Коронавирусийн халдвараас сэргийлэхэд Увс аймаг 162 сая төгрөг зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнөөдөр /2020.02.17/ Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллаж, Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Увс аймгийн хувьд зудын эрсдэлийн үнэлгээгээр 60 орчим хувьд нэн их, 40 орчим хувьд бага эрсдэлтэй байна. Увс аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өндөрхангай, Тариалан, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Улаангом сумдаар нэн их буюу их эрсдэлтэй. Аймгийн хэмжээнд 3625 толгой мал хорогдсон байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн өвс, тэжээлийн нөөцөөс 230 тонн өвс, 60 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгожээ.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, ард иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 162 сая төгрөгийг зарцуулжээ. Мөн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Орон нутгийн удирдлагуудын зүгээс  “Шуурхай бүлэг”-т аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны фургон автомашиныг шийдвэрлэх, Бөхмөрөн сум дахь Улсын нөөцийн цэгт тэжээлийн агуулах барих хөрөнгө болон эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжлалаа.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймгийн Засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой ажиллах, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө. 

Увс аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top