С.Эрдэнэ: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох саналаа хүргүүлсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Эдгээр хуулийн төслийнхөө талаар зарим асуултад хариулсан юм.


 -Та Хамтын тэтгэврийн тухай хууль, Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газраас санал авахаар явуулсан юм байна. Ийм хууль санаачлах болсон үндэслэл нь юу юм бэ?

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2015-2030 онд баримтлах үндсэн чиглэлийн 2.1.1-д “Монгол Улсын ахмад настан бүр орлогын наад захын баталгаат тэтгэврээр хангагдах”, 3.2.16-д “Тэтгэврийн хэмжээг жил бүрийн үнийн өсөлт болон дундаж цалин хөлсний өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж, шаардагдах хөрөнгийг төсөвт тусгаж байх”-аар заасан байдаг. Мөн Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.24-т “Тэтгэврийн зөрүүг ойртуулах, зээлийн хүүг бууруулах бодлого баримтална” гэж заасан байгаа. Тийм болохоор УИХ-ын гишүүнийхээ хувьд Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилсан.

-Тэтгэврийн доод хэмжээг хэд болгохоор тусгасан юм бэ?

-Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар нийгэм, эдийн засгийн тооцоо судалгааг гаргаад Засгийн газарт санал хүргүүлсэн. Засгийн газраас хариу ирэх хугацааг дуусахаар УИХ-ын даргад хуулийн төслөө өргөн барина. Ер нь парламент, УИХ-ын гишүүд төр түшилцэж, сонгогч олон түмний итгэлийг авсан бол хий хоосон яриад байх хэрэггүй. Харин хуулиар олгогдсон бодит эрхээ эдлээд, үүргээ биелүүлээд, ажлаа хийгээд явах ёстой. Тийм учраас бусад гишүүдэд үлгэр дуурайл болоосой гэж энэ хоёр хуулийн төслийг санаачилж өргөн барьсан юм. Хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэднийгээ удахгүй өргөн барина. Гэхдээ миний өмнө нь өргөн барьсан хуулиуд ерөөсөө хэлэлцүүлэгт орж өгөхгүй байна.

Сөрөг хүчний намын дарга болохоор тэгдэг юм уу, мэдэхгүй. Жишээлбэл, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулиа өргөн бариад бараг хоёр жил болж байна шүү дээ. Одоо болтол энэ хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлэхгүй байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг зохицуулах хуулиа өргөн барьсан. Хуулийг маань ирцгүй чуулган дээр оруулаад унагаасан. Энэ мэт янз янзын улс төрийн бохир аргаар өргөн барьж байгаа хуулиудыг маань унагаах, хойшлуулах, хэлэлцэхгүй байх башир аргууд хэрэглэж байгаад харамсаж байна. Одоо Засгийн газраас санал авахаар явуулаад байгаа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл, Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл дээр эрх баригчид дээрхтэй адил байдал битгий гаргаасай гэж найдаж байна даа.

-Бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг юм байж. Тэгвэл таны санаачилсан хуулийн төслөөр 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэртэй иргэдэд ямар нэгэн нэмэгдэл орох уу?

-Энэ хууль бүрэн тэтгэврийн хэмжээ нь 500 мянган төгрөгөөс доош, хувь тогтоосон тэтгэврийн хэмжээ нь 420 мянган төгрөгөөс доош байгаа иргэдэд үйлчлэх юм. Ерөнхийдөө тэтгэврийн хэмжээг дээр дурдсанаас доошгүй байхаар хуулиар зохицуулж өгч байгаа хэрэг. Түүнээс дээш тэтгэвэртэй иргэдэд энэ хууль үйлчлэхгүй.

-Тэгэхээр өнөө тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг шиг алагчилсан явдал болох юм биш үү?

-Ямар нэгэн алагчилсан үйл явдал энд байхгүй. Доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа ахмадуудын маань амьжиргааны баталгаажих түвшин өнөөдөр ямар байгааг бодох хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Гэтэл тэтгэврийн маань доод хэмжээ хэд байгаа билээ. Тэгэхээр бага тэтгэвэртэй ахмадуудын худалдан авах чадвар ямар байх вэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж байна. Инфляц бараг хоёр оронтой тоо руу явчихлаа шүү дээ. Валютын ханш өдөр тутам л өсөж байгаа. Ийм нөхцөлд бид нийгмийн хамгааллын бодлогодоо анхаарах ёстой. Ялангуяа тэтгэвэр тэтгэмж дээр төрөөс тодорхой хэмжээний арга хэмжээ авахгүй бол хамгийн түрүүнд нийгмийн хүнд хэцүү нөхцөл байдлын хатууд өртөх магадлалтай хэсэг нь манай ахмадууд байгаа юм. Тийм учраас энэ хуулийн төслийг арга буюу санаачилж өргөн барьж байгаа.

-Тэтгэврийн хэмжээний доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно гэхээр нэлээд их хэмжээний хөрөнгө шаардлагатай байх. Энэ талаар хийсэн тооцоо судалгаа байна уу?

-Ерөнхий эдийн засгийн тооцоо судалгааг бол гаргасан. Нэг их айхтар том тоо гарахгүй байгаа. Хэрэгжээд эхлэх юм бол батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болохоор хуулийн төсөлд тусгасан. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 420 мянган төгрөгөөс доош байгаа иргэд, бүрэн тэтгэврийн хэмжээ 500 мянган төгрөгөөс доош байгаа иргэдийн тооцоо судалгаа хийгдээд явж байгаа. Бид санал авах гээд Засгийн газарт хуулийн төслөө хүргүүлчихсэн. Засгийн газар ч гэсэн УИХ-ын гишүүнээс хүргүүлж байгаа хуулийн төсөл дээр судалгаа хийх үүрэгтэй. Тэд судалгаа хийгээд боломжтой эсэх асуудлаараа тайлбараа ирүүлэх байх.

-Засгийн газар хэзээ хариугаа ирүүлэх бол?

-Засгийн газар 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Би өнгөрсөн долоо хоногт Хамтын тэтгэврийн тухай хууль, Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслөө бол Засгийн газарт хүргүүлсэн. Хэрвээ Засгийн газар хуулийн хугацаанд хариу ирүүлэхгүй бол энэ хуулийн төслүүдийг шууд өргөн барих эрх үүснэ гэсэн үг.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ дахь АН-ын зөвлөл өмнө нь байр сууриа илэрхийлчихсэн шүү дээ. Харамсалтай нь, сүүлийн үед цахим орчинд зарим нэг хүн зориуд санаатайгаар нөгөө л улиг болсон МАНАН, 60 тэрбум гэдэг нэр хаягаа сэргээгээд “Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой асуудлыг С.Эрдэнэ, М.Энхболд нар хамгаалж байна” гэдэг байдлаар бичиж эхэлж байгаа. Ийм гүтгэлгийн үйл явцыг өрнүүлэх гэж оролдох боллоо. Тэгэхээр би нэг зүйлийг хариуцлагатай хэлмээр байна. Шударга ёсны сэлмээ эргүүлж, шударга ёсны төлөө үхэхээс айхгүйгээ зарласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө энэ хариуцлагаа хүлээ. Өнөөдөр асуудлыг шийдэх бүрэн эрх нь эрх барьж байгаа МАН-д байгаа. Бүрэн эрхээ хэрэгжүүлээд асуудлаа шийд л дээ. Нам дотроо асуудлаа шийдэж чадахгүй болохоороо л АН руу хамаг хог шаараа шиддэг. АН-ын удирдлагуудыг энэ үйл хэрэгтээ татаж харлуулах гэж оролддог явуургүй аргаа одоо больвол яасан юм бэ. УИХ-д 64-үүлээ суучихаад долоохон гишүүнтэй сөрөг хүчний нам руугаа хамаг юмаа чихэх гээд сууж байдаг ядсан аргаа одоо болиоч ээ. Намын дарга нь үнэхээр мундаг, хүчтэй, шударга ёсны төлөө явдаг Ерөнхий сайд мөн л юм бол намынхныгаа зангидаад, шийдвэрээ тэр нам дотроо гаргаад яв. Бид бол байр сууриа илэрхийлчихсэн. АН-д хэн нэгнийг хаацайлж хамгаалсан зүйл байхгүй. Асуудлыг хуулийн хүрээнд шалгаж шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн шүү дээ.

-Янз бүрийн зардал гаргах тухай асуудал сөхөгдөх бүрт л төсвийн тодотгол хийх үү гэдэг асуулт гардаг. Таны өргөн барихаар зэхэж байгаа хуулийн төслүүд ч зардал нэмэгдүүлэх мэт харагдаж байна л даа?

-2020 оны төсөв бол зүгээр л сонгуульд зориулсан төсөв шүү дээ. Бодвол баахан тендер зарлах байх. Уулын мухарт байгаа багт хүртэл барилга барихаар төсөвт тусгагдсан байгаа. Энэ их олон байшин барилгыг чинь дагаад нөгөө үргүй зардал өснө. Тэрний чинь гэрэл цахилгаан, дулаан, үйлчилгээний зардал байна. Тэнд мэдээж хүн ажиллаж таарна. Ажлын байр, орон тоо нэмэгдэнэ. Баялаг бүтээх биш зүгээр нэг байшин манадаг хүмүүсийн тоо л нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Ийм нөхцөл байдлаар 2020 оны төсвийг хийсэн. Үндсэндээ хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв. Яг ний нуугүй хэлэхэд сүүлийн дөрвөн жилийн төсвийн нийт алдагдал есөн их наяд төгрөг давчихаад байгаа. Ийм их хэмжээний төсвийн алдагдал хүлээсэн мөртлөө хоноцын сэтгэлээр асуудалд хандаж байна л даа. Бид л болж байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар өнөөдөр улсын төсөвт хандаж байгаа нь үнэхээр харамсалтай. Бид бол шаардлагаа хүргүүлсэн. Ийм төсөвтэй явж болохгүй ээ. Төсөвт бол зайлшгүй тодотгол хийгдэж таарна. Тэгээд газрын асуудал нь шийдэгдээгүй маш олон байшин барилга тусгасан байна лээ. Одоо болтол энэ төрийн сангийн ажил нь жигдрээгүй байж байна. Ингэсээр байтал хоёрдугаар сар гарна. Гуравдугаар сард тендер гээд баахан юм зарлаад явна. Тэгээд сонгууль болно. Нэг үгээр хэлбэл сонгуулиас өмнө энэ төсвийн хөрөнгө оруулалтын ажил сайн үр дүн авчирна гэдэгт итгэхгүй байна. Энэ жил бол нэлээд алдагдалтай ийм төсвийн гүйцэтгэлийн жил болох болов уу гэж харж байна. Ажилгүйдэл, ядуурал үндсэндээ 30 хувь гарчихсан шүү дээ. Тэгэхээр ийм өндөр хувьтай байгаа ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр Засгийн газар ямар ч бодитой ажил хийсэнгүй. 2016 оных нь мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг харууллаа. Тийм болохоор нэгдүгээрт бид үүндээ анхаарах ёстой. Хоёрдугаарт, шулуухан хэлэхэд хий хоосон популизмаар улс орныг жолооддоггүй юм. Популист удирдагчидтай улс орнууд одоо яаж дампуурч байгааг харж байгаа биз дээ. Яг тэрний бодит жишээ бол Монгол болж байна гэж хэлмээр байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.73.142) 2020 оны 01 сарын 30

Эрдэнэ сонгуулийн шоу хийж бгаа юм \nядуу ахмадуудаар даапаалж бна бүтэхгүй өнгөрсөн 4жилд ярьж бх нь яасан юм бэ хууртаж санал өгнө гэж даапаалж бна даа

0  |  0
иргэн(202.131.246.2) 2020 оны 01 сарын 30

тэтгэвэр нэмэх саналтай байгаа бол ажилласан жил харгалзах хэрэгтэй 30 дээш жил ажиллаж татвар төлөөд тэтгэвэр 500000 авч байгаа хүн зөндөө байна тэд 20 жил татвар төлсөн хүнтэй ижил тэтгэвэр авч болохгүй биздээ\n

0  |  0
иргэн(202.70.34.70) 2020 оны 01 сарын 30

Баялаг бүтээх нэг юм санаачлаач, ядуу төсвөөсөө хумсалж хүний толгой эргүүлж, ганц нэг санал хусчих л юм сэдээд явах юм,

0  |  0
Zochin(198.16.66.44) 2020 оны 01 сарын 30

Hudlaa unen tusul sanaachilsan gej mungu avah ni l dee\n

0  |  0
zochin(73.51.245.247) 2020 оны 01 сарын 30

shono zuudleed bosood irev uu ?luibarchin

0  |  0
Top