Монгол Улсын Их сургууль /МУИС/-иас хорио цээрийн хугацаанд цахим сургалтыг дэмжиж датагаа үнэгүй болгохыг үүрэн холбооны компаниудад уриаллаа.
Уриалгад "Дэлхий нийтийг түгшээсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг Covid-19 өвчлөлийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд сургалтын цахим хэлбэрт шилжин олон мянган багш, эрдэмтэд лекц, семинарын материалаа цахим болгон суралцагчдад илгээх, даалгавраа эргүүлэн авах зарчмаар ажиллаж байна.
Засгийн Газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрээр хорио цээр болон боловсролын байгууллагуудын танхимын сургалт эхлэх хугацааг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
Хот болон орон нутагт дахь суралцагчдын интернетийн бололцооноос хамааран ихэвчлэн гар утаснаас цахим сургалтад оролцож байгаа нь санхүүгийн хүндрэл учруулж, хичээлдээ хамрагдах боломжийг хязгаарлах нөхцөл болоод байна.
Иймд Монгол Улсын Их сургуулиас хорио цээрийг сунгасан энэ үед суралцагчдад сурах боломжийг олгохын тулд их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан http://youtube.com серверт 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хандахад үүрэн холбооны дата хэрэглээг үнэ төлбөргүй болгох уриалга гаргалаа.
Үүрэн холбооны компаниуд улс орны өмнө тулгарсан онцгой нөхцөл байдлын үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Их Сургуулиас гаргасан уриалгыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )