Японд 3700 зорчигчтой усан онгоцонд коронавирус илэрч, 10 нь халдварлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Японы эмч нар энэ сарын 3-наас хойш Токио хотын зэргэлдээх Ёкохама хотын далайн боомтод карантинд ороод буй “Diamond Princess” усан онгоцны 10 зорчигчоос 2019-nCoV коронавирусийн халдвар илрүүллээ гэж өнөөдөр /2020.02.05/ тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Усан онгоцны бүх зорчигч, багийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт оруулсан бөгөөд халдвар авсан хүмүүстэй харьцаж байсан болон өвчний шинж тэмдэгтэй  273 хүнээс шинжилгээ авчээ. Одоогийн байдлаар, 31 хүний шинжилгээний хариу гараад байгаагаас 10 нь эерэг буюу вирусээр халдварласан болох нь тогтоогджээ. Хөлөг онгоцонд нийт 3.7 мянган зорчигч, хөлгийн багийн гишүүд байна.

Халдвар авсан өвчтөнүүдийг Канагава мужийн эмнэлэгт эргийн хамгаалалтын завиар хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал хэвийн гэнэ.

Хөлөг онгоц Ёкохама хотоос нэгдүгээр сарын 20-нд гарч, энэ сарын 3-нд буцаж иржээ. Замдаа хөлөг онгоц Японы Окинава болон Кюшю арлын боомт болон Хонконг, Вьетнамаар аялжээ. Халдвар авсан 80 настай эрэгтэй тус онгоцоор нэгдүгээр сарын 20-25-д аялж, Хонконгт буусан байна. Тэрбээр өдгөө эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Японы эрх баригчид хөлөг онгоцонд хоёр долоо хоногийн туршид карантин тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Хөлөг онгоцыг ариутгаж, халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах гэнэ. Энэ хугацаанд зорчигчдыг хөлөг онгоцонд тусгаарлах аж.

Одоогийн байдлаар тус улсад нийт 23 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд эрх баригчид шинээр халдвар авсан 10 өвчтөнийг энэ жагсаалтад хараахан оруулаагүй байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top