Ухань хотын нийтийн тээвэр бүрэн зогслоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Хятадын Ухань хотод анх илэрсэн шинэ төрлийн 2019-nCoV коронавирусээр халдварласан хүний тоо 570-ас давж, 17 хүн нас барлаа гэж өнөөдөр /2020.01.23/ тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ.

Халдвар авсан хүмүүсийн 95-ын биеийн байдал нь хүнд байгаа бол 5.8 мянган хүнийг тусгаарлаад байна.

Бээжин хотод вирусээр халдварласан хүний тоо 14 болж өссөн бол Гуандун муж, Шанхай хот зэрэгт тархалтын тоо өндөр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцгой байдлын хороо халдвартай холбоотой анхны шуурхай хуралдаанаа лхагва гарагт хийсэн бөгөөд олон улсын хэмжээнд онц байдал тогтоох эсэх асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тэдрос Аданом Гебрейесус үүсээд буй нөхцөл байдлыг “хүнд” хэмээн үнэлжээ. Түүний хэлснээр, нэмэлт мэдээлэл шаардлагатай байгаа тул онцгой байдлын хороо хуралдаанаа үргэлжлүүлэхээр болжээ. Тэрбээр Хятадын эрх баригчдын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, тус улсад ДЭМБ-ын ажлын хэсэг орон нутгийн шинжээч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, нэмэлт мэдээлэл цуглуулж байгааг дурдсан байна. Хуралдаанд Хятад, Тайланд, Өмнөд Солонгос, Японы төлөөлөгчид оролцож, мэдээлэл солилцжээ. Талууд коронавирусын халдварыг онцгой байдал гэж үзэх эсэх дээр санал зөрөлдсөн байна. ДЭМБ-ын эрүүл мэндийн салбарын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан 2019-nCoV вирус хүнээс хүнд ямар замаар, хэрхэн халдварлаж байгааг тогтоох нь тэргүүн зорилт болоод байна гэж онцолжээ. Хятадын эрх баригчид хүнээс хүнд халдварлаж буйг баталсан бөгөөд өдгөө тархалтыг  хязгаарлах арга замыг тогтоох шаардлагатай байна гэж тэрбээр онцолжээ.

Одоогийн байдлаар коронавирусээр халдварласан тохиолдол Тайланд, Өмнөд Солонгос, ОХУ, АНУ, Япон зэрэг улсад бүртгэгдээд байна. Шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай төстэй шинж тэмдэг Сингапур, Филиппинд илрээд байна.

Өнөөдрөөс эхлэн Ухань хотын нийтийн тээврийн бүх хэрэгслийг зогсоож байгаа бол нисэх онгоцны буудал, төмөр замын буудлуудыг хаажээ. Тээврийн үйлчилгээ хэзээ дахин сэргэх нь тодорхойгүй байна. Мөн тус улсад хамгаалалтын маск зүүх шаардлага тавьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top