Гадаад валютыг үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ оронд ашиглах үзэгдлийг ДОЛЛАРЖИЛТ гэж судлаачид тодорхойлдог. Тэгвэл Монголбанкнаас долларжилтыг бууруулахын тулд дараах арга хэмжээг авч байгаа гэж байна.
Гадаад валютын орлогогүй иргэд, аж ахуйн нэгжид гадаад валютаар зээл олгоход тооцогдох эрсдэлийн жинг 120 хувь байсныг 150 хувь болгон нэмэгдүүлэх, гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг 12 хувь байсныг 15 хувь болгож өгсөх зэрэг макро зохистой бодлогын арга хэмжээ авсан гэв.
Мөн банкуудын гадаад валютын эх үүсвэрийг ханшийн эрсдэлгүйгээр төгрөгт хөрвүүлэн иргэд, аж ахуйн нэгжид төгрөгөөр зээл олгох боломжийг бүрдүүлэх үүднээс банкуудтай урт хугацаат своп хэлцэл байгуулж ажиллаж байгаа аж.
Ингэснээр 2012-2013 онд 30 гаруй хувьтай байсан активын бодит долларжилт 2019 онд 12-13 хувь болж буурсан гэсэн мэдээллийг өгч байна.
Дашрамд дурдахад, манай улсын долларжилтын талаар судлаачдын хийсэн судалгааны ажлууд цөөнгүй бий. Ихэвчлэн суурь долларжилт, долларжилтaд нөлөөлөгч хүчин зүйлс болон долларжилтын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалдаг. Тэрчлэн долларжилтын түвшинг бусад дэлхийн бусад улс орнуудтай харьцуулан, дунд зэргийн /20-70 хувийн хооронд/ долларжилттaй гэж дүгнэсэн байдаг. Манай тухайд гадаад орчин таатай үед банк, санхүүгийн байгууллагууд гадаад зах зээлээс эх үүсвэр босгосноор пассивын долларжилт нэмэгддэг. Харин банкны системийн хувьд долларжилт нэмэгдэх нь макро эдийн засаг, банк санхүүгийн салбарт хэд хэдэн сөрөг үр дагаврыг дагуулдаг болохыг судаачид тодотгодог.
Тэгвэл банкны секторын нийт эх үүсвэрийг харахад нийт харилцахад валютын харилцахын эзлэх хувь 2019 оны хоёрдугаар улирлаас огцом өсөж, гуравдугаар улиралд 49 хувийг бүрдүүлсэн байгаа юм. Харин нийт хадгаламжид валютын хадгаламжийн эзлэх хувь харьцангуй тогтвортой байгаа бөгөөд гуравдугаар улиралд 22 хувийг бүрдүүлжээ.
Нөгөө талаас Монголбанкнаас валютын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн болон эрсдэлээр жигнэсэн активын харьцааг өсгөсөн зэрэг нь долларжилт үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ болж байна. Мөнгөний зах зээлд долларжилт нэмэгдэх нь мөнгөний бодлогын хүүгийн нөлөөг бууруулах сөрөг нөлөөтэй гэж Монголын банкны холбоо тайлбарлаж байна.
Хадгаламж бүрийн жилийн өсөлтийг тооцоход валютын хадгаламж нь төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс хүчтэй хамаардаг нь харагдаж байна. Тухайлбал 2016 оны төгсгөлд төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч байсан нь валютын хугацаагүй хадгаламж 80 хувиар өсөхөд хүргэж байсан. Энэ нь нэг талаас төгрөгт итгэхгүй иргэдийн үйл хөдлөл бол нөгөө талаасаа богино хугацаанд ашиг хайх гэсэн зорилготой агентуудын үйл хөдлөл. Тэгвэл энэ үзүүлэлт нь 2019 оны гуравдугаар улиралд 21 хувиар өссөн байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )