Ухань хотын дарга Жоу Сянь Ван коронавирусийн дэгдэлтийн эсрэг хөл хорио тогтоохоос өмнө хотыг 5 сая иргэн орхин явсан гэж мэдэгдсэнийг “South China Morning Post” мэдээллээ.
Мөн Business Insider энэ тухай нийтэлсэн байна. Хотоос 5 сая хүн гарч явсныг Хотын дарга шинэ вирусийн халдвар болон Цагаан сарын баяртай холбон тайлбарлажээ.
Учир нь мужийн эдийн засагт ихээхэн нөлөө бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний компаниудтай Ухань хотод БНХАУ-ын өнцөг булан бүрээс ирж ажилладаг ажилчдын тоо олон аж. Хөл хорио тогтоохоос өмнө хотыг орхин явсан хүмүүсийн тодорхой хувь нь төрсөн нутагтаа очиж Цагаан сарыг угтах гэсэн иргэд бий гэдгийг хэлжээ.
БНХАУ-д Цагаан сарын баяраар жилийн хамгийн том “нүүдэл” болдог. Энэ жилийн тухайд хятад ажилчид нэгдүгээр сарын 24-30-ны хооронд долоо хоногийн амралт авч, нутаг руугаа явцгааж буй юм байна. Тэгэхээр энэ удаагийн нүүдэл нь коронавирусийн дэгдэлтийг хазаарлахад чиглэсэн хөл хорио тогтоосон үйл явдалтай зэрэгцжээ.
Коронавирусийн халдварын улмаас амиа алдагсдын тоо одоогоор 131 болоод байгаа. Халдварын голомт болох Ухань хотод иргэд марлиар маск хийж зүүж байгаа гэсэн мэдээлэл байна. Шанхайгаас өөр тийш амрахаар явсан иргэдийг төр захиргааны чухал л ажил биш бол хоёрдугаар сарын 10-ны дотор эргэн ирэхгүй байхыг анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )