Тусгай хэрэгцээт боловсролыг сургуулийн орчноос гадна ч тэгш хүртээмжтэй олгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд  тэгш сургахаар болсон билээ. Энэхүү тушаалаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам"-ыг баталж, өнгөрөгч оны хичээлийн шинэ жилээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон юм. Энэ журмын хэрэгжилт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд ямар шинэ арга, хэлбэр нэвтрүүлж, хэрэгжүүлж буй талаар Боловсролын хүрээлэнгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжил, боловсрол, арга зүйн секторын эрхлэгч Ц.Цэвэгмидтэй ярилцав.

 

-Боловсролын хүрээлэнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжил, боловсрол, арга зүйн сектор байгуулагдаад удаагүй байгаа. Секторынхоо зорилго, үйл ажиллагаанаас яриагаа эхэлье?

-Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайдын тушаалаар Боловсролын хүрээлэнд өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас эхлээд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, хөгжил, арга зүйн сектор ажиллаж байна. Секторын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг тэгш хамрагдалтыг дэмжих, боловсролын хүртээмжийг сайжруулах, сурах хөгжих онцлогт нь тааруулж, онцлог ялгаатай хэрэгцээнд суурилсан хөтөлбөр хөгжүүлэлтийг боловсронгуй болгох, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн хөгжлийн онцлогийг нээж илрүүлэх, сурах олон аргачлалын уялдаа холбооны зохистой харилцааг тогтоох чиглэлийн судалгааг хийх зэрэг олон ажлыг зохион байгуулдаг. Манай сэктер эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүй,  мэдээлэл сурталчилгаа гэсэн үндсэн чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулаад явуулна. Тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ, оношилгоо хийдэг. Оношилгоо хийгээд хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон нөхцөлд тухайн хүүхдэд ямар хөгжлийн дэмжлэг хэрэгтэй байгааг тодорхойлох, дэмжлэг үзүүлэх, эрт илрүүлэх тогтолцоог боловсронгуй болгох хөгжлийн онцлогийг харгалзсан ганцаарчилсан засан сайжруулах хичээлүүдийг явуулах үйл ажиллагаа хийдэг.

-Танай төв дээр дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болох уу? Ямар, ямар сургалт явуулж байна вэ?

-Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэл заслын ганцаарчилсан хичээл явуулаад эхэлсэн байна. Үүний зэрэгцээгээр сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгдөг. Өсвөр насны хүүхдүүдээр зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх, багш нарт энэ чиглэлийн  зөвлөгөөнүүдийг өгч байгаа. Манай хүрээлэнд явуулж буй эдгээр үйлчилгээ нь зөвхөн боловсрол төдийгүй эрүүл мэндийн чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгцээ, шаардлага байдаг. Энэ үүднээс Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлж байна.

-Ерөнхий боловсролын сургуулиуд дээр шинэлэг ямар сургалтуудыг нэвтрүүлж байгаа вэ?

-ЖАЙКА олон улсын байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулах аргачлал, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загварыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайдын А155 дугаар тушаалаар баталсан. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах боловсролд хөгжлийг дэмжсэн ганцаарчилсан хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлээд, хэрэгжүүлээд явж байна. Ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг багш нар хэрхэн яаж боловсруулах талаар арга зүйн сургалтыг хийж байна. Эхний ээлжийн сургалтаар 2019 оны арваннэгдүгээр сард нийт 80 багшийг чадавхжуулсан. 2020 онд энэ сургалт маань үргэлжлээд зохион байгуулагдана.

-Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүүхэд бүртгэлтэй байна вэ? Тэдгээрийн хэд нь боловсролын тэгш хамран сургалтад хамрагдаж байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд зургаан тусгай сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, 70, 25, 55, 63 дугаар сургуулиудад оюуны хөгжлийн бэрхшээл дээр суурилсан хавсарсан бэрхшээлтэй , аутизм, даун зэрэг бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг.  Энэ оны статистик мэдээгээр улсын хэмжээнд 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас 6300 гаруй хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сурч байна. Эдгээр хүүхдүүдийн 28 хувь нь тусгай сургуульд суралцаж байгаа бол үлдсэн хүүхдүүд нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна.  Сургуульд очиж суралцахад хүндрэлтэй, хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн гадна үлддэг. Зөвхөн албан бус боловсролоор боловсролын хэрэгцээг нь тодорхойлоод зогсохгүй цаашид гэрийн сургалт, эмнэлгийн дэргэдэх сургалт зэргээр сурах аргачлалын олон хэлбэрийг нэвтрүүлж ажиллах боломжтой.

-Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна тусгай хэрэгцээт боловсролд шаардлагатай хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах тал дээр ямар ажлыг хийж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран суух боловсролд амжилттай хамран сургахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсронгуй болгох, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний агуулгыг сайжруулах, багш нарыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах чадварыг нэмэгдүүлэх, сургалтын орчныг  бүрдүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Энэ үүднээс 2013 оноос эхлээд Боловсролын хүрээлэн дээр тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөрийн судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний баг шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ үеэс эхлээд тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулж батлуулах ажлууд системтэйгээр явагдсан. Тусгай сургуулийг арга зүйн төв сургууль маягаар хөгжүүлэх шаардлага манай оронд тулгамдсан.  Тусгай сургуулиудын багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжсэн сургалтын төлөвлөгөөтэй болсноор арга зүйн туршлага нэлээд хуримтлуулсан. Энэ үндсэн дээр ЖАЙКА–гийн тусгай хэрэгцээт боловсролд шаардлагатай хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах техникийн төсөл орж ирсэн. Энэ төсөлтэй хамтарч дөрвөн жил ажиллаад  Боловсролын хүрээлэнтэй хамтарч олон ажлыг хийсэн. Дээр дурдсан ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг батлуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар маягт баталгаажсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний ирээдүйн амьдралын чанарт боловсролын хүртээмж хэрхэн нөлөөлөх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлснээр, эрт оролцооны хөтөлбөрт хамруулах ач холбогдолтой. Энэ нь дараа дараагийн шатны боловсролд хамруулах давуу талтай шүү дээ. Жишээ нь тэргэнцэртэй хүмүүс гараараа, оюун ухаанаараа хөдөлмөр эрхлэх боломжтой бол харааны бэрхшээлтэй хүмүүс нь гар урлал эрхлээд явах боломжтой байдаг шиг тохирсон хөдөлмөр сургалтад хамрагдаж аж ахуйгаа өөрөө аваа явах чадамжтай болох нь тэдний амьдралын чанарт шууд нөлөөлнө.

 

Ганцаарчилсан сургалт нь хувь хүний хэрэгцээнд суурилсан хөгжлийг дэмждэг. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж буй нь боловсролын салбарт хийсэн том алхам гэдгийг дурдмаар байна. Ганцаарчилсан сургалтын хөтөлбөрт хүүхэд хамрагдаад ирэхээр ялгаварлан гадуурхагдахгүй, алагчлагдахгүй, хоцрогдохгүй,  өөрийнхөө онцлогт тохирсон боловсролыг авдаг. Ганцаарчилсан сургалтыг заавал сургууль дээр авна гэсэн заалт байхгүй. Хэвтэрт буй хүүхдэд багш гэрт нь юм уу эмнэлэг дээр нь очоод  хичээл заадаг туршлага олон улсад байдаг. Боловсролын дэмжлэг хүргэлтийн загварууд олон улсад гарсан. Жишээ нь орон нутагт буй хүүхдэд орон нутгийн нэгж дээр суурилсан сургууль дээр суурилсан, гэр бүлд суурилсан үйлчилгээ үзүүлж байна. Манай оронд энэ олон сонгомол загвараас тохирохыг нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна

 

-Дэлхий нийтийн жишгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээмтэй олгохын тулд гэрт нь очиж хичээл заадаг юм байна лээ. Энэ арга манай улсын хувьд боломжтой юу?

-Дэлхий нийтийн жишгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг алагчлахгүйгээр адил тэгш боломжийг хангаж ажилладаг. Энэ жишгээр аль болох олон хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах зорилго аль ч улсад бий. Үүний тулд бид эхний ээлжийн бэлтгэл ажлыг хангасан гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт сурч боловсрох эрх гэдэг зүйл дээр ганцаарчилсан сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж болно гэж зааж өгсөн нь хүүхэд бүрийг боловсролын гадна үлдээхгүй байх агуулгыг тээсэн. Ганцаарчилсан сургалт нь хувь хүний хэрэгцээнд суурилсан хөгжлийг дэмждэг. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж буй нь боловсролын салбарт хийсэн том алхам гэдгийг дурдмаар байна. Ганцаарчилсан сургалтын хөтөлбөрт хүүхэд хамрагдаад ирэхээр ялгаварлан гадуурхагдахгүй, алагчлагдахгүй, хоцрогдохгүй,  өөрийнхөө онцлогт тохирсон боловсролыг авдаг. Ганцаарчилсан сургалтыг заавал сургууль дээр авна гэсэн заалт байхгүй. Хэвтэрт буй хүүхдэд багш гэрт нь юм уу эмнэлэг дээр нь очоод  хичээл заадаг туршлага олон улсад байдаг. Боловсролын дэмжлэг хүргэлтийн загварууд олон улсад гарсан. Жишээ нь орон нутагт буй хүүхдэд орон нутгийн нэгж дээр суурилсан сургууль дээр суурилсан, гэр бүлд суурилсан үйлчилгээ үзүүлж байна. Манай оронд энэ олон сонгомол загвараас тохирохыг нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

-Ном сурах бичиг, гарын авлагын тухайд?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд ерөнхий эрдмийн хичээл, засан сайжруулах хичээлийн агуулгын нэгдмэл зохистой харьцааг бий болгох нь тухайн хүний хөгжлийг дэмжихэд маш чухал. Засан сайжруулах хичээлийн гарын авлага, сурах бичиг Монгол Улсын хэмжээнд байгаагүй. Ялангуй хэл заслын хичээл, айзамт хөдөлгөөнт дасгал, биет зүйл, сонсгол дуудлагын хичээлийн багшийн номыг боловсруулж гаргасан. Хэл заслын хичээлийн ном нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэлтгүйгээр бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжихэд түлхэц болсон ном болсон. Энэ чиглэлийн хичээлийн багшийн номууд гарснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын чанарт урьд урьдынхаас илүү ахиц гарна гэж үзэж байна.

-Цаашид хийх төлөвлөгөө болон манай улсад энэ чиглэлийн боловсон хүчин хэр хомсдолтой вэ?

-2020 онд тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд хамрагдаж чадахгүй байгаад нь нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх судалгаа, шинжилгээний ажил хийгдэх төлөвлөгөөтэй. 1990 оноос өмнө  хойд хөршид согог зүйч, хэл засалч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэгдэж байсан бол мөн оны дунд үеэс тасалдсан.  Өнөөгийн нийгэмд энэ мэргэжил хомсдолтой мэргэжлийн тоонд орж байна. 2013 онд нийгмийн хэрэгцээ, шаардлагаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургууль дээр тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн анги нээгдэж багш мэргэжлээр төгссөн хүмүүсийг хөрвөх маягаар давтан бэлтгэсэн. Сүүлийн үед нэг жилийн анги маань өргөжөөд 3,5 жилийн хугацаатайгаар хөгжлийн бэрхшээлт хүүхэдтэй ажиллах тусгай хэрэгцээт боловсролын багшийг бэлтгэдэг болсон. Энэ анги нь 12 дугаар ангиа төгссөн хүүхэд шууд суралцах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top