АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сар, Ангараг гараг руу хүн нисгэх “Artemis” хөтөлбөрийн хүрээнд шинэ үеийн сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахаар болжээ.
Энэ жил тус агентлаг Олон улсын сансрын станц руу АНУ-ын сансрын нисэгчдийг Америкийн пуужингаар тус улсын газар нутгаас нисгэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг ирэх гуравдугаар сарын 2-31-ний хооронд хүлээн авах аж.
Өдгөө тус агентлаг 48 сансрын нисэгчтэй. “Artemis” хөтөлбөрийн хүрээнд сансар огторгуйд судлагдсан хязгаарыг тэлэх зорилгоор сансар огторгуйн өнцөг булан бүрд хүрэх сансрын хөлгийг жолоодох сансрын нисэгчид хэрэгтэй гэж НАСА мэдэгджээ. Нэр дэвшигчид АНУ-ын иргэн, шинжлэх ухаан, техник, инженерийн ухаан, тооны салбарын магистрын дипломтой байх ёстой. Анагаах ухааны докторын зэрэг, туршигч нисгэгчийн сургалтад хамрагдсан бол давуу талтай гэж үзэх гэнэ. Түүнчлэн, ирээдүйн сансрын нисэгчид холбогдох салбарт ажилласан хоёр жилийн туршлага эсвэл тийрэлтэд онгоцны ахлахын хувиар нийт нэг мянган цагийн нислэг хийсэн туршлагатай байх ёстой аж.
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын засгийн газар 2021 оны санхүүгийн жилд НАСА агентлагийн үйл ажиллагаанд зориулж 25.2 тэрбум ам.долларын төсвийг батлуулахаар Конгресст өргөн барьсан. Сар болон Ангараг гараг руу хүн нисгэх хөтөлбөрт зориулан 121.3 тэрбум ам.долларыг төсөвт тусгахаар санал болгоод байна.
“Artemis” хөтөлбөр нь гурван үе шаттай. Нэгдүгээр шатанд, “SLS” пуужинд суурилуулсан “Orion” нисгэгчгүй хөлгөөр сарыг тойрох нислэгийг энэ оны хоёрдугаар хагаст хийхээр төлөвлөжээ. Хоёрдугаар үед 2022 онд сансрын нисэгчтэй сансрын хөлгөөр сарыг тойрох бол гуравдугаар үе шатны хүрээнд НАСА агентлаг 2024 онд сансрын нисэгчдийг сар дээр буулгах, 2030-аад оны дунд үеэр тэднийг Ангараг гараг руу илгээхээр зорьж байна.
Сэтгэгдэл ( 0 )