УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлаад байна. Зарим гишүүд гадаад томилолт авсан, тойрог руугаа явсан сурагтай. Таны хувьд ямар ажил амжуулж байна даа?
-Би олон нийтийн жишгээс ялгараад байх дургүй. Тийм болохоор нийтийнхээ жишгийг дагаж хорио цээрийг хүндэтгээд үндсэндээ гэр зуураа л байна. Тухай нь, орон нутагт ажиллая гэж бодоход төр засгийн гаргасан шийдвэрийг зөрчиж таарна шүү дээ. Энд тэнд очиж хүн цуглуулж, хүнтэй уулзаж болохгүй. Ажлаа хийж байгаа хүмүүст хүндрэл учруулаад янз бүрийн ажил зохион байгуулах нь зохисгүй.
-Нэгэнт коронавирусний хориотой холбоотой яриа руу орсных асуух зүйл байна. Манай улсад энэ өвчний тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ урьдчилан сэргийлэх чиглэлд нэлээд идэвхтэй ажиллаж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн онцгой комиссууд гээд үүрэг хүлээж байгаа төрийн захиргааны байгууллагууд үнэхээр хариуцлагатай ажиллаж байгаад үнэхээр талархаж байгаа.
“Өвчин хэлж ирдэггүй” гэж монголчууд ярьдаг шүү дээ. Хөршид маань энэ өвчин гарсан болохоор хамгийн түрүүнд манайд дэгдэх магадлал байсан. Харин цаг хугацаа алдалгүй тодорхой горим, дэглэмийг тогтоож, үүнийг ард иргэд маань ухамсартайгаар даган биелүүлсний үр дүнд шинэ коронавирусний тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнгүй. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Хорио дэглэмийг иргэд сайн барьж, төр засгаас шийдвэрүүдээ шуурхай гаргаад явсныг сайн үзүүлэлт гэж бодож байгаа.
-Гэхдээ өвчин орж ирээгүй байхад орон нутгийн замыг хаах мэтээр жаахан хэтрүүлээд байна гэх хүн ч бий?
-“Энхийн цагт хөлс их дуслуулбал, дайны цагт цус бага урсгана” гэдэг үг байдаг шүү дээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авснаар буруутна гэсэн ойлголт байхгүй. Магадгүй өнөөдөр манай улсад орж ирээгүй болохоор хүмүүст айдас түгшүүр бага байгаа. Хэрэв нэг иргэн өвчлөөд хүндэрчихсэн байгаа бол бид яаж сандарч байх байсан бол гэдэг өөрөө өөр асуулт байхгүй юу. Улс үндэстнээрээ энэ халдварын тархалтад өртөхгүйгээр даван туулах гэдэг бол эцсийн зорилго шүү дээ. Тийм болохоор анхаарлаа сулруулж болохгүй.
-Энэ өвчин зөвхөн эрүүл ахуйн хариуцлагыг шаардаад зогсохгүй эргээд эдийн засагт нөлөөлөх үр дагавартай болчихлоо. Манай улс нүүрсний экспортын эхний улирлын орлогоо алдлаа гээд байгаа. Нэг их наядын дарамт төсөвт учирна гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүйгээр даваад гарч чадна гэсэн байр суурь илэрхийлж байна лээ?
-Шинэ коронавирусний дэгдэлт мэдээж эдийн засгийн хүндрэл дагуулна. Сангийн сайдын хэлж байгаа үгийг би хариуцлагатай үг гэж ойлгож байгаа. Монгол орны хувьд, эдийн засгийн сахилга батыг сүүлийн гурав, дөрвөн жил сайжруулж ажилласны үр дүнд ямар нэгэн байдлаар асуудал хүндрэхэд даван туулах нөөц бололцоо бий болсон гэдэгтэй би санал нийлнэ. Ерөнхийдөө бүхлээр нь харахад шинэ коронавирусний тархалттай холбоотой дэлхий нийтийн эдийн засгийн хямрал болох магадлалтай байна гэдэг дээр харин бэлтгэлтэй байх ёстой. Дэлхий нийтийг хамарсан хямрал болбол Монгол өртөхгүй үлдэх боломжгүй шүү дээ. Нүүрсний экспортын орлогын төлөвлөгөө дутах нь шинжтэй боллоо. Дээр нь хөл хориотой холбоотойгоор түрээсээ хөнгөлсөн аж ахуйн нэгжүүдийн татварын тодорхой хувийг нэг удаа хөнгөлөх тухай чиглэл гараад явж байгаа юм билээ. Энэ чинь татварын орлого тэр хэрээр тасалдана гэсэн үг. Тийм болохоор үүнийг яаж зохицуулах төлөвлөгөөг Засгийн газар, Сангийн яам сайн гаргах хэрэгтэй.
