Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.01.22/ Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд зохион байгуулсан “Байгаль, хүмүүний төлөөх Засгийн газруудын эвсэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Энэхүү хэлэлцүүлгийг “National Geographic” нийгэмлэг, “The Wyss” сан, Бүгд Найрамдах Коста-Рика болон Бүгд найрамдах Франц улсын Засгийн газрууд хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.
-Монгол Улс, монголчуудын хувьд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйг эрхэлсэн өвөрмөц соёл иргэншлийн явцдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа тахин шүтэж, байгальтайгаа зохицон амьдрахыг эрмэлзэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Түүний дотор тусгай хамгаалалтад газар нутгийг оруулах, түүний ач холбогдлын тухай ойлголт олон зуунаар уламжлагдан ирсэн түүхтэй.
-Аль 1294 онд Улаанбаатар хотын урд хэсэгт орших Богд хаан уулыг төрийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Монголын Их Юань Улсын хаан гаргаж байлаа. 1992 онд Рио-де Жанейро хотноо хуралдсан НҮБ-ын “Байгаль орчин ба Хөгжил” сэдэвт дээд хэмжээний чуулган дээр Монгол Улс “Нийт газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтанд авч байгалийн унаган төрх, онгон дагшин байдлыг хадгалах Шим мандлын нөөц газар (Biosphere reserve) болгон эх дэлхийдээ бэлэг барина” хэмээн албан ёсоор тунхагласан.
-Далайд гарцгүй, байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий орнуудын нэг учир Монгол Улс унаган байгалиа хамгаалах, хойч үедээ хадгалан үлдээх чухал арга хэмжээний нэгийг тусгай хамгаалалттай газар, сүлжээг өргөтгөх гэж үздэг. Үүнийг төр, засаг, ард иргэд бүгдээр сайтар ойлгож, хамтран ажиллаж байгаа болно.
-Монгол Улсад өнөөгийн байдлаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ нийт нутгийн 20, орон нутгийн хамгаалалтад авсан газрыг оруулбал 30 хувьд дөхөөд байна. Эдгээр нутгууд нь анхдагч экосистемийн төлөв байдлыг хадгалсан тулгуур газар нутаг болж, экосистемийн үйлчилгээний өвөрмөц голомт нутгийн үүргийг гүйцэтгэж байна.
-Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг саармагжуулахад Тусгай хамгаалалттай газар нутгийн хувь нэмрийг тооцох зорилгоор 2019 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн 170 гаруй улс орныг хамруулан хийсэн судалгаагаар Монгол Улс хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн. Энэ чиглэлээр манай хийж буй ажлын бодитой үр дүн гэж үзэж болно.
-Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжин “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна.
-2020 он бол дэлхийн хэмжээнд байгаль орчны асуудлаар чухал шийдвэрүүд гаргах, нэгэнт гарсан хамтын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахад чухал жил болох учиртай. Дэлхий нийтээр 2020 оныг SUPER YEAR гэж тодорхойлсон.
-Монголчууд бид дэлхийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах үйлсэд нэгдэн далай, тэнгисийн тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх нь энэ цаг үед чухлыг онцлохын ялдамд Далайн улс орнуудыг энэ эвсэлд нэгдэхийг уриалж байна. Нэг дэлхий, нэг байгаль, нэг л орчин бидэнд бий.
Сэтгэгдэл ( 0 )