Монгол Улсын Их сургууль /МУИС/-ийн Санхүү, төлөвлөвт хариуцсан дэд захирал Чинбатын Ундрамтай ярилцлаа.
-Монгол Улсын ууган их сургуулиудын нэг МУИС 74 дэх удаагийн төгсөлтөө хийлээ. Ажил олгогчдын зүгээс нийт оюутан залуусын ур чадвар тааруу байгаа талаар шүүмжилдэг л дээ. Танай сургуулийг төсгөн амьдралын замд гарч буй оюутнуудын ур чадвар гологдохгүй байж чадаж байна уу. Чанартай боловсон хүчин ус агаар шиг хэрэгтэй байна гэдэг?
-Өнөөдөр (өнгөрөгч баасан гараг) бэлгэ дэмбэрэлтэй сайхан өдөр МУИС 74 дэх удаагийн төгсөлтөө хийлээ. Оюутнуудын хувьд дөрвөн жил сурч мэдсэнээ амьдрал дээрээ харуулах, сайн ажлын байранд очих гэх мэтчилэн олон зүйлийг хүсч мөрөөдөж, олон зүйлийг хийж бүтээх хүсэл зориг дүүрэн байдаг. Оюутнуудын диплом гэдэг бол амьдралынх нь виз байдаг л даа. Тиймээс оюутнууд маань сэтгэл дүүрэн байна.
1942 онд дайны түүх бичигдэж дуусаагүй хүнд цаг үед Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан нар төрийн жолоог атгаж байхдаа Монгол Улсад Их сургууль хэрэгтэй гэж үзэн байгуулж байлаа. Монголын ирээдүй, хойч үеийн гэрэл гэгээтэй хөгжил дэвшлийн замаар замнах гол хүч нь ирээдүйтэй боловсон хүчин гэж боддог. Манай сургууль төгсөгчдийн мөшгих судалгааг хийдэг. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар манай сургуулийн төгсөгчдийн 70 хувь нь сургуулиа төгсөөд зургаан сарын дотор мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байдаг. Зургаан сар гэдэг нэг талаасаа асар богино мэт боловч манай төгсөгчид ажил, амьдралын их замынхаа жолоог атгасан байдаг юм. Монгол Улсын хэмжээнд энэ нь өндөр үзүүлэлт боловч бид хангалттай биш гэж үздэг. Сургуулийн зүгээс нийт төгсөгчдөө 100 хувь мэргэжлийн дагуу ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж, үүнийхээ төлөө ажиллаж байна.
-Танай сургуулийн төгсөгчид ажлын байранд очоод хэр амжилттай ажиллаж байна вэ?
-Бид ажил олгогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авдаг. МУИС-ийн төгсөгчид бусад сургуулиудаас илүү шаардлага хангадаг гэж ярьдаг. Манай сургуулийг онолын мэдлэг маш их өгдөг учраас зарим хөтөлбөр дээр практик талыг нь жаахан хөгжүүлэх хэрэгтэй гэдэг юм. МУИС улсын хэмжээнд олон талт шинжлэх ухааныг эзэмшүүлдэг цор ганц сургууль. Байгалийн шинжлэх ухаан буюу Цөмийн физик, биотехнологи гэх зэргээр цааш үргэлжилнэ. Тиймээс ийм хүмүүст яах аргагүй онолын мэдлэг зайлшгүй өгөх хэрэгтэй. Онол практик дээр үндэслэж гардаг. Тиймээс манай сургуулийн зүгээс онол, практикийг хамтад нь хөгжүүлэх үүднээс хөтөлбөртөө өөрчлөлт оруулж байгаа. Ажил олгогчдын зүгээс сургууль төгсөөд ирж байгаа залуусыг өөрийн компанийн соёлд суралцуулах, үйл ажиллагааны онцлогт тааруулах ёстой байдаг.
-МУИС шаардлагатай тоног төхөөрөмжөө шинэчилж чадаж байна уу. Төсвийн мөнгө төгрөг гээд асуудлууд бий байх?
