Кисара Масаши: Монгол инженерүүдийг Японд дадлагажуулж, ажил олгоно

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Япон улсын Засгийн газрын тогтоолын дагуу Гадаадаас ажиллах боловсон хүчин авах хууль болон Цагаачлалын хууль шинэчлэгдэж, 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Ур чадварын ажилтан” гэх шинэ ажиллах нөхцөлийн журам баталсан юм байна. Тодруулбал, Япон улсын Хөдөлмөрийн хуульд “Гадаад иргэнийг хөдөлмөр зуучлалаар ажиллуулж болохгүй” гэж заасан байдаг аж. Тиймээс энэхүү журмын дагуу Япон улсад ур чадвартай ажилтан бэлтгэх “Мica Mongolia” төвийг жил гаруйн өмнө албан ёсоор байгуулжээ. Тус төвийн үйл ажиллагаа нь Япон улсад ажиллах хүсэлтэй иргэдийг шалгалтад бэлтгэх, хууль эрх зүйн баримт бичиг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжих, монгол иргэдийн эрх ашгийг тус улсад хангаж ажиллахад чиглэдэг аж. Энэ талаар “Mica Mongolia” төвийн харилцагч байгууллагын төлөөлөл болох Япон улсын “IHC” (international Human resources Consulting)  компанийн Ерөнхий захирал Кисара Масашитай ярилцлаа.


-Та Монголд анх удаа ирж байгаа гэсэн. Ямар сэтгэгдэл төрж байна?

-Сэтгэгдэл сайхан байна. Их хүйтэн юм. Гэхдээ ирээд гурав хонож байгаа болохоор тийм ч их даарсангүй. Бас сайхан тал нутагтай юм. Өвлийн цагт тал нутгийн сайхан нь харагдах ч зуны цагт бүр илүү байдаг болов уу гэж бодлоо.

-Япон инженертэй уулзаж байгаа болохоор зарим зүйлийг асууя гэж бодлоо.  Японы барилга байгууламжийн загвар сайн, бас бүх хот нэгэн жигд барилгуудтай. Энэ шийдлийг Засгийн газраас нэгдсэн журмаар тогтоож өгдөг үү?

-Сонирхолтой асуулт байна. Манай улсын хувьд инженерийн боловсролыг тухайн улсын асуудал гэж хардаг. Олон жилийн өмнөөс инженерүүдийг бодлогоор бэлтгэж ирсэн. Боловсролын салбартаа анхаарсны үр дүнд Япон улс өнөөдөр Нобелийн 24 шагналтантай болжээ. Дэлхий дээр хамгийн олон Нобелийн шагналтантай улс  АНУ байдаг. Үүний дараа Япон улс орж байна. Үүний гол үр дүн нь боловсролыг нэгдүгээрт тавьснаар Япон стандартыг бий болгосон гэсэн үг юм. Ерөнхийдөө бусад оронд ч энэ жишиг адилхан үйлчилж байгаа. Монгол Улсын хувьд ч энэ хөгжлийн замд удахгүй хөтлөгдөх болов уу.

-Тэгвэл та манай улсын барилга байгууламжийн шийдлийг хэрхэн харж ажиглав?

-Тухайн улс үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд улсынхаа хүчтэй хэсгийг бэлтгэж хөгжүүлдэг. Би IT мэдээллийн чиглэлийн инженерийн зүгээс ажиглахад Монголын IT мэдээллийн технологи нь сайн хөгжөөгүй, хөгжлийнхөө эхний түвшинд явж байна гэж харсан. Энэ нь яагаад ийм байгаа гэдгийг сайн мэдэхгүй ч Японд байхдаа энэ талаар судалж үзэхэд мэдээллийн түвшин нь хүрээгүй гэсэн судалгаа байсан. Гэхдээ энэ бол тийм ч муу зүйл биш юм. Монголд ирээд энэ чиглэлээр сургалт эрхэлдэг их, дээд сургуулиудын удирдлага, албаны хүмүүстэй уулзахад энэ салбарт олон залуу бэлтгэгдэж байгааг хэлсэн. Тэд удахгүй боловсон хүчнээ Япон улсад  илгээвэл бид хүлээж авахад бэлэн байна.

-Та монгол инженерүүдийг Японд дадлагажуулах, ажиллах асуудлаар ирээд байгаа гэсэн. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгнө үү?

-Япон улс Монголоос IT инженерийн мэргэжилтэй боловсон хүчин авах асуудал яригдаж байна. Энэ ажлын хүрээнд зарим мэдээллийг тайлбарлая. Нэгдүгээрт, хамгийн эхний шаардлага бол япон хэлтэй байх. Хоёрдугаарт, тэнд очоод ажлын туршлага судлахаас гадна тухайн чиглэлээрээ цаашид сурч боловсорч, ажиллаж үүнийхээ үр дүнг монгол инженерүүддээ сурталчлан хүргэх юм. Тодруулж хэлбэл, Японд очоод зөвхөн ажиллах биш, энэ чиглэлийн мэргэжилтэнг бэлтгэхэд тухайн инженер улс эх орондоо хувь нэмэр оруулах үүднээс маш сайн хичээж ажиллах шаардлагатай. Япон хэл сураад тэндээ арван жил ажиллах ч боломжийг олгож байгаа. Энэ нь нэг талаараа  монгол инженерүүдийг ажиллуулах боломж олгож байгаа хэдий ч цаад утгаараа танай орны инженерүүдийг дэлхийн түвшинд бэлтгэх гэсэн санал байгаа юм. Ингэснээр Монгол Улс мэдээллийн чиглэлийн инженерийн боловсролоор бусад оронтой дүйцэж ажиллаж бололцоотой.

-Манайхан Японд ажиллах сонирхол их байдаг ч визний асуудалд хүндрэл гардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой бол?

-Визний асуудлыг Японы Засгийн газар шийднэ. Манай талаас тавьж байгаа шаардлагыг хангаж байгаа тохиолдолд виз гаргахад асуудал гарахгүй байх. Бид аль болох олон хүнийг ажлын байраар хангахын тулд хэлний мэдлэгийг нэгдүгээрт тавьж байгааг дахин хэлмээр байна. Японд ажиллахаар ирэх мэргэжилтнүүд хэлний мэдлэг сайн байвал цаашдаа маш өргөн болож нээгдэж байгаа юм.

-Энэ удаа хэчнээн монгол инженер Японд ажиллах боломжтой вэ?

-Монгол инженерүүдийг ажлын байраар хангана. Эхний ээлжид Японы Засгийн газрын дагуу олгох цалин хөлс монгол инженерүүдэд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, япон, монгол инженер адилхан цалинтай ажиллана гэсэн үг. Эхний ээлжид IT инженерүүдийг сонгон шалгаруулж авна. Шаардлага хангасан тохиолдолд нэг монгол инженер сардаа 220 мянган иен буюу монгол мөнгөөр 5-7 сая төгрөгийн цалин авна. Мэдээллийн салбар ид хөгжиж байгаа энэ үед бид өнөөдөр хиймэл оюун ухааны чиглэлийг түлхүү анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлээр монгол инженерүүдийг бэлтгэх зорилготой. Тиймээс манай компанийн зүгээс монгол мэргэжилтнүүдийг зуучлах ажлыг “Mica Mongolia“ төвийнхөнтэй хамтран хийж эхэллээ. Энэхүү төвийн үйл ажиллагаа хуулийн дагуу Японы Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг хангаж байгаагаараа бусад төвөөс онцлогтой юм. Цаашдаа Японд ажиллаад ирсэн хүмүүс Монгол Улсаа хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top