Ч.ЖАВЗАН: Хэдэн мянган жилээр бүрэлдэж үүссэн говийн усыг уул уурхайд хэрэглэхэд дэндүү хайран

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Хүний амьдралыг усгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч дэлхий дээр байгаа бүх усны зөвхөн нэг хувийг цэвэр ус эзэлдэг. Үлдсэн 97 хувийг далай тэнгисийн ус, хоёр хувийг Хойд, Өмнөд туйлын мөсөн бүрхүүл эзэлдэг билээ. Тэгвэл бидний хэрэглэж буй ундны усны чанар болон усыг хэрхэн зөв хэрэглэх талаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор Ч.Жавзантай ярилцлаа.


-Ер нь Монгол орны усны чанар ямар вэ?

-Монгол орны хэмжээнд усны нөөц болон чанар жигд бус тархсан. Хангайн бүс, өндөр уултай нутгуудад гол, мөрний сүлжээний нягтрал их, хур тунадас харьцангуй их унадаг учраас усны чанар сайн. Усны эрдэсжилт, хатуулаг бага байдаг. Харин Говь руу хур тунадас бага ордог, дулаан учир ууршилт их явагддаг. Салхи ихтэй, газрын хотгор гүдгэрийн ялгаа багатай зэрэг байгалийн хүчин зүйлийн улмаас ус нь ихэвчлэн эрдэслэг, хүнцэл зэрэг зарим бичил элемент стандартаас их байх тохиолдол элбэг. Говьд гол, горхи багатай. Тиймээс усан хангамжийн эх үүсвэр нь газрын доорх ус болдог.

-Улаанбаатар хотод усны чанар хэр байна?

-Газрын доорх усны чанар Хангайгаас Говь руу шилжихэд өөрчлөгддөг зүй тогтол ажиглагддаг. Гэвч тухайн бүсийн хурдас чулуулгаасаа хамаараад газрын доорх ус нь хаана ч адил чанар, найрлагатай байдаггүй. Улаанбаатар хотын хувьд Туул голын сав дагуух газрын доорх ус нь цэнгэг, зөөлөн бол голоос алслагдах тусмаа усны чанар, найрлага нь өөрчлөгддөг. Тухайлбал, хатуулаг ихтэй усны судлууд Хайлааст, Чингэлтэй, Толгойтын зарим хэсэг, Баянхошуу, Амгалан, Нарантуул, Цайз захын ойр орчимд тохиолддог. 2019 онд манай хүрээлэнд хэрэгжсэн грант төслийн хүрээнд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын айл өрхийн усны чанар ямар байгааг судалж, үнэлэх зорилгоор хотын зургаан дүүргийн 130 худаг, уст цэгээс сорьц авч шинжилсэн. 2013 онд энэ төрлийн судалгааг хийж байсан бөгөөд тэр үед чанарын шаардлага хангахгүй байсан ихэнх худгууд хаагдаж, шугам сүлжээнд холбогдож, зөөврийн худгаар хангагдах болсон нь сайшаалтай байлаа. Гэвч гэр хорооллын тэлэлттэй холбоотойгоор шинэ худгууд олноор гаргасан байна. Судалгааны дүнгээс харахад нийт усны 28 хувь нь хатуулагтай байна. Хатуулаг өндөртэй усыг унданд болон ахуйд шууд хэрэглэхэд тохиромжгүй. Хатуу усыг байнга хэрэглэснээр бөөр, шээсний замын чулуужих өвчлөл үүсэхэд түлхэц болдог гэж үздэг. Мөн уурын зууханд хэрэглэхэд шугам хоолой бөглөрөх, хаг үүсэх зэрэг сөрөг талтай. Усны чанарыг судалснаар ямар зориулалтаар хэрэглэж болох талаар үнэлэлт дүгнэлт гаргадаг. Унд, ахуй, үйлдвэрлэл, цахилгаан станц, уурын зуух, барилгын бетон зуурмаг, мал аж ахуй, газар тариалан гээд бүх салбарт хэрэглэх усны чанар нь харилцан адилгүй байдаг. Усыг тухайн салбарын стандарттай харьцуулж хэрэглэж болох эсэхэд лабораторийн шинжилгээнд үндэслэж дүгнэлт гаргадаг.

-Та бүхний судалж, шинжилсэн 130 худгаас хэд нь бохирдолтой гэж гарсан бэ?

-Олон үзүүлэлтээр чанарын шаардлага хангахгүй худгууд байсан. Бохирдолтой худгаас ус хэрэглэдэг айл өрхүүд тухайн усаа зөвхөн ногоо услахад ашигладаг гэсэн боловч эргэлзээтэй. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт судалгааг дөрөвдүгээр сараас эхэлсэн болохоор ч тэр үү бохирдол ихтэй, тэр дундаа нянгийн бохирдолтой байсан. Хан-Уул дүүргийн хувьд чанарын шаардлага хангахгүй худаг, уст цэгүүд бусад дүүргийг бодоход харьцангуй олон байлаа. Өлзийт хороололд худаг их гаргадаг болсон. Уг нь цэнгэг, зөөлөн, унданд хэрэглэхэд тохиромжтой нөөц байдаг. Гэвч 2019 онд болсон үерийн улмаас олон худагт хөрсний угаагдалтай бохир ус орсон байна. Үерийн ус худаг руу орох боломжгүйгээр хамгаалагдсан байх ёстой. Нэгэнт худгийн усанд бохирдол орвол өндөр эрсдэлийг дагуулах учир газрын доорх усны судлыг нэлэнхүйд нь бохирдуулахаас өмнө арга хэмжээ авах шаардлагатай. Энэ тохиолдолд тухайн худгийн гүний усны үндсэн найрлагын хэмжээнд очтол нь худгийг хүчтэй насосоор шавхаж, гаднаас орсон бохирдлыг арилгах хэрэгтэй. Эс тэгвээс газрын гүний ус бохирдох эрсдэлтэй.

-Шугам сүлжээгээр хэрэглэгчид очиж байгаа усны найрлага зохимжтой хэмжээнд байдаг. Тэр хэмжээг зохицуулдаг газар ч байна. Тэгвэл яг Туул голынхоо бохирдлын хэмжээг тооцсон болов уу?

-Ялангуяа цэвэрлэх байгууламжийн ус орсон хэсэгтээ Туул голын усны бохирдол огцом өсч, түүнээс доош хэсэгт бохирдлын хэмжээ их гардаг. Тиймээс нийслэлээс дооших Туул голын савд амьдардаг иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх нь үндсэндээ зөрчигдөөд байгаа.

-Худгуудын усны чанар харилцан адилгүй гарчээ. Уг нь чанарт хяналт тавьдаг биз дээ?

-Төвлөрсөн шугам, сүлжээнд холбогдсон худгууд Ус сувгийн удирдах газрын байнгын хяналтад байдаг. Тэдгээрийн усны чанар сайн. Зарим айл төвлөрсөн шугам, сүлжээнд холбогдсон ч гэсэн крантны уснаас нь зэв гараад байна гэж манай лабораторид ханддаг. Энэ бол Туул голын хурдаст байгаа цэвэр ус шугам хоолойгоор дамжихдаа гадны механик бохирдолд өртсөн жишээ. Боломжтой бол шугам, хоолойнуудад зэвийг шүүдэг төхөөрөмж тавих хэрэгтэй. Айл өрхүүд зөвхөн механик хольцыг шүүх төхөөрөмж буюу нягтруулсан цаасан, керамик шүүлтүүр хэрэглэвэл зүгээр. Тэдгээр шүүлтүүр хямд үнэтэй байдаг. Усны эрдсийг бус зөвхөн гадны зэв, хаг зэрэг механик хольцыг шүүдэг шүүлтүүр ашиглаарай.

-Хэн ч байсан хашаандаа гүний худаг гаргаж болно гэж үү?

-Өмнө нь усны бодлого тодорхойлдог Усны аж ахуйн яам гэж байсан. Тэр үед худгийг хаана гаргахыг бодлогын төвшинд шийдвэрлэдэг байлаа. Тухайн газар нь тэжээгдэл, бохирдол, хомсдолын ямар бүсэд байна, нөхөн сэргээгдэх боломж нь ямар байна, хэр гүн худаг гаргах вэ гээд иж бүрэн судалж, тогтоож худаг гаргахыг зөвшөөрдөг байсан. Хаа хамаагүй худаг гаргах нь усны нөөц болон чанарт сөргөөр нөлөөлнө. Тэжээгдэх боломж муу газарт худаг гаргавал тэр хавийн усны нөөц хомсдож, бохирдох эрсдэлтэй газарт худгаа гаргасан бол гаргаснаасаа илүү хохиролтой болно. Тиймээс усны нэгдсэн бодлого зохицуулалт үнэхээр үгүйлэгдэж байна. Гэхдээ манай улсад Усны агентлаг байгуулагдахаар болсон сайхан мэдээ яваад байгаа.

