С.Мөнгөнчимэг: Бид өнгөрсөн гурван жилд эрсдэлтэй салбаруудад түлхүү анхаарч ажилласан

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.


-ХНХЯ-наас уламжлал болгож явуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг зарлаад байгаа. Байгуул­лагууд хэр идэвх­тэй оролцож байна. Энэ жилийн онцлог нь юу байх вэ?

-“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шалгаруулдаг. Энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Гол зорилго нь ажилчдаа эрүүл аюулгүй байранд ажиллах бололцоо нөхцөлийг бүрдүүлж өгсөн байгууллагуудын ажлын туршлага, шинэ инновац нэвтрүүлж байгаа туршлагуудыг бусад байгууллагуудад үлгэр жишээ болгож сурталчлах л даа. Мөн аливаа байгууллагын ажлын байранд нь эерэг үр дүнтэй нөхцөлүүдийг бүрдүүлэх зорилготой. Өнөө жилээс уг уралдааныг зохион байгуулах журамд өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд болзолт уралдаанд хамрагдаж буй байгууллагуудын тоо өсөж, аж ахуйн нэгжүүд маань хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарлаа илүү хандуулж байна. Ялангуяа манай улсад эрсдэл өндөртэйд тооцогддог уул уурхай, зам тээвэр, барилга гэх мэт салбарууд өргөн хүрээтэй хамрагдаж байгаа. Тиймээс шалгаруулалтыг хоёр үе шатлалтайгаар явуулах шинэ журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А/64 дугаар тушаалаар баталсан. Өөрөөр хэлбэл эхний шалгаруулалтыг анхан шатанд буюу тухайн орон нутагт нь гуравдугаар сарын 01-ний дотор явуулна. Дараагийн шатны шалгаруулалтыг гуравдугаар сарын 25-ны дотор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороон дээр танил­цуулахаар зохицуулагдаж байгаа.

-Энэ чиглэлд ХНХЯ-наас өнгөрсөн онд цөөнгүй ажил хийх шиг болсон. Тэдгээр ажлуудын үр дүнгээс сонирхуулахгүй юу?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын гол үндэс нь ажилчдаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдүүлэх явдал юм. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль эрх зүйн бодлогын бичиг баримтууд манай улсад хангалттай батлагдсан. Бие даасан хууль 2008 онд батлагдаж, энэ хуулиа дагасан 10 гаруй дүрэм журмыг батлан хэрэгжүүлж байна. Салбарын хэмжээнд мөрддөг 145 стандарттай. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хоёр конвенцод нэгдэж орсон гээд олон ажлыг нэрлэж болох байх. Үүнээс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой зорилтуудыг тусгасан. Түүнчлэн 1997 оноос хойш үндэсний тав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. 2020 онд тав дахь хөтөлбөр хэрэгжиж дуусна.

-Ер нь бол сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагууд Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох тал дээр анхаарал хандуулдаг болсон нь анзаарагдаад байгаа л даа?

-Уул уурхай, зам тээвэр, барилга зэрэг салбарууд эрчимтэй хөгжихийн хэрээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал өндөр түвшинд тавигдаж, энэ шаардлагын хүрээнд хууль эрх зүйн болон бодлогын бичиг баримтуудыг шинэчлээд батлаад хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хоёроос гурван жилийн хугацаанд бид эрсдэлтэй байгаа салбартаа түлхүү анхаарал хандуулж  ажилласан. Тухайлбал уул уурхай, барилгын салбарын хуулийн хэрэгжилт ямар үе шатлалтай, яаж явагдаж байна гэдгийг илүү анхаарч байсан бол энэ онд зам тээврийн салбарыг түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал бол хүн болгоны анхаарал хандуулах зүйл юм. Зөвхөн нэг яам, нэг ажил олгогчийн асуудал биш. Энд ажилтан өөрөө гол анхаарлаа хандуулж ач холбогдол өгч байж ажилчид эрүүл, аюулгүй орчинд, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх ёстой.

-Өнгөрсөн онд орон нутагт эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр хэр ажлууд хийгдсэн бэ?

-Ер нь аж ахуйн нэгж, бай­гуул­лага, ажилтнуудад хөдөл­мөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэр чухал юм, энэ стандарт шаардлагыг барьснаараа тухайн хүн өөрийгөө ямар аюул ослоос хамгаалж урьдчилан сэргийлэх боломжтой байдаг вэ гэдэг тал дээр нэлээд далайцтай ажлуудыг Үйлдвэрчний эвлэл болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэйгээ  хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд анхаарах нэг том зүйл бол яах аргагүй орон нутаг. Орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлж, бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хэд хэдэн удаа хийлээ.

-Үндэсний хэмжээнд анхны ХАБЭА-н сургагч багш бэлтгэх сургалт хийгдсэн гэж сонссон?

-2019 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үндэсний хэмжээнд 28 сургагч багшийг  БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлаг /KOSHA/-тай хамтран бэлтгэлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, мэдээл­лийг сайжруулахаас гадна ХАБЭА-н сургалт, сургагч багшийн чанарыг дээшлүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийлээ. Тухайлбал ХАБЭА-н сургалт зохион байгуулах журам, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулан батлуулсан.

-Аж ахуйн нэгж байгуул­лагууд яам, мэргэжлийн байгууллагын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхдээ хэр байна?

-Сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллагууд маань хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суудалдаа ихэд анхаарал хандуул­даг болсон. Жишиг болохоор байгууллагууд зөндөө олон бий. Тэдгээр манлайлагч байгууллагуудын ажлыг бусдад нь таниулж сурталч­лах ажлыг шат дараа­тайгаар хийж хэрэгжүүлсэн. Хуулийн хэрэгжилтэд хоёр асуудал тун муу байна гэж хардаг. Тэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардалд төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 0.5 хүртэлх хувийг, аж ахуйн нэгж байгууллага бол үйл ажиллагааныхаа чиглэл, эрсдэлтэй ажлын байртайгаа уялдуулаад төсвийнхөө 1.5 хүртэлх хувийг зарцуулах шаардлагатай гэж хуулинд заасан. Ийм зохицуулалттай боловч төдийлөн хуулийн дагуу хэрэгжихгүй байна. Төсөвт суулгахгүй байна гэдэг нь ажилтнаа аюул осолгүй байлгах тал дээр урьдчилан сэргийлэх боломж бололцоо суларч байна гэсэн үг.

-Ажлын байран дахь ослыг тэглэх асуудал яригдаад байгаа. Энэ ямар учиртай вэ?

-Сүүлийн үед олон улсын жишигт ослыг тэглэх хөдөлгөөн өрнөж байна. Энэ нь осол аваар гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тал руу мэргэжлээс шалтгаалсан өвчин дэлгэрч байгаа бол тэрний шалтгаан нь юу юм бэ, түүний шалтгааныг олж илрүүлэн засах энэ хүрээндээ хөрөнгө мөнгийг энэ тал руу нь хандуулах, аюулгүй ажлын байрыг бий болгох, ажил олгогчдыгоо хэрхэн урамшуулах вэ гэх мэтчилэн асуудлууд олон улсын хэмжээнд хүчтэй тавигдаж байна. Манай улсад энэ асуудал мөн л хөндөгдөж ажил хэрэг болон хэрэгжиж байна. Тухайлбал, тав дахь хөтөлбөрийн хүрээнд ослыг тэглэх зорилтууд тусгагдсан байгаа.

-Төр засаг хийх ёстой ажлаа хийгээд байна. Гэтэл хувь хүний хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэг хариуцлага дутмаг байна уу гэж санагддаг?

-Хөдөлмөрийн сайдын 2015 оны 114 тоот тушаалаар батлагдсан норм, норматив бий. Тухайн аж ахуйн нэгж байгууллагууд хөдөл­мөрийн аюулгүй байдалд ач холбогдол өгч ХАБЭА мэргэжилтнийг ажиллуулж байна. Тэгэхээр ХАБЭА ажилтантай байгууллагуудын хувьд ажилчид өөрийгөө хэрхэн хамгаалж ажиллах талаар мэдлэг мэдээлэлтэй байна гэсэн үг. Манай улсад 1-9 ажилтантай байгууллагууд нэлээд өндөр хувийг эзэлдэг учир зарим нөхцөл байдалд анхаарал хандуулж чадахгүй байна.

-Хувийн аж ахуйн нэгжээсээ илүүтэй төрийн зарим байгууллага энэ тал дээр учир дутаг­далтай ажилладаг юм шиг санагддаг?

-Төрийн байгууллагын манлайлал энэ салбар дээр жаахан дутагдалтай байгаа. Тиймээс бид төрийн байгууллагууд дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Тогтолцооны хувьд ХАБЭА-н үндэсний хороо ажилладаг.  Өөрөөр хэлбэл хууль тогтоомж, дүрэм журмыг хангуулахад, хэрэгжүүлж ажиллуулахад анхаарлаа хандуулдаг дэмжин тусалдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top