-МУИС улсын хэмжээнд хамгийн сайн лабораториудтай. Дэлхийд 10-хан байдаг лобараторийн нэг нь манай сургуульд байх жишээтэй. Багш нар өндөр түвшний лабораторид судалгаа хийдэг учраас хөрөнгө оруулалт байнгын шаардлагатай байдаг. БСШУС-ын яамны зүгээс сүүлийн таван жилд анхаарал хандуулан манай лабораториудыг эрчимтэй шинэчилсэн. БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр өрсөлдөх чадвартай дээд боловсролын хүрээнд хөнгөлөлттэй зээл авч, 25 сая ам.доллараар нь 16 давхар Салбар дундын шинжлэх ухааны төв байгуулна. Энд сургалтын болон нээлттэй судалгааны лабораториуд байх юм. Профессоруудын ажиллах хамгийн том суурь бааз нь лаборатори байдаг. Үүнийг хангаж өгснөөр судалгаа шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Шинэ нээлтүүд хийгдэнэ. Энэ чиглэлд манай сургуулийн зүгээс анхаарал хандуулан ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн ажилласаар байх болно.
-Санхүүжилт, хөрөнгө оруулалт хэр дутагдалтай байдаг вэ?
-Нуулгүй хэлэхэд, хөрөнгө оруулалт маш дутагдалтай байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томоохон их, дээд сургуулиудыг харахад улсын төсвийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас бүрддэг. Манай сургуулийн санхүүжилтын 60 хувь нь сургалтын төлбөр байдаг. Монгол Улсад 100 хувь сургалтын төлбөрөөрөө үйл ажиллагаа явуулдаг сургууль гэвэл хувийн их, дээд сургууль байдаг л даа. МУИС-ийн тухайд 60 гаруй хувь нь сургалтын төлбөр, бусад нь судалгааны санхүүжилтээс ордог. Нэг үгээр хэлбэл манай багш нар төсөл бичээд Шинжлэх ухааны сан, Засгийн газар, гадны хөтөлбөрүүдэд хамрагдан санхүүжилт авч байгаа. Энэ маш сайн боловч сургалтын төлбөрөөсөө илүү орлого эрдэм шинжилгээнээс орж ирэх ёстой гэж үздэг. Үүний төлөө ажиллаж байна. Улсын төсвөөс өнгөрөгч оныг хүртэл тогтмол зардлыг маань төлдөг байсан. МУИС-ийн 11 барилга төрийн өмч. Ядаж цахилгаан, халаалт зэрэг тогтмол зардлыг улсаас өгөх ёстой гээд төсөвт тавьдаг байв. Энэ жилээс уг зардлыг бүр суулгахаа больсон. Ноднин хэчнээн төсөвт суулгасан ч гэсэн өгөөгүй л дээ. Нэг үгээр хэлбэл бид өөрсдийн хүчээр МУИС-ийг авч явж байна.
Бодлогоор улсын төсвөөс МУИС-д санхүүжилт өгөх шаардлагатай. Гэхдээ бид зүгээр авна гээгүй. Агаарын бохирдол, хөрсний бохирдлыг шийдэж өг гээд үүрэг өгчихвөл эрдэмтэд, судлаачдынхаа боломжоор арга зам, гарц, шийдлийг хийж өгнө. Нийгэмд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх судалгаануудыг хийх нөөц боломж байгаа. Бүгдийг нь биш юмаа гэхэд заримыг нь шийдэх боломжтой юм. Бусад их, дээд сургууль Шинжлэх ухааны академитайгаа хамтраад ажиллах боломж бүрэн бий.
-Танай сургуулийн хөтөлбөрийн агуулга олон улсын стандартад нийцсэн үү. Дэлхийн топ сургуулиудын жагсаалтад Монголын сургуулиудын нэрс алга гэдэг л дээ?
