чадвар сул байна.

-Сэтгэхүйн хөгжлийн хувьд дээрх дутагдалтай тал нь хүүхдэд ямар хор уршигтай байж болох вэ?

-Аливаа юмсын хоорондын ялгаа, учир шалтгааныг олж хардаг, мөн чанар, нэгтгэн дүгнэдэг чадвар хангалтгүй байгаа нь ирээдүйд юманд өнгөцхөн ханддаг, өнгөн талд хэт их автагддаг, муу зүйлд амархан уруу татагддаг, бусдын нөлөөлөлд хурдан автдаг, хурдан итгэн үнэмшдэг сөрөг нөлөөтэй. Сэтгэхүйн хувьд аливаа юмсын дотоод мөн чанарыг ухаж ойлгох чадвар хөгжсөн хүн ирээдүйд амьдралын шийдвэр гаргах, нийгмийн хорт нөлөөлөл, зуршилд автахгүй байх болно.

-Монгол хүүхдийн сэтгэлгээний онцлогт тохирсон сургалтыг  ямар хэлбэрээр явуулж, хэрэгжүүлж байна вэ?

-Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээр багш нарыг хөгжүүлэх, стандарт зөвлөмжийг эхний байдлаар гаргаж сургуулиудаар тараах зэрэг ажил хийгдээд явж байгаа.

-Сэтгэл зүйн хувьд хүүхдүүдийн насны онцлогоос шалтгаалж өөр, өөр шинж илэрдэг.  Энэ үед багш, эцэг эхчүүд хэрхэн хандах ёстой юм бол?

-Нийгэмшлийн хувьд хүүхдүүд бага ангидаа нээлттэй, нөхөрсөг харилцаатай байдаг бол өсвөр наснаас эхлээд хаагдмал болдог. Энэ үеийг айдастай зан төлөв гэдэг. Энэ нь анги шилжих үе буюу зургаадугаар ангиас эхэлдэг бөгөөд төгсөн төгстлөө илэрч болно. Нөгөө талаас өсвөр насны онцлогтой холбоотой. Эхний ээлжинд сургалтын орчинд хүүхдийг дасан зохицох үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Нөгөө талаар хүүхдүүд эцэг эхтэйгээ дотно харилцахаа эрс больдог. Энэ үед эцэг эхчүүд ээнэгшил буюу хүүхэдтэйгээ дотно, нээлттэй, нөхөрсөг харилцааг үүсгэх нь маш чухал.  Ингэснээр хүүхэд нийгмийн сөрөг нөлөөлөл хар тамхи, архи дарс, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гол түлхүүр юм шүү. Ахлах ангийн хүүхдүүдийн хувьд ирээдүйд ямар иргэн төлөвших вэ гэдэг чухал үе учраас бусдыг ойлгож, тусалдаг хүн болгон төлөвшүүлэх нь чухал. Найз нөхөд шиг харилцаж, өөрийг нь ойлгож, өөрийгөө ойлгуулах тал дээр энгийн дотно, ээнэгшилт харилцааг тогтоох нь хүүхэд цаашлаад амжилт гаргахын үндэс юм шүү.

-Ер нь монгол хүүхдийн харилцааны сэтгэл зүйн онцлог ямар байдаг вэ?

-Өсвөр насны хүүхэд дотоод сэтгэлдээ удаан тээсэн стрессээсээ болж амиа хорлох эрсдэл байдаг. Энэ нь сургууль болон ар гэртээ харилцааны дэмжлэг авч чадаагүйгээс үүсдэг. Монгол хүүхдийн харилцааны онцлог нь бусадтай хамтрах, харилцах дур сонирхолтой боловч бусдаас дэмжлэг авах чанар дутагдалтай, дотогшоо тал руугаа байдаг. Энэ нь эцсийн үр дүнд олон талын сөрөг нөлөөтэй. Тиймээс сургуулийн орчинд сэтгэл зүйч байх шаардлагатай байдаг боловч нийгмийн ажилтны ажил, үүргийн хувьд ачаалал ихтэй байдаг учир тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй. Хүүхдүүдээс тандалт судалгаа аваад үзэхэд сургуулийн орчинд сэтгэл зүйчийн хэрэгцээ, шаардлага хэрэгтэй гэдгээ мэдэрсэн байдаг.

-Боловсролын сэтгэл судлалаар боловсон хүчин хэр бэлтгэгдэж байна вэ?

-Анх 1996 оноос эхлээд Багшийн дээдийг сэтгэл судлаачаар төгсөж эхэлсэн бөгөөд боловсон хүчний хувьд тулгамдсан асуудал биш. Боловсролын сэтгэл судлаач сургуулийн орчинд хүүхдийн сэтгэл зүйд тохирсон зөвлөгөө өгч, мэдээлэл хүргэх, сэтгэл зүйч хийх орон тоо зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.6) 2020 оны 01 сарын 22

ELII BALAI YUM SOLIOROOD TENEGTEED BAI

0  |  0
Top