-Улсын төсвийг хоёр их наядын алдагдалтай баталсан. Дахиад нэг их наядын дарамт ирэх тухай дуулдаж байна. АН-ын зүгээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах, УИХ-ын ээлжит бус чуулган зарлах санал гаргаж УИХ-ын даргад хүргүүлээд байгаа?
-Миний хувьд төсөвт тодотгол хийгдэнэ гэдэгтэй санал нэг байгаа. Хямрал гарах эрсдэлүүд үүсч байгаа болохоор төсвөө тодотгохгүйгээр явах бололцоо байхгүй шүү дээ. Харин цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг асуулт бий. Ээлжит бус чуулган хуралдуулах ч шаардлага гарч магадгүй. Би бол ээлжит бус чуулган хуралдах байх гэдэг дээр санал нэг байна. Энэ бол нэг хүний ч юм уу амбиц, сэтгэл хөдлөлөөр шийддэг асуудал биш. Бодит асуудал дээр бодитой хандах тухай л асуудал.
-Хөл хорио тогтоосонтойгоор холбоотойгоор байгууллагууд ажилчдаа амраах явдал түгээмэл гарлаа. Үүнээс үүдээд банкны зээлийн хүүг нэг удаа царцаах хэрэгтэй гэсэн яриа дуулдах боллоо?
-Дэлхий нийтээрээ л коронавирусний том сорилтод орж байна. Урд өмнө нь SARS, Н1И1 гэх мэт өвчнүүд гарч байсан. Гэхдээ тухайн улс дотроо эсвэл ганц хоёр улс дамжаад халдвар нь зогсож байлаа. Хүний амь нас ч энэ удаагийнх шиг ихээр эрсдээгүй. Гэтэл коронавирусний халдвар дэлхийн 60 гаруй улсыг хамарчихлаа. Зарим улсад нь өвчилсөн иргэдийнх нь тоо мянгаар тоологдож эхэлж байна. Ийм давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой зардлыг тухайн төр, Засгийн газар ямар байдлаар шийдэх вэ гэдэг бол улс орон бүрийн өөрийнх нь асуудал. Тухайлбал, Германд энэ вирус дархлаатай холбоотой учраас иргэн бүр өөрсдөдөө анхаарах ёстой. Тийм учраас яг үүнтэй холбоотой эдийн засгийн арга хэмжээг Германы Засгийн газраас авч хэрэгжүүлэхгүй гэсэн байна лээ.
-Та БСШУС-ын сайд байсан хүн. Манай улсын хувьд коронавирусний сорилтыг боловсролын байгууллагууд илүү амсаж байх шиг байна. Их сургуулийн оюутнуудын ээлжийн амралт оны өмнөөс эхэлсэн. Тэр нь сунасаар бараг гурван сар болох нь. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа бас хоёр сарын хугацаатай зогсож сурагчид өргөн нэвтрүүлгийн телевиз, онлайнаар хичээлээ үзэж байна. Энэ нь сургалтын чанарт нөлөөлөх вий гэдэг нь эцэг, эхчүүдийн санааг зовоож байгаа л даа?
-Маш чухал асуудлыг хөндлөө. Нэгдүгээр зарчим юу вэ гэхээр “Эрүүл биед саруул ухаан оршино”. Тэгэхээр эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байгаа нь зөв. Хоёрдугаарт, иргэдийн боловсролын асуудал батлагдсан хууль дүрмийнхээ дагуу тасралтгүй явах ёстой. Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэнээс сургалтын хичээл, хуваарьт өөрчлөлт орлоо. Үүнийг ч Засгийн газраас зохион байгуулсан хэлбэр нь зохицуулалтын хувьд сайн боллоо гэж бодож байна. Гурав дахь шинэ юм бол энэ коронавирусний үед Монголын боловсролын салбар дотор ямар туршилт явагдсан бэ гэхээр онлайн сургалт гэдгийг анх удаа улс орон даяар хийж үзлээ. Яг хичээлийнхээ бүрэн программаар хийж байгаа шүү дээ. Цаашдаа шаардлага гарсан үед ийм хэлбэр, агуулгаар бид явж чадах уу гэдэг том туршилтад боловсролын систем орсон гэсэн үг. Ямар ч байсан хичээлээ заачихлаа. Хүүхдүүд маань хичээлээ авч байна. Сургалтын программ тасарсан гэх зүйл байхгүй байна гэдэг нэг том амжилт. Ямар ч байсан хичээлээ тасалдуулахгүйгээр бид онлайн хичээлийг хүүхдүүддээ зааж чадах юм байна, хүүхдүүд авч чадах юм байна. Дараагийн асуудал бол чанарын асуудал.
