Коби Брайант “Залуу Кобид илгээх захидал”

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Домогт сагсан бөмбөгч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдаж, дэлхийн өнцөг булан бүрд сая сая фэнүүд нь гашуудаж байна. Агуу тамирчны дурсгалыг хүндэтгэн, түүний бичиж байсан нэгэн захидлыг толилуулъя.

Коби Брайантын 17 настай өөртөө зөвлөгөө өгсөн захидал 2016 онд "The Players Tribune”-д нийтлэгдэж байлаа.
 


Сайн байна уу, 17 настай Коби

Маргааш “Лейкерс”-т орох чиний мөрөөдөл биелэх болно. Энэ үеэс эхлэн чи гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийх арга олох ёстой. Их амархан мэт сонсогдож байгаа болохоор чи ямар ч асуудалгүй гэж бодож байж болох. Гэхдээ миний дараагийн хэлэх үгийг сайн бодоорой.

Би хөрөнгө оруулалт хийх гэж хэлсэн.

Би зүгээр өг гэж хэлээгүй.

Ялгааг нь чамд тайлбарлаж өгье. Ойр дотнынхон, найз нөхдөдөө бэлэг өгөн, тэтгэх нь сайн зүйл юм шиг харагдах байх. Чи тэдэндээ хайртай, тэд ч чамайг сайн тамирчин болтол чинь дэмжиж ирсэн тул амжилтаа хуваалцахад яагаад болохгүй гэж. Тийм болохоор чи гэрийнхэндээ машин, том байшин бэлэглэж, төлбөр тооцоог нь дандаа даана.  Чи ойр дотнынхноо баян тансаг амьдраасай гэж хүсэж байгаа, тийм үү?

Чи өөрийгөө сайн, зөв зүйл хийж байна гэж итгэсэн ч үнэндээ ойр дотнынхондоо саад болж байсныгаа ухаарах цаг ирнэ. Тэдэнд туслахаар чамд өөрт чинь сайхан байсан болохоор л тусалж байсныгаа ойлгоно. Тэд дутах юмгүй, инээж баярлаж байгаа нь чамд таалагддаг байсан болохоор л чи тэдэнд тусалдаг байсныгаа  ухаарна. Үнэхээр амиа хичээсэн хэрэг шүү. Тэтгэж тусалсан өөрөөрөө бахархаад байж байх хоорондоо чи тэдний мөрөөдөл, хүсэл зоригийг бага багаар булаан авсаар л байна. Чи тэдэнд үнэтэй юм бэлэглэсэн ч хариуд нь чи тэдний хамгийн үнэтэй зүйл болох эрх чөлөө, хөгжиж цэцэглэх боломжийг нь булаан авч байна. 

Чи гэр бүлийн тэргүүн болно. Гэр бүлийнхэн, найз нөхөд чинь дургүйцсэн ч хамаагүй өөрийн шийдвэрээ гаргаж бай. 

Зүгээр битгий өг, харин тэдний ирээдүйд нь хөрөнгө оруулалт хий.

Өөрийн нэр төр, хөрөнгө мөнгө, танил талаа ашиглан, гэрийнхэндээ мөрөөдлөө олж, түүнийгээ биелүүлэх нөхцөлийг нь бүрдүүлж өг. Сайн боловсрол эзэмшиж, ажилд орон, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болоход нь тусал. Тэд чам шиг хөдөлмөрлөн, хичээж зүтгэг. Чи хөдөлмөрлөж байж л өдий зэргийн амжилтад хүрсэн шүү дээ.
 


Миний энэ зөвлөгөөг чи амьдралдаа шууд хэрэгжүүлээрэй. Тэгэхгүй бол чи ойр дотнынхон чинь чамаас бүгд хамаардаг болох үеийн асар их зовлонг туулах болно. Үнэндээ чи л тэднийг өөрөөсөө хамааралтай болгосон шүү дээ. Энэ хамаарал чамаас эхлээд ойр дотнын бүх хүмүүст чинь атаархал, гомдол, уур хилэн л авчирна.

Хэсэг хугацааны дараа чи тэднийг чамаас тусдаа амьдран, өөрийн амьдрал, амбицтай болж байхыг харна. Ингэснээр та нарын хоорондын харилцаа сайжирч, улам бэхжих юм. 

Би өөр олон зүйл бичмээр л байна. Гэхдээ чи дөнгөж 17 настай болохоор энэ 2000 үгийг дуустал нь уншаад суух тэвчээр байхгүйг би мэдэж байна.

Дараагийн удаа би өөрийн бизнест ах дүүсээ оруулахын зовлонг ярьж өгнө. Чамд өгөх хамгийн сайн зөвлөгөө бол эцэг эхээ “аав, ээж” чигээр нь үлдээ. Тэднийгээ менежер болгож болохгүй шүү.

Анхны гэрээгээ байгуулахаасаа өмнө эцэг эхдээ өгч болох мөнгөний зөв хэмжээг тогтоо. Тэднийг юугаар ч битгий дутаа, гэхдээ чи ажил төрлөө өөрөө л хийдэг байх хэрэгтэй. Ингэснээр чиний ач зээ, тэдний хүүхдүүд ч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломжтой болно.

Чиний амьдрал удахгүй өөрчлөгдөнө. Үйл явдал маш хурдтай өрнөх болно. Гэхдээ энэ бүхнийг сайн бодоорой.

Хэрэв чи анхнаасаа бүх зүйлийг зөв хийвэл дараа нь уйлж, шаналж, зовохгүй. Би одоо ч гэсэн зарим зовлонгоосоо салаагүй л байна.

Баяртай Коби

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(202.179.26.223) 2020 оны 01 сарын 28

yay. uhaantai humuun baijee. burhan mini

1  |  0
Top