-Дэлхийн их сургуулиудын ранкыг тодорхойлохдоо олон үзүүлэлтийг харгалзан үздэг. Хамгийн наад зах нь сургалтын төлбөрөөс олж буй орлогын харьцаа, глобалчлагдсан байдлаас эхэлдэг. МУИС-ийн тухайд бид шилдэг сургууль болохын тулд хичээн ажиллаж байгаа. Сургалтын хөтөлбөрүүдээ олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах зорилгын хүрээнд ноднин гурван хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн. Маш том зардал гардаг, их ажил болдог. Сургалтын төлбөрөөсөө бид 98 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх хэмжээний санхүүжилтыг гаргах боломжгүй. Бүх чиглэлээр Германаас экспертүүд авч ирнэ гэвэл маш том зардал гарч таарна. Гэхдээ бид өөрсдийн хэмжээнд шат шатаар ахиулаад явж байна. Бид хөтөлбөрөө дэлхийн их сургуулиудын хөтөлбөртэй харьцуулан шинэчилсэн.
Дэлхийн топ сургуулиудад багтахын тулд төрийн зүгээс бодлогын дэмжлэг хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн ядаж бидэнд судалагаа, шинжилгээний үүрэг өг. Бусад сургуулиудтай харьцуулаад хэн нь үүнийг хийж чадах вэ гэдгийг гаргаад ир. Топ их сургуульд орохын тулд глобалчлагдсан байдал хамгийн чухал. Манай сургуульд одоогоор 19 орны 400 гаруй гадаад оюутан суралцдаг. Монголд сурахад хамгийн наад зах нь сургалтын виз авахаас эхлээд хүндрэл тулгардаг. Олон байгууллагын уялдаа холбоогүй ажлаас үүдэн гарах хүнд суртал гээд тоочоод байвал олон зүйл бий. Үүнийгээ ядаж хөнгөвчлөх хэрэгтэй.
Дан ганц МУИС-ийн нэр хүнд биш Монгол Улсын нэр хүнд өндөр байж гэмээнэ гадаад оюутнууд Монголд суралцана. Амьдрахад таатай, аюулгүй, эрүүл байж гадаад оюутнуудыг татна. Энэ шаардлагаа эхлээд хангамаар байна. Тэгж байж эхний ээлжид Азийн топ сургуульд өрсөлдөж болно. Түүнчлэн гадаад профессоруудын тоо чухал. Гэтэл визнээс эхлээд чирэгдэл болдог. Ядаж л энд ирээд үр хүүхдээ сургууль, эмнэлгээр үйлчлүүлэх боломж байгаа билүү гэдгээс эхлээд харах ёстой. Тэгээд цалин хөлс гээд удаах хүчин зүйлс байдаг. Монгол Улс эдгээрийг бодлогын хүрээнд авч үзсэнээр шийдвэрлэнэ гэдгийг төр засгийн хэмжээнд албан бичиг хүргүүлдэг. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын асуудлыг яриад их сургуулийн асуудлыг төр анхаарч чадахгүй байна. Уг нь цогцоор нь барьж авч, шийдэх ёстой асуудал юм.
-Сүүлийн үеийн залуус хүссэн мэдээлэл, мэдлэгээ цахим орчноос авч байна. Тэр хэрээр багш нарын ур чадвар сайжрах ёстой. МУИС-ийн багш нар хурдацтай хөгжиж буй энэ цаг үедээ нийцэж чадаж байна уу?
-МУИС 1000 орчим багштай. Үүний дийлэнх нь гадаадын өндөр хөгжилтэй оронд эрдмийн зэргээ хамгаалаад эргэж ирээд сургуульдаа багшилж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин эхэлсэн. Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалтай зэрэгцээд онлайн цахим сургалтууд хөгжсөн. Ганцхан их сургууль гэлтгүй хувийн компаниуд хүртэл энэ цахим сургалтыг хөгжүүлж, борлуулж хүмүүст мэдлэг өгч байгаа л даа. Ийм нөхцөлд их сургууль яаж ажиллах ёстой вэ гэдгээ ярьж байна. Тиймээс цахим сургалт яах аргагүй хэрэгтэй. Анги танхимд мэдэрч чадахгүй сургалтыг бид цахим сургалтаар олгоно. Тухайлбал, сансар судлалын хичээл байлаа гэхэд сансар огторгуйн талаар бид контент бэлтгэж байх жишээтэй. Манай сургууль Багшийн хөгжил, цахим сургалтын төвтэй болсон. Багш нар маань Багшийн хөгжлийн төвөөрөө дамжуулан хөгжиж байна гэдгийг бардам хэлнэ.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үр дүнд оюутнуудаас маш их хэмжээний мэдлэг шаардах болж байна. Нэг үгээр хэлбэл роботуудтай өрсөлдөж амьдарна гэсэн үг.
