Агуулгагүй тийчилсэн жилүүд хийгээд агуулгаа бэдэрсэн бүтээлүүд

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Ерөнхий сайд У.Хүрэлсүх радио, телевизийг үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав даа. Түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил гээд ерөөс эх оронч үзэл шингэсэн бүтээлийг дэмжихээ хэлэв. Олон камер, олон дарга нарын өмнө Ерөнхий сайд ийнхүү ээлжит үүргээ өгсөн нь энэ. Гэхдээ эх оронч үзэл гэж чухам юуг хэлэх, түүх, зан заншлын аль агуулгыг нь илүү дэмжих, эх оронч агуулгыг хэрхэн бүтээлдээ шингээх тухай тодорхой зүйл бас л байсангүй. Бас л гэж тодотгож буйн учир нь Монгол Улсад аль ч салбар хоосон уриа, лоозонгоор өдийг хүрсэн учраас тэр. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа соёл, урлагийн тухай нэг ч үг өгүүлбэр дурдаагүй Монгол Улс ийнхүү ирэх жилүүдэд үндэсний контентоо дэмжинэ гэдгээ мэдэгдэв.

Агуулгагүй тийчилсэн жилүүд

Контент. Оксфордын толь бичгийн тайллыг монгол хэлнээ буулгавал ерөөс агуулга л гэсэн санаа. Гэтэл Засгийн газрын сайт дээр контент гаргахыг дэмжинэ гэсэн агуулгаар мэдээллээ цацжээ. Өнгөрсөн 27 жилд бид агуулга бүү хэл, бүтээлгүй явж ирсэн. Агуулгыг тодорхойлж, газрын зургийг тодорхой болгоогүй учир үзэл баримтлалгүй монтажны хэлхээс л телевиз, радиогийн гол болсон гэсэн үг.

Нэгэнт агуулгагүй учраас хүмүүс өөрийнхөөрөө ойлгоно. Өөрийнхөө ойлгосныг урлаг гэж нэрлэнэ. Хэрэв үнэхээр агуулга гэдэг зүйл байсан бол урлагийн голыг хошин урлагийнхны шог гараа эзлэхгүй байлаа. Хэрэв үнэхээр агуулга байсан бол төв театрын тайзнаа солонгосын драм шиг жүжиг ард нийтийг уйлуулахгүй байлаа. Өнөө цагийн гялгар тодорхойлолт болсон контент гэж чухамдаа хаана байна аа. Уучлаарай, хаана ч байхгүй. Байхгүй явсаар өнөөг хүрсэн. Монгол Улсын парламент 1996 онд Соёлын тухай хууль баталж байлаа. Энэ хуулийн 3.6-д “Үндэсний нэвтрүүлэг” гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг” хэлнэ. Хэрсүү уншигч та ажигласан бол “үндэсний нэвтрүүлэг” хийхэд агуулга огт хамааралгүй зөвхөн хэдэн ширхэг монгол хүн орсон нь чухал болох гээд байгаа биз!

Таны уншиж буй энэ харалган заалтыг 2015 онд “Соёлын тухай хууль”-д найм дахь удаагаа гар хүрэхдээ нэмжээ. Дэлхий дахинд соёлын бодлого өөрчлөгдөн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж эхэлсэн цаг үед бид энэ харалган заалтыг нэмжээ. Мөн энэ хуулийн 3.7-д мөн адил “Үндэсний кино” гэж мөн л энэ мэт хэдэн ширхэг монгол хүн байгаагаар тодорхойлсон билээ.  Энэ тодорхойлолтоор хөөрөг, монгол дээл зардаг нэвтрүүлэг ч, гадаадаас эрхийг нь аваад монголд нутагшуулсан нэвтрүүлэг ч, гаднын кинонд дуу оруулж байгаа киног ч “үндэсний нэвтрүүлэг” гэж ойлгогдохоор байна. Соёлын бодлогоо хам хум ч атугай хуульчилснаас хойш есөн жилийн дараа “Олон нийтийн радио, телевизийн тухай” хууль батлагдав. Одоогоос 15 жилийн өмнө 2005 онд батлагдсан энэ хууль мөн адил агуулга руугаа өнгийж хараагүй. Энэ хуулийн хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлд “Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогыг тусгайлан заасан бий. Энэ хуулийн 8.2.3-т “Үндэсний соёл, урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих;  8.2.5-д "Соёл, урлагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц уран бүтээлийн бүх хэлбэрийг дэлгэрүүлэн хөгжүүлэх" гэж зааснаас өөрөөр агуулгыг тодорхойлж чадсангүй.

