Монгол, Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн 50 жилийн ойд зориулан ОХУ-ын Дарвины музей, Оросын Шинжлэх ухааны академийн А.Н.Северцовын нэрэмжит Байгаль орчин, хувьслын хүрээлэнгээс хамтран “Хол атлаа ойрхон Монгол орон” үзэсгэлэн нээжээ.
Дарвины музейд гурван сарын хугацаанд ажиллах энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Галсандондог, Дарвины Улсын музейн захирал, ОХУ-ын Соёлын гавьяат ажилтан А.И.Клюкина нар оролцсон байна. Элчин зөвлөх Д.Галсандондог Монгол орны байгаль, газар нутгийн давтагдашгүй байдлыг харуулсан, ховор ан амьтны чихмэл, ургамлын дээжийн арвин үзмэртэй энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй байгууллага, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлээд “Энэхүү үзэсгэлэн нь Монголын байгаль, нүүдэлчдийн амьдралын аж төрөх ёсны тухай үзэгчдийн, ялангуяа хүүхэд, залуучуудын танин мэдэхүйн мэдлэгийг тэлэх, тэдэнд мартагдашгүй сайхан сэтгэгдэл үлдээж, улмаар Монгол орныг улам бүр сонирхон судлах, очиж үзэх сэдлийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
“Хол атлаа ойрхон Монгол орон” үзэсгэлэнд ургамал, амьтны аймгийн үзмэрээс гадна амьтан судлаач, зураач К.К.Флёровын уран зургууд, Улсын Дарвины музей, Дорно дахины улсын музейн сан хөмрөгийн эд өлгийн зүйлүүд тавигдсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )