ШҮҮМЖ: Б.Баярсайханы хүүрнэл зохиолын ертөнц

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Ш.Баттөр (Хэлбичгийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор)


ХХ зуунд дэлхий дахинаа гарсан сэтгэлгээний ба ахуйн их өөрчлөлт, үзэл санааны хувьсгал, шинжлэх ухааны ололт Монгол Улсад дам болоод шууд утгаар хүчтэй нөлөөлсөн байдаг. Харин дотоод орчинд нийгмийн тодорхой нэгэн байгууллаас өөр тогтолцоонд хэд хэдэн удаа шилжиж, тусгаар тогтнож, эдийн засгийн ба оюуны хувьд эрчимтэй хөгжсөн нь урлаг уран зохиолд нөлөөлсний тодорхой баталгаа нь уран зохиолын хэл шинээр бүрэлдэн буй болж, туурвилзүй, үзэл санаа, мөн чанарын хувьд шинэчлэл явагдсанд орших билээ. “...нийгмийн янз бүрийн харилцаа, үндэсний хөгжлийн онцлог зэрэг нь уран зохиол урлагийн бүтээл нэг бүрийн тодорхой хувь заяа, утга агуулга, байр суурийг тогтоож өгдөг байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг үндэстний хөгжлийн өөр өөр үед зохиогдсон тухайн зохиол тус бүрийн утга агуулга, ур хэлбэр, түүхэн хувь заяа, утга зохиолд эзлэх байр суурь ондоогоор биш, чухам л тийм байгаа нь зүй тогтолтой зүйл юм. Жишээлбэл XIII зууны Монголын эзэнт улсын дотор “Нууц товчоо” л зохиогдож болохоос биш, Инжиннашийн “Хөх судар”, Нацагдоржийн “Миний нутаг”, Д.Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” зохиогдож болохгүй байжээ. Дурдсан бүх зохиолыг мөн дурдсан зохиогчид нь л бичихээс биш өөр хэн ч бичиж чадахгүй байжээ. Учир нь эдгээр зохиол цөм өвөрмөц ондоо бөгөөд давтагдашгүй.

