ТОЙМ: Вирус үгүй бол ДЭЛХИЙД юу тохиолдох вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Вирус зөвхөн нийгмийг сүйрүүлж, хүн төрөлхтөнд өвчин зовлон авчрахын тулд оршдог мэт санагдах нь бий. 1918 оны томуугийн халдварын улмаас 50-100 сая хүн амиа алдаж, зөвхөн 20 зуунд гэхэд салхин цэцэг өвчнөөр 200 сая хүн нас барсан гээд вирус энэ мянган жилд тоолж баршгүй хүний амийг авч одсон. Өнөөгийн КОВИД-19 бол вирусний өнө мөнхийн цуврал халдлагын зөвхөн нэг нь.

Хэрэв бүх вирусийг шидийн аргаар алга болгох боломж олдвол ялангуяа энэ цагт хүн бүр л зөвшөөрөх байх. Гэтэл энэ нь аймшигтай алдаа байх болно. Ямар ч вируснээс илүү хөнөөлтэй сонголт. Хэрэв бүх вирус гэнэт алга болбол дэлхий ертөнц зөвхөн нэг хоног хагас хугацаанд л диваажин шиг байна. Үүний дараа бид бүгд мөхнө гэж Висконсин-Мэдисоны их сургуулийн халдварт өвчин судлаач Тони Голдберг ярьжээ. Түүний хэлснээр, тэдний энэ дэлхийд гүйцэтгэж буй үүрэг тэдний учруулж буй муу бүхнээс ч илүү чухал.

Ихэнх вирус хүнд өвчин үүсгэдэггүйгээр үл барам экосистемийг хадгалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Олон төрлийн вирус мөөгөнцөр, ургамлаас авахуулаад шавж, хүний эрүүл мэндийг хамгаалж байдаг. Бид төгс тэнцвэрт байдалд оршин амьдардаг бөгөөд үүний нэг хэсэг бол яахын аргагүй вирус юм. Вирус үгүй бол бид оршихгүй гэж Мехикогийн үндэсний их сургуулийн вирус судлаач Сюзана Лопез Шарретон онцолсон байна. Бид хэчнээн хүссэн ч дэлхий дээрх бүх вирусийн устгаж чадахгүй. Гэхдээ вирус үгүй дэлхийг төсөөлснөөр вирусүүд бидний амьдралын нэгэн салшгүй хэсэг бөгөөд тэднээс ямар их зүйлийг суралцаж болохыг илүү ойлгох болно. Эрдэмтэд дэлхий дээр хэдэн төрлийн вирус байдгийг өнөөг хүртэл тогтоож чадаагүй л байна. Одоогоор олон мянган төрлийн вирусийг илрүүлсэн ч цаана нь олон сая ч байх боломжтой. Нийт оршин буй вирусний хэдэн хувь нь хүнд өвчин үүсгэдэг нь мөн тодорхойгүй. Статистикийн хувьд энэ нь тэгтэй ойролцоо л байх болов уу гэж Британийн Колумбын их сургуулийн судлаач Куртис Саттл онцолжээ.

Экосистемийн аврагч

Нян бактерийг халдварлуулдаг вирусүүд туйлын чухал. Эдгээрийг грек хэлээр “phagein” буюу ховдог гэж нэрийддэг. Тэд үнэхээр ч ховдог. Тэд нянгийн ертөнц дэх аюултай “махчин”. Тиймээс тэдэнгүйгээр бид том асуудалд орох болно гэж Голдберг өгүүлжээ. Эдгээр вирус нь далай зэрэг манай гарагийн бүхий л экосистем дэх нянгийн тоо толгойг зохицуулдаг байна. Хэрэв бүх вирус гэнэт алга болбол зарим нянгийн тоо хэмжээ асар ихээр нэмэгдэх бол зарим нян устаж үгүй болно. Ялангуяа оршин суугчдынх нь 90 хувийг бичил биет эзэлдэг далайд ноцтой асуудал үүсэх аж. Эдгээр бичил биет манай гарагийн хүчил төрөгчийн тал хувийг үйлдвэрлэдэг бөгөөд вирусний ачаар л энэ үйл явц тасралтгүй үргэлжилж  байдаг. Вирус далайн нянгийн 20 хувийг, бичил биетийн 50 орчим хувийг устгадаг. Ингэснээр планктон буюу бичил хөвөгчид тэжээлээр хангагдаж, манай гараг дээрх амьдралыг тэтгэгч хүчил төрөгчийг ихээхэн хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болдог байна. Үхэл үгүй бол амьдрал үгүй. Учир нь амьдрал тэр чигтээ дахин боловсруулах үйл явц юм. Харин энэ үйл явцад вирус голлох үүрэг гүйцэтгэдэг.

Хортон шавж судалдаг эрдэмтэд вирус нь тэдний тоо хэмжээг зохицуулахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг мөн тогтоожээ. Тодорхой нэг төрлийн хортон шавж хэт өссөн тохиолдолд вирус тухайн төрлийг онилж, устгадаг. Экосистемийн чухал энэ үйл явцыг “ялагчийг хөнөөх” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь маш олон төрөл, тэр дундаа хүмүүний төрөлд ихээхэн дэлгэрчээ. Харин бид үүнийг цар тахал гэж нэрлэдэг. Тухайн төрлийн тоо толгой хэт олшроход вирус маш хурдан өсөн үржиж, “аюулыг” бууруулах замаар биологийн бусад төрөл зүйлд амьдрах орон зай бий болгодог байна. Вирус үгүй болсноор илүү хүчтэй, өрсөлдөх чадвартай төрөл цэцэглэн, бусад төрлөө хөнөөх болно. Тиймээс вирус нь энэ өрсөлдөөнт ертөнцөд зарим төрөл зүйлийн авралын од гэсэн үг.

Түүнчлэн судлаачид вирус хүн, амьтны биед орших ашигтай нян, бичил биетийг дэмждэг гэж үздэг. Хэдийгээр эдгээр нь сайн судлагдаагүй ч хүний экосистемийн ч тэр, байгаль орчны ч тэр салшгүй нэг хэсэг болохыг баталсан олон жишээ гарсаар байдаг. Жишээ нь, АНУ-ын “Yellowstone” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өвс ургамлыг колончилсон мөөгөнцрийг вирус халдварлуулж, энэ газрын өвс ургамлыг газрын гүнийн дулаанаас үүдэлтэй халуун хөрсөнд тэсвэртэй болгожээ. Ургамал болон мөөгөнцөр үеийн үед вирус дамжуулсаар ирснийг эрдэмтэд олж тогтоосон байна. Хэдийгээр эдгээр вирусний үүргийг олж нээгээгүй байгаа ч вирус эзэндээ ямар нэгэн байдлаар ач тустай гэж эрдэмтэд үздэг. Тиймээс вирус үгүй бол тэдний эзэд болох ургамал, амьд амьтан мөхнө гэж эрдэмтэд онцолсон байна.

Хүн төрөлхтний аврагч

Ашигтай вирусээр халдварлах нь өвчин үүсгэгчээс хамгаалахад ач тустай. Баруун Нилийн вирус, денге чичрэг өвчний вирусний нэг төрөл болох гепатит С вирус ХДХВ-г ДОХ болох явцыг удаашруулдаг байна. Мөн С вирус Эбола өвчнөөр нас барах эрсдэлийг буруулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Нэг удаа халдварлаж, насан туршид хүний биед үлддэг херпес вирус хүний дархлааг дэмжих замаар бие организмтой харилцан ашигтай зэрэгцэн оршдог байна.

Түүнчлэн, тодорхой өвчнийг эмчлэхэд вирусийг ашиглах тохиолдол бий. 1920-иод онд нянгийн халдварын эсрэг вирусийг ашиглах судалгаа хийж байжээ. Өдгөө энэ чиглэлийн судалгааг эрчимтэй хийж байгаа нь антибиотикт дасал болох нь нэмэгдсэнтэй холбоотойгоос гадна антибиотик нь хүний бие организм дахь ашигтай, ашиггүй нянг бүхлээр нь устгадаг тул тодорхой нянг устгахад чиглэсэн эмчилгээний аргыг боловсруулах шаардлага гарчээ. Антибиотикоос илүү вирусний тусламжтай олон төрлийн амьд амьтны амийг аврах боломжтой. Хорт хавдрын эсийг сонгон халдварлуулж, устгадаг онколитик вирус нь хорт хавдрыг эмчлэх хор багатай, илүү үр дүнтэй арга болох нь тогтоогдсон байна. Хорт нян эсвэл хорт хавдрын эсийг онилохдоо эмчилгээний вирус бичил пуужин шиг байг илрүүлэн, устгадаг гэж эрдэмтэд тайлбарлажээ. Судалгаа, технологийн хөгжилд вирусийг ашигласнаар эмчилгээний шинэ үед хүрэх боломжтой.

Байнга өсөн үржиж, хувьсан өөрчлөгдөж байдаг тул вирус генийн инновацын асар их нөөц юм. Вирус нь бие организмд нэвтрэн орсноор өсөн үрждэг. Хэрэв вирус үр хөврөлийн үүдэл эсэд нэвтэрвэл вирусний код дараагийн үед дамжин, нэгддэг байна. Вирусний халдвар авах боломжтой бүхий л организм вирусний генийг шингээж, ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Шинэ ДНК-г генд нэвтрүүлэх нь хувьслын гол хэлбэр. Өөрөөр хэлбэл, вирус үгүй болбол манай гараг дээрх бүхий л амьд амьтан, тэр дундаа хомосапиенсын хувьсах чадвар алдагдах эрсдэлтэй аж. Хүний гэнийн найман хувийг вирусний элемент бүрдүүлдэг бол хөхтөн амьтны ген вирусний гаралтай генийн 100 мянга орчим ул мөрийг агуулдаг байна. 2018 онд судалгааны хоёр баг тус тусдаа нэгэн гайхалтай нээлт хийжээ. Вирусний гаралтай ген мэдрэлийн систем дэх мэдээллийг эс хооронд дамжуулах замаар удаан хугацааны санах ойг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг уургийг кодолдог болохыг тогтоожээ. Хүүхэд төрүүлэх чадварт 130 сая жилийн өмнө бидний өвөг дээдсийг халдварлуулсан реторвируснээс сонгосон генийн код тодорхой хэмжээгээр нөлөөлснийг судалгаа харуулжээ. Энэхүү судалгааг хийсэн эрдэмтэд хэрэв бидний өвөг дээдэс ретровирусний халдвар аваагүй бол хүн бүрэлдэх явц огт өөр байх байсан гэж үзсэн байна. Ийм шинж чанар олон эст амьдралын бүх хэлбэрт ажиглагддаг гэж шинжээчид итгэлтэй байна. Гэхдээ вирус үүнээс ч илүү үүрэг гүйцэтгэдэг нь дамжиггүй. Гагцхүү нээж илрүүлэх л үлдсэн. Эрдэмтэд вирус амьдралыг хэрхэн тэтгэдэг арга хэлбэрийг дөнгөж судалж эхэлсэн. Бид зөвхөн өвчин үүсгэгч чанарыг нь бус вирусний талаар илүү ихийг олж мэдэхийн хэрээр вирусийг сайн зүйлд ашиглан, дараа дараагийн цар тахалд хүргэх бусад хөнөөлт вирусний эсрэг хамгаалах аргыг бий болгох боломжтой. Тэр бүү хэл, вирусний олон янзыг судалснаар бид манай гараг, экосистем, бүх амьд амтны талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй болно. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө вирусний ертөнцийг судлахад илүү их хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэдэгт эрдэмтэд санал нэгдэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.24.253) 2020 оны 06 сарын 19

Амьгүй хоорондоо уялдаагүй юм гэж байдаггүй.

0  |  0
Гааа(66.181.165.92) 2020 оны 06 сарын 19

Болжмороо устгаад ,,,,,,,,,,,,,,

0  |  0
Нанаа (66.181.165.92) 2020 оны 06 сарын 19

Болжмороо устгаад яасан гэдэг билээ

0  |  0
Top