-Хоёр, гуравхан жилийн өмнөөс Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Үүнд МУИС болон танай оюутнууд бэлэн үү?
-Дэлхий бэлэн биш байна. 2016 онд Дэлхийн эдийн засгийн форум дээр тус форумыг санаачилагч Клаус Шваб “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гээд илтгэл тавьж байсан. Ямар үр дүн гарахыг нь мэдэхгүй ч яг ийм босгон дээр бид тулаад ирлээ. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг өөрсдөө хөгжихгүй бол мэдэхгүй, чадахгүй гээд хойш суух хэрэггүй. Их сургууль, эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллага, төр, хувийн хэвшлийнхэн хамтраад явах ёстой. Энэ талаар манай сургууль хоёр жил ярьж байна. Ямар үр дүнд хүрэхийг нь мэдэхгүй ч мэдээж бидэнд тандалт судалгаа бий. Технологи маш хурдацтай хөгжиж байгаа эрин үед оюутнууддаа өгөх мэдлэгээ сайжруулах шаардлагатай гэдэг дээр анхаарч байгаа. Явцын дунд өнөөдөр байгаа зарим мэргэжлүүд огт хэрэггүй болж, шинэ мэргэжил бий болно. Гэтэл МУИС-ийг төгссөн залуус тэтгэвэрт гартлаа ажлын байртай байх ёстой биз. Тийм учраас компьютерээс илүү ямар ур чадвар байж болох вэ гэдэг дээр анхаарч хөтөлбөрөө боловсруулж байна.
-Хиймэл оюун ухаан, роботуудтай өрсөлдөх боломж байна уу. Хувь хүний тань байр суурийг сонирхмоор байна?
-Өрсөлдөх гэхээсээ хамтарч ажиллах хүмүүсийг бид бэлтгэх ёстой. Хиймэл оюун ухаантай хамтарч, нэг баг болж хамтран ажиллах боломжтой хүмүүсийг бэлтгэх нь чухал. Судалгаа тандалтуудыг харахад шинийг санаачилагч, бүтээлч байдал, шүүмжлэлт сэтгэлгээ гээд робот, компьютеруудын хийж чадахгүй зүйлс гэж бий. Тухайлбал, шинэ дизайн, алгоримтын дизайн, бүтцийг нь хийдэг, загварчилдаг. Ийм чадвартай, их өгөгдөл дээр ажиллах боломжтой, шинэ үеийн технологийг өөрийн ажилд маш энгийнээр хурдан сураад явах хүмүүс бэлтгэх нь чухал.
-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай холбохоор ирээдүйд үнэ цэнтэй байх ямар мэргэжлүүд байна вэ. Таны хэлснээр робот хийгээд хүмүүсийн өрсөлдөөн их байх нь?
-Эхэндээ бид инженер, байгалийн ухааны мэргэжлийг эрэлттэй гэж хардаг байсан. Абсолют шинжлэх ухаан шүү дээ. Абсолют шинжлэх ухааныг яваандаа компьютер сураад хийгээд явах боломжтой. Мэдээж үүний хөгжүүлэлт дээр хүн ажиллана. Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлд компьютер ажиллах боломжгүй. Тиймээс бид либерал артад суурилсан боловсролын систем рүү шилжсэн. Шинэ хөтөлбөрөөрөө хоёр дахь төгсөлтөө хийлээ. Тухайлбал, таны ажлыг компьютер хийхэд хэцүү. Ярилцагчаа ойлгоод яриагаа боловсруулна гэдэг компьютерийн хувьд тун амаргүй. Харин таны бэлдсэн текстийг телевизээр ярих ажлыг робот хийж чадна. Тиймээс ирээдүйд нийгмийн шинжлэх ухаан хамгийн чухал байх болов уу гэж бодож байна.
