Л.Мөнхтөр: Унааны ганц морьтой хүн шиг монгол хэлнээсээ дөрөө мултлуузай

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Монголын радиогийн "Ургацын далай", "Газар, тэнгэр" зэрэг олон нэвтрүүлгээрээ зөөлөн дуутай, зөв бодолтой нэгэн эрхэм ард түмний эчнээ танил болж, сонор, зүрхэнд дотносон хоногшсоор хагас жарныг үджээ. "Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин" хэмээх дууны үг шигээ зүйргүй сайхан бүхнийг зөвт сэтгэлээр анирдан зохиол бүтээлээ туурвиж яваа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Лханаагийн Мөнхтөр хэмээх эрхэм хүмүүнтэй ярилцсан юм.

-Таныг Монголын Радиогийн "Ургацын далай" нэвтрүүлгээр тань ард түмэн андахгүй. Ажил мэргэжлийнхээ сайхныг бас онцлогийг хуваалцана уу?

- Би Монголын Радиод 30-аад жил ажилласан. 1992 онд сэтгүүлч Б.Цэдэндамба гуай тэтгэвэртээ гарч ажлаа надад өгсөн юм. "Ургацын далай" нэвтрүүлгээ голлон хийж "Газар, тэнгэр" нэвтрүүлэг, "Төвөргөөн", "Төрийн алтан сан оюуны  өмч" , “Эрчүүд ээ наашаа сууцгаа”, “Өрхийн үйлдвэрлэл” радио сэтгүүл, ”Нүүдэл”,  “Мэдлэгийн сан”, “Эрүүл мал-эрдэнэ”...гээд олон нэвтрүүлэг хийсэн дээ. Намар болохоор "Ургацын далай" нэвтрүүлгээр трактор комбайн түжигнэж, алтан тарианы түрүү сугсарч буцаж буй цагийн дохио сэрэмж өгдөг бол хавар болохоор "Таван эрдэнэ" нэвтрүүлгээр малчны хотноос нялх төлийн дуу цангинаж ирж буй цагийн урь уянга эгшиглэдэг. "Газар, тэнгэр" нэвтрүүлгээрээ байгаль экологийн олон сэдвийг хөндсөн дөө. Ер нь радио бол технологи талаасаа маш хурдтай учир орон даяар түгэх чадвартай. Сүүлийн үед техник технологи, цахим холбоо хөгжсөнөөр энэ онцлог нь бүдгэрэх хандлагатай болсон. Монголын Радио 85 жилийг туулахдаа Монгол Улсынхаа хүн ардыг соён гэгээрүүлэх үйлсэд асар их хувь нэмэр оруулсан. "Ургацын далай" нэвтрүүлэг 55 жил долгион дамжиж байна. Манай Радиогийн нэрийн хуудас болсон буурал түүхтэй ч” бууралтдаггүй” ямагт шинээрээ гялалзаж байдаг нь   "Ургацын далай", "Малчин" нэвтрүүлэг шүү дээ. "Таван эрдэнэ" нэвтрүүлэг бол “Малчин" нэвтрүүлгийн л үргэлжлэл. Ихэнх сонсогчид хөдөө орон нутагт алс бөглүү газар тархан суурьшсан байдаг. Малчин айл хэдэн зай нөөцлөөд авсан байхад радиогоо нээгээд л  л эх орон төдийгүй дэлхийн мэдээг дэргэдээсээ сонсоод байх боломжтой. Радио бол дэлхийн мэдээллийн түүхэнд ч анхлан үүссэн хэрэгслийн нэг  л дээ.

-Айл бүхний бор авдар дээр радио байдаг даа. Сур элдээд ханхайсан чиг, үйл мэтгээд налайсан чиг радиогоо сонсоод л амьдралын өнгө будгийг дотроо нэрж суух. Тэдэнд ном уншаад, зурагт үзээд байх зав чөлөө тун хомс шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Дэлхийн хөгжингүй орнууд радиог эргэн сэргээж байна. Япончууд ажилдаа явах 30 минутаас 1 цаг гаруй  унаанд явахдаа  чихэвч зүүгээд радио сонсдог болсон. Радио бол цаг хугацааны хувьд үр дүнтэй мэдээллийн тохиромжтой хэрэгсэл бөгөөд гал тогоондоо хоол хийж байхдаа ч юм уу, гэрээ цэвэрлэж байхдаа ч чих сонороороо бүх мэдээллийг хүлээн авах боломжтой. Жолооч нар машиндаа FM их сонсдог болж шүү. Жолооч нарт зориулсан радио манайд ч  урд хөршид ч хамгийн олон сонсогчтой хэвээрээ л байна.

-Радиогийн шугамаар, нэвтрүүлгийн дагуу хөдөө орон нутгаас захидал их ирнэ биз. Захидал гэдэг бичгийн болон харилцааны өндөр соёл байлаа шүү дээ?

-Их ирнэ ээ. Монголын радиод захидлын алба гэж байлаа. "Захидал аваад замд гарлаа" гэдэг нэвтрүүлэгтэй. Ард иргэдээс баярлаж, талархсан сэтгэгдэл болон санал, хүсэлт захидлаар их ирдэг. Хадлан өвс, нутаг бэлчээрийн асуудлыг ирж сурвалжилж өгнө үү гэвэл томилолт аваад явах жишээний. Одоо бол малчид хониныхоо бэлчээрээс утсаар, цахимаар, мессежээр холбогддог болсноор амьд захидал ховорджээ. Хамгийн олон захидал ирдэг нэвтрүүлэг бол "Хүсэлтийн хариу" хөгжмийн нэвтрүүлэг байлаа.Дараагийнх нь хөдөө аж ахуйн редакц "Шинэ эрин"-гийн "Малчин", "Ургацын далай", "Газар, тэнгэр", "Таван эрдэнэ" нэвтрүүлгүүд захидлаар даруулж байдаг. Таны хэлсэнчлэн захидал гэдэг том соёлыг орлох хэрэгсэл олширсноор энэ төрөл устах аюулд хүрч байгаад харамсдаг.

-Малчид гэдэг муухан цаг уурчаас илүү байгаль шинжээч, цаг уурч болчихсон байдаг шиг. Тэнгэр хангайгаа унших эрдмийг та бүхэнд ч ажил мэргэжил нь сургачихдаг болов уу даа?

-Зайлшгүй тухайн салбарынхаа тухай мэдэгдэхүүнтэй болдог юм л даа. Ухаандаа би тариаланч хүнээс малчин хүний тухай юм асуугаад байж болохгүй биз дээ. Асуулт гэдэг сэтгүүлч хүний гартаа барьсан хүрз нь юм.

-"Малчин" нэвтрүүлгийн Д.Шагдарсүрэн гуайг хөдөөгийн айлд шөнө дөлөөр ороод "Лаагаа барь аа хө" гэхэд нь л гэрийн эзэн "Шаагаа гуай юу даа" гээд дуу хоолойгоор нь таниад өндийж байх жишээний. Танд бас тийм зүйл тохиолддог уу?

-Тохиолдоно оо. Энд тэнд явж байхад хоёр үг солиотохоор дуу хоолойгоор таньчихдаг юм. Радиогоор нүүр царай харагдахгүй, дуу хоолой л "харагддаг" болохоор хүмүүсийн чихэнд нь, зүрхэнд нь хоногшчихдог юм. Энэ бол ярьдаг сэтгүүл зүйн онцлог юм даа.

-Та ӨМӨЗО-д "Талын дуу хоолой" радиод ажиллаж байгаа. Өвөр монголчууд эх хэл, өв соёлоо авч үлдэхийн төлөө бүхий л түвшинд бодлоготой ажиллаж байх шиг санагддаг?

-Сүүлийн дөрвөн жил Өвөр Монголд ажиллаж байна. Өвөр монголчуудын гавьяа бол монгол бичиг үсгийг өдий хүртэл авч үлдсэн. Тэдэнд эртний мартагдсан хэллэг их байна. Тэд Хятад хэлээс бүх орчуулгаа хөрвүүлдэг учраас үхмэл хэллэг,  махчилсан орчуулга  их бий. Миний хувьд Ар, Өвөр Монголын энэхүү аялгын ялгааг ойртуулж, найруулга хийдэг үүрэгтэй.

-Уран бүтээлийн олз омог арвин уу?

- Би гурван жилд зургаан ном гаргасан. Хоёр ном хэвлэлд бэлдээд сууж байна. 2015 онд "Сэтгэл" гэдэг ном гаргаж байснаа үргэлжлүүлэн бичиж байна. Хүний нүдэнд харагдаж, гарт баригддаггүй эрхтэн бол сэтгэл юм. Хүний сэтгэлийг тандаж, таних Монголын шинжлэх ухаан бол их эртнийх. Чингис хаан сургаалдаа "Сэтгэлийг нь бариваас бие нь хаа холдох вэ" гэсэн байдаг шүү дээ. Дэлхий дахинаа хүний дотоод сэтгэл рүү хандаж байна. "Сэтгэл" номд сэтгэлийн тухай 60 гаруй эссэ багтсан. "Нүд", "Зүрх" гэдэг ном гаргалаа. Одоо "Элэг" гээд бичиж байна. Ийнхүү дөрвөн цуврал ном болох юм. Номоо кирилл, монгол бичгээр хослуулж гаргасан учраас Өвөр Монголын уншигчдад их хүрсэн. Хүн амаараа нэг юм хэлж байхад нүдээрээ өөр юм хэлж байдаг. Тэгэхээр сэтгэл гэдэг эрхтнийг нүдээр нь таньж болно. "Нүд" номоороо нүдтэй холбоотой хэлц үгнүүдийг тайлбарласан байгаа. Одоогийн хүүхдүүд "Нүд халирах", "Нүд үзүүрлэх" гэхээр ойлгохгүй байна шүү дээ.

-Монголын радиог зохиолчдын бага хороо гэлцдэг. Олон сайхан уран бүтээлчидтэй дөрөө харшуулж явсан уу?

-Би "Бид хоёр" гэдэг ном бичиж байна. Энэ ном дээрээ 100 хүний тухай хөрөг, эсээ бичил дурсамж бичих юм. Одоогийн байдлаар 60 гаруй хүний тухай бичиж цахим хуудастаа нийтэлжээ. Ц.Чимэддорж бид хоёр, П.Баярсайхан бид хоёр, Д.Шагдарсүрэн бид хоёр, Ц.Дашдамба бид хоёр гээд л яривал өнөөдөр дуусахгүй. Мөн ч сайхан он жилүүд, залуу насаа хамтдаа элээж, дотно нөхөрлөж, инээж хөхөрч, уйлж дуулж явсан анд нөхдөөс минь 30 шахам хүн нь бурхан болчихсон л байна шүү дээ /санаа алдав/. Одоо ч радио маань шинэ залуу боловсон хүчээр сэлбэгдэж байна даа. Миний ажлыг өвлөж авсан Х.Дугарсүрэн гэдэг шүлэг бичдэг хөөрхөн хүү бий. "Ургацын далай" нэвтрүүлгийг хоёр жил хийж байна.

-"Зөөлөн зөөлөн замбуулин" дуугаар тань хүмүүс таныг андахгүй дээ. Дууны хэчнээн уран бүтээлтэй вэ?

-Дууны 100-аад уран бүтээлтэй. 30, 40 дуу хүмүүсийн дунд дуулагдаж л байх юм. Анхны дуу бол 1993 онд бичсэн "Нутгийн зам" дууг гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат дуулсан. "Дөргөн нуур", "Хайранд хоргодсон намар" зэрэг олон л дуу хийсэн дээ. Өвөр Монголд хорь гаруй дуу бүтээсэн. Удахгүй ээжийн тухай дуу гаргана даа. 2005 онд Бөхийн өргөөнд дууны тоглолт хийж байлаа.

-Таныг Эрэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг гэдэг. Энэ түүхээсээ хуваалцана уу?