-Бараг амралт гэж ойлгоод байна шүү дээ?
-Онлайн сургалт зөвхөн Монголын боловсролын систем дээр туршигдахгүй байна л даа. Хятадын бүх их, дээд сургуулиуд өнөөдөр онлайн сургалтын горимд шилжээд явж байгаа. Магадгүй ЭЕШ бусад зүйлүүддээ онлайнаар бэлтгэх том туршилт болсон байх. Мөн дахиад хорио цээр сунгагдлаа гээд муугаар бодоход хүүхдүүд маань сургуулиа, анги төгсөх шалгалтаа, улсын шалгалтаа, ЭЕШ-уудаа онлайнаар өгөх нь байна гэдэг бэлтгэл, сэтгэл зүй, хандлага руу орохоос өөр аргагүй болж байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Багш нар, хүүхдүүд маань хичээж байна. Эцэг, эхчүүд маань ер нь хүүхдээ сургуульд, багшид даатгачихдаг байсан шүү дээ. Сайн, муу сурч байгаа нь багшийн асуудал мэт. Тэгвэл энэ удаагийн явдал багшийнхаа зааж байгаа хичээлийг хүүхэд ойлгож байна уу гэдгийг эцэг, эх харах, өөрсдөө хичээлд нь оролцох давуу тал болж үлдэж байна. Ер нь хүүхэдтэйгээ ажиллах шаардлагатай гэдгийг эцэг, эхчүүд маань маш сайн ойлгосон байх.
-Ярианыхаа төгсгөлд нэг зүйлийг асуухгүй орхиж болохгүй байх. Таныг 12 тэрбум төгрөгийн тендер найзынхаа компанид авч өгсөн гэдэг мэдээлэл үе үе гардаг. Сүүлийн үед бас үзэгдэх боллоо. Энэ ер нь ямар учиртай юм бэ?
-Чухал асуудал хөндлөө. Би ч гэсэн нэг тайлбар өгөх юмсан гэж бодож явсан юм. Төрийн ажлын цаг үеэ дагаад өөрчлөгдөж, сайжирч байгаа нэг зүйл юу вэ гэхээр тэр тендер гэдэг юманд сайд оролцох ямар ч боломж бололцоо хуулиараа байхгүй болсон. Тендерийн онлайн бүртгэлд хэн бүртгүүлэх, ямар компани санал өгөх, тэгээд материалаа онлайнаар шалгуулах бүх процесс сайдын ямар ч оролцоогүй явдаг. Гэтэл иймэрхүү агуулгатай мэдээ анх 2018 онд гарсан. Бүр хүн харахад итгэл үнэмшилтэй болгохын тулд миний гаргаж байсан захирамж бичгүүдийг улаан, ногоон балаар зурчихсан байна лээ. Хүнийг харлуулахын тулд бүхэл бүтэн мэргэжлийн баг ажилладаг юм байна. Хүн харахад үнэмшихгүй байхын аргагүй байдлаар хийж байгаа юм. Хариуцлагатай хэлэхэд энэ бол зүгээр л харлуулах гэсэн улс төрийн гүтгэлэг. Нөгөө талаас нь миний өгөх тайлбар юу гэхээр би төрийн анхан дунд дээд байгууллагад ажилласан хүн. Дүүрэг, хот, яам гээд бүх шатанд төрийн ажил хийлээ. Надад ямар нэгэн байдлаар хувийн эрх ашгаа урд тавих хандлага, хүмүүжил, ёс зүй байхгүй. Би ажлаа яавал илүү сайн хийх вэ гэж нойр хоолгүй явдаг болохоос албан тушаалаа нэг ашиглачихъя гэж бодож үзээгүй. Хэрвээ би буруу хандлагатай хүн байсан бол дүүргийн дарга, хотын орлогч, сайд хийж байсан юм чинь ямар нэгэн байдлаар хувийн бизнестэй болчих байсан биз дээ. Надад болоод манай нөхөрт нэг ширхэг ч хувийн бизнес байхгүй. Тийм бодол ч байхгүй. Манай нөхөр салбараасаа тэтгэвэртээ гарна гэдэг үнэт зүйлтэй. Тендер будилуулсан гэдэг бол зүгээр л гүтгэлэг. Би чинь таван дүүтэй хүн. Энгийн нэг жишээ хэлэхэд намайг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад нэг дүү маань ирээд “Аниа, та нэг булангийн газар өгчих. Найзтайгаа нийлээд машин угаалгын газар ажиллуулах гэсэн юм” гээд гуйхад нь “Уучлаарай, тэгж болдоггүй юм” гээд явуулж байлаа. Би бол надаас хол яв л гэдэг. Ер нь төрийн ажил албан тушаал, тэр тусмаа өндөр албан тушаал хашна гэдэг бол хариуцлага юм. Хоёргүй сэтгэлээр хийх ёстой. Найз нөхөд байтугай дүү нартаа тусалж байсан удаа надад байхгүй.
-Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ынхан хоорондоо нэлээд толхилцоод авлаа. 2016 оны сонгуулиар МАН парламентад 65 гишүүнтэй болсон. Одоо 63 нь байна. Дотоод хагарал нь анихгүй яваагийн тэмдэг бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Н.Номтойбаярын явдал гэх хүн байдаг. Саяхан бас Чингэлтэй дүүрэг дээр Засаг даргаа огцруулаад албан тушаалын дажин явлаа. Үнэхээр хагарал нь анихгүй яваад байна уу?
-Би дүгнэхээс илүүтэй гуравхан сарын дараа ард түмэн улс төрийн дүнгээ тавина. Үнэхээр ямар их итгэл өгсөн билээ дээ. Ямар байдлаар хариулав. Сайн хэлэлцээд, ойлголцоод хийж байгаа төрийн ажил урагшилж байгаа. Ард түмний өмнө тулгамдсан асуудлыг шийдсэн олон зүйл байна. Гэхдээ хамгийн хэцүү юм нь хөшигний ард юу байдаг вэ гэхээр хувь хүмүүс хоорондын харилцааны асуудал байдаг. Үүнийг хуулиар зохицуулах ямар ч бололцоо байхгүй. Тийм учраас улстөрчдийн ёс зүйн хариуцлага, улстөрчдийн харилцаа, соёл, төлөвшлийг сайн болгох асуудал бол өнөөдөр Монголын улс төрд тулгамдсан асуудал хэвээрээ байгаа. Хүмүүсийн харилцаанаас болж явж байгаа хагарал шүү дээ. Энэ нь эргээд нийгэмд “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэгчээр бүгдээрээ л муухай болж харагддаг. Товчхондоо, цөөхөн хүний хоорондын харилцааны олон жилийн улбаатай явж байгаа асуудлаас болж нийт улстөрчид маань хар буруу, хагаралтай тэмцэлтэй харагдаж байгаад би хувьдаа харамсаж явдаг.
Сэтгэгдэл ( 7 )
Tsogzolmaa gishvvn ch harin ch bolovsrol saitai mundag emegtei shvv
xarin ch busdiigaa bodvol gaigvi emegtei gej boddog
Саранжав Хятадуудаас 50 сая төгрөгийн хахууль авч хэрэг нь прокурорт хянагдаад явж байгаа штэ.
ЧИ ЗАЙЛААЧЭЭ ЛУЙВАРЧИН АВГАЙ
Энэ эмэгтэй ер нь худал хэлдэг ес суртхууны доголдолтой ,нөхөр хамаатан ,садан аа энд тэнд дарга болгох гэж улайран зүтгэж явдаг хүн юм бна лээ. Жудаг гэж юу ч байхгүй ээ ...
Чамд хамаагүй асуудал
Ёстой чамаар нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай яриулаад очков авхуулахгүй шүү ХУЛГАЙЧ авгай их хурлаас зайлж шоронд ороорой боловсролоор минь хамгийн их тоглосон нөхөр ах дүү нар хамаатан садангаа захирал боловсролын яаманд Нямочир гээд нэг хөлдүү толгойг хэлтэсийн дарга хийж байгаа юугаа ч мэдэхгүй мэдлэггүй мангар гар хамт мөнгө идэгч зайлцгаа та нар.