Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Намсрай агсны нэрэмжит “Утгын чимэг-2019” наадмын шилдэг аравт тунасан МЗЭ-ийн шагналт зохиолч Сааюугийн Баттулгын "Зүүдний сахиул" бүтээлийг хүргэж байна.
Жаал хүү шөнө бүр ижийгээ зүүдэлж дэвсгэр гудсаа нойтогнуулж хононо. Тэр бүрийд эцэг нь хүүгийнхээ духыг нь үнэрлэн санаа алдахаас бус зэмлэж үл зүрхэлнэ. Унтах сэрэхийн хооронд нойр хугасалсаар өглөөн нартай золгосон эцэг хүү хоёр өнгө нь гандаж, шивтэр ханхалсан хучлага дэвсгэрээ нар тосуулж дэлгэх зуур хүү урьд шөнийн зүүдээ ярина. Эцэг нь хүүгийнхээ яриаг анхааралтай сонссоныхоо дараа аль л учрал билэгдэл дүүрэн сайхан үгсээр зүүдийг нь тайлж өгөхийг хичээнэ. Хэрэв хүү ямар нэг таагүй зүүд зүүдэлсэн бол эцэг нь ам нээхийн өмнө тэртээх тэнгэрийн хаяанд уусан алдрах их уулсын зүг ширтэж хэсэг зуур зогсоно. Хүү “Аав, миний зүүдийг юу гэж тайлах бол, ижий минь үнэхээр буцаж ирэх болов уу? Гэж бодсоор эцгийнхээ ам нээхийг тэвчээртэй хүлээнэ.
Жил гаруйн өмнө ижий нь хүүгийн үл мэдэх нэгэн шалтгаанаар аль байдгаараа гоёж гоодож аваад хот орох замын унаанд суугаад явчихжээ. Тэр үед эцэг нь яагаад ч юм ижийг нь явуулахгүй гэж хэчнээн хориглоод ч дийлээгүй. Ижийнхээ араас тэмүүлэн эцгийнхээ тэвэрт уйлж үлдсэн тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа хүү анх ижийгээ зүүдэлжээ. Өглөө зүүдээ ярихад эцэг нь үг дуугүй санаа алдаад хүүг дагуулан суурингийн арын ухаа өөд өгсжээ. Ойр хавьдаа л өндөрлөгт тооцогдох тэрхүү элсэн манхны орой дээрээс эдгэрч бүдгэрсэн зам харуулдан удтал сууцгаах зуураа эцэг нь зүүдний тухай учир нь үл ойлгогдом их л олон зүйлийг хүүд ярьж өгчээ. Тэгэхдээ “Миний хүү болж л өгвөл ижийгээ буцаад ирж байна. Гэж зүүдэлдэг юм шүү...” хэмээн их л аргадаж царайчилсан өнгөөр захисан аж. Эцэг нь хэсэг зуур чимээгүй суухад хүү нүдээ анин ижийгээ ирчихсэн байгаагаар төсөөлөн бодлоо. Бодох тусам тагнайд нь сүү амтагдах шиг болоход хүү нүдээ нээн суурингийн зүг эргэж харлаа. Гэвч олон зуны наранд түлэгдэж хөхөртсөн хэдэн банзан амбаар гал авалцан шатахаар утаа уугиж байна уу, гэлтэй хөөгдөж үзэгдэнэ. Оршин суугчид нь орхиж одоод уйтгар гунигаас өөр юу ч үлдээгүй энэхүү суурингийн сахиул эцэг хүү хоёрыг ижийгээс нь эхлээд орчлонгийн бүх хүмүүс ор тас мартчихсан мэт санагдахад хүү өөрийн эрхгүй санаа алдав.
Нэгэнтээ холыг зорьсон нүүдэл зам таарч сууринг бараадан хоноглохоор буудаллахад эцэг хүү хоёр цай идээ барьсаар угтаж очив. Нүүдэлчид ачаа хөсгөө буулгахаар шөрхөлсөн тэмээдийн бурантаг салгах үед том улаан атны ачаа хүүд их содон харагдлаа. Тэнгийн хоёр арагний ёроолд утаа зуусан хар хурмаш, шинэхэн эсгийний тасархай зэргийг давхарлан дэвсэж нэгэнд нь хоёр хүүхэд, нөгөөд нь нүдээ ч нээж амжаагүй долоо найман гөлөгийг эхтэй нь хамт ачаалжээ. Эцэг нь нүүдэлчидтэй мэнд солилцоод тэн өргөж, ачаа барааг нь буулгалцаад нэгэн өвгөжөөр эртэй энэ тэрийг хүүрнэлдэн тухлахад хүү хажуу бөөрөнд нь наалдан суулаа. Тэгэхдээ араг дотор удтал хөл хоригдож яваад сая л чөлөөтэй хөөцөлдөн тоглох хүүхдүүдээс илүүтэй хэдэн хөх дэрсний ёроолд эхийнхээ цувраа олон хөхийг шулдан буй гөлөгнүүдээс харцаа салгаж чадахгүй суув. Үүнийг нь анзаарсан шар жингэр “Энэ ер нь яах гээд байна?” гэсэн шиг үе үе хүүгийн зүг сэжиглэсэн харцаар хялалзан тэрүүхэн цээжнийхээ гүнд үл мэдэг архирна. Үдшийн бүрийд эцгийнхээ өрөөсөн гараас зүүгдэн аргал хомоолхонд бүдчин гэрийн зүг буцаж явахдаа ч хүү гөлөгнүүдийг мартаж чадахгүй бодсоор л явав.
Арчаагүй дорой гийнэх чимээнээр хүү сэрж ядан нүдээ нухлан нойрмоглосоор орноосоо өндийлөө. Гэтэл үс ноос халцарсан адасганы захыг хоншоороороо нудчин эхийнхээ хөхийг эрж элгээрээ мөлхөх гөлөг нүдэнд тусахад хүү уулга алдан ухасхийлээ. Эцэг нь үүр цүүрээр хөдөлсөн нүүдэлчдийн хөсгийг ачаалалцаж өгөхдөө хүүдээ хань бараа болгоё хэмээн уг гөлөгийг эздээс нь гуйж авсан ажээ. Энэ өдрөөс хойш гөлөгийг хооллож ундлахаас эхлээд багагүй ажил ундрах болсон тул хүү уйдах гэдгийг ор тас мартав. Өдөр ирэх тусам өсөж томрох гөлөгнөөсөө хүү алхам ч үл холдох бөгөөд гарч орохын алинд ч цээжиндээ тэвэрсээр явна. Нар шарсан нэгэн халуун өдөр цоож цуургыг нь зэв идсэн модон амбаарын сүүдэрт тоглож байхдаа гөлөгнийх нь тунгалаг хүрэн нүдэн дотор нэгэн халтар жаал байхыг олж хараад хүү ихэд гайхлаа. Энэ жаал хэзээ яаж яваад гөлөгнийх нь нүдэн дотор орчихсоныг хүү ойлгосонгүй. Удтал гайхширсны эцэст “Гөлөгний нүдэн доторх энэ жаалын ээж өөрийнх нь ижий шиг бас л түүнийг орхиод явчихаж. Тэгэхдээ эртээд суурингийн захад хоноглоод хөдөлсөн нүүдэлчдийн номхон улаан атны нуруун дээр өнөөх шар жингэрийн нүдэн дотор явчихсан юм байна” гэж бодлоо. Тэгэхээр хүү гөлөгийг эхээс нь салгуулаад зогсохгүй нүдэн дотор амьдардаг энэ жаалыг ч мөн ижийгээс нь хагацааж орхижээ. Ижийгээсээ хагацахын зовлонг хүү маш сайн мэднэ. Гэтэл өөр шигээ хоёрын хоёр нялх амьтныг нэг дор эхээс нь салгаж орхисондоо маш ихээр шаналж эхлэв. Бяцхан эзэн нь ийн шаналж буйг үл мэдэх гөлөг хаашаа ч эргэсэн дэргэд нь дагаж паацагнана. Тэгэх тусам гөлөгний нүдэн доторх жаал өөдөөс нь улам ч санаашрангуй ширтэх нь хүүгийн сэтгэлийг бүр ч ихээр зовооно.
Хүү нүүдэлчдийн араас явахаар шийдлээ. Хэрэв энэ тухай эцэгтээ хэлчих л юм бол ижийг нь явуулахгүй хэмээн хорьж хоргоосон шигээ өөрийг нь ч бас хориглоно гэдгийг хүү маш сайн мэдэж байв. Тиймээс ганц ширхэг ааруулны хугархай өвөртлөөд гөлөгөө дагуулсаар суурингаас гарлаа. Нүүдэлчдийн явсан зүгийг чиглэн алхахад халуун наранд улайдах шахсан сул элс хөлийн дороос тэсэхийн аргагүй төөнөнө. Хүү амьсгаадан алхсаар нилээд хэдэн гүвээ давсан хойноо түр амсхийн гөлөгнийхөө нүд рүү тонгойж харлаа. Гэтэл байдгаараа халтайж хөлс нь цувчихсан өнөөх бор жаал гайхсан харцаар өөдөөс нь ширтэж зогсоно. Юутай ч өнөөх жаал гөлөгний нүдэн дотор байсаар байгааг харж тайвширсан хүү хатаж омголтсон уруулаа хэлээрээ шилэмдэн инээмсэглэх зуураа “Намайг жаахан л хүлээчих. Би та хоёрыг удахгүй ээжүүдтэй чинь уулзуулна. Харин дараа нь би өөрийнхөө ижийг эрж олоод аавтайгаа гурвуулаа амьдарна...” гэж гөлөг, гөлөгний нүдэн доторх жаал хоёрт хэлээд өвөртөө хадгалсан ааруулынхаа хугархайг гаргаж гөлөгөндөө идүүллээ.
Хүүгээ алга болсныг мэдэн ихэд сандарсан эцэг нь зүг чиггүй хэд харайснаа суурингаас алсуур мөр огтоллоо. Гөлөг дагуулсан хүүгийнхээ мөрөөр орсон эцэг нар шингэхийн өмнөхөн ус ундгүй их талын дунд гөлөгөө тэвэрсээр ухаан алдаж унасан хүүгээ олов. Харин энэ үед хүү орхиж одсон ижийгээ холын хол тэнгэрийн цээлээс цөхрөнгөө барагдтал эрж явав. Гэтэл тэртээ алсад уйлан цурхирч, энэлэн гашуудаж буй эцгийнхээ дууг олж сонсоод тэр зүг рүү буцах гэсэн боловч хүү хэтэрхий хол явчихсан байлаа. Ийм хол замыг яаж тийм амархан туулснаа хүү ойлгосонгүй. Ямартай ч буцах ёстой гэдгээ л мэдэж байлаа.
Гурав хоногийн дараа хүү ухаан оров. Хүүг нүдээ нээхэд орны хөлд толгойгоо гилжийлгэн өөдөөс нь ширтэж сүүлээ шарвагануулан эрхлэх гөлөгний нүдэн дотор ижий нь өнөөх жаалыг тэврээд уйлж суулаа.
Сэтгэгдэл ( 0 )