-Монголын эрэгтэйчүүдийн холбоо байгуулагдаад 16 жил болж байна. 1990 хэдэн онд Радиогоос сэтгүүлчдийнхээ дунд уран бүтээлийн уралдаан зарлалаа. Би "Эрчүүд ээ наашаа сууцгаа" гэдэг сэдвээр нэвтрүүлэг бэлтгэв. Муу нэртэй, луу данстай л бол эрчүүд гэж нэг үе эрчүүдээ их муулдаг байлаа шүү дээ. Нээрээ энэ эрчүүд хөсөр хаягдаж, хөлөөр хөглөрч байгаа юм уу гэж бодоод эрчүүдийн тухай асуудал хөндсөн нэвтрүүлэг бэлтгэж тэр уралдаанд түрүүлж байлаа. Энэ маань яван явсаар холбоо болсон түүхтэй. Эрчүүдийн боловсролыг судлаад байхад бага, дунд, ахлах анги, дээд сургууль хүртэл замын дунд эрчүүд л гээгдээд, цөөрөөд байдаг юм байна. Дараа нь хуримын ордонд явж очиж гэрлэлтээ бүртгүүлсэн эрчүүдийн хаан бугуйвч бөгжний размерыг судаллаа. 1970-аад онд 22 размерын бөгж эрчүүд их захиалж байжээ. 1990-ээд онд 20 размераас доош 19, 18, 17 размер гээд багассан нь ажиглагдсан. Энэ юуг хэлээд байна гэхээр эрчүүд шөвийж хатаж байна гэсэн үг. Эрүүл мэндийн салбар руу орж судлахад төрөлтөөрөө эрчүүд нь илүү төрдөг боловч амьдрах чадвар нь сул байдаг учраас багадаа эндэж осолдох нь их байдаг юм байна. Тэгээд ч эр хүн  хөдөө гадаа явж, дайн байлдаанд үрэгдэж, хатуу хөтүүг  биеэрээ туулах гээд  “авангард” чанараасаа болж их  үрэгдэж эрсэддэг шүү дээ. Монголчууд эр нөхөр нь  нас барсан  бэлэвсэн эмэгтэйг “энэ ч хөөрхий гадаа гарч эр гэрт орж эм” болж юм даа. Хэмээн хэлэлцдэг.  Эрэгтэй эмэгтэй хүний  ажил үүргийн хуваарь  их ялгаатай байсан цаг үе  алсарсан ч  эр амьтны эх сүргээ хамгаалах  зөн арилахгүй шүү дээ. Энэ бүхэн л Монголын эрчүүдийн холбоо байгуулах шалтгаан нь болсон. "Эрчүүд" гэдэг сонин гаргаж үзлээ. Мөнгө төгрөгөөс болоод үргэлжлүүлж чадаагүй. Жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг "Аавуудын өдөр" болгож тэмдэглэдэг боллоо. Төрийн ордонд жендерийн асуудлаар хэд хэдэн чуулган хийлээ. Бүх аймгийн нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн тасагтай болголоо. Эрэгтэйчүүдийн эмнэлэг олноор бий болголоо. Нийгэмд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг 99 байгууллага, эрэгтэйчүүдийнх нь нэг л байгууллага байсан гэх цаг үеийг өөрчилж чадсан шүү дээ. Тэр ганцхан байгууллагыг нь сүүлийн үед хүүхнүүд эзэгнэж байна гээд хошин яриа хүртэл гарсан шүү дээ. Нөгөө газар нь эрүүлжүүлэх байхгүй юу /инээв/.
Өрх толгойлсон аавуудад урамшуулал олгож, Аавуудын өдрийг архигүй тэмдэглэх уриалга гаргаж, шоронгийн хоригдлуудад уулзалт ярилцлага зохион байгуулж эрчүүдийн үгийг төр засагт хүргэх олон үйл ажиллагаа зохион байгуулж явна даа. Манай тэргүүнээр  Я.Пүрэвдорж гэж генерал хүн ажилладаг шүү дээ. Харин гүйцэтгэх захирал маань Бадамцэцэг гэж  эмэгтэй бий. 

-Өндөр сайхан Алтай, Хүйсийн говьдоо очиж байна уу?

-Төрж өссөн нутагтаа жилдээ нэг очих сон гэж боддог юм. Наймдугаар ангиа төгсөөд Архангай аймгийн багшийн сургууль руу явсан. Цэрэг цуух, ажил төрөл гэж явсаар 30 хүрсэн хойноо Багшийн дээдийн хэл, утга зохиолын ангид сурсан хүн. Хүний нутаг ус гэдэг эргэж очиж унасан газартаа хөрвөөж, угаасан усаа амсаж байгууштай ёсон бий. Саяхан Японы эрдэмтэд хүний биеийн усны бүтцийг судалсан байна. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Хүний биеийн усны бүтэц нь төрсөн газрынхаа усны бүтэцтэй адилхан байдгийг Японы эрдэмтэд тогтоожээ. Миний биеийн усны бүтэц Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ширэгийн худгийн усны бүтэцтэй л адилхан. Тийм учраас хүн жилдээ нэг нутагтаа очиж цай уух хэрэгтэй байгаа юм.
Миний унасан газар бол Монголын их элсний баруун суганд, Хүйсийн говийн зүүн хаяанд оршдог бэсрэг уулстай, хээр тал, говь цөл хосолсон сайхан нутаг.

Нутаг гэснээс саяхан би "Миний сумын..." гэдэг ном гаргасан. Миний сумын худаг, эмнэлэг, дэлгүүр, жолооч нар гээд л эссэ бичсэн. Би цахим хуудастаа бүгдийг нь нийтэлсэн. Нийтлэл дор бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг тэр чигт нь номдоо оруулсан нь маш сонирхолтой болсон. Хүмүүс янз бүрийн дурсамж, сэтгэгдэл бичиж байгаа юм л даа. Тэр нь миний нийтлэлийг баяжуулж, улам амттай болгож байгаа юм. Ийм бичлэгтэй ном сэтгүүл зүйд анхных гэхэд болно шүү. "Миний сумын..." номыг хүний сумын хүн чиг аваад уншиж байгаа юм. Бүх нэрийг нь өөрчилчихөд л тэр хүний хувьд миний сум болчхож байгаа байхгүй юу. Учир нь хүн бүхний дурсамж адилхан өнгөтэй байдаг байх нь.

-Та өгүүллэгийн ном бичиж байна уу?

- Би өгүүллэгийн гурван ном гаргасан. "Холын тэнгэр" бие даасан өгүүллэгийн ном бий. 2012 онд "Жаргалын найман морь" шилдэг бүтээлийн найман боть гаргасан. Өгүүллэг, яруу найраг, дууны шүлэг, сэтгүүл зүй, судлал шүүмж, судалгааны гээд төрлүүд багтсан найман номтой. Үүний нэг адууны зүсний судалгаагаараа докторын зэрэг хамгаалж байлаа.

-Адууны зүс гэснээс адууны хэчнээн зүс байдаг юм бэ. Бид чинь бүгээн, цагаан, шарга, хул, хээр гээд хэдхэн зүсээр л нэрлээд байдаг?

-Монгол хэлэнд малын зүсийг нэрлэдэг 1000 гаруй үгс бий. Үүний 70-80 хувь нь адууны зүс шүү дээ. Адууны үндсэн 30-40 зүс бий. Зүс тодруулах чимэг үгийг  өмнө хойноо аваад нэрлэхээр баяжаад ирнэ. Хэл зүй болон үг зүйн үүднээс зүсийг гарал үүслээр судалж доктор хамгаалсан. Зэрлэг амьтад ганцхан зүстэй байдаг юм байна. Гаршуулаад, сургаад, эдлээд амьдралын хэвшлийг нь өөрчлөөд ирэхээр генд нь өөрчлөлт ороод  зүс нь өөрчлөгддөг юм шиг байгаа юм.  Энэ олон зүсмийг нэгнээс нь  ялгахын тулд үндсэн гурван аргыг  ашигласан байгаа юм. Нэгдүгээрт яг байгаа өнгөөр нь зүслэх, хоёрдугаарт нэг юмтай зүйрлэж зүслэх, гуравдугаарт бэлгэшээх аргаар зүсэлдэг. Зүйрлэх арга нь зээртэй адилхан зүстэй бол зээрд, хулантай адил зүстэй бол хул гэдэг бол бэлгэшээх арга нь орон зай заасан хээрийн адуу нь тэмдэг нэр заасан хээр адуу болж ондоошиж адууны зүс болох жишээтэй. Монгол адууны унаган уугуул зүс нь хээр зүс юм л даа. Монголд Хөхморьт, Мөнгөнморьт гээд адууны зүсээр нэрлэсэн хоёр сум бий. Тэр нутгийн нэгийг  онож төрсөн болохоор адууг их судалсан даа. Анхныхаа номыг "Адуун зүсмийн уул" гэж нэрлэсэн бол дараагийнхаа номыг "Морин уул", "Хийморь уул" гэж нэрлэсэн байх жишээтэй.

-Таны бүтээл номд ч, үзэл бодолд ч эх хэлээ хайрлан хамгаалах сэтгэл ханхийж байна?

-Эх хэлээ би яс, цуснаасаа хайрлан хамгаалдаг. Монголын радиод байхдаа "Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя" гэдэг 40 цуврал нэвтрүүлэг хийж Балдоржийн нэрэмжит шагнал авч байлаа. "Эх хэлээ өөрсдөөсөө хамгаалъя" гэдэг нийтлэл бичиж 2016 оныг сэтгүүлчид эх хэлээ хамгаалах жил болгон зарлаж байсан. Аливаа зүйлийг хамгаалах хоёр л арга зам байна. Нэг нь цоожтой авдар саванд хийж, харуул манаа тавьж хамгаалдаг. Нөгөө нь эдэлж, элээж байж  хамгаалдаг. Ингэж хамгаалдаг нь  аливаа улс орны эх хэл юм. Хэлийг ярихгүй л бол хамгаалагддаггүй. Монгол хэлээрээ ярьж л байвал эх хэл минь хамгаалагдана. Ялангуяа сэтгүүлчид эх хэлээрээ зөв сайхан ярьж, баялаг сангаас нь уудлан ашиглаж л байвал эх хэлнийхээ дархан хилийн манаач нь болно. Уул хангайгаа бид л ухаж төнхөж, ус мөрнөө бид л ширгээж сүйдэлж байна шүү дээ. Эх орноо өөрсдөөсөө л хамгаалах хэрэгтэй байна.

-Тийм шүү. Таны нийтлэл, нэвтрүүлгүүдийн нэр нь их содон, хүний анхаарал татсан байдаг шүү...

-Радиод экологийн нэвтрүүлэг нийтлэл олныг хийсэн дээ. "Элсээ идэцгээе" нийтлэл бичиж байлаа. Энэ нь элсэн цөл болсон газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж аялал жуулчлалыг хөгжүүлье гэсэн санаа. Жишээ нь элсний цана, волейболыг хөгжүүлье, элсний сувилал байгуулъя, элсээр барилгын материал хийе, элсэнд ургадаг ургамлаар нь эмийн бүтээгдэхүүн боловсруулах гээд олон талын гарц гаргалгааг дэвшүүлсэн. Элс нь л амьд болон үхмэл элс гэж хуваагддаг. Миний л ойлголтоор шүү.  Байгалиасаа тогтоцтой баян бүрдтэй элсэн манхад бол амьд элс бол хүний хөлөөр бий болсон нүүдлийн элс нь үхмэл элс юм. Өвөр Монголд Алшаагийн төв Баян хотод эзгүй түмэн буудал байдаг. Элсний авторалле-гаа зохион байгуулаад тооройн алтан шар навчсаа үзүүлээд нэг сар л Энэ  аялал  жуулчлалын ганцхан сардаа  11 сарынхаа орлогыг олчихдог юм билээ. Элс нь тэднийг тэжээж байгаа биз дээ. Миний хувьд сум нутагтаа элсний аялал жуулчлал хөгжүүлэх талаар хийх ажлын санаагаа чамгүй хэлсэн. Энэ жил суманд төвлөж байгаа тусгай хамгаалалттай газрынхан Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Элсний фестиваль” зохион байгуулсан. Цаашид хөгжүүлбэл сонирхолтой аялал жуулчлал болох юм л даа.

-Таны хэлсэнчлэн сэтгүүлч хүмүүсийн нэг чадвар бол мэдээ гэлтгүй гарчигтаа илүү анхаарах хэрэгтэй юм аа даа...