Чухамхүү энэ утгаар 1990-ээд оны үе буюу зарим талаар уран зохиолын хөгжил зогсонги байдалд орсон, зарим талаар социалист реализмын “саарал” зохиол гадна хавтас, өнгөө солин үерлэсээр байсан, зарим талаар нийгмийн шилжилтээс үүдэн хэн дуртай нь юу дуртайгаа бичин, хэвлүүлж түмэнд түгээдэг, зарим талаар гоозүй ба сайхны мөн чанар хэт прагматик сэтгэлгээнд эзлэгдсэн үед мөнхүү эх хэл, соёл, уламжлалыг нандигнасан, туурвилзүйн ба дүрийн хувьд тодорхой хэмжээгээр хөгжүүлсэн цөөнгүй зохиолч төрөн гарсны нэг нь Б.Баярсайхан юм. “Ерээд оны утга зохиолын хөгжил нь ХХ зууны монголын утга зохиолд маш өвөрмөц өнгө төрхөөр өөрийнхөө байр суурийг эзэлдэг”. Монголын уран зохиолын 1990-ээд оны үеийн содон төлөөлөл болох Б.Баярсайханы уран бүтээлдээ сайны хийгээд муугийн туйлыг бус энгийн үнэнг дүрслэхдээ уран дүрийг хэт туйлчлахгүйгээр шалтгаан үр дагаврын харьцаанд буйгаар нь дүрсэлдэг. Тухайлбал “Эх шувуу шиг жиргэх юмсан” (2009) өгүүллэгт үйлдвэрлэлийн осолд өртөн бөгсөн бие нь мэдээгүй болсон нөхөр, үр хүүхэд төрүүлж үзээгүй эхнэрийн энгийн өдрүүд  гарна. Зохиолч мөн өгүүллэгийнхээ эхэнд “Шувуу жиргэнэ. Ай ер эдний жиргээгүйсэн бол өглөө гэж ямар юм байх бол. Арчсан цонх шиг мэл хоосон байх биз” гэсэн бодролоор “Үрийн гуйлга ч гуйсан юм уу. Санаан зоргоор ямар үхэж болох биш, аминдаа хүрчилтэй биш. Хаяад явчилгүй эргээд ирсэн нь болоо доо” хэмээх дотоод сэтгэлийг, “Ганц л удаа...тэвчсэнгүй. Бас ч горьдоод. Эмэгтэй хүн шүү дээ би” гэж уйлах Цэрмааг тэврэх уучлалыг нээн гаргасан нь хүн гэдэг бодгаль байгалийн жамаас үл холдохын мөн чанарыг илэрхийлжээ. Үнэндээ бол Цэрмаа, ид насандаа бэртсэн нөхрөө хуураад ирж байгаагаараа муугийн жишээнд орон буруутгагдахаар хэдий ч зохиогчийн бүтээсэн Цэрмаагийн дүр нь эр нөхрөөсөө үл салахын зэрэгцээ, үртэй болох чинхүү хүсэлтэй хөөрхийлөлтэй эмэгтэй болон цогцлогджээ. Зохиолч Б.Баярсайхан өгүүллэгийнхээ эмэгтэй баатрыг буруутгаагүйн зэрэгцээ зөвтгөөгүй, тэр гэр бүл хүүхэдтэй болсон, үгүй, цаашдаа салсан эсэхийг тодруулаагүй, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг айлдаагүй, номлоогүй ба амьдралд ийм зүйл байдаг, буруутгахын ч, зөвтгөхийн ч аргагүй гэдгийг л үзүүлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, ахин хөл дээрээ зогсохгүй болсон Дарамд гэргийгээ уучлаад амьдрахаас өөр сонголт байгаагүй, нөхрөөсөө хүүхэдтэй болох аргагүй болсон Цэрмаад үрийн гуйлга гуйхаас өөр арга байсангүй, Дарамтай хамт ажилладаг байсан нөхөр нь байнга эргээд байх боломжгүй гээд энэ бүхэн амьдралд байдаг л тохиол, буруутгах аргагүй үнэн ажээ. Тэгвэл амьдралд байдаг атлаа огт байлгаж үл болох шалтгаан, үр дагавар ба хүний далд чанарын тухай өгүүлсэн “Бөөс” (2010) өгүүллэгт нунж дорой Асар гэгч эр тодорхой нэгэн шалтгаанаар хүний хүч, итгэл, хүсэл, амьдрал, алдаагаар хооллон томорсоор, замдаа таарсан бүхнийг няцлан урагшилж буй өгүүлэмж гарна. Зохиолч Б.Баярсайхан тус өгүүллэгтээ аман зохиолын уламжлалыг шигтгээ болгон оруулсан бөгөөд Асар хэмээгч хүн-бөөсийг тухайн орчин, дээрэлхэгч олон, хүн-бөөс болгон хувиргасан уу, “...угаасаа жинхэнэ бөөс байсан уу? эсвэл Асар угаасаа бөөс байсан уу?” гэсэн ёс суртахууны шинжтэй асуултыг асуужээ. Австрийн сэтгэлзүйч Альфред Адлерийн тайлбарласнаар нийгмийн үнэлэмж, хамт олон, орчин, гэр бүлийн үнэлэмжээс дорд байгаагаа мэдэрснээр хүнд өөртөө эргэлзэх, итгэл алдах сэтгэлзүйн байдал үүсч, тэр нь даамжирснаар дутуугийн комплекс бий болдог байна. Дутуу гуцуу орчин, бие сэтгэхүйн өөрчлөлт, орчны гадуурхал, үеийнхний дээрэлхэлт зэрэг олон шалтгаанаас дутуугийн комплекс үүсдэг ба сэтгэлзүйн ийм өөрчлөлттэй хүнд эрх мэдэл олдоход бусдаас өшөө авч зовоох замаар дутуугийн зовлонгоо дүүргэн жаргадаг хэмээн А.Адлер тайлбарлажээ. Тамга дарах эрх мэдэл олдсон завшаанаар олныг дээрэлхэгч, өчүүхэн нэр хүнд, албан тушаалаар далайлган түмнийг зовоогч бүхэнд ямар нэгэн хэмжээгээр дутуугийн комплекс байдаг. А.Адлерийн томъёолсноор “Бөөс” өгүүллэгийн баатар Асар бол дутуугийн комплексийн тод томруун жишээ юм. Б.Баярсайханы “Бөөс” өгүүллэгийн Асарын дүр бол орчиндоо ямар нэгэн шалтаг шалтгаанаар гадуурхагсад эргээд орчноо үзэн ядагч болохын жишээ болж байгаа бол “Буйлсын цагаан цэцэг” (1996) өгүүллэгийн Бархас, “Трагеди” (2009) өгүүллэгийн “би” баатар, шижир мэт гэгээн тунгалаг, гэнэн залуу насны нийтлэг гэж болох дүр болжээ. “Буйлсын цагаан цэцэг”, “Трагеди” өгүүллэгт магадгүй хэн бүхний залуу насанд тохиолдож байсан гэнэн хайр, гэнэн бардамнал, гэнэн итгэл дүрслэгдэнэ. Тухайлбал, “Трагеди” өгүүллэгт зохиогчийн зүгээс “Солонгоо гайхсандаа ч юм уу, ер нь л тулгамдаж ярих үг нь эвлэхгүй байв. Амрагууд холдохоороо ийм байдаг гэж хэчнээн ч билээ ном зохиолоос уншсан юм чинь” гэх буюу, “Бүрэнхий болтол суулаа...Болжмор жиргэж хань болоогүй бол өдийд би бээрэх байсан биз” гэх мэтээр “би” баатрын гэнэн итгэмтгий, хиргүй тунгалаг сэтгэлийг нээсээр хайртай бүсгүйгээ багшдаа алдсан эмзэглэлийг нь “Трагеди гэдэг чинь үхэл биш амьдын хагацал юм байна” хэмээн эцсийн цэг дээр тулгасан байна. Германы сонгодог философич Г.В.Гегелийн сургаснаар “Нийгмийн сэтгэлгээний хүрээнд агуулга нь хэлбэрээсээ давсан тохиолдолд эмгэнэлт явдал буй болдог”. Харин Солонгоод дурласан оюутан залуугийн шаналал бидний хувьд эмгэнэлт явдал биш, харин ч залуу насны цэвэр сэтгэлийн илэрхийлэл болох нь тодорхой юм. Б.Баярсайханы “Трагеди” өгүүллэг, монголын орчин үеийн хүүрнэл зохиолын томоохон төлөөлөгч Ж.Лхагвын “Хайрын зурвас” өгүүллэгийг эрхгүй санагдуулж байна. Энэ нь хоёр зохиолчийн урлах эрдэм, туурвилзүй, сэтгэлгээг ижил түвшинд байгаа гэсэн дүгнэлт огтоос биш бөгөөд харин дээрх хоёр өгүүллэгт гарч буй “би” баатрын шижир мэт сэтгэлзүйн ижилсэл гэдгийг тодруулах нь зүйтэй болов уу. 

Зохиолч Б.Баярсайхан “Намар оройн бороо” (2014) өгүүллэгтээ уран дүрслэлийн хэрэглүүр ба боломжийг гайхалтай ашигласны жишээ нь “уранхай дээлтэй, туранхай жаахан, хавчиг шувуун цээжтэй” дүлий Доо “аргаж хатсан хуурай тэнгэртэй”, “...шивээ гандаж, дөрөө зурах хялгана саадагласан”, “тэр аяараа шарлан эл хуль оргисон” талд хөеө хураан гүйлдэх хулгана зурмыг харан “Хэзээ амар заяа үзэх юм бол хөөрхийс” гэж бодмоглон “багтарч ядсан их гунигаа мэлмэлзүүлэн уйлж” яваагаар илрэх аж. Ийм хүмүүн чингэж явахад “морины явдалд савчих хуучин муу ширэн гэртэй дуран ташаан толгойны ёрдгор ясыг” нь балбалгүй л яах вэ, “эрчилж эргэсэн дөрөөн сур шилбэ тахимыг нь” нухалгүй л яах вэ, “хуучин муу гөлөм дарр дарр” хийлгүй л яах вэ, үүнийгээ “анзаарах сөхөөгүй уулсын оройг нулимсандаа живүүлэн” зангиралгүй л яах вэ. Цаашлан үрээсээ хол байх амьдын зовлон үзсэн ийм эцэг хүмүүн чингэж явахдаа чухамхүү “нүдээ хагас аньсан хөгшин хээр морь”-оос өөрийг үл унах ба

Цонхон дээр суусан ялаа нээ болбол ай хө

Цочоод нисэх инуу амархаан байдаг даа...

Цохлоод оо ирсэн үйлийн лаа үрийг нь болбол

Цохиод буцааж болдоггүй юм аа ай...

гэхээс өөр дуу үл аялах ажээ. Зохиолч юуны учир, яагаад эцэг үр хагацсаныг үл үзүүлсэн ба үйлийн үр цохлоод ирсэн, буцааж үл болохыг л харуулжээ. Хүмүүний хувь тавилан ч биз, шалтгаан үр дагавар ч биз, зайлшгүй нөхцөл ч биз. Харин зохиолын баатрын сэтгэлзүй, зохиолын дүрийг тодотгож буй дээрх уран дүрслэл, тодотголууд нь чухамхүү зохиогчийн туурвилзүйн бахдам жишээний нэгээхэн илэрхийлэл болсон байна.

“Инжирийн мод” (2008) өгүүллэгт монгол, хятад, солонгос хүний ахуйн онцлог дүрслэгдэж байгаа мэт боловч “...нар салхи, хортны харцнаас хаацайлан хамгаалж, арчилж тордон ургуулж байсан гэгээн сайхан хүслийг зүрхний ховдлоос нь суга татан хаяснаас болж” ямархан унал, эмгэнэлд хүрдгийг гаргажээ. Насаараа ажиллан, өөрөөсөө харамлан хурааж цуглуулж байж инжрийн модтой байшин авсан эмгэний, төрүүлсэн үр хүүхэд шигээ хайрладаг модноос нь нохой дүүжлэн төхөөрсөн явдлаас болж солонгос эмгэн бие барах буюу журамгүй гэргийгээсээ болж амиа тэвчсэн монгол эрийн түүх нь амьдралын эрхэм зүйлээ буртаглуулахад амьдрах итгэл үл төрөхийн жишээ болсон гэж үзэж болно. Амьдралд тохиох энгийн учралаар амьдралын утгыг нэхэн, үг гэдэг ямархан хүчтэйг харуулсан “Үлдэх мөртэй хорвоо” (2013) өгүүллэгтээ зохиолч, адуу малаараа адилхан тэгш баян хар Бадангаа, хазгар Намчингийн үг сөрснөөр дамжуулан үр хүүхэд л үлддэг хорвоо гэж сургахын зэрэгцээ, үгийн алдаа хүнийг үхүүлж болохыг харуулан сургамжилсан байдаг.

Зохиолч Б.Баярсайхан “Бутач” (2014) тууждаа хар багаасаа зовлон туулсан бутач хүүгийн сэтгэлзүйн өсөлт, өөрчлөлтийг гаргасан ба энэ нь бутач хүүг ангал дээр аваачсан хүн-араатнуудаар дамжуулан нийгэм ба бие хүний харилцан хамаарлын асуудлыг хөнджээ. “...тэр гэрийн хамаг үйл лай, хараал зүхэл, уур уцаар мань бутачийн хар толгой дээр үргэлж буудаг байлаа. Гурван ах нь үргэлж бөөрөлхөж, хясаж, юм л бол нударгална. Хоолны тамтаг хамж, хувцасны тамтаг хэдэрч, хүйтэн нойтонд хөрч даарч хүн болжээ...Охидын эцэг архи ууж, агсамнах тоолонд, тэрний гарын шүүс болно...”. Цаг хугацаа нажидтайгаар урсан өнгөрсөөр бутач хүү арванзургаан нас хүрээд зовлонт гэрээс зугтаан, үл бүтэх нөхөдтэй нийлж эхэлдэг. Нийлэхээр үл барам өөрийг нь тамлагчдаас өс хонзон авч, цус урсгахаар шийднэ. Гэвч бутач хүү үргэлж хоосон сэтгэлтэй байгаагүй, “Нүдээ нээгээгүй нялх гөлөг газар савж, нялх амьтдын хамраас бүлээн хүрэн хар цус садран, хөлдүү газрыг улайлган царцаж, тэр тоолон тэнэг галзуу инээлдэх ах нараа хараад зүрх нь ширхийтэл зүсэгдэн өвдөж байсан удаа бутачид бий. Ямар ч байсан тэр нандин бүхнийг хойд эцэг, ах нар, дүү охид цөлмөн хоосолсон нь үнэн билээ”. Араатны дунд өссөн бутач, нас биед хүрээд нандин бүхнийг нь цөлмөсөн араатнуудыг шийтгэх араатан болон хувьсаж эхэлнэ. Хувьсгал, хувьсал гэсэн ойлголт байгаль, биологийн төрөл зүйлд байнга явагддаг бөгөөд нийгмийн бие хүний сэтгэлгээний хүрээнд ч мөн явагддаг. “Аливаа төрлийн амьтан нөхөн үржихдээ дараагийн үе нь урьдах үеэсээ хэмжээ, хүч чадал, хэлбэр гальбир, зан араншин, ухаан, тэвсэр тэвчээр гээд тоо томшгүй олон үзүүлэлтээр бага боловч ялгаатай байдаг байна. Тэр бүхэн нь тохиолдлын чанартай. Гэхдээ аль нэг хувилбар нь тухайн орчиндоо илүү зохицсон байх бөгөөд тэр хувилбар бүхий зүйл амьтан амьд гардаг байна. тэд байгаль орчны нөлөөтэйгөөр “шилэгддэг” ажээ. Байгалийн шалгарал нь хэн нэгний оюун ухаанд хөтлөгдөхгүй боловч хүрсэн үр дүн нь яг л ямар нэгэн оюун ухаанаар залуурдуулан бий болсон юм шиг байдаг” . Нийгмийн сэтгэлгээний хүрээнд хувь хүнийг харьцангуйгаар “зөв, шударга, боловсон” хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд биологийн хэрэгцээ бүрэн байх, эдийн засгийн суурь нөхцөл сайн байхаас гадна хамгийн гол нь орчин ба урлагийн нөлөөлөл үлэмж гэдэг нь баталгаа шаардахгүй үнэн билээ. “Урлаг, гоо зүйн хүмүүжил хүнийг буруу замаар явуулдаггүй, нийгмийг эрүүл саруул болгодог нь нэгэнт батлагдчихсан зүйл... Урлаг, уран зохиолын хичээлээр голландчууд тусгай хөтөлбөр зохиогоод, сургуулиуддаа дугуйлан нээгээд, төрөөсөө санхүүжүүлээд явсан юм билээ. Урлагийн хөтөлбөрт хамрагдаж өссөн хүүхдүүд насанд хүрсний дараагаас эхлээд Нидерланд гэмт хэргийн гаралтаар дэлхийд хамгийн доогуур улс болж, шоронгууд нь эзгүйрч бусад орноос хоригдол импортолж хуяг харгалзагчдаа ажилтай байлгахад хүрч байгаа” . Тэгвэл араатны дунд өсөөд араатан болохын ирмэг дээр байсан бутач хүүд аз таарч жонш малтагч зургаан эртэй ажиллаж амьдрах хувь тохион унал мөхлөөс арайчүү мултарна. Б.Баярсайханы “Бутач“ өгүүллэг цааш санаанд оромгүйгээр эргэн Гочоо гэж эхнэр, хүүгээ алдсан, суунги боловч баян эр хөрөнгөө хүүд өвлүүлж байгаагаар, чиглүүлэгч нь болж байгаагаар төгсдөг. Өгүүллэгийн туршид бутач нэрээр явсан бутач хүү, өгүүллэгийн төгсгөлд Гочоод “Од” хэмээн жинхэнэ нэрээ хэлснээр бутач хүүгийн бүтэн болоод шинэ амьдралыг бэлгэджээ. Мөн өгүүллэгийн туршид хэн ч хүүгээс нэрийг нь үл асуух ба зөвхөн Гочоо асуудаг. Энэ нь ч мөн Б.Баярсайхан зохиолчийн зохиолдоо шингээсэн бэлгэдэл бөгөөд Гочоо гэж тэр эрхэм хүүг хүн гэж үзсэн, тоосон анхны хүн болж байгааг илтгэнэ.

ХХ зууны монголын хүүрнэл зохиолын сод төлөөлөгчдийн нэг болох Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романд цахиур Төмөртэй таарсан Хонгор хүү явсаар “сайн эр” болдог бол Б.Баярсайханы “Эр хүн” (2008/2015) туужид, Р.Доржпаламын найруулсан “Тунгалаг Тамир” киног сумын клубт үзээд Хонгорын дүрийг зүг чигээ болгон “сайн эр” болохоор сэтгэл шулуудсан, баян Балдирын өргөмөл хүү Гандирын тавилан заяа гардаг. Судлаач Д.Галбаатарын дүгнэснээр “Эр хүн” туужид эв донжийг нь олсон уран гоё дүрслэл, хэл найруулгын тэгш зохирол, сэтгэл хөдөлгөх том зураглал элбэг бөгөөд баялаг үгсийн сан, ярианы хэлний сонгодог хэлбэршлүүд туужийн уран сайхан чанарыг өргөж нэн зохицсоны дээр өгүүлбэр зүйн болон найруулгын олон зүйл ур маяг, яруу хэрэглүүрүүд, онч мэргэн үг, хэвшмэл хэлц үг хэллэгийг байрыг нь олж шигтгэсэн нь туужийн уран сайхан, үнэт зүйлсийг бүрдүүлсэн...”  байна. Ерөнхийдөө, 1990-ээд оны үеийн уран зохиолын томоохон төлөөлөгч Б.Баярсайханы хүүрнэл зохиолын үндсэн шугам нь хүн байхын утга учир, хүн чанараа алдахгүй, хүн мөсөө хайлуулчихгүй, хүний үнэрээ гээхгүйн утга учрыг сануулах, таниулахад орших ажээ. Энэхүү улаан шугам “Эр хүн” туужид тод харагдана.

“Ерээд он гарсаар туужийн зохиолын тоо эрс цөөрсөн нь нийгэм эдийн засгийн үндэстэй ажээ. Социалист нийгмийн үед төлөвлөгөөтэйгөөр зохиол бүтээлийг хэвлүүлэн номын сүлжээгээр орон даяар тараадаг байсан тогтолцоо эвдэрч, зохиолоо бичих, хэвлэх, нийтэд тараах нь зохиолчдод оногдсон гол шалтгаанаар үргэлжилсэн зохиол, тэр дундаа туужийн тоо эрс цөөрсөн байдаг. Үнэхээр ч цаг үе, нийгэм нь богино хэмжээний яруу найраг, өгүүллэгийн зохиолыг хурдан шуурхай хүлээж авах, түүнд эерэг хариу үзүүлэх тийм боломжийг л зохиолчдод олгосон юм”. Нийгмийн шилжилтийг даган өмнөх үеийн үзэл санааг үгүйсгэсэн ч шинэ үзэл санаа тогтолцоотойгоор бүрэлдээгүй байсан, урлаг уран зохиол зарим талаар мухардалд орсон“шилжилтийн” үе нэгэнт дуусгавар болж шат ахисны нэгэн баталгаа нь Б.Баярсайханы бүтээж буй хүүрнэл зохиолын өв билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b.gabaa(202.126.88.205) 2020 оны 04 сарын 07

ix saixan shvvmz bnaa

1  |  0
Top