-Усны нөөцийн дутагдал, буруу хэрэглээ, бохирдолтой усыг унданд хэрэглэх нь иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдах хэмжээний том асуудлыг үүсгэнэ. Нэгдсэн бодлогоор зохицуулж байсан Усны аж ахуйн яам нь хэзээ татан буугдсан юм бэ?

-Түүхэндээ хоёр удаа байгуулагдаж, хоёр удаа татан буугдсан байдаг. Яам маань усны хайгуул, төсөл, эрдэм шинжилгээний институт, Гидрохимийн төв лабораторитой, тус лаборатори нь Монгол орны хэмжээнд усны чанарыг судлах зорилготой, 18 аймагт салбар лабораторитой том төв байлаа. Шинээр гарч байгаа худаг болгон манайд шинжилгээнд хамрагддаг, бүх л төрлийн уст цэгт хяналт шинжилгээ хийдэг, усны салбарын тулгуур суурь бааз нь байсан. Одоо усыг мэдэхгүй хүн байхгүй хирнээ мэддэг хүн бас байхгүй болсон. Яамд болгон усны хэлтэс тасагтай, дор хаяж нэг мэргэжилтэнтэй, тэд өөр өөрийн эрх ашгийн үүднээс хандаж, харж хэлдэг. Хэдэн мянган жилээр бүрэлдэн тогтдог Говийн усыг уул уурхайд ашиглаад байвал Говь усгүй болоход ойрхон байна. Энэ мэт ноцтой асуудлуудыг шийдэхэд нэгдсэн бодлого зохицуулалт хэрэгтэй. Агентлаг байтугай усыг хариуцдаг тусгай яам байгуулахад болохгүй юм байхгүй. Монгол орны усны хувь заяа их бүрхэг байгаа. МИиний хувьд улс орны хамгийн эмзэг асуудал гэж бодож байна.

-Манай орны усны нөөц ямар байгаа вэ. Жилд мянга мянгаараа гол ширгэж байна гэж ярьдаг үнэн үү?

-Нарийн тоо хэлэх боломжгүй. Учир нь усны нөөц байнга өөрчлөгдөж хэлбэлзэж байдаг. Ихэвчлэн хүний үйл ажиллагаа, уул уурхайтай холбоотойгоор гол ширгэж байна. Ус нь тухайн жилийн хур тунадаснаас хамаарч нөхөн сэлбэгддэг ч гэсэн Говийн газрын гүний усанд  шууд тэжээл болох нь хомс. Харин ил задгай болон бага гүнд байгаа ус сэлбэгдэхдээ амархан байдаг. Өөр нэг онцлог нь, манай улсын гадаргын усны 80 орчим хувь нь хилээр гадагшаа урсан гардаг. Тамир, Туул, Хараа, Ерөө, Шарын гол зэрэг олон гол Орхон голд нийлээд улмаар Сэлэнгэ мөрөнд цутгаж, Сэлэнгэ мөрөн ОХУ-ын Байгаль нуур руу цутгадаг. Онон, Угалз зэрэг том гол зүүн талаар ОХУ-ын хилээр гардаг бол Хэрлэн Хятадын хилээр гарч Далай нууранд цутгадаг.

-Усны эрдсийг нь шүүж хэрэглэж болохгүй, хатуулаг ихтэй ус унданд тохиромжгүй гэлээ. Ямар усыг чанартай гэх вэ?

-Ундны усны стандартад бараг бүх элементийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг  баталсан байдаг. Усны хатуулаг нь кальци, магнийн хэмжээнээс хамаарна. Тэгэхээр аль нэг үзүүлэлт нь стандартаас хэтэрсэн л бол зохимжгүй гэж үзэж зөөлрүүлж хэрэглэх ёстой.

-Яаж зөөлрүүлэх вэ. Төрөл бүрийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжүүд, шүүлтүүрээс зөвийг нь яаж ялгах вэ?

-Хамгийн энгийн арга бол буцалгах. Бага зэргийн хатуулагтай усанд нүүрсэн шүүлтүүр хэрэглэж болно, харин өндөр хатуулагтай бол катионитон шүүлтүүр хэрэглэвэл илүү зохимжтой. Усан дотор нэмэх болон хасах цэнэгтэй элементүүд тэнцвэртэй хэмжээнд байдаг. Үүнийг нь анод, катодоор хүчээр задлахаар ус гаднаасаа харахад цагаан, шар тунадас үүссэн зэвтэй ч юм шиг эвгүй өнгөтэй харагддаг. Усан дотор байгаа элементүүд задрахаараа тийм тунадастай харагдана гэсэн үг. Гэтэл төхөөрөмжөө борлуулах гэж байгаа хүмүүс таны хэрэглэж байгаа ус ийм бохир байна гээд худал хэлж үнэтэй шүүлтүүр зарах тохиолдлууд гарч байна. Эрдэсгүй усанд ийм тунадас үүсэхгүй учраас юу ч харагдахгүй. Усны эрдсийг нь бүрмөсөн шүүдэг ус цэвэршүүлэгч, шүүлтүүрийг тогтмол хэрэглэж болохгүй. Угаасаа улаанбаатарчууд эрдэс багатай ус хэрэглэдэг. Эрдсийг шүүхийг цэнэгжүүлэх, хатуулгийг шүүхийг зөөлрүүлэх, нян бохирдлыг шүүхийг цэвэршүүлэх гэж ярьдаг. Эхлээд усны чанарыг тогтоож байж тохирох төхөөрөмж, шүүлтүүрийг хэрэглэх ёстой.

-Заримдаа крантнаас гарсан усанд таны хэлсэн шиг цагаан юм бужигнаад байгаа мэт харагддаг. Тийм тохиолдолд усыг яаж хэрэглэх вэ?

-Улаанбаатар хотод шугам сүлжээгээр хэрэглэгчид очиж байгаа усны найрлага зохимжтой хэмжээнд байгааг би түрүүн хэлсэн. Шугам хоолойгоор байнга ус гүйж байснаа түр зогсолт хийвэл хоолойд байсан зэв, хаг хөдөлнө. Эсвэл шинээр орон сууц барихад шинэ хоолой тавьдаг учраас крантны уснаас зэв гарах нь бий. Тэр тохиолдолд усыг цэвэр болтол нь гоожуулах хэрэгтэй. Зэв баригч тавьж болно.

-Хөдөө орон нутгийн иргэд голоос усаа аваад хэрэглэдэг шүү дээ. Голын усыг шууд хэрэглэж болох уу?

-ШУА-ийн хоёр хүрээлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтраад бүх аймаг, сумын төвийн хэрэглээний усны чанарыг хянах ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Одоогоор Баянхонгор, Дархан-Уул, Орхон аймагт судалгаа хийж тайлан бичээд байна. Баянхонгор аймагт гэхэд цэвдгийн улмаас худаг ашиглаж болдоггүй гурван сум байна. Тиймээс эдгээр сумын иргэд шууд голын усаа хэрэглэдэг. Голын ус эрдэс багатай, химийн найрлагаараа зохимжтой ч шууд унданд хэрэглэх нь өндөр эрсдэлтэй л дээ. Яагаад гэвэл ил задгай ус гадны хүчин зүйлийн нөлөөнд орж бохирдохдоо амархан. Дор хаяж мал орж бохирдуулна, үерт автана. Задгай усанд нянгийн бохирдол маш их бий. Буцалгаад хэрэглэвэл нян арилдаг ч гэсэн ер нь шууд голын усыг хэрэглэх нь орчин цагт хэцүү болсон.

-Танай лабораторид усаа яаж шинжлүүлэх вэ?

-Нэг шинжилгээ 46 мянган төгрөгийн үнэтэй. Учир нь шинжилгээ хийдэг урвалж, бодисууд их үнэд орсон. Аж ахуйн нэгж, иргэн, албан байгууллагаас хэрэглэж байгаа усны сорьцоо шинжлүүлдэг. Бид зөвхөн задлан шинжилгээ хийгээд  зогсохгүй шинжилгээний дүнд үндэслээд дүгнэлт гаргаж, зөвлөмж зөвлөгөө өгдөг онцлогтой. Ажлын гурван хоногт багтаж хариу нь гардаг.

-Ус бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Гэхдээ ус гэдэг тодорхойлолтыг судлаач хүнээс нь сонсмоор байна?

-Би 30 гаруй жил усны чанарыг судалсан ч гэсэн усыг бүрэн таньж амжаагүй л явна. Ус гэдэг бодис гарцаараа гурван төлөвт шилжиж чаддаг, юугаар ч орлуулж болдоггүй дэлхийд байгаа цорын ганц бодис, олон элемент агуулдаг төгс уусгагч юм. Усыг бүх талаас нь төгс судалсан хүн бараг байхгүй гэж хэлж болно. Физик шинж чанараараа гойд онцгой. Ус мэдээллийг дамжуулдаг. Манай өвөг дээдэс усны мэдээлэл дамжуулдаг шинж чанарыг дээр үеэсээ мэддэг байсан. Рашаан усыг ямар эрхтэнд сайныг нь яг тодорхойлдог. Үүнийг шинжлээд мэдэх боломжгүй. Химийн элементээр гарч ирэхгүй. Тийм онцгой шинж чанар зөвхөн усанд бий. Усыг судлах тусам улам бүр нарийн болдог.

-Ус яаж мэдээлэл дамжуулдаг юм бол оо. Та судалж үзсэн үү?

-Би одоогоор физик механик бүтэц талаас нь сайн судлаагүй, зөвхөн химийн шинж чанар талаас нь оролдоод явж байна. Миний мэдэхээр рашаан ус хамгийн онцгой содон. Хүний биед ашигтай элементүүдийг агуулсан байдаг. Тухайн газрын тогтоц, байгалийн энерги, хүртэж байгаа хүмүүсийн эерэг энерги нөлөөлж рашаан ус гэдэг монгол ардын эмийг бүтээжээ.

-Савлагаатай усны чанарыг судалж байсан уу. Адилхан савлагаатай хэрнээ үнэ нь өөр байдаг?

-Савласан усны ихэнх нь эрдэс маш багатай байгаа нь удаан хугацаагаар уухад төдийлөн тохиромжгүй. Усны анхны найрлага, шинж чанарыг нь өөрчлөн эрдсийг нь хэт шүүснээс ийм болдог. Рашааныг бол тусгай технологиор савладаг.

-Зэс  аяганд ус хийж уувал бие илааршина гэдэг ардын анагаах дом бий. Үүний цаад учир юу юм бол оо?

-Зэс, мөнгө, гуулин аяга, данх, савх хэрэглэнэ гэдэг нь усан дахь бактерийг устгаж, чанарыг сайжруулах уламжлалт шилдэг арга. Зааны ясан савх зэрэг нь дээр үед хорыг шалгах нэг аргад тооцогддог байсан. Өндөр уулын Хангайн бүсийн ус нь эрдэс багатай учир хүмүүс нь цайндаа хужир, давс хийдэг. Энэ нь усны эрдэс, давсыг тэнцвэржүүлж байгаа хэрэг. Харин эрдсийн найрлага ихтэй устай газар тэдгээрийг хэрэглэх шаардлагагүй.

-Тэгвэл усыг ширгээж уух нь ямар ач холбогдолтой вэ?

-Усны эрдэс багатай Хангайд ялангуяа усыг ширгээж уудаг тал бий. Энэ нь усыг эрдэсжүүлж байгаа хэрэг л дээ. Ингэснээр усны элдэв бохирдол устана. Харин говь руу усыг ширгээж уувал давс тунаж үлдэнэ.

-Усыг яаж зөв хэрэглэх вэ?

-Иргэдийн хувьд бараг үнэгүй шахуу олдож байгаа усаа зохистой хэмжээнд нь хэрэглэх хэрэгтэй. Шүдээ угаахдаа аяганд ус хийж угаа гээд л уриалдаг шүү дээ. Уул уурхайд усыг хайр гамгүй ашиглаж байна. Дахин ашиглах гэдэг зүйл яригддаг ч бодит байдалд төдийлөн хэрэгжихгүй байсаар байгаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.4.248.65) 2020 оны 06 сарын 10

Үнэхээр хайран.

0  |  0
Уул уурхайч(45.51.113.91) 2020 оны 02 сарын 10

Говийн газрын гүний усны ратуулаг өндөр болохоор хүний ундааны зорилгоор ашиглах боломжгүй. Тэхдээ Монголын эдийн засгийг уул уурхай л авч яваа болохоор өөр илүү үр дүнтэй хэрэглээ алга даа, эрдэмтэн гуай.

0  |  0
us(103.57.94.163) 2020 оны 02 сарын 10

bid yadaj ahmgiin oir bdag tuul goloo hamgaalah ni chuhaldaa.ene aris shirnii hujaa mongol vildvervvdiig haagaachee..meddeg agzar alga uu..oi orchmiin us bohrduulj bgaa bguulalaguudiig hyanj tasal b.maar yumdaa

0  |  0
иргэн(202.70.34.70) 2020 оны 02 сарын 10

Гадагш урсдаг голуудаа говь руу татаач ээ, Орхон, Хэрлэн гэх мэт\n

2  |  0
Top