ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: ОХУ-ыг өөрчлөлт хүлээж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинээр томилогдсон Ерөнхий сайд Михаил Мишустиний танилцуулсан засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталлаа. Нийт 32 сайд, шадар, дэд сайдаас 15 нь шинэ гишүүн байна.

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх засгийн газрын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, гадаад хэргийн сайд Сергей Лавров, иргэний хамгаалалт, онцгой байдал хариуцсан сайд  Евгений Зиничев, сангийн сайд Антон Силуанов нар улирч байгаа бол хууль зүйн яам, эдийн засгийн хөгжлийн яам, холбоо, цахим хөгжлийн яам, шинжлэх ухаан, дээд боловсролын яам зэрэг яамдын тэргүүнийг өөрчилсөн байна. ОХУ-ын шинэ засгийн газрын талаарх дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэж байна.

АНУ-ын The Wall Street Journal

Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулах төлөвлөгөөгөө өнгөрсөн долоо хоногт танилцуулсныхаа дараа засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг томиллоо. Татварын албаны дарга асан Михаил Мишустиний тэргүүлсэн танхимд сангийн яам, гадаад хэрэг, батлан хамгаалах зэрэг үндсэн чиглэлийн яамдын  тэргүүн нар улирч үлдлээ. Владимир Путин засгийн газрын нэгдүгээр орлогч даргаар улсын зардлыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоог дэмждэг Андрей Белоусовыг томилжээ.

The New York Times

Путины шинэ ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнийг танилцуулсан бөгөөд гол гол сайдууд нь албан тушаалаа хадгалж үлджээ. ОХУ-ын засгийн газарт сүүлийн арван жилд гарч буй томоохон өөрчлөлтүүд ийн ил гарч  ирэхийн хэрээр Путины урт хугацааны төлөвлөгөөний агуулга, ийм төлөвлөгөө бий эсэх нь оньсого хэвээр байна.Тэрбээр Холбооны хуралд хандан үг хэлэх үеэр анхны дохио өгсөн цагаас хойш шинэ томилгоо, нууцлаг хуулийн төслийн талаарх мэдээлэл өдөр бүр гарах болсон. Кремлийн асуудал хариуцсан олон улсын шинжээчид эдгээр дохионы учрыг олох гэж янз бүрийн эсрэг тэсрэг таамаг, санал дэвшүүлэх халдвар аваад байна.

Их Британи, The Financial Times

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын тогтвортой бус эдийн засгийн өсөлтийг түргэтгэх зорилгоор сайд нарын танхимд илүү олон технократуудыг оруулж ирсэн шинэ ерөнхий сайдын саналыг дэмжлээ. Шинэ Ерөнхий сайд Михаил Мишустин Холбооны татварын албанд хамтарч ажиллаж байсан хоёр нөхрөө өөрийнхөө орлогч болгожээ. Шинэ тэргүүн шадар сайд Андрей Белоусов Путины эдийн засгийн зөвлөхөөр олон жилийн туршид ажиллаж байсан бөгөөд эдийн засаг дахь төрийн оролцоог дэмждэг. Путины ихэнх хамтран зүтгэгчид болох гадаад хэргийн сайд Сергей Лавров болон хүчний бүх яамдын тэргүүн нар албан тушаалаа хадгалан үлджээ".

Герман, Frankfurter Allgemeine Zeitung

Оросын засгийн газрын шинэ тэргүүн Кремлийн эзэн Владимир Путинд танхимын шинэ сайд нараа танилцуулав. Сүүлийн 16 жил гадаад хэргийн сайдын албыг хашиж буй Сергей Лавров, батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар шинэ засгийн газарт үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. Түүнчлэн Владимир Колокольцев дотоод хэргийн сайдаар хэвээр үлджээ. Гэхдээ олон яамдыг шинэ хүмүүс тэргүүлэх болсон байна. Өмнө нь Путин тус улсыг өөрчлөлт хүлээж буйг тодорхой ойлгуулсан билээ.

Die Zeit

Стратегийн чухал яамдыг тэргүүлж буй сайд нарыг сольсонгүй. Медведевийн танхим огцорч, засгийн газрын өөрчлөлтүүд улс төрийн өдөр тутмын асуудлаас хальж байна гэж ихэнх ажиглагчид үзэж байна. Үүнээс өмнөхөн Путин Үндсэн хуулийг шинэчлэх тухай зарласан бөгөөд түүний мэдэгдсэнээр энэ өөрчлөлт Оросын улс төрийн тогтолцоонд эрх мэдлийн тэнцвэрийг хангах учиртай.

Франц, Agence France-Presse

Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар мэдэгдсэнээс хойш нэгхэн долоо хоногийн дараа Оросын Ерөнхийлөгч засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа. Путин спорт, эрүүл мэнд, боловсрол, соёл зэрэг нийгмийн асуудлыг хариуцсан хэд хэдэн сайд нарыг өөрчилжээ. Эдгээр салбар нь хямралыг үеийг туулж байгаа юм.

Ouest-France

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг нэрлэлээ. Сергей Лавров, Сергей Шойгу зэрэг хүнд жингийн улстөрчид гадаад хэрэг, батлан хамгаалахын сайдын албан тушаалаа авч үлджээ. Стратегийн ач холбогдолтой дотоод хэрэг, эрчим хүчний яамдын тэргүүн нар өөрчлөгдсөнгүй. Ерөнхий сайд Михаил Мишустин оросуудад амьдралын түвшинг дээшлүүлэх зэрэг бодит өөрчлөлтүүдийг амласан. Өмнөх танхимын рейтинг оросуудын өмнө тулгараад буй эдийн засгийн хүндрэлүүдээс үүдэн буурч байсан юм.

Япон, NHK

Гадаад хэргийн сайд Лавров, батлан хамгаалахын сайд Шойгу, эрчим хүчний сайд Новак зэрэг үндсэн чиглэлийн сайд нар албан тушаалдаа хэвээр үлдэв. Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг Пермийн хязгаарын амбан захирагч Максим Решетников хаших болжээ. Эдийн засгийн хөгжлийн яам нь ОХУ, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны цонх юм. Үүнээс өмнө Путин засгийн газраасаа үндэсний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд нэгдэхийг шаардаж байсан. Шинэ засгийн газрын тэргүүлэх зорилт нь эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын түвшин, боловсролын стандартыг дээшлүүлэх явдал юм.

Nikkei shimbun

Мишустиныг ерөнхий сайдаар, Путины ойрын хүн Андрей Белоусовыг тэргүүн шадар сайдаар томилсон нь төрийн хяналтыг бэхжүүлэх Путины санааг илтгэж байна. Белоусов 2012-2013 онд эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр томилогдож байв. Засгийн газрын хоёрдугаар хүн болсон тэрбээр Путины шаардаж буй эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гаргах нь дамжиггүй. Гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нар улирч үлдэв. ОХУ-д эдийн засгийн бодлогыг Ерөнхий сайд хариуцдаг бол гадаад бодлого болон аюулгүй байдлын асуудлыг Ерөнхийлөгч шууд хянадаг. Лавров, Шойгу нарыг дахин томилсон нь ОХУ Хятадтай дотносох чиглэлээ үргэлжлүүлнэ гэсэн үг бөгөөд АНУ-тай сөргөлдсөн хандлага хадгалагдаж үлдэх магадлалтай байна.

Jiji

ОХУ-ын шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд гадаад хэргийн сайд С.Лавров, батлан хамгаалахын сайд С.Шойгу нар үлдсэн нь дипломат болон батлан хамгаалах салбарын өнөөгийн бодлого үргэлжилнэ гэдгийг хэлж байна. 2004 оноос гадаад хэргийн сайдын албыг хашиж буй Лавров үлдэх эсэх нь олны анхаарлыг татаж байсан юм. Түүнийг албан тушаалд нь үлдээх шийдвэр өнөө хэр сайжрах шинж ажиглагдахгүй байгаа ОХУ, АНУ-ын харилцаа зэрэг хэд хэдэн асуудалтай холбоотой. Түүнчлэн, ОХУ Ойрх Дорнодын нөхцөл байдалд улам бүр татагдан орж байна.

БНХАУ, Renmin Ribao

ОХУ-ын шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд гадаад хэргийн сайд Лавров, батлан хамгаалахын сайд Шойгу нар улирч үлджээ. Энэ нь ихээхэн анхаарал татаж байна. Энэ нь Путин батлан хамгаалахын болон гадаад бодлогын салбарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буйг илтгэж байна.

Энэтхэг, Outlook

Өнгөрсөн долоо хоногт өөрчлөлт шаардлагатай байна гэж мэдэгдэж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч гадаад хэрэг, батлан хамгаалах, эрчим хүчний сайд нар зэрэг өөрийн гол гол хамтран зүтгэгч нарыг албан тушаалд нь авч үлджээ. Гэхдээ тэрбээр нийгмийн асуудал эрхэлсэн хэд хэдэн албан тушаалтныг солив”.

Куб, Prensa Latina

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустиний тэргүүлсэн шинэ засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ зорилгодоо үндэсний төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэх замаар хүрэхээр төлөвлөж буй нь илт байна. Ерөнхийлөгч Владимир Путины өмнөх засгийн газарт сэтгэл хангалуун бус байсан шалтгааны нэг нь Ерөнхийлөгчийн тавдугаар сарын гэх зарлигийг хэрэгжүүлэлгүй, илт удаашруулж байсантай холбоотой. Холбооны татварын албаны тэргүүн асан, шинэ Ерөнхий сайд Путинтэй хийсэн уулзалтын үеэр танхимын сайд нар өөрсдийн биеэр үндэсний төслийг хэрэгжүүлэлтийг хариуцаж ажиллана хэмээн онцолсон.

Израиль, Ediot ahronot

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ засгийн газрыг бүрэлдэхүүнийг баталжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн үед цэг тавьж байгаа юм. Танхимд шинэ хүмүүс бий ч ихэнх сайд нар албан тушаалдаа үлджээ. Засгийн газар эдийн засгийн шинэ сайд, шинэ шадар сайд томилогдсон ч сангийн сайд, гадаад хэрэг, батлан хамгаалах, эрчим хүч, хөдөө аж ахуйн сайд нар албан тушаалаа авч үлджээ. Путин улс төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн нь Дмитрий Медведевийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход хүргэж, үүнээс хойш долоо хоногийн дотор шинэ засгийн газар бүрэлдэж байна.
 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН
 

Сергей Шойгу - Батлан хамгаалахын сайд (байсан)

Сергей Лавров - Гадаад хэргийн сайд (байсан)

Евгений Зиничев - Иргэний хамгаалалт, онцгой байдал хариуцсан сайд (байсан)

Константин Чуйченко - Хууль зүйн сайд (шинэ)

Владимир Колокольцев - Дотоод хэргийн сайд (байсан)

Ольга Любимова - Соёлын сайд (шинэ)

Александр Новак - Эрчим хүчний сайд (байсан)

Евгений Дитрих - Тээврийн сайд, (байсан)

Денис Мантуров - Аж үйлдвэр, худалдааны сайд (байсан)

Максут Шадаев - Холбоо, цахим хөгжлийн сайд (шинэ)

Дмитрий Кобылкин - Байгалийн нөөц, экологийн сайд (байсан)

Михаил Мурашко - Эрүүл мэндийн яамны сайд (шинэ)

Дмитрий Патрушев - ХАА-н сайд (байсан)

Владимир Якушев - Барилгын сайд (байсан)

Сергей Кравцов - Гэгээрлийн сайд (шинэ)

Валерий Фальков - Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд (шинэ)

Александр Козлов - Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд (байсан)

Олег Матыцин - Спортын сайд (шинэ)

Антон Котяков - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (шинэ)

Антон Силуанов - Сангийн сайд (байсан)

Максим Решетников - Эдийн засгийн хөгжлийн сайд (шинэ)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top