-МУИС-ийн гадаад харилцаа хэр хөгжиж байна вэ?
-МУИС дэлхийн 40 гаруй орны 200 гаруй их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Гэхдээ дэлхийн топ түвшний их сургуультай хамтран ажилладаг. Монгол Улсын хэмжээнд хамгийн олон гадаад оюутан сурч, хамгийн олон гадаад багш манай сургуульд багшилдаг. МУИС Монгол Улсын хэмжээнд гадаад харилцаагаа хамгийн сайн хөгжүүлсэн сургууль гэдгийг хаана ч бардам хэлнэ.
-Ойрын хугацаанд танай сургууль ямар ажлын ард гарах зорилт тавьсан байгаа бол. Түүнчлэн та намрын өмнө тулгамдсан ямар бэрхшээлүүд байна вэ?
-Ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажилд түлхүү анхаарал хандуулж байна. 25 сая ам.доллараар Салбар дундын шинжлэх ухааны төвийг байгуулна. Багш, оюутны үйлчилгээний барилга, Бизнесийн сургуулиа барьж, Спорт комплекстой болно. Хоёр жилийн өмнө бид номын сангаа ашиглалтад оруулсан. Сурах орчин хүнд хамгийн чухал гэдгийг үүнээс илүүтэй мэдэрсэн. Оюутнууд, багш нар маань номын сандаа багтахгүй болтлоо суудаг болсон. Таатай орчинд хүмүүс идэвхтэй сурч, судалгаа хийдэг. Тиймээс сурах таатай орчин бий болгох нь чухал байгаа юм. Ойрын хугацаанд сургалт, судалгааны орчин дэлхийн түвшинд хүрнэ. Агуулгын хувьд стратеги төлөвлөгөөгөө хэрхэн шинэчлэх вэ гэдэгтээ анхаарч, ISO 9001 чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх гэж байна.
Тулгарч байгаа томоохон бэрхшээл гэвэл төрийн бодлого дутмаг байна. УИХ-ын 76 гишүүний гуравны нэг нь МУИС-ийн төгсөгч байдаг ч сургуультайгаа эргэх холбоо багатай байдаг. Судалгааны их сургуулийн концепци, Индамент сангийн хуульд анхаарал хандуулаасай гэж хүсдэг. Салбарын сайд Ё.Баатарбилэг манай сургуулийн төгсөгч, мэргэжлийн сайд тул бидэнд анхаарал хандуулж, тусалж байгаа. Гэхдээ бусад гишүүд маань их сургууль гэж ямар чухал байдгийг ойлгоод, эдгээр хуулиудад анхаарал хандуулаасай. Монгол Улс гурван сая хүн амтай хэрнээ 100 гаруй их, дээд сургуультай болчихсон. Чанарын шаардлага хангаж буй сайн сургууль байдаг. Огт шаардлага хангахгүй нь ч бий. Тиймээс бодлогын хүрээнд кампанит ажил зохион байгуулаад болохгүйнх нь үйл ажиллагааг зогсоохгүй бол нийт их сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд байгаа юм.
-Жил жилийн хавар, намар их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэгт нь эцэг, эхчүүд бухимдаж буйгаа илэрхийлдэг. Танай сургууль төлбөрөө нэмж байна уу?
-Манай МУИС энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй. Гэхдээ зориуд хэлмээр байгаа нэг зүйл байна. Зарим цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас хамаагүй доогуур төлбөртэй шүү дээ. Гэтэл багшилж буй багш нар нь доктор, профессорууд. 20 гаруй жил суралцаж өөрийгөө хөгжүүлдэг. Энэ хүмүүсийг бид цалинжуулах ёстой. Аль ч улсад профессорууд хамгийн өндөр цалин хангамжтай хүмүүс байдаг. Үүнийг ойлгоосой гэж хүсдэг.
Зарим мэргэжил дээр бүр тусгайлан тэтгэлэг олгоосой гэж боддог юм. Сайн сурдаг, сурах хүсэл эрмэлзэл дүүрэн хэрнээ санхүүгийн боломжгүй оюутан байдаг даа. Тийм мундаг оюутнуудад тэтгэлэг олгоод сургах хэрэгтэй. Үүнийгээ улс бодлогоор дэмжих цаг болсон. Хими, физик, биотехнологийн чиглэлээр гэхэд дагнан мэргэжилтэн бэлтгэдэг хувийн сургууль бараг байхгүй. Нано шинжлэх ухаан, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж яриад байдаг. Нано шинжлэх ухаан, биотехнологиор сурч байгаа оюутнууддаа тэтгэлэг олгох шаардлагатай юм. 21 аймаг, есөн дүүрэгт цахиур хагалж байгаа хүүхдүүдийг сургаж аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын манлайд явах хүмүүсээ бэлтгэх хэрэгтэй гэдэг бодол бий. Манай сургууль өөрсдийн нөөц боломжийнхоо хүрээнд тэтгэлэг олгодог. Гэхдээ хангалттай биш. УИХ-ын гишүүн А.Ундраа цөмийн физикийн хүн. Тиймээс цөмийн физикийн ангийн оюутнуудад хувиасаа тэтгэлэг олгодог. Одоо төрийн бодлого хэрэгтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
энэ балай ааш муут Ундрам чинь бараг 100 аад оюутнаас мөнгө аваад дүнг нь дээш татаад төгсгөсөн гар шүү дээ \n\nийм байж муис яаж хөгжих билээ
явцгүй хүүхэн , сургалтын албадуудаар дүүрэн долоогч нар цугласан , хайран сургууль минь
Zahiraluudaasaa ehleed MUIS yavahaa baisan Ene hun gants neg jil orlgch bolood ih uhaantai bolson yum baih
МУИС~н түүчээ болсон боловсролтой, дайчин, шудрага бүсгүй. Ийм л шинэ үеийнхэн боловсролын салбарт хэрэгтэй.
Үнэн л хэлж байна. Сүүлийн үед олон улсын олимпиадад найз нар түрүүлээд хичээл сайжраад гоё о байгааш. Бид өөрсдөө бас хичээи ёстой. Ямар социалист улс биш.
Эхлээд өөрөө хүн болж хүмүүжилтэй болоо дараа нь наад юмаа ярь . Өөрөө хүн болоогүй байж хуцаж байхын
Ene egch ulam l buduun bolood bh yum!
Энэ сургуулийн физикийн ангид элсэгч байхгүй болсон. удахгүй зарим мэргэжлээр хүн элсэхгүй болох магадлалтай. Ийм байхад юун дэлхийн хэмжээний төвшинд ярих хэрэг байна уу. МУИС бусад сургуулийн хувьд үлгэр жишээ авах хэмжээний сургалт явуулах ёстой байтал зарим сургуулиас хол хоцроод байна. герман монгол хамтарсан сургууль, шинэ монгол гэх мэт сургууль аль хэдийн МУИС өмнө гишгээд байна. Төгссөн оюунтанд тэр бүр ажлын байр олдохгүй, ямар хичээл зааж мэргэжлийн диплом олгох эсэхээ мэдэхгүй элсэлт авсан хэвээр. Энэ сургууль зөвхөн нэр хүндээр л явж байна. удахгүй нөөц дуусаад таг суух байх.
Дэлхийн топ сургуулиудын жишигт багтахыын тулд университетийн боловсролтой байгалийн шинжлэлийн чиглэлээр гэдаадын нэр хүндтэй сургуульд эрдмийн зэрээг хамгаалсан тооп эрдэмтэн удирдаж байж л амжилтанд хүрнэ шүү дээ
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Эхлээд л төлбөрөө төлсөн оюутан түүний ард байгаа эх эцгийн өмнө хариуцлагаа хүлээж, хичээлээ чанартай зааж, сургах, дадлагажуулахад нь анхаарч үндсэн ажлаа сайн хий. Тэгээд халтууранд явцгаа.