Тийм шүү. Загасчин хүн загас барихын тулд дэгээндээ өгөөш гэж өт уядаг биз дээ. Хоосон дэгээг юу үмхэх вэ...Түүн лугаа  бичиж байгаа зүйлийн гарчиг их чухал юм. Энэ бол сэтгүүл зүйн олон тактикийн л нэг юм. Жишээлбэл: “Өдрийн сонин” дээр "Мөнгө төлж хялар болов" гэсэн гарчигтай мэдээг сонирхоод харсан чинь гоо сайхны салонд давхраа хийлгэх гэж очоод хялар болсон тухай мэдээ байсан. "Пунцагийн хүүхдүүд гавьяат болов" гэсэн гарчигтай мэдээг хараад нэг айлын хоёр хүүхэд нэг зарлигаар  гавьяат болдог яасан сонин юм гээд хүмүүс уншина аа даа. Тэгтэл Пунцагийн Жасрай гуай гавьяат эдийн засагч, Пунцагийн Бадарч гуай Соёлын гавьяат зүтгэлтэн болсон л байгаа юм. Бас нэгэн сонинд "Буугүй тамирчид алтан медальтай ирэв" гэдэг гарчгийг уншмагц ухаандаа гадаадад тэмцээнд явж байгаа манай буудлагын тамирчдын бууг хил гааль дээр хураагаад авч л дээ. Нөгөөдүүл маань очоод хүний буугаар буудаад алтан медалийг нь авчихсан байгаа юм. Энэ мэтчилэн сэтгүүлчдэд хандаж хэлэхэд загас барих өгөөш бол гарчиг шүү. Радиод байхдаа 200-аад хүний хөрөг нэвтрүүлэг хийсэн. "Шар луувангийн хар өвгөн" гэдэг нийтлэл нь шар луувангийн сортыг гаргасан гавьяатын тухай л хөрөг байхгүй юу.

-Нэгэнт сэтгүүлчдэдээ хандсаных өнөө цагийн сэтгүүлчдийн талаар таны бодол ямар явдаг вэ?

-Өнөө цагийн сэтгүүлчдэд сайн тал ч байна, муу тал ч байна. Мэдээллийг олж авах арга нь олширч, хэл ус сайтай болсон нь сайн тал. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөл хөгжиж эхэлж байгаа боловч хэлний хувьд ядуурсан, баригдмал, мэргэжлийн үг хэллэг ихтэй болдог. Баримтад тулгуурлахыг чухалчлахгүй өөрийн сэтгэл хөдлөлд хөтлөгдөх явдал ажиглагдаж байна. Хүнд хүргэх гэж байгаа зүйлээ хүнд уншуулах арга нь буруу байна. Жишээ нь Уханиас оюутнуудыг авчирлаа гэсэн гарчигтай хэр нь ороод уншихаар авчирна гэсэн утга байх. Гарчгийн төгсгөл үйлийн цагуудыг зөв сонгохгүй бол аюултай шүү. Мөн түүнчлэн тэнд тийм юм явагдаж байна хийгдэж байна гээд л идэвхгүй нөхцөлөөр амь зогоож болохгүй. Бараг л хоол идэгдэж байна гэж ярих нь холгүй байна. Нэг үгийг ойрхон давтахаас зайлсхийж байх ёстой. Байхгүй байсан байдаг гэдэг чинь юу гэсэн үг вэ. Байгаа гээд байгаа юм уу, байхгүй гээд байгаа юм уу, мэдэхгүй.

-Ярианыхаа төгсгөлд та юу гэж хэлэх вэ?

-Цахим хөгжсөн эрин үед хүн бүхэн ажил төрлөө амжуулах хэрэгслээ болгож байна. Олон түмэнд өөрийгөө илэрхийлэх энэхүү боломж олгосон цахим хуудастаа хүмүүс хов жив, хоол хошны зураг нийтэлмээргүй санагддаг. Хүнд хэрэгтэй, цэгцтэй, гэрэл гэгээтэй, ухаарал хайрласан, хүнд санаа болох сайн сайхан зүйлс бичих талбар гэж боддог. Хүнд ялагддаггүй ганц зүйл нь цаг хугацаа учраас хүний цаг зав үрсэн юм цахим хуудастаа оруулах хэрэггүй гэж боддог. За ингээд “нүүр ном”-оо нүдний чимэг болгон гэрэлт тэмдэглэлүүдээ бүтээлийн дайтай урлаж  хөгжлийн хөлөөс хоцрохгүй байж, хүний сайхан сэтгэлээ хайрлаж түгээж яваарай гэж захья даа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top