Зах зээлийн хувьд багтаамж муутай телевиз, радиогийн зах зээлд гол тоглогчид нь бүтээлч үйлдвэрлэгчид биш улс төр, бизнесийн бүлэглэлүүд байгаа цагт бодит өрсөлдөөн үзүүлж чадахгүй.

Оны өмнөхөн УИХ-аар хэлэлцэж баталсан “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль” өмнөх хуулиудаас илүү зохицуулах гэж оролдсон ч мөн адил агуулга руугаа өнгийж хараагүй тунхаглаад л өнгөрсөн төдий. “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн төслийн хувилбарт тус хуулийн 5.3-т “”Контент” гэдэгт харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу авиа, дүрс бичлэг болон бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасан бүтээлийг хэлнэ” гэж заажээ. “Агуулга” гэж орчуулагдах “контент” гэх хууль ийнхүү хуульд бодлого боловсруулагчдын романтик төсөөлөл болж хувирсан нь энэ. “Агуулга”-г романтик тайлбарласнаас гадна Тавдугаар бүлэг нь тэр чигтээ өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрийг тайлбарлах боловч “Соёлын тухай хууль”-д хэчнээн монгол хүн байгаагаар тайлбарласан харалган заалтаараа хуульд тусгалаа олжээ.

Агуулгаа бэдэрсэн “бүтээлүүд”...

Чухам ямар бүтээл орчин цагийн залуусыг татах вэ? Шинэ цаг, шинэ нийгмийн өнгөн дээр өндийж буй залууст чухам ямар бүтээл хэрэгцээтэй гэдгийг мэдэх болов уу? Хариулт нь томоо гэгч асуултын тэмдэг байх гээд байна. Монгол Улсын хүн амын 70 хувийг эзлэх залуусаа бид ойлгохгүйгээр олигтой бүтээл төрөхгүй. Нэг ёсондоо байндаа тусаагүй бүтээлүүд л зурагтын гол болно гэсэн үг.  “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-д “Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийн долоо хоногийн хөтөлбөрийн 50-иас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байна гэж заасан. Энэ заалтаа биелүүлэхийн тулд хөөрөг зарах, хуучин цагт үзэл суртлын зэвсэг болсон "нөгөө хэдээ" хойно урд нь оруулахаас өөр сонголт байхгүй.

Бор зүрхээрээ явж буй хэдэн залуус эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхийн тулд Монгол хүний тоо ширхэг заасан "үндэсний нэвтрүүлэг", "үндэсний кино" гэдгээс халиад том зүйл рүү тэмүүлж байна. Гэвч агуулгагүй учраас бүтээлүүд нь холимог хуурга шиг байх нь тодорхой. Хуучин цагийн үнэр шингэсэн холливудын муучилсан хувилбар олон ангит болон ганц ангит кинонд гол болж хувирчээ. Хэрсүү уншигч та өнөөдөр гэртээ очоод сувгаа солиод үзээрэй. Монгол агуулгатай хэдэн нэвтрүүлэг гарах нь вэ? Та бүхэн монгол агуулгатай бүтээлүүд олж харахгүй л болов уу?

Зах зээлийн хувьд багтаамж муутай телевиз, радиогийн зах зээлд гол тоглогчид нь бүтээлч үйлдвэрлэгчид биш улс төр, бизнесийн бүлэглэлүүд байгаа цагт бодит өрсөлдөөн үзүүлж чадахгүй. Гаднын телевизийн хийсэн нэвтрүүлгийг мөнгөөр зодоод авах нь үндэсний нэвтрүүлэг үү, бор зүрхээрээ хэдэн монгол хүн нийлээд нэвтрүүлэг хийх нь үндэсний нэвтрүүлэг үү? Яг одоо өрсөлдөөн дэндүү хүч тэнцвэргүй байгаа нөхцөлд радио, телевизүүд энэ уриалгыг хэрхэн биелүүлэх вэ гэдэг нь асуултын тэмдэг болж байгаа юм.

“Одоогийн залууст өгөх мессеж тэс ондоо л доо. 21 дүгээр зууны эх оронч хүн социализмын үе шиг байлдаад л, эх орныхоо төлөө амиа өгнө гэдэг ойлголттой байж болохгүй. Цаад утгаараа юу хэлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Шинэ үеийн залууст цээжээ дэлдэх хийрхэл хэрэггүй” гэж шүүмжлэгч Г.Батсуурь ярьж байсан юм.

Магадгүй эх оронч үзэл гэдэг нь орос, хятадын аль нэг бараанаас монголоо сонгох үзэл ч байж мэднэ. Магадгүй Монгол бахархал гэдэг нь өөрийнхөө үзэл бодол, үнэ цэнээ мэдэрсэн залуусын өөрийгөө үнэлэх үнэлэмж ч байж мэднэ.

Байндаа тусаагүй, агуулгаа бэдэрсэн “бүтээлүүд” байгаагийн бас нэг шалтгаан нь судалгаа. “Z” үе, “X” үе гэж гаднынхан ангилдаг бол манайд энэ төрлийн судалгаа байхгүй. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжээд удаагүй манай улсад өмнөх нийгмийн үлдэгдэл, шинэ цагийн залуус гэх үзэл суртал, нийгмийн хоёр том бүтээгдэхүүн зэрэгцэн оршиж байна. Залуус нь өмнөх үеэ, өмнөх үе нь залуусаа ойлгохын тулд энэ том хоёр ойлголтыг харьцуулсан судалгаа шаардлагатай. Гэтэл манайд ийм судалгаа хийлгүй өдийг хүрсэн. Дээр дурдсан харалган хууль мөн адил үүнээс улбаатай. Бодлого боловсруулж байгаа өмнөх нийгмийн төлөөлөл шинэ цагийн залуус чухам юу хүсэж, юуны төлөө тэмүүлж, үнэ цэн, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь ямархан хэмжээнд хүрснийг мэдэхгүй учраас байндаа тусаагүй бүтээлүүд төрж байгаагийн цаад шалтгаан ажгуу.

Залуусаа мэдрээгүй учраас л эх орныхоо төлөө цус асгаруулан байлдаад л, хайртай охиныхоо эсрэг ангийн дайн үүсгээд л, нөхөрт гараагүй бүсгүйчүүд мөн чанараа ололгүй аальгүйтээд л, үзэл бодолгүй хоёр нөхөр сайтын мэдээ уншаад байгаа юм. Магадгүй эх оронч үзэл гэдэг нь орос, хятадын аль нэг бараанаас монголоо сонгох үзэл ч байж мэднэ. Магадгүй Монгол бахархал гэдэг нь өөрийнхөө үзэл бодол, үнэ цэнээ мэдэрсэн залуусын өөрийгөө үнэлэх үнэлэмж ч байж мэднэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.52) 2020 оны 02 сарын 06

Яг ч агуулга бишээ. Ашиг сонирхол, таалал, дур гээд олон утгатай. Манайд ийм биеэ даасан ойлголт ѳмнѳ нь байсангүй. Мэдээллийн салбарт контент гэдэг нь тодорхой зорилго агуулсан цогц мэдэээллийг хэлж байгаа. Жишээ хоолны сэдэв аваад үзэхэд хэрэв та шинэлэг хоол сонирхож байгаа бол ютюбын контентууд хоолны их дажгүй шүү. Саяхнаас залууст чѳлѳѳт цагаа хэрхэн зохистой ѳнгѳрүүлэх талаар сонирхолтой контент тв-ээр тавигдсан байна лээ. Гэдэг ч юмуу. Эх сурвалж нь ѳѳр ѳѳр байж болох боловч зорилго санаагаараа ижил цогц мэдээлэл. Манайхан агуулга гэж самуурж байхаар зүгээр л контент гэсэн нь дээр дээ.